WATV.org is provided in English. Would you like to change to English?

Сайныг үйлддэг хүн болоорой

141 Үзсэн тоо

Бурхан итгэгчдээ ертөнцийн гэрэл, давс гэсэн. Ертөнцийн гэрэл, давс болохын тулд бид Бурханы нүдэнд сайн үйлстэй, сайхан сэтгэл оюунтай байх ёстой.

Библи бидэнд “Энэ үеийн явдалд бүү нийц” гэж захин (Ром 12:2), тэнгэрийн хүүхдийн хувиар сайн үйлс гаргахыг сургадаг. Ер нь Бурханд итгэдэггүй хүмүүс ч хүртэл “Сайн юм хийвэл диваажин явна, муу юм хийвэл там явна” гэж ярьдаг даа. Бидний итгэл төдийгүй сайн үйлс маань ч тэнгэрийн орон явах уу, там руу явах уу гэдгийг тодорхойлох чухал хүчин зүйл болно гэдгийг бид бүгд санах ёстой.

Бурханы яруу алдрыг гаргадаг итгэгчид

Искариотын Иудас Бурханд итгэдэг гэдэг байсан ч зөв, сайхан сэтгэлтэй байгаагүй юм. Тиймдээ ч ертөнцийг аврахаар ирсэн Мессиаг 30 мөнгөн зоосоор зарсан аймшигт хэрэг үйлдсэн. Тэрээр сэтгэлдээ сайн сайхан зүйл хуримтлуулаагүйгээс, сайн үйлс хийж байгаагүйгээс ийм асуудал гарсан. Сайн хүн сайн баялгаасаа сайныг гаргадаг, муу хүн муу баялгаасаа муу муухайг л гаргадаг (Мат 12:35). “Надад илүү ашигтай зүйл байна уу, эсвэл бусдад хохиролтой ч надад сэтгэл ханамжтай юм юу байна?” Эцсийн эцэст түүний иймэрхүү бодол нь л Христийг загалмайд цовдлох муу үйлд хөтөлсөн хэрэг.

Сайн үйл хийвэл тэнгэрийн орон руу, муу үйл хийвэл там руу явна гэсэнчлэн үйлсийнхээ дагуу шүүгдэнэ гэдгийг сэтгэлдээ тунгаан хоногшуулаад, Библийн бидэнд зааж өгдөг зөв замаар явах учиртай юм шүү. Библийн зөгнөлийн дагуу Бурханы ард түмэн Бурханы яруу алдрыг гаргах ёстой.

“Намайг алдаршуулахын тулд миний тарьсан мөчир, мутрын минь бүтээл болох чиний ард түмэн бүгд зөвт болж, газрыг мөнхөд эзэмшинэ. Хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно.” Иса 60:21-22

Бурханд итгэдэг гэдэг хэрнээ болгоомжгүй ярьж, муу муухай авир гаргадаг хүн байсан гэж бодъё. Тэгвэл түүний эргэн тойрных нь хүмүүс итгэдэг Бурханых нь талаар болон явдаг сүмийнх нь талаар сөрөг ойлголттой болно. Эцэстээ тэр хүн Бурханы яруу алдрыг гаргахын оронд Бурханыг үл хүндэтгэж, гутаана.

Сайн мэдээ дэлхий даяар хурдтайгаар тархаж байгаа болохоор янз бүрийн л хүн Сион руу ирж байгаа. Яг энэ үед зөнч нар төдийгүй албан тушаалтнууд, албан үүрэгтнүүд, итгэлийн олон жилийн туршлагатай итгэгчид араасаа ирсэн гэр бүлүүддээ сайн жишээ үзүүлэх ёстой. Түрүүлж дуудагдсан хүмүүсийн хувиар зөв үйлстэй байх жишээ үзүүлбэл шинэ гэр бүлүүд бидний жишээг даган, улмаар Сионы гэр бүлүүд маань энэ мэт сайн үйлсээрээ Бурханы яруу алдрыг гарган, Самари, дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ харин ч хурдан түгэх юм.

“Та нар газрын давс. Хэрэв давс амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох вэ? Энэ нь гадагш хаягдаж, хүмүүсийн хөл дор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болохгүй. Та нар ертөнцийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна. Хэн ч дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.” Мат 5:13-16

Бидний сайн үйлсийг хараад, хүмүүс тэнгэр дэх Эцэгийг минь алдаршуулахын тулд сайн үйлс хий гэж Есүс бидэнд айлдсан. Сүм дээр, гэртээ, эсвэл сургууль дээр, ажил дээр, хөршийндөө гээд хаана ч байсан бид Бурханд итгэдэг хүний хувьд зүй зохистой байдлаар амьдрах ёстой. Буулт хийж, халамж анхаарал тавих ёстой төдийгүй уур хүргэсэн нөхцөл байдалд ч хүртэл тэвчээртэй, хүлээцтэй ханддаг сайн чанарууд бидэнд байх ёстой.

“Иймд тэдний хамсаатан бүү бай. Урьд нь харанхуй байсан та нар өдгөө Эзэн дотор гэрэл тул гэрлийн хүүхдүүд ёсоор яв. Бүх сайн, зөвт байдал ба үнэнд гэрлийн үр жимс байна. Ингэхдээ Эзэнд таалагдах юмыг ол. Харанхуйн, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчил. Учир нь тэдний нууцаар үйлдсэн зүйлсийг ярихад ч ичмээр юм. Харин бүх зүйл гэрлээр илчлэгдэхдээ харагддаг. Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. …” Ефе 5:7-14

Урьд нь хэдий бид харанхуйд алхаж, харанхуйн ажилд оролцож байсан ч одоо нэгэнт гэрэл рүү ирсэн тул гэрлийн хүүхдүүд ёсоор яв гэж Библид зааж өгч байна. Энэ бол Бурхан итгэлтэй хүүхдүүддээ өгсөн сүнслэг гэр бүлийн сургаал юм.

Ертөнцийн хүмүүс одоо биднээр дамжуулан Бурханыг харж байгаа. Тэд Бурханыг шууд харж, мэдэж чадахгүй болохоор биднээр дамжуулан бид ямар Бурханд итгэж, дагадгийг мэдэх болдог. Хүмүүсийн өмнө Бурханы яруу алдрыг гаргахын тулд үргэлж Бурхан дотор гэрлийн хүүхдүүд шиг байцгаая.

Зөв ухааралд ирж, нүгэл үйлдэхээ боль

Ертөнц дэндүү хорон муу, сайн хүмүүс ч хүртэл ад шоо үзэгдэж, мунхаг гэж харагдах тийм хэмжээнд хорон муу байгаа. Улмаар зарим хүмүүс тухайн хүнийг муу ажилд орооцолдох үед хамтрагчаа гэж хүлээн зөвшөөрөх тохиолдол бий. Сургууль дээрээ сайн зан төрхтэй, зөв замаар явдаг сурагчид ч заримдаа найзууддаа шоовдорлогддог доо.

Бид хүний хүслийг дагаж байна уу, Бурханы хүслийг дагаж байна уу гэдгээ, хэнийг дагах ёстой гэдгээ нухацтай бодох хэрэгтэй. Энэ ертөнц ч түр зуурынх, бидний амьдарч байгаа орчин нөхцөл ч түр зуурынх. Харин тэнгэрийн орон бол бидний хувьд мөнх орших газар юм. Үүнийг л сэтгэлдээ хадгалж, тэнгэрийн хаанчлалд зохистой Бурханы хүүхдийн хувиар амьдарцгаая.

“[Ах дүү нар аа,] би өдөр бүр үхдэг. Бидний Эзэн Есүс Христэд миний бахархал болдог та нарын талаарх бахархлаар би баталъя. … Бүү мэхлэгд. “Аягүй муу нөхөрлөөн аятай ёсзүйг ялзалмуй.” Та нар зөв ухааралд ир. Нүгэл үйлдэхээ боль. Учир нь заримд нь Бурханы тухай мэдлэг алга. Би та нарыг ичээх гэж үүнийг хэлж байна.” 1Кор 15:31-34

Бурхан тэнгэрийн хүүхдүүдээсээ нүглээс зайлсхийж, сайн зөв үйл хийхийг дахин дахин хүссэн. “Бусад хүн ч гэсэн ингэж байгаа юм чинь би ингэхэд гайгүй биз дээ” гэх зэргээр алив нүглийг хөнгөнд бодож болохгүй. Харин үргэлж Бурхан биднийг юу гэж бодох бол, бид Бурханыг яаж алдаршуулах уу гэх зэргээр боддог байх хэрэгтэй. Нэмж хэлэхэд бид Сионы ард түмний хувиар зөв сэтгэл оюунтай байж, зүй зохистой ярьж, зүй зохистой авирлах ёстой.

“Хайртууд аа, сэтгэлийн чинь эсрэг дайтдаг махбодын хүсэл тачаалуудыг цээрлэхийг ирмэл агаад түр суурьшигч та нараас би гуйя. Харийнхан дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг муу муухайг үйлдэгчид хэмээн гүтгэвч, сайн үйлсийг чинь хараад Түүний харгалзлын өдөр Бурханыг алдаршуулах болно.” 1Пет 2:11-12

Сионы ах дүү, эгч дүү нар Бурханы үгийн дагуу амьдарч, улс нийгмээ сайн сайхан болгосоор байгаа билээ. Гэр бүлүүдийн маань сайн үйлсээр олон хүн үнэн рүү, Сион руу ирж, муу хүмүүс манай сүмийг гүтгэн саад хийж байхад тэд “Бурханы сүмийнхэн бүгд сайн хүмүүс, зөв амьдралаар амьдардаг. Тэдний үйлс та нарынхаас дээр” гэцгээдэг. Тиймээс Библид биднийг “Мууд бүү дийлд, мууг харин сайнаар дийл” хэмээсэн юм (Ром 12:21).

Бидний үйлс тэнгэрт бичигдэнэ

Энэ хорвоод муу муухай юм үй олон. Бид хорон муу хэрэг болсон талаарх мэдээ мэдээллийг өдөр бүр л харж байна. Зарим нь бүр “Яаж тэгж чадна аа?” гэмээр. Дэлхий ертөнц нээрээ хорон муугаар ялзарчээ.

Гадны улс орнуудад гарч буй аваар осол, үйл явдлыг бид телевизийн сувгуудаар үздэг. Хүмүүс бид хэдийн болчихсон зүйлийг харж чадна. Хүн төрөлхтний технологи их хөгжсөн. Тийм байхад Бурханы технологи хичнээн хөгжсөн байж таарах вэ! Бурхан хэдэн арав, хэдэн зуу, тэр бүү хэл хэдэн мянган жилийн өмнө болсон юм бүхнийг хардаг биш үү? Хүний технологийн хөгжил ч хүртэл үг яриа, үйл хөдлөлийг дүрс болгон бичих боломжтой юм чинь Бурхан бидний хийж буй бүхнийг харж байдгийг бид мэдэх ёстой.

Өнөөдөр миний юу хийснийг хэн ч мэдэхгүй гэж бодвол ёстой эндүүрч байна. Бидний гаргадаг үйлс бүхэн, хэлж ярьдаг үг нэг бүр, өдөр бүр бидэнд байдаг сэтгэлийн хандлага гээд энэ бүхэн огтхон ч алга болохгүй, харин үүрд бичигдэж үлддэг юм шүү. Шөнийн тэнгэрт тоо томшгүй одод гялалзан байдаг ч тэр одод одоо болтол оршин байгаа эсэхийг бид мэдэхгүй шүү дээ. Учир нь бидний одоо харж байгаа одны гэрэл 100 мянга, 200 мянган жилийн өмнө цацарч байсан юм. Үүн шиг бидний нэгэнт хийсэн зүйл огтхон ч алга болохгүй. Хүндэтгэлтэй дүр төрхөөр мөргөл сахидаг хүний тухайд мөргөлд хүндэтгэлтэй хандах төрх байдал нь тэнгэрийн бичлэгт байж л байна. Ивээлтэй үгээр ярьдаг хүмүүсийн тухайд тэдний үг ч мөн бичигдсээр байгаа. Тийм ч учраас Бурхан хүн нэг бүр үйлсийнхээ дагуу шүүгдэнэ гэсэн юм.

