Бурханы тогтоосон баярыг сахидаг ариун хүмүүс баяр дотор шингэсэн Бурханы зүй тогтол, хүүхдүүдийнхээ сүнсийг аврахын тулд нөр их зүтгэж буй Бурханы хайрыг ухаарч чадна. Тийм л учраас бид Бурханы тушаалыг шижир алтнаас илүү хайрлаж, эрхэмлэн сахидаг (Дуу 119:127, 50:5 үзэх).
Бурханы баярууд дундаас Амралтын өдөр бол тэнгэр газар түг түмнийг бүтээсэн Бүтээгч Бурханыг дурсан, эмээн хүндэтгэдэг өдөр юм. Зургаан өдрийн бүтээлийн ажлаа дуусгаад долоо дахь өдөр амарсан Бурхан долоо дахь өдрийг ерөөж, ариун болгосон. Мосегийн үед Арван тушаалын дөрөв дэх тушаал болгон “Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь” гэсэн тушаал буулгасан байдаг. Бурхан израиль ард түмнийг Бүтээгчийн хүч чадлыг дурсан, Бурханаас ерөөл аваг гэсэндээ Амралтын өдрийг сахь гэж тушаасан юм (Эхл 2:1-3, Гэт 20:8-11).
Ариун Эцэгийн үе төдийгүй Ариун Хүүгийн үед ч Есүс болон элч нар Амралтын өдрийг заншил болгон сахиж байсныг Библиэс баталж болно. Үүнчлэн Амралтын өдөр бол христийн шашны тухайд үл тоож, орхигдуулж болохгүй чухал хүчин зүйл юм. Бурханд үйлчилж байгаа ард түмэн энэ өдрийг ариунаар сахиж байж л ариусгагдан, бүхий л зүйл дээрх Бүтээгч Бурханы зүй тогтлыг ухаардаг.
Эхлэл номноос Илчлэл ном хүртэлх Библийн бүх агуулга Бурханы махан биеийн бүтээл болон сүнслэг бүтээлийн явцыг тайлбарладаг гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Эхлээд Соломон Ариун Сүнсээр хөдөлгөгдөн тэмдэглэсэн Сургаалт үгс номноос Бурхан тэнгэр газар түмэн зүйлийг бүтээсэн тухай судалж үзье.
“Эрт цагийн үйлсээсээ өмнө, замынхаа эхнээс авахуулан ЭЗЭН намайг бүтээсэн. Өнө мөнхөөс, газрын цаг хугацааны эхлэлээс Би тогтоогдсон байсан. Оёоргүй гүн үгүйд, оргилох булаг оргүйд би гарсан юм. Уулс толгодыг босгохын өмнө, би гарсан юм, газар дэлхий, тариан талбай хийгээд ертөнцийн тоосонцрын дээжийг ч Тэр бүтээгээгүй байхад, тэнгэрийг бүтээж, оёоргүй гүний гадаргуу дээр тойрог хязгаарыг сийлж байхад Би тэнд байсан. … Газрын суурийг тавихад Би тэнд байсан юм. Би тэгэхэд хажууд нь урлаач, өдрөөс өдөрт бахдал нь байж өмнө нь үргэлж баярлаж байсан. Түүний дэлхий ертөнцөд баясаж, хүний хөвгүүдээр бахдан байв.” Сур.Үгс 8:22-31
Соломон энэ газар махан биеэр төрөхийнхөө өмнө өөрийгөө Бурханы хажууд оршиж байсан гэжээ. Бурхан тэнгэр газрыг бүтээх тухайн үед Соломон Бурхантай хамт байж, баярлаж байсан байна шүү дээ. Тэгвэл Соломон бүтээлийн явцыг харах тэр үед тэнгэр газар түг түмнийг бүтээсэн Бурхан ямархуу дүр төрхтэй байсан юм бол?
“Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднээр далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.” Эхл 1:26-27
Бүтээлийн ажил явагдаж байсан тэр үед Соломоны харсан Бүтээгч Бурхан ганц Бурхан байгаагүй байх нь. Гэрэл ба харанхуйг, огторгуйн дээрх ус ба огторгуйн доорх ус, газар ба далай, ургамал мод, ан араатан гээд газар дээрх бүхнийг бүтээсэн Бурханы тухай Библид олон тоогоор “Елохим” хэмээн тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл дэлхий ертөнцийг бүтээсэн, мөн “Бид” хэмээн айлдсан Елохим Бурхан бол эрэгтэй болон эмэгтэй дүр төрхтэй Бурхан болох тэнгэр Эцэг Эх маань юм.
Зургаан өдрийн турш тэнгэр газар түг түмнийг бүтээгээд долоо дахь өдрөө амарч, тэр өдрийг ерөөсөн Бурхан бол Елохим Бурхан юм. Тиймд Бүтээгч Елохим Бурхандаа итгэж, эмээдэг хүн мэдээж Амралтын өдрийг санан сахиж, тэнгэр Эцэг Эхдээ талархал, магтаалын дуу өргөх ёстой. Тийм хүмүүс Бурханы жинхэнэ ард түмний хувиар хожим хаан тахилч болж, Бурханы хаанчлалыг өвлөн авна. Бурхан Бүтээгч Бурханыг ухаарч, хүлээн авсан ард түмнээ болон тийн үйлдээгүй хүмүүсийг Амралтын өдрөөр л ялгаж байгаа.
Тэнгэр газар түг түмнийг бүтээсэн Бурхан 2000 жилийн өмнө энэ газар махан бие өмсөн ирсэн нь Есүс Христ байлаа.
“Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв. … Тэрээр ертөнцөд байсан ба ертөнц нь Түүгээр буй болсон атлаа ертөнц Түүнийгээ эс танив. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнхөн нь Түүнийг эс хүлээн авчээ. Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө. … Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.” Иох 1:1-14
Эхэнд байсан Үг, өөрөөр хэлбэл ертөнцийг бүтээсэн Бурхан хүн төрөлхтнийг аврахаар энэ газар ирсэн юм. Бүтээгч нь Өөрийн биеэр залран ирсэн бол бүтээлүүд болох хүн төрөлхтөн Түүнд талархал, яруу алдар, хүндэтгэл өргөх нь зүйн хэрэг шүү дээ. Тэгтэл ертөнц махбод болж махан биеэр ирсэн Бурханыг танилгүй бүр гадуурхсан. Угтаа бол энэ газар төрсөн бүх хүн урьд нь Соломон шиг бүтээлийн ажлыг явуулж буй Бурханы дүр төрхийг хажуунаас нь харж байсан сүнслэг оршихуйнууд байсан юм. Гэсэн хэдий ч махан биеэр төрснөөсөө хойш нүглийн гивлүүрээс болж сүнслэг нүд нь халхлагдан, Есүсийг бидний сүнсийг бүтээсэн Бүтээгч үү эсвэл ядуу мужааны гэр бүлд төрсөн хүн төдийхөн үү гэдгийг ялгаж чадаагүй.
“Пилат энэ нь яавч нэмэргүй, харин ч бүр үймээн самуун дэгдэж эхлэхийг хараад, ус авч, хурсан олны өмнө гараа угаан —Би энэ зөвт Хүний цусанд буруугүй. Өөрсдөө мэдтүгэй гэжээ. Тэгтэл бүх хүн —Түүний цус бидний ба үр хүүхдүүдийн маань дээр байг гэцгээв. Тэгээд тэр Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдуулаад, цовдлуулахаар өгчээ.” Мат 27:24-26
Тэд өөрсдийг нь аврахаар ирсэн Бурханыг гадуурхан, нулимж, цохиж, чулуугаар цохин алахыг завдаад зогсохгүй бүр эцэстээ загалмайд цовдлох хорон муу үйл хэргээ ч ер эргэлзэж тээнэгэлзэлгүй хийсэн. Хичнээн бузар тэрс хэрэг вэ! Амийн үндэс болсон Есүс загалмай дээр хүн төрөлхтний нүглийг зольж, үхлийн эрх мэдлийг унагасан юм. Тэгээд гурав дахь хоногтоо амилсан байдаг. Амилснаасаа 40 хоногийн дараа хаанчлалын сайн мэдээг Самари ба дэлхийн хязгаар хүртэл тунхаглаарай гэсэн үүргийг дагалдагч нартаа өгч, шавь нараа харж байхад нүдэн дээр нь тэнгэрт одсон байдаг.
“… Тэр ийнхүү айлдаад тэднийг харсаар байтал дээш өргөгдөж, үүл Түүнийг тэдний хараанаас авч одов. Түүний одохыг харж тэнгэр өөд гөлрөн байтал, гэнэт тэдний хажууд цагаан өмсгөлтэй хоёр хүн зогсоод, хэлсэн нь —Галилын эрчүүд ээ, та нар юунд тэнгэр ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс тэнгэр өөд явсныг нь та нар харсан лугаа адил мөн тийн буцаж ирнэ гэв.” Үйл 1:6-11
“Тэнгэр өөд явсныг харсан лугаа адил мөн тийн буцаж ирнэ” гэдэг нь Есүс бидний харж чадах махан биеийн төрхөөр дахин ирнэ гэсэн утгатай. Еврей номонд ч үүнтэй адилхан утгатай зөгнөл байна.
“Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.” Евр 9:27-28
Сүнсээр үргэлж оршин байдаг Бурхан хоёр дахиа үзэгдэнэ гэсэн тул энэ нь анх ирсэн үетэйгээ адил махан бие өмсөөд хоёр дахиа ирэх зөгнөл гэдгийг мэдэж болно. 2000 жилийн өмнө ихэнх хүмүүс махан биеэр ирсэн Бурханыг хүлээн авч чадалгүй сүйрлийн замаар явж байсан. Бүтээгчийг хоёр дахиа махан биеэр ирэхэд нь аврал авахыг хүссэн хэн бүхэн зайлшгүй хүлээн авах ёстой.
Хоёр дахиа энэ газар ирэх Бурханыг зөв хүлээн авахад тустай Библийн зөгнөлүүдэд анхаарал хандуулцгаая.
“Тийнхүү “Анхны хүн Адам амьд биет болжээ” гэж бичигджээ. Сүүлчийн Адам нь амь өгөгч сүнс болов. … Харагтун, би та нарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, сүүлчийн бүрээнээр. Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудахаар амилуулагдаж, бид өөрчлөгдөнө. Учир нь муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд үхдэг нь үхэшгүйг өмсөх ёстой.” 1Кор 15:45-53
Үүрд үхэхээс өөр аргагүй оршихуйнууд байсан бид сүүлчийн Адамын ачаар үүрд үхдэггүй мөнх амьтай биеэр өөрчлөгдөнө. Сүүлчийн Адам бол амь өгөгч Сүнс буюу нэг ёсондоо амийг соёрхдог Бурхан тул бид Түүнийг зайлшгүй хүлээн авах хэрэгтэй.
“… Гэлээ ч үхэл нь Адамаас Мосе хүртэл, ирэх байсан Түүний дүрс болох Адамын гэм зөрчилтэй адил нүгэл эс үйлдэгсдийг ч ноёрхож байжээ.” Ром 5:12-14
Эхлэл номд гардаг Адам нь Есүсийн дүрс гэсэн бөгөөд зургаан өдрийн бүтээлийн түүх нь 6000 жилийн авралын ажлын талаарх зөгнөл гээд бодохоор зургаан өдрийн бүтээлийн эцсийн өдөр бүтээгдсэн Адам нь ертөнцийн эцсийн өдөр гарч ирэх Есүсийг, нэг ёсондоо Хоёрдугаар Есүсийг илэрхийлж байгаа хэрэг. Тиймээс анхны хүн Адамаар дамжуулан сүүлчийн Адам болж ирэх Эцэг Бурханыг таньж, ухаарч болно.
Анхны Адам амийг тээж төрүүлэх үүрэгтэй Ева гэх эхнэртэй байсан шүү дээ. Адам Хоёрдугаар Есүсийн дүрс юм бол Адамын эхнэр Ева хэний дүрс байж таарах вэ?
“Амьд бүхний эх” (Эхл 3:20) болох Ева нь сүүлчийн Адам болох Хоёрдугаар Есүстэй хамт итгэгчдийг хөтлөн, мөнх амь өгөхөөр үеийн төгсгөлд гарч ирэх тэнгэр Эхийг бэлгэддэг. Илчлэл номд Хурганы хурим найрын талаар дурдан, Эх гарч ирэхийг ийн зөгнөжээ.
“… Халлелуяа! Төгс хүчит Эзэн Бурхан маань хаанчилж байна гэхийг би сонсов. Баярлан хөөрч, Түүнд алдрыг нь өргөн өргөмжилцгөөе. Учир нь Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв. …” Илч 19:6-8
“Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулан гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Сэнтийнээс гарах чанга дууг би сонсов. —Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [Бурхан нь болно]. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, … Сүүлчийн долоон гамшгаар дүүрэн долоон аягатай байсан долоон тэнгэрэлчийн нэг нь ирээд надтай ярилцан —Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гэв. Тэр намайг сүрлэг өндөр уулан дээр Сүнс дотор аваачаад Бурханаас гарч, тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ. …” Илч 21:2-4, 9-11
“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.” Гал 4:26
Хурга болох Хоёрдугаар Есүсийн (сүүлчийн Адамын) хуримлах цаг болоход Сүйт бүсгүй буюу Эхнэр нь (сүүлчийн Ева нь) бэлтгэгдсэн байна. Тэр нь тэнгэрээс бууж ирэх ариун хот Иерусалим хэмээсэн. Тэнгэр Иерусалимаар зүйрлэгдсэн “Хурганы эхнэр” бол бидний Эх юм. Бидний сүнсний амь ба үхлийг эрхшээн захирч байдаг, мөн Соломон сүнсээр оршин байхдаа харж байсан Бүтээгч Бурхан бол тэнгэр Эх маань билээ. Хурганы хурим болох зөгнөлийн дагуу үхэл байхгүй болгохоор тэнгэр Эх энэ газар буун ирнэ гэсэн. Тиймээс мөнх амийг гагцхүү тэнгэр Эх өгнө гэдгийг бид мэдэж болохоор байна.
Бүтээгч болох тэнгэр Эцэг Эх Библийн бүх зөгнөлийн дагуу сүүлчийн Адам, Ева болж энэ газар гарч ирээд, сүнслэг бүтээлийн ажил дуусах хүртэл хамт ажилласаар байгаа билээ.
“… Харин [Есүс] тэдэнд —Эцэг минь одоо болтол ажилласаар байна. Би ч ажиллаж байна гэж айлдав.” Иох 5:16-17
Зургаан өдрийн турш тэнгэр газрыг бүтээгээд амарсан Бурхан одоо ч ажиллаж байгаа гэсэн нь сүнслэг бүтээлийн ажлаа хийж байгаа гэсэн утгатай юм. Махан биеийн бүтээлийг “Бид” гэсэн Елохим Бурхан хамтдаа бүтээсэн шиг сүнслэг бүтээлийн ажлыг ч Эцэг Эх хамтдаа гүйцэлдүүлж байна. Товлосон цаг болж, эхэнд хамт байсан Эцэг Бурхан, Эх Бурхан гарч ирээд, хүүхдүүдээ дуудаж байна (1Тим 6:15 үзэх).
“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17
Биднийг мөнх амийн биеэр төгс бүтээл болгохын төлөө амийн ус авч энэ газар ирсэн Сүнс болон Сүйт бүсгүй, Елохим Бурханд итгэж хүлээн авахгүйгээр огтхон ч мөнх аминд хүрч чадахгүй. Бурханы хүслээр бүтэж буй болсон түмэн зүйлийг харвал махан биеийн амийг ч цор ганц эцгээс өвлөдөг биш, харин эхийн хэвлийд бүрэлддэг шиг бидний сүнс ч тэнгэр Эцэг болон тэнгэр Эхээс мөнх амь авч, дахин бүтээгдсээр байгаа юм.
Энэ утгаараа Амралтын өдөр бол Бурханы ард түмэнд нэн чухал өдөр. Энэ Амралтын өдөр бол тэнгэр газар түг түмнийг бүтээсэн Елохим Бурхандаа мөргөх өдөр төдийгүй Бүтээгч Бурханы бурхан чанарыг нь ухааруулдаг үнэн юм. Бурхан Амралтын өдрөөр Бүтээгч Бурхан болох Эцэг Эхийг мэдүүлж, тэнгэрийн орны ерөөл өгч, амийн усаар бидний сүнсийг дээрээс төрүүлж байгаа.
Бурханаас зүй ёсоор эмээдэг ариун хүмүүс нь ертөнцийн шунал хүсэл, сэтгэлийн зовнил, санаа зовнилоо бүгдийг хаяж, Амралтын өдөр болгон талархал, баяр хөөртэйгөөр Бурхан дээр ирж, тэнгэр Эцэг Эхийгээ магтах ёстой. Тун удахгүй дэлхийн хүмүүс Сүнс болон Сүйт бүсгүйн дуудлагад хариулан, Эцэг Эхийн дуу хоолойнд чих тавин ирцгээнэ. Тэр өдөр ирэх хүртэл Бурханд түрүүлж дуудагдсан тэнгэрийн хүүхдийн хувиар сүнслэг ерөөл соёрхож байдаг Амралтын өдрийн Эзэн, Бүтээгч Елохим Бурханы яруу алдрыг дэлхий даяар гаргацгаая.