Бурханд сонгогдсон хүн

조회 18,705

Бурхан сүйрлийн замаар гүйж яваа сүнснүүдийг тэнгэрийн хаанчлалын зам руу хөтлөх үнэ цэнэтэй авралын ажлынхаа туслагч болгон биднийг дуудсан билээ. Бурханы амласан ерөөлийг авахын тулд Мосегийн таягийг бариад ертөнцийг туулан явж байна. Тэгвэл Бурхан үнэний дайчдаа дуудах үед Бурханы сонголтын хэм хэмжүүр нь чухамдаа юу байх бол?

Гидеоны дайчдыг сонгосон Бурханы хүсэл

Бурхан үнэний дайчдаа сонгох хэм хэмжүүрийг мэдэхийн тулд юун түрүүнд Гидеоны дайчдыг сонгосон үйл явцыг тэмдэглэсэн Библийн хэсгийг үзье.

“… ЭЗЭН, Гидеонд —Мидианчуудыг Израилийн гарт өгөхөд чамтай байгаа хүмүүс хэтэрхий олон байна. Израиль “Би өөрийн гараар өөрийгөө аварсан” гэж Намайг эсэргүүцэн сайрхах вий. Тиймээс одоо ард олны чихэнд “Айж сүрдэж байгаа хэн боловч буц, Гилеад уулаас эртхэн холдогтун” гэж тунхагла гэв. Ингэхэд хорин хоёр мянган хүн буцаж, арван мянган хүн үлдэв. ЭЗЭН, Гидеонд —Ард олон мөн л дэндүү олон байна. Тэднийг ус уруу дагуулан аваач. Тэнд Би тэднийг чиний төлөө шалгая. … Ингээд Гидеон ард олныг ус уруу дагуулан авчрав. ЭЗЭН, Гидеонд —Нохой шиг, хэлээрээ ус долоох хүн бүрийг чи нэг талд гарга, өвдөг дээрээ бөхийн ус ууж буй хүмүүсийг түүнчлэн салангид байлга гэв. Амандаа гараараа ойртуулан долоогч хүний тоо гурван зууд хүрэв. Харин үлдсэн хүмүүс бүгд өвдөг дээрээ бөхийн ус ууж байлаа. ЭЗЭН, Гидеонд —Ус долоогч гурван зуун хүнээр Би та нарыг аварч, мидианчуудыг чиний гарт өгнө. Харин үлдсэн бүх хүнийг гэр гэрт нь хариул гэж айлдав. …” Шүү 7:1-8

Тухайн үед Мидианы цэргүүд зуун гучин таван мянга байхад Израилийн цэргүүд ердөө гучин хоёр мянгаас хэтрэхгүй байв. Мидианы цэрэг тооны хувьд илт давамгай байсан ч Бурхан Израилийн гучин хоёр мянган цэргийг их байна хэмээж, айж сүрдэж байгаа хүн бүрийг гэр рүүгээ буц хэмээж, хорин хоёр мянган хүн буцдаг. Айж сүрдэж байгаа хүмүүсийг буцаасан шалтгаан нь тэдэнд Бурханд итгэх итгэл байгаагүйгээс тэр аж. Бүгдийг чадагч төгс хүчит Бурхан хамт байхад айх зүйл уг нь юу сан билээ?

Итгэлгүй хүмүүсийг буцаан явуулж, үлдсэн арван мянган цэргээс Бурхан дахин шалгаруулалт явуулав. Энэ нь Бурханы шалгуур гэхэд дэндүү амархан. Ердөө ус ууж байгааг нь хараад Мидиантай дайтах дайчдыг сонгосон юм. Ус уухдаа амандаа гараараа ойртуулан ууж байна уу, эсвэл өвдөглөн суугаад ууж байна уу гэдгээс нь хамаараад тулаанд орох үгүйг нь шийджээ. Энэ аргын дагуу усаа гараараа хутган уусан гурван зуун дайчин шалгаран үлдэж, өвдөглөн суугаад уусан хүмүүсийг гэрт нь буцаав.

Бидний бодлоор ус гараараа хутган уух, өвдөглөж суугаад уух хоёр онцын ялгаа байхгүй мэт санагдах ч харин Бурхан тэр өчүүхэн ялгааг л мидианчуудтай дайтан Бурханы яруу алдрыг гаргах дайчдыг сонгох агуу ажлынхаа хэмжүүр болгожээ. Бурхан бидний тоож үздэггүй тийм өчүүхэн зүйлээр агуу шийдвэр гаргадаг юм.

Өчүүхэн бодол ба үйлсийн ялгаа нь үр дүнд асар ихээр нөлөөлнө

Итгэлийн амьдралаар амьдарч байхад бидэнд ач холбогдол багатай, өчүүхэн гэж санагдах зүйлийг Бурхан асар чухалд тооцох нь олонтоо. Үүний нэг тод жишээ нь Алгасал баяраар үйлддэг хөл угаах ёслол.

“Энэ ертөнцөөс салж, Эцэг өөдөө очих цаг нь болсныг Алгасалын баяраас өмнө Есүс мэдээд, дэлхийд байсан Өөрийнхнийгөө хайрлаж байсан тул тэднийг эцсээ хүртэл хайрлав. … зоогийн ширээнээс босож, гадуур хувцсаа тайлан, алчуур авч бүслэв. Тэгээд саванд ус хийж, шавь нарынхаа хөлийг угаагаад, бүсэлсэн алчуураараа арчиж эхлэв. Есүс Симон Петр уруу ирэхэд Петр Түүнд —Эзэн, Та миний хөлийг угаах гэж үү? гэв. Есүс хариуд нь —Чи Миний юу хийж байгааг одоо мэдэхгүй. Харин чи хожим ойлгоно гэлээ. Петр Түүнд —Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү гэсэнд Есүс —Би чамайг угаахгүй бол Надтай гэх хувь чамд үгүй болно гэлээ.” Иох 13:1-8

Эхэндээ Петр хүний бодлоор хандсандаа “Эзэн Та яаж миний хөлийг угаах билээ?” гээд Есүсийн соёрхсон хөл угаах ёслолоос татгалзах гэдэг. Тэгтэл Есүс шийдэмгийгээр “Би чамайг угаахгүй бол Надтай гэх хувь чамд үгүй болно” гэдэг. Хөлөө угаалгана гэдэг нэг талаас харахад тийм ч чухал биш харагдавч үнэндээ бидний авралын төлөө агуу хүслээ шингээн тогтоосон Бурханы ёслол байсан юм.

Энэ мэт бидний өчүүхэн гэж үздэг зүйлийг Бурхан өчүүхэн гэж бодолгүй, эцсийн сонголтынхоо хэмжүүр болгодог. Тиймээс бид Бурханы л хүсэл гэвэл хэдий өчүүхэн харагдсан ч өчүүхэн гэж бодож огт болохгүй. Бурхан дотор туйлын өчүүхэн бодол ба үйлсийн ялгаа асар их үр дүн авчирдаг.

Канааныг тандсан 12 тандагчийн бодлын ялгаа

Мосегийн үед ч мөн адил ийм явдал байсан. Тэнгэрийн Канаан ороход нийцэх хүн ба үл нийцэх хүнийг сонгож буй төрх байдлыг сүүдрээр харуулсан Библийн сургаалыг судалж үзэцгээе.

“… Ингээд Мосе Израилийн хөвгүүдийн тэргүүнүүд болох тэр бүх хүнийг ЭЗЭНий тушаалаар Параны цөлөөс илгээлээ. … Тэд уг нутгийг тандаад, дөч хоногийн эцэст буцжээ. … Тэд түүнд ийнхүү хэлэв. —Таны биднийг илгээсэн нутагт бид очлоо. Тэр нь үнэхээр сүү, зөгийн бал урссан нутаг мөн бөгөөд түүний үр жимс энэ байна. Гэхдээ тэр нутагт амьдарч буй ард түмэн нь хүчирхэг, хотууд нь бэхлэгдсэн агаад маш том юм. Бид тэнд Анакийн үр удмыг үзэв. … Канаанчууд далайн эрэг болон Иорданы эрэг хавиар амьдарч байна гэлээ. Гэтэл Калеб ард олныг Мосегийн өмнө намжаагаад —Бид гарцаагүй дийлж чадах учир өгсөж очоод түүнийг эзэлж авцгаая гэв. Харин түүнтэй хамт явж байсан хүмүүс —Тэд биднээс хэтэрхий хүчирхэг тул бид тэр ард түмний өөдөөс өгсөж очиж чадахгүй гэсээр байв. Тийнхүү өөрсдийн тагнасан нутгийн талаар тэд Израилийн хөвгүүдэд базаахгүй мэдээ дэлгэрүүлж —Бидний тагнан туулсан тэр нутаг нь оршин суугчдаа цөлмөж иддэг нутаг бөгөөд тэнд бидний харсан бүх ард түмэн нь хэмжээгүй том хүмүүс юм. Тэнд бид Нефилимийг харсан. (Анакийн хөвгүүд нь Нефилимээс гаралтай байлаа.) Бид өөрсдийнхөө нүдэнд царцаа мэт болсон бөгөөд тэдний нүдэнд ч тийнхүү байлаа гэв. Даяар хотол түмэн дуугаа өндөрсгөн хашхирч, тэр шөнө ард олон уйлалдав. Израилийн бүх хөвгүүд Мосе Аарон нарын эсрэг гонгинолдож байв. Даяар хотол түмэн тэдэнд —Бид Египет нутагт үхэцгээсэн ч болоосой! Эсвэл бид энэ цөлд үхэцгээсэн ч болоосой! ЭЗЭН юунд биднийг энэ нутагт авчирч байна вэ? Эхнэрүүд болон бяцхан хүүхдүүдийг маань олз болгохоор, биднийг илдэнд унагаахаар уу? Египет уруу буцсан нь бидэнд дээр байх юм биш үү? гэцгээж байв.” Тоо 13:1-14:3

Бурханы тушаалыг ёсчлон дагаж, овог бүрийн тэргүүнүүдийн хувьд Канаан нутгийг тандахаар явсан Израилийн арван хоёр тандагч эргэж ирээд үзсэн сонссон зүйлээ Мосе болон ард олны өмнө илтгэв.

Тэд яг адилхан уулархаг нутаг, ургамал мод, жимсний талбай харсан боловч өөр өөрөөр илтгэлээ. Арван тандагч нь нүдээрээ харж, чихээрээ сонссон зүйлээ сөрөг талаас нь ярьсан бол Иошуа, Калеб хоёр Бурханд итгэх итгэлээр эерэг талаас нь илтгэж байв.

“Тийнхүү тэд бие биендээ —Цөмөөрөө тэргүүлэгчийг томилоод Египет уруу буцацгаая гэв. … Нутгийг тандсан хүмүүс дотроос Нуны хүү Иошуа болон Иефуннегийн хүү Калеб нар хувцсаа урж, Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнд ярин… Зөвхөн ЭЗЭНий эсрэг л бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай. Тэд бидний хоол болно. Хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун гэлээ. Харин даяар хотол түмэн —Тэднийг чулуугаар шид гэцгээж байлаа. Тэгтэл ЭЗЭНий цог жавхлан уулзалтын майхан дотор Израилийн бүх хөвгүүдэд үзэгдэв. … Миний эсрэг гонгиносон, хорь ба түүнээс дээш насны тоолуулсан бүх хүний цогцос тооныхоо дагуу энэ цөлд унах болно. Та нарыг суурьшуулахаар Миний тангарагласан тэр нутагт Иефуннегийн хүү Калеб болон Нуны хүү Иошуа нараас өөр хэн ч орохгүй. …” Тоо 14:4-38

Ингэж арван хоёр тандагч Канаан нутгийг цуг тандсан ч арван тандагч нь харсан зүйл дээрээ сөрөг бодлоо нэмж дүгнэлт гарган, тэд болон тэдний базаахгүй муу мэдээнд итгэсэн Израилийн бүх эрчүүдийн цогцос эцэстээ цөлд унасан юм. Харин харсан зүйл дээрээ итгэлээ нэмж дүгнэсэн Иошуа Калеб хоёр амлалтын газар Канаанд орсон юм.

Хааяа бид үзэл бодлын өчүүхэн ялгааг тэгтлээ чухалд үздэггүй. Гэвч Библид үзэл бодлын өчүүхэн ялгаа нь нөлөөлж Бурханд сонгогдсон түүхүүд гардаг. Бодлын өчүүхэн ялгаагаар Канаан нутаг орох үгүй нь шийдэгдсэний адил өнөө үед ч мөнхийн тэнгэрийн Канаан орж чадах уу, чадахгүй юу гэдэг нь бидний бодлын өчүүхэн ялгаанаас хамаарна. Бурханы өчүүхэн үгэнд ч болов хайнга ханддаггүй хүн Бурханд сонгогддог гэдгийг битгий мартаарай.

“Хэн маш бага юманд итгэмжтэй байна, тэр нь их юманд ч мөн итгэмжтэй байдаг. Хэн бага юманд шударга бус байна, тэр нь их юманд ч мөн шударга бус байдаг.” Лук 16:10

Дээрх ишлэл нь туйлын бага юмнаас агуу юм эхэлдгийг ухааруулж өгдөг Христийн сургаал юм. Бага юманд итгэмжтэй байх нь их юманд итгэмжтэй байхыг, бага юманд шударга бус байх нь их юманд ч мөн шударга бус байна гэдгийг харуулж байна. “Ганцаас газар дүүрнэ”, “Дуслыг хураавал далай” гэх мэт зүйр үг нь ертөнцийн бүх агуу том зүйл багаас эхтэй гэдгийг харуулж байна.

Тунхаглал ч мөн адил. Олон үр жимс гаргахыг хүсэж байна гээд нэг зэрэг мянган хүнд авралын зар тараах гэж зүтгэх нь мунхаг хэрэг юм. Нэг хүний амийг аврах хүн ертөнцийг тэр аяар нь аварна гэдэг биз дээ? Сүнс нэг бүрийг эрхэм нандинд тооцож, Бурханы энгэрт хөтлөх үед л бид хэзээ нэгэн цагт Бурханд баяр баясгалан өргөх арвин үр жимс гаргах болно. Бага юманд итгэмжтэй байж, бүх хүчээ дайчлан, сүнсний Эцэг Эхдээ туслах тэнгэрийн хүүхдүүд болоорой.

Израильд туслаагүйгээс хараагдсан мероз ард түмэн

“Мерозыг хараагтун гэж ЭЗЭНий тэнгэрэлч хэлэв. Хараагтун, тийм ээ, түүний оршин суугчдыг хараагтун. Тэд ЭЗЭНд туслахаар ирсэнгүй, хүчтэний эсрэг зогсоход ЭЗЭНд туслахаар ирсэнгүй.” Шүү 5:23

Шүүгчдийн үед израиль ард түмэн Дебора хэмээх эмэгтэй эш үзүүлэгчийн удирдлаганд хүч давамгай дайсан Канааны цэргүүдтэй тулалдан ялаад буцан ирж, ялалтын дуу дуулахад нь Бурханы тэнгэр элч “Мерозыг хараагтун” гэдэг. Учир нь тэд Бурхан Израильд туслан дайтах үед туслахаар ирээгүй бөгөөд тулаанд оролцоогүй юм.

Мерозын ард түмний тусламжгүйгээр Бурханы ажилд саад учирсан ч биш, Бурханы үйл хэрэг бүтээгүй ч бас биш. Гэтэл Бурхан ажилд нь туслаагүй гэх өчүүхэн зүйлээс болж тэднийг хараасан байна.

Бурханы нүдэнд туйлын өчүүхэн зүйл ч агуу, туйлын агуу зүйл ч өчүүхэн юм. Өчүүхэн зүйлээс эхлэн Бурханд итгэмжтэй байж, туслаарай хэмээсэн нь Бурхан ганцаараа энэ ажлыг биелүүлж чадахгүйдээ айлдсан биш. Ертөнцийн 6 тэрбум хүн бүгдээрээ Бурханы ажилд тусаллаа ч гэсэн тэр тусламж Бурханд “хувингийн дусал” “дэнсэн дээрх ширхэг тоос” төдийхөн юм. “Юу ч биш мэт тооцогддог” гэсэн илэрхийлэл илүү тохирох байх (Иса 40:15-17).

Бидний тусламж огт байхгүй байсан ч Өөрөө бүгдийг хийж чадах төгс хүчит Бурхан энэ мэт өчүүхэн зүйл дээр Өөрт нь тусалсан хүнийг сонгож, туслаагүй хүмүүсийг хараасан юм.

Бидний тусламж Бурханы өмнө үнэхээр юу ч биш. Тийм байтал Бурхан яагаад авралын зар тараагаарай хэмээн чухалчилж, эдгээр түүхийг Библид тэмдэглэсэн юм бол оо? Энэ бүгд бидний төлөө. Бурханы төлөө хийсэн өчүүхэн зүйлийг маань ч агууд тооцож, хязгааргүй ерөөлөө буулгаж байдаг. Бидний өчүүхэн төдий итгэмжтэй байдалд Бурхан мөнхийн шагналаа соёрхоно шүү дээ.

Өнөөгийн энэ цаг үеийг олон хүн үеийн төгсгөл гэцгээдэг. Хэрэв Бурхан маргааш шүүхээр морилон ирвэл мөнх амийн амлалт авсан бидний өнөөдрийг хүртэл Бурханы өмнө хийсэн бүхэн мөнхийн шагналын хэмжүүр болох юм.

Хоёр хот захирах ажил хийсэн нь тэнгэрийн оронд мөнхөд хоёр хот захирч, арван хот захирах ажил хийсэн нь мөнхөд арван хот захирах болно. Бидний очих мөнхийн тэнгэрийн оронд үхэл, зовлон, уйтгар гуниг байхгүй. Мөн хичээх боломж ч байхгүй болно.

Одоо амьдарч байгаа энэ газар л бидэнд боломж олгосон газар бөгөөд одоо бидэнд өгөгдсөн энэ цаг л боломжит цаг юм. Тэнгэрийн оронд очвол цаашид зовлон зүдгүүр байхгүй, улмаар илүү шагнал нэмж авах боломж олдохгүй.

Бурхан бидэнд яруу алдар өгөх гэсэндээ сайн мэдээ тараахыг биднээс хүссэн. Бид авралын зар тараагаагүйгээс Бурханы авралын түүх зогсчихгүй. Бид туслаагүйгээс Бурханы ажилд том саад учрахгүй. Гагцхүү бидэнд л илүү том шагнал өгөхийн тулд одоо энэ газарт авралын зарын үүргийг соёрхсон юм.

Ажил хийх боломжтой энэ цагт өчүүхэн зүйл дээр ч Бурханыг дуулгавартай дагацгаая. Бурханд тус болох л зүйл байвал том жижиг гэлтгүй бүх зүйлд итгэмжтэй байгаарай. Мөнхийн шагналаас хүртэх боломж одоо л бидний өмнө нээлттэй байна. Бага юмнаас эхлэн Бурханд болон Бурханы үг нэг бүрд итгэмжтэй байж гэмээнэ “Үхэл хүртэл үнэнч бай” (Илч 2:10) гэсэн үгийн дагуу үнэнч итгэмжит байдал бүрэн төгс бий болно.

Ерөөл авах уу, хараал хүрэх үү гэдэг нь хэн ч тоодоггүй өчүүхэн ажилд итгэмжтэй байсан уу гэдгээс шалтгаална. Бурханы айлдсан үг л бол хичнээн өчүүхэн байсан ч дуулгавартай дагахыг хичээх хэрэгтэй. Тэгээд бидний өчүүхэн үйлсийг агуу гэж үздэг Бурханы сэтгэлд нийцсэн хүнээр сонгогдож, тэнгэрт бэлдсэн түмэн зүйлийн ерөөлийг хүртэх Сионы ах эгч дүүс болоорой.