“Цагаан өнгөтэй агуу сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар эс олдов. Их, бага үхэгсдийг сэнтийн өмнө зогсохыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном аж. Үхэгсэд үйлсийнхээ дагуу энэхүү номд бичигдсэнээр шүүгдэв. Дотроо байсан үхэгсдийг тэнгис гаргаж өгөв. Үхэл ба Үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Тэдний нэгбүр нь үйлсийнхээ дагуу шүүгдэв. Тэгээд үхэл ба Үхэгсдийн орон галт нуурт хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл буюу галт нуур болой. Мөн амийн номд нэр нь бичигдсэн нь олдоогүй бүхэн галт нуурт хаягдав.” Илч 20:11-15

Үхсэн хүмүүс үйлсийнхээ дагуу шүүгдэхээр Бурханы өмнө зогсож байгаа дүр зургийг Илчлэл номд тодорхой тэмдэглэжээ. Зөвхөн бидний үйлс ч биш, үг яриа, сэтгэлийн хандлага ч мөн үйлс гэж тооцогдоно. Энэ бүх үйлсийнхээ дагуу номд бичигдсэнээр бид шүүгдэх нь байна.

Сайн мөс чанартай байж, сайн ажил их хий

Бид бүгдээрээ тэнгэрийн орон явах учиртай. Бидний хэн маань ч хорон муу зүйлст мунхаглан оролцож, муу найз нөхөрт хууртах ёсгүй. Харин Бурханд итгэдэг хүмүүсийн хувиар бид өөрсдийгөө зөв залж удирдан, Бурханы сайн сургаалыг сэтгэл оюундаа сийлэн, хөрш нийгмийнхээ төлөө үлгэр жишээ амьдрах ёстой.

Бурханы ард түмэн мөн л бол Бурхан дотор Бурханы ард түмэнд зайлшгүй шаардлагатай нөхцөл болзлыг бид хангах ёстой юм. Тэнгэрийн хаанчлал явах хүмүүс өөр байх учиртай шүү дээ. Сайн мөс чанартай, зөв үйлстэй байх хэрэгтэй. Бурханы ард түмэн биш байхдаа нэгэн цагт өөрсдийн аминч хүслийн дагуу амьдардаг байсан бол одоо Бурхан дотор бүх талаар өөрчлөгдөх ёстой биш үү?

“Тимот хүү минь, чиний тухай урьд нь хийгдсэн эш үзүүллэгүүдийн “чи сайн тэмцлээр тэмцэгтүн” гэсэн тушаалыг би чамд даалгаж байна. Ингэхдээ итгэл, сайн мөс чанараа сахь. Зарим нь үүнийг үл ойшоосноос итгэл нь, сүйрсэн хөлөг онгоц мэт болжээ. Тэдний дунд Хуменай, Александр нар байна. Бурханыг доромжлохгүй байхад сургахын тулд би тэднийг Сатанд тушаасан.” 1Тим 1:18-20

Сайн мөс чанар, итгэл хоёрыг үл ойшоосон хүмүүс Сатанд тушаагдсан гэдгийг Библи бидэнд хэлж өгч байна. Муу муухай зүйл хийнгээ “Би шинэ гэрээний Алгасал баяр сахисан юм чинь тэнгэрийн хаанчлал мэдээж явж л таараа” гэж бодож болохгүй. Хэн маань ч сайн мөс чанарыг үл ойшоох ёсгүй. Сайн мэдээ хичээнгүйлэн тараасан юм чинь, эсвэл Бурханы хууль итгэмжтэйгээр сахисан юм чинь бидний хийсэн буруу үйл ч хүртэл уучлагдана гэдэг бол дэндүү худлаа. Сайн үйлс гаргах нь ч мөн Библид байгаа Бурханы заавар сургаал. Сайн мөс чанартай байж, Бурханы үгийг хүндэтгэн, зөв шударга байсан цагт л бид ертөнцийн гэрэл давсны үүргээ биелүүлж, тэнгэрийн хаанчлалд хангалттай орно.

“Та нарыг Бурхан бүхий л ерөөлөөр бялхаах чадалтай. Харин та нар бүх зүйлд, бүхий л талаар, үргэлж сэтгэл хангалуун байж, алив сайн үйлээр дүүрэн байгаарай.” 2Кор 9:8

Сионы ах эгч дүү нар Бурханы бүхий л бялхам ерөөл дунд амьдарч байгаа. Гэхдээ Бурханы ивээл ерөөлөөр амьдарч байгаа хэр нь болчимгүй авирлаж, болчимгүй үйлдэл гаргах юм бол сайн үр дүнд хүрэхгүй. Бурхан биднийг бүх талаар алив сайн үйлсээр дүүрэн байлгахын тулд бүхий л ерөөлөөр бялхаадаг.

Тэнгэр Эцэг Эх махан бие өмсөн энэ дэлхийд ирээд, сайн мэдээ тунхаглахад болон сайн үйлсээр зовсон олонд туслахад л бүх амьдралаа зориулсан. Биднийг алив сайн үйлээр дүүрэн байг гэсэндээ ийнхүү биечлэн жишээ үзүүлсэн юм.

Шинэ гэрээн дотор гүйцэлдэх хайр

Бурхан шинэ гэрээ тунхаглахдаа “Бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна” гэж айлдсан (Иох 13:34). Өөрсдийнхөө бодол, өөрсдийнхөө хэм хэмжүүрээр үйлддэг зарим нэг гэр бүл Сионд бий. Гэсэн хэдий ч Бурхан бидэнд “Бие биенээ хайрла” гэсэн тушаал өгсөн. Тэгж байж л бид бие биенийхээ алдаа дутагдлыг хүлцэн тэвчиж, бие биенээ илүү сайн хөгжихөд нь тусална. Энэхүү шинэ тушаалыг бид бүрэн дүүрэн дагаж мөрдөх ёстой.

“Нэг нэгэндээ хайртай байхаас өөрөөр хэнд ч, ямар ч өргүй бай. Бусдыг хайрладаг хүн хуулийг биелүүлсэн хэрэг. Учир нь «Чи бүү завхайр, чи хүн бүү ал, чи бүү хулгай хий, чи бүү шунахайр» гээд өөр ямар ч тушаал «Хөршөө өөрийн адил хайрла» гэсэн үг дотор агуулагддаг юм. Хайр бол хөршдөө муу муухайг үйлддэггүй. Иймд хайр нь хуулийн гүйцэлдэл мөн.” Ром 13:8-10

Хүн бүр өөр өөр орчин нөхцөлд өссөн, өөр өөр боловсролтой, өөр өөр амьдрал ахуйтай. Тиймээс тэд нэг ижил зүйлийг өөр өөрөөр хардаг. Биднээс өөр бодолтой байсных нь төлөө гадуурхаж, үгүйсгэж болохгүй. Харин ч нэг нэгнээ өгөөмрөөр ойлгож уучил. Тэгсэн цагт л бид нэг нэгнээ хайрлах шинэ тушаалыг биелүүлэх юм.

Мэдээж хааяа бидэнд гомдож, уурлах үе бий. Харин бид хайр болсон Бурханы дотор байх л юм бол тэвчээртэй, хүлээцтэй, уурлахдаа удаан, сайхан сэтгэлтэй байх ёстой биш үү? Эцэг Эхдээ таалагдаж, ертөнц даяар Бурханы яруу алдрыг гаргахын тулд сайн үйлс хийж, хайрын тушаалыг бүрэн гүйцэлдүүлэхийг Сионы ах эгч дүү нараасаа хүсье.