​Хаашаа ч явсан Бурхан бидэнтэй хамт​

13,677 үзэлт

Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ дэлхий даяар бүх үндэстэнд тунхаглагдана гэсэн үгэнд итгээд, Иерусалимын яруу алдрын гэрлийг гэрэлтүүлэх газар болгонд олон сүнс Бурханы энгэрт буцаж ирсэн гэх ялалтын мэдээ ирсээр байна.

Бурханы ариун хүслийг хүндэтгэн дагах үйлс бүрд минь Бурхан хамт оршиж, ялж чадах яруу алдрын замыг бэлтгэж байдаг. Биднийг хаашаа ч явсан хамт байна гэж Бурхан амлаад, айж эмээлгүйгээр сайн мэдээг чин сэтгэлээсээ тунхагла хэмээн айлдсан. Тиймээс Самари, дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээг үтэр түргэн тунхаглаж, арвин үр жимс гаргахыг бүгдээс нь хүсэх байна.

Елиаг хаашаа ч явсан хамт байсан Бурхан

Сүүлийн үед дэлхий дахины сүмүүдээс ирж байгаа мэдээнээс тэнгэр Эцэг Эхийн хүслийг ивээлтэйгээр хүндэтгэж, хичээнгүйлэн тунхаглах газар бүрд өнөөг хүртэл бидний гаргаж чадаагүй байсан цэвэр буудайн олон үр жимсийг Бурхан хангалттай зөвшөөрч байгааг нь харж болохоор байна. Бурханы тушаал, зарлиг, хуулийг сахидаг хүмүүст л ийм зүйл биелдгийг Бурханы ариун үг болох Библиэс баталж үзэцгээе.

“Тэгэхэд ЭЗЭНий үг түүнд ирж —Босож, Сидонд харьяалагддаг Зарефат уруу явж, тэндээ бай. Тэнд чамайг тэжээхийг нэгэн бэлэвсэн эмэгтэйд Би тушаасан гэв. Елиа даруй босон Зарефат уруу явлаа. Тэрээр хотын үүд хүрээд хартал нэгэн бэлэвсэн эмэгтэй мод түүж байв. Елиа тэр эмэгтэйг дуудаад —Надад уух ус вааранд хийж авчирч өгөөч гэж гуйв. Тэр эмэгтэй ус авчрахаар явах гэж байхад Елиа түүнийг дуудан —Надад зүсэм талх авчирч өгөөч гэж хэлэв. Харин тэр эмэгтэй хариуд нь —Таны Бурхан ЭЗЭН амьд! Надад саван дахь атгахан гурил, домбон дахь жаахан тосноос өөр юу ч үгүй. Харагтун, би гэртээ харьж, өөртөө болон хүүдээ хоол хийхээр одоо түлээ түүж байна. Дараа нь бид үхэх байх даа гэв. Тэгэхэд Елиа эмэгтэйд —Бүү ай. Явж, хэлснээрээ л хий. Харин байгаа юмнаасаа эхлээд надад жижигхэн бин хийгээд над уруу авч ир. Үүний дараа өөртөө болон хүүдээ идэх юм хийгтүн. Учир нь “ЭЗЭН энэ газрын гадаргад дахин бороо буулгаж өгөх өдрийг хүртэл саван дахь гурил ч дуусахгүй, тостой домбо ч хоосрохгүй” гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлдсан юм гэв. Тэр эмэгтэй явж, Елиагийн үгээр үйлдсэн бөгөөд тэр эмэгтэй, Елиа болон эмэгтэйн гэрийнхэн олон өдрийн туршид хоол ундтай байв. Елиагаар дамжин ЭЗЭНий айлдсанчлан саван дахь гурил ч, мөн домбон доторх тос ч дууссангүй.” 1Хаа 17:8-16

Елиа эш үзүүлэгчийн үед Израильд үлэмж их ган болжээ. Бурхан Елиаг Сидонд харьяалагддаг Зарефат нутаг дахь нэгэн бэлэвсэн эмэгтэйн гэрт бай хэмээгээд тэнд ивээлээ соёрхсон юм.

Израиль өлсгөлөнд нэрвэгдэж идэх юмгүй болж, Зарефатын бэлэвсэн эмэгтэйн гэр бүл ч бас адилхан байдалтай байв. Тэр бэлэвсэн эмэгтэй саван дахь сүүлчийн ганц атга гурил, домбонд үлдсэн жаахан тосоороо бин хийж хүүтэйгээ хамт идээд үхэх. Үнэн байдал ийм л байв. Гэвч яг тэр үед Елиа эш үзүүлэгчийг хүлээн авсны эцэст Бурхан бороо оруулах хүртэл саван дахь гурил, домбон доторх тос нь дуусаагүй юм.

Эндээс ч бас Елиаг хаашаа ч явсан, юу ч хийсэн Бурхан үргэлж хамт байсан гэдгийг мэдэж болно. Бурхан Өөрийнх нь төлөө зүтгэн ажилладаг эш үзүүлэгчиддээ тусалсан иймэрхүү түүх Библид тодорхой тэмдэглээстэй бий.

Давидын явсан газар бүрд Бурхан түүнийг ялалтанд хүргэж байв

Хаашаа ч явсан Бурхан хамт байсан хүний талаар ярья гэвэл эртний Израилийн хаан Давидыг дурдахгүй байх аргагүй. Бурханы тушаалыг Давид шижир алтнаас илүү хайрлаж, хичээнгүйлэн сахиж мөрддөг нэгэн байсан тул Бурхан Давидтай үргэлж хамт байсан юм.

“Тэгээд Дамаскийн Арамд Давид цэргийн ангиудаа байрлуулж, арамчууд алба гувчуур төлдөг, Давидын зарц нар болов. Ийнхүү Давидын явсан газар бүрд нь ЭЗЭН түүнд туслав.” 1Шас 18:6

“Тэрээр Едомд цэргийн ангиудыг байрлуулсанд едомчууд бүгд Давидын зарц болов. Тийнхүү ЭЗЭН явсан газар бүрд нь Давидад туслав.” 1Шас 18:13

Давидын явсан газар бүрд Бурхан түүнд тусалж, насан туршид нь тулалдах болгонд нь ялалтанд хүргэж байв. Түүний ийнхүү ерөөгдсөн нь Бурханы түүнд айлдсан амлалтын үгэнд байв.

“Чамайг хаашаа ч явсан Би чамтай хамт байсаар, чиний өмнөөс хамаг дайсныг чинь устгаж байсан. Би чамд газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил нэрийг өгнө.” 1Шас 17:8

Бурханыг хайрласан Давид өөрөө хуш модон өргөөнд амьдарч байхад Бурханы гэрээний авдар майханд, хөшгөн дунд байгаад үргэлж харамсдаг байв. Давидад Бурханыг залсан газар нь дэндүү ноорхой газар гэж санагдан, ариун өргөө барих хүслээ Бурханд илтгэдэг. Бурхан түүний чин сэтгэлд баярласан ч Давид дайнд олон хүний цус урсгасан болохоор түүний оронд хүүгийнх нь үед ариун өргөө бариулъя хэмээн айлджээ. Ингэж Бурханыг хайрлаж байгаа Давидын сэтгэлийг хараад түүнд “Чамайг хаашаа ч явсан Би чамтай хамт байсаар, … Би чамд газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил нэрийг өгнө” гэж амласан (1Шас 17:1-14 үзэх).

Тэр амлалт ёсоор Бурхан Давидын цэргүүдийг Дамаскт ялуулж, мөн едомчуудыг ч бас бүгдийг нь Давидын эрхшээлд оруулав. Давидыг хаашаа ч явсан Бурхан түүнтэй хамт байж, тулаанд ялахад нь удаа дараа тусалжээ.

Бурханы тушаалыг сахивал хаа ч явсан бүх зүйлд мэргэн ухааныг олно

Бурханы тушаалыг сахих тусам Бурханаас илүү их ерөөл авдаг гэдгийг ухаарсан тэрээр хүү Соломондоо ч Бурханы зарлиг, тушаал, тогтоолыг бүрэн сахихыг захижээ.

“Давидын үхэх өдрүүд дөхөж ирэхэд тэрээр хүү Соломондоо зааварлан —Би хорвоогийн жамаар одох гэж байна. Тиймээс хүчтэй байж, эр хүн гэдгээ харуул. Чи юу ч хийсэн, хаа ч явсан бүх зүйлд мэргэн ухаантай байхын тулд өөрийн Бурхан ЭЗЭНий зааврыг дагаж, ингэхдээ замаар нь алхалж, Мосегийн хуульд бичигдсэний дагуу Түүний зарлиг, тушаал, тогтоол болон гэрчлэлийг сахигтун.” 1Хаа 2:1-3

Давид хүү Соломоноосоо Бурханы тушаал сахихыг хүсээд, тэгсэн цагт юу ч хийсэн мэргэн ухааныг олно гэж захисан аж. Тиймээс л дэлхийн үй олон сүм Библид байхгүй ням гаргийн мөргөл сахиж, Христмас, Талархлын баяр, Ургацын баяр гэх зэрэг өөрсдийн гаргасан хүний тушаал заавар дагаж байхад харин бид Бурханы хүслийг хүндэтгэж, шинэ гэрээний Амралтын өдөр, шинэ гэрээний бүх баяр, зарлигийг сахиж байгаа билээ. Бурханы тушаал, зарлиг, тогтоол, гэрээг тэр хэвээр нь сахин биелүүлэх үед Бурхан хамт оршиж, ялалтанд хүргэдэг гэдгийг өнгөрсөн үеийн итгэлийн өвөг дээдсийн түүхээс бататган харж болно.

“Израилийн хаан Елагийн хүү Хошеагийн гуравдугаар онд Иудагийн хаан Ахазын хүү Хезекиа хаан болов. … Тэр өвөг эцэг Давидынхаа хийсний адил, ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв. Тэрээр мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онго баганануудыг хугалан хэсэглэж, Ашерагийн шонгуудыг цавчиж хаяжээ. Бас тэр өдрүүдийг хүртэл Израилийн хөвгүүд Мосегийн бүтээсэн зэс могойд утлага уугиулж, түүнийг Нехуштан гэдэг байсан тул тэрхүү зэс могойг тэрээр сэглэж хаяв. Тэрээр Израилийн Бурхан ЭЗЭНд итгэж байв. Түүнээс өмнө ч, түүнээс хойш ч Иудагийн хаадын дотор түүн шиг хаан байгаагүй юм. Тэрээр ЭЗЭНээс зуурч, Түүнийг дагахаа болилгүй, харин Мосед ЭЗЭНий тушаасан тушаалуудыг сахижээ. ЭЗЭН түүнтэй хамт байсан тул тэр хаа явсан газартаа мэргэн ухааныг олж байв. …” 2Хаа 18:1-7

Иудагийн хаан Хезекиа ч бас өөрийн өвөг эцэг Давидтай адил Бурханаас зуурч байв. Тэрээр Түүнийг дагахаа болилгүй, харин Бурханы Мосед тушаасан тушаалуудыг сайн сахижээ. Иймээс Бурхан хамт байж Хезекиа хаа явсан газраа мэргэн ухааныг олж байв.

Иошуад өгсөн амлалт

Итгэлийн өвөг дээдсийн үйлс бидэнд дэлхийн сайн мэдээний ажлыг биелүүлэх хамгийн чухал арга зам юу болохыг зааж өгч байна. Бурханы тушаал, зарлиг, хууль тогтоолыг үнэнчээр сахиж, мөрдөх үед хаашаа ч явсан, юу ч хийсэн сэтгэлчлэн бүтнэ. Бурхан бидэнд тусалж, ялалт соёрхож байгаа учраас л тэр.

“Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. Тэгвэл чи хаа явсан газраа амжилт олно. Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалган, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж, чи амжилтад хүрэх болно. Би чамд тушаасан бус уу? Тууштай бөгөөд зоригтой бай! Бүү цочирд, бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно гэв.” Иош 1:7-9

Энэ нь Бурхан Иошуад Өөрийн биеэр айлдсан үг. Мосег нас барсны дараа Иошуа Мосег залгамжлах болсон. Израилийн удирдагч болж ард түмнийг удирдан Бурханы амласан газар Канаан руу дайрч орох хэрэгтэй байтал Канаан нутагт орох эхний хаалга болох Иерихог яаж эзлэх талаар ямар нэг арга чарга Иошуад ч байсангүй. Тэр үед Бурхан түүнийг тууштай бөгөөд зоригтой бай гэж зоригжуулсан. Бурхан Иошуаг хаа ч явсан хамт байна гээд мөн түүнд айн чичрэлгүй, Канааныг эзлэх түүхэнд израиль ард түмэнтэй хамт оролц хэмээжээ.

Тэр үе нь хуучин гэрээний үе болохоор Мосед өгсөн хуучин гэрээний хуулийг хичээнгүйлэн сахиж дагавал юу ч хийсэн Бурхан хамт байж, хийсэн бүхэн нь амжилттай болно гэж айлдсан. Давидад ч үүнтэй адилхан үг айлдаж, мөн Давид хүү Соломондоо хааны эрхийг шилжүүлж өгөхдөө ч мөн адилхан гэрээслэл үлдээсэн байдаг. Бурханы тушаалыг бүрэн төгс сахин биелүүлбэл Бурхан хамт байн тусалж, хаа явсан газартаа амжилт олох болно гэж яг адилхан үгийг түүнд хэлсэн байна.

Энэ үед бид ч бас Бурхан энэ газарт ирээд Өөрийн биеэр зааж өгсөн шинэ гэрээний хуулийг сайн сахивал бүх зүйлд амжилт олох юм. Сионы бүх гэр бүл Бурханы хүслийг сайн дагана гэсэн чин сэтгэл өвөрлөн зөв дагах аваас сайн мэдээ бүх хүнд зайлшгүй тунхаглагдана гэдэгт бат итгэж байна.

Тэнгэрийн үнэ цэнэтэй шагналаа алдахгүйн тулд ажиллах боломжтой үедээ улам хичээнгүй ажиллацгаая. Ингэж чадвал Бурхан айлдсан ёсоороо биднийг хаа ч явсан, юу ч хийсэн тусалж, бүх зүйлд бид амжилт олох юм. Библид гарсан эдгээр үйл явдлаас харахад Бурханы тушаалыг хичээнгүйлэн сахиж мөрдөх ард түмэнд хаа ч явсан Бурхан хамт байж ялалтыг соёрхож байжээ.

“Бүх үндэстэнд тунхагла, Би үеийн төгсгөл хүртэл хамт байна.”

Тэгвэл өнөө үед ямар ерөөл, амлалтыг Бурхан бидэнд өгснийг үзье.

“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20

Сайн мэдээ бүх үндэстэнд тунхаглагдах зөгнөлийн түүх биелэгдэж буй өнөө үед ч бас Бурхан хүүхдүүдээсээ гуйсан зүйл бий. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээж, “Та нарт тушаасан бүгдийг минь” буюу шинэ гэрээний тушаал, зарлиг, тогтоолыг сахин биелүүлэх юм бол Бурхан үеийн төгсгөл хүртэл хамт байх болно гэж айлдсан.

Хүн төрөлхтөнд сайн мэдээ тунхаглах агуу түүх ч мөн Бурханы айлдсан алив сургаалыг тэр хэвээр нь дагах үед л эхлэх болно. Тийм ээ? Зарим нэг нь дэлхийн бүх хүнд хэрхэн сайн мэдээ тарааж чадах вэ гэж эргэлзэж байгаа бол юун түрүүнд Бурханыг эхлээд бодоорой. Бурханы нүдэнд дэлхий хувингийн дусал мэт, дэнсэн дээрх ширхэг тоос төдий юм. Бидний харьяалагддаг галактик л гэхэд 200 тэрбум одтой. Бурханы өдий төдий бүтээлтэй харьцуулахад дэлхий гэгч хавьгүй өчүүхэн ертөнц. Ийм өчүүхэн дэлхийн бүх хүнд сайн мэдээ тунхаглах нь огтхон ч хэцүү ажил биш.

Өнөөг хүртэл Бурханы сүм Эцэг Эхийн заасан шинэ гэрээний тушаал, зарлиг, хууль сахиж сүнсээр өсөж ирсэн. Бид эргэн тойрны хүмүүсийнхээ хандлага, саад хавчлагыг огтхон ч тоолгүй Амралтын өдөр хичээнгүйлэн сахиж, шинэ гэрээний Алгасал баяр, 3 удаагийн 7 баяр зэрэг Бурханы бүх тушаал, зарлиг, хуулийг ивээлтэйгээр сахиж ирсэн. Тийм болохоор бид хаашаа ч явсан, юу ч хийсэн амжилт олж, Бурханы Ариун Сүнсний ерөөл үргэлж хамт байдаг байх. Үнэндээ Бурхан өнөөдрийг хүртэл амласан ёсоороо бүх ажлыг амжилттай болгож, сайн мэдээ Самари ба дэлхийн хязгаар хүртэл тунхаглагдахад тусалсаар байгаа шүү дээ.

Одоо бүх итгэгч дэлхий дахин руу хандан хашхирахад л болно. Иошуагийн цэргүүд дайсны хот руу жад шидэж нум сум харваагүй шүү дээ. Зөвхөн хашхирсан л төдий. Тэр хашхираан Иерихог эзлэх Бурханы стратеги төлөвлөгөө байсан юм. Ард түмэн Иерихог чиглэн хашхирахад л бусдыг нь Бурхан биелүүлж өгсөнтэй адил өнөө үед ч мөн Бурхан бидэнд ийнхүү үйлдэж байгаа. Бурхан Вавилоныг нурна гэж тодорхой амласан бөгөөд нураах энэ ажилдаа л биднийг дуудан, Самари ба дэлхийн хязгаар хүртэл яваад хашхир хэмээсэн (Илч 18:2, Үйл 1:8 үзэх).

Өнөө үе бол бидний хүн нэг бүр “Сүнс болон Сүйт бүсгүй дуудаж байна. Тиймээс Сион руу бүгд ирээрэй, Бурханы тушаал, зарлиг, хууль руу эргээрэй” гэж дэлхий дахинд хандан хашхирах учиртай цаг. Бид ийнхүү хашхирах л юм бол Бурхан Вавилоныг нураана. Хэрэв бид хашхирахгүй бол энэ ажил яах ч аргагүй зогсоход хүрнэ. Тэнгэрийн хаанчлал Канаан нутгийг зорилгоо болгон бүгд хамтдаа хашхирч байж л Бурханы агуу түүх биелэгдэх юм. Бидний хашхираан Самари ба дэлхийн хязгаарт хүрэх үед дэлхийн бүх үндэстэн баярт сайн мэдээг сонсож, алдагдсан ах эгч дүү нар маань шинэ Иерусалим тэнгэр Эхийн энгэрт бүгд буцан ирнэ.

Сионы гэр бүлүүд ээ! Авралыг хараахан авч чадаагүй байгаа дэлхийн бүх үндэстэнд сайн мэдээ тунхаглах ажилд бүгд хүч хавсарцгаая. Хэдийгээр эдийн засаг хэцүү, их бага ямар нэг байдлаар хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа ч амьдралын санаа зовнилоор бүү дарамтлагдаарай. Харин Бурханы тушаалыг чухалчлан сахих итгэлтэй байж, тэнгэр Эцэг Эхдээ яруу алдар, баяр баясгаланг бүрэн дүүрэн өргөөрэй. Тэгж гэмээнэ бид хаа ч явсан, юу ч хийсэн амжилтанд хүрэх болно. Бүгд хүчтэй байгаарай! Цаг үргэлж залбирлаараа Бурханыг түшиж, бүгд сайн цэвэр буудайн үр жимс их гаргана гэж найдаж байна.