Ертөнцөд янз бүрийн л ажил үүрэг байдаг. Тэр дунд хүмүүст ашиг тусаа өгч, цаг үеэ сэнхрүүлж, түүхийн хуудаснаа үлддэг гайхамшигтай ажлууд ч их бий. Тэгвэл ямар ажил хамгийн агуу вэ?
Бурхан бол үнэхээрийн аугаа Нэгэн. Аугаа Бурханы удирдан авч яваа аливаа ажил мэдээж агуу. Гэвч Бурханы гүйцэлдүүлж буй агуу ажил дунд бидэнд даалгасан ажил бий. Энэ нь “Дэлхий даяар, бүх үндэстэнд сайн мэдээ тунхагла” (Мат 24:14) гэж айлдсан авралын зар тараах ажил юм.
Ертөнцийн ажлууд бас тус бүрнээ утга учиртай, үнэ цэнэтэй байдаг ч тэдгээрийн яруу алдар хоромхон зуур оршиж байгаад алга болдог. Харин Бурханы бидэнд даалгасан үүрэг “сайн мэдээ тараах ажил” нь үүрд мөнх туяарах юм (Дан 12:3). Энэ ажлыг тэнгэрийн тэнгэр элч нар болон сүнслэг зүйлс хийхийг хүсээд ч хийж чадахгүй бөгөөд зөвхөн Бурханы мах, цусыг өвлөн авсан хүүхдүүдэд л зөвшөөрөгдсөн онцгой үнэ цэнэтэй ажил үүрэг юм.
Бурхан энэ газарт ирээд ямар ажил хийсэн бэ гэдгийг Библиэс судалъя.
“Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.” Лук 19:10
Есүсийн тэнгэрээс энэ газар хүртэл ирсэн зорилго нь алдагдсаныг хайж, аврахын төлөө байв. Хамгийн агуу Бурхан махан биен хувцас өмсөж энэ газарт ирээд хийхийг хүссэн хамгийн агуу ажил нь нүглийн улмаас тэнгэрээс алдагдсан хүүхдүүдээ хайж, тэднийг нүглийн уучлал ба мөнх амь руу хөтлөх явдал байсан юм.
Хамгийн агуу энэ ажлыг хэрхэн гүйцэтгэх ёстойг ч Есүс Өөрийн биеэр жишээ үзүүлсэн.
“Үүр шөнөөр Тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин, тэндээ залбирч байв. Симон болон хамт байгсад нь Түүнийг хайж, олоод —Бүгд Таныг эрж байна гэхэд Есүс —Цөмөөрөө зэргэлдээх суурингуудад очицгооё. Би тэнд ч бас тунхаглах болно. Учир нь Би үүний төлөө ирсэн билээ гэж айлдав.” Мар 1:35-38
Есүс өглөө эрт үүрээр босоод, залбирч тосгон бүрээр яван авралын зар тарааж байв. Тэгээд “Би үүний төлөө ирсэн билээ” гэж айлдсан юм.
Лук номны айлдалд ч Христ энэ газарт ирсэн зорилгоо “аврал” гэж хэлээд, Марк номд “тунхаглах”-ын төлөө ирсэн гэж айлдсан. Эндээс хүн төрөлхтний авралын төлөө бидний хийх ёстой хамгийн агуу ажил нь авралын зар тараах гэсэн хариултыг олж болно. Одоо бидний хийж байгаа авралын зар тараах ажил нь хамгийн агуу Бурханы бидний авралын төлөө хийсэн хамгийн агуу ажил нь юм.
Авралын зар тараах ажил нь хэнд ч хамаагүй зөвшөөрөгдөх ажил огт биш. Ямар нэг үнэ цэнэтэй бараа хүргүүлэх хэрэгтэй боллоо гэж бодъё. Тэгвэл хэнд хандах вэ? Хэн ч гэсэн таньж мэдэхгүй замын хүнээс гуйхгүй шүү дээ. Тийм үүрэг даалгаврыг хүүхдүүдийнхээ дундаас ч хамгийн тууштай, эцэг эхийнхээ үгийг сайн дагадаг итгэмжит хүүхдэдээ даатгана.
Бурхан ч бас авралын зар тараах ажлыг хэнд ч хамаагүй өгсөн биш, гагцхүү Өөрийн “зөвт” гэж хүлээн зөвшөөрсөн хүүхдүүддээ л даалгасан юм.
“Харин сайнмэдээ бидэнд даалгагдахаар Бурханаар батлагдсанчлан, …” 1Тес 2:4
Сүнслэгээр харвал авралын зар тараах нь үхэхээс өөр аргагүй нүгэлтнийг авралын зам руу хөтлөх үнэхээр чухал ажил юм. Чухал ажлыг хэн хамаагүй хүнд даатгадаггүйтэй адил Бурхан сайн мэдээ тараах ажлаа ч бас авралын үнэ цэнийг бүрэн ойлгож ухаарсан хүнд л өгнө. Бурхан энэ агуу их үүргийг өөр хэн нэгэнд биш, бидэнд даалгасан нь төдий чинээ бидэнд итгэл хүлээлгэж байгаагийн нотолгоо юм.
“Тэр нь мэхэлдэггүй Бурханы мөнх цагаас өмнө амласан мөнх амийн найдварт үндэслэсэн юм. Бурхан зохистой цагт үгээ бидний Аврагч Бурханы тушаалаар надад даалгасан тунхаглалаар илэрхийлжээ.” Тит 1:2-3
Хамгийн агуу ажлыг гүйцэтгэхийн тулд энэ газарт ирсэн Бурхан Өөрийн үгийг “тунхаглал” гэж илэрхийлэн, энэхүү агуу ажлыг дахин бидэнд даатгасан юм. Хэн мөнх амийн шинэ гэрээний үнэнийг, мөн биднийг аврахын төлөө ирсэн Елохим Бурханыг дэлхийн бүх үндэстэнд тунхаглаж чадах вэ? Гагцхүү Бурханаар батлагдсанчлан сайн мэдээний ажлыг дааж авсан манай Сионы хүүхдүүд л үүнийг хийж чадна.
Чусоны үед ханхүү, гүнж нар жирийн ард иргэдээс өөр тусгай боловсрол эзэмшдэг байв. Ялангуяа угсаа залгамжлах ханхүү бүр ч хатуу дэг жаягтай сурдаг байж. Күнзийн сургаал, өөр бусад ном судар, түүх заалгах нь мэдээж. Тэрээр мөн ёс зарчим, алхаа гишгээ, үйл хөдлөлөө хүртэл нэгд нэггүй чанд сурах ёстой байсан бөгөөд сурах ёстойгоо сурахгүй бол ханхүүгийн эрхээ ч алдахад хүрдэг байв. Ханхүүд шалгуур сорилтын явц байж болох ч тэр бүхэн нь хожим түүнийг сайн хаан болгохын төлөөх явц аж.
Одоо бидний хийж буй авралын зар тараах ажлыг ч хэн дуртай нь хийж чадахгүй. Авралын зар тараах нь Бурхан биднийг тэнгэрийн өв залгамжлагч буюу “хаан тахилч” болгохын тулд өгсөн үүрэгт ажил юм. Тэнгэрийн орны өв залгамжлагчдад тохирсон агуу ажил үүргийг бидэнд даалгасан юм.
Хэрэв бид авралын зар тараагчийн үүргээ чухалд бодохгүй бол хаанд байвал зохих шинжийг бүрдүүлэхийн төлөө дадлагажуулж байхад нь хичээл зүтгэл гаргадаггүй ханхүүтэй ижил болох юм. Ийм хүн ууган хүүгийн эрхээ үл тоомсорлон дүү Иаковтаа булаалгасан Есав шиг өөрт зориулж зэхсэн эрхэм суудлыг өөр бусдад шилжүүлэхэд хүрнэ.
Авралын зар тараахын чухлыг ухаарч чадахгүй хүн нэг талант газарт нуусан хүнээс ялгаагүй (Мат 25:14-30). Энэ нь бидний хийх ёстой ажил атал бид Эцэг Эхийнхээ даалгасан агуу их ажлыг ертөнцийн ажлаас ч өчүүхэн гэж үзээгүй байгаа, мөн Бурханы өгсөн ерөөлд хайнга хандсан Есавынх шиг ухаан бодолтой болоогүй байгаа гэдгээ эргэн нэг тунгаагаарай.
Бурхан Өөрийнх нь өмнөөс сайн мэдээ тараах үүрэг хариуцлага, эрхийг бидэнд олгосон.
“Долоо хоногийн эцэст ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа —Хүний хүү, Би чамайг Израилийн гэрт харуулаар өглөө. Чи амнаас минь гарах үгийг сонсоод, Миний өмнөөс тэднийг сэрэмжлүүл.” Езе 3:16-17
Авралын зар тараагчийн ажил үүрэг нь Бурханы өмнөөс хүмүүст сануулга өгөх явдал юм. Бурханы өмнөөс хэрэгжүүлэх эрх мэдлийг өөр хэн нэгэнд биш, зөвхөн авралын зар тараагчдад олгосон.
Ямар ч улсын хаан өөрийн алба үүргийг гүйцэтгэх эрх мэдлийг хэн хамаагүй хүнд зөвшөөрөхгүй. Удаан хугацаанд шалгаж нягталсны эцэст сонгосон хүндээ хааны эрх мэдлийг итгэмжлэн олгодог. Үүнтэй адил Бурхан Өөрийн үгээ дэлхий даяар тунхаглахын тулд үндэстний дундаас хүүхдүүд биднийгээ сонгосон.
Бурханы өмнөөс хүмүүст сануулга өгдөг болохоор Бурханы үг дамжуулдаг бид ч бас ариун, шударга, ааш зан сайтай байх хэрэгтэй юм. Сайн мэдээ тараахад янз бүрийн хүмүүстэй таарна. Бурханы үгийг хүлээж авахгүй үгүйсгэдэг хүмүүс ч хааяа таардаг. Үг тунхагласан хүнээ үнэнийг хүлээж авахгүй байна гээд уурлаж бухимдах юм уу эсвэл таагүй үг хэлж орхивол яаж “Бурханы өмнөөс” гэж хэлэх билээ дээ?
Бурхан Өөрөө байсан бол яаж тунхаглах бол гэдгийг эхлээд бодоцгооё. Бурхан “Тунхагла” гэж айлдсан энэ ерөөлтэй мэдээ үнэ цэнэ нь юутай ч хэмжишгүй эрхэм чухал мэдээ. Үнэ цэнэтэй энэ сайн мэдээг үнэ цэнэтэйгээр тарааж чаддаг байх хэрэгтэй.
Паул элч Бурханд итгэдэг хүн бүхний хүндэтгэлийг хүлээхүйц итгэлийн амьдрал туулсан байдаг. Дамаск руу явах замд Христийг хүлээн авснаас хойш тэрээр Есүсийн үйлсийг дагаж насан турш авралын зар тараахад сэтгэл зүрхээ бүрэн зориулсан байдаг.
“Өөрсдийгөө залбиралд зориул. Үүндээ талархалтайгаар сэргэг байгтун. Бас бидний төлөө залбирахдаа үгийн үүдийг Бурхан нээж, Христийн нууцыг биднээр яриулаасай гэж гуйгтун. Би үүний төлөө хоригдсон билээ.” Кол 4:2-3
Элч Паул итгэгчдэд хандан “Өөрсдийгөө залбиралд зориул. Өөр бусад юмнаас илүү үгийн үүдийг нээн өгч, Христийн нууцыг зоригтойгоор мэдүүлэхэд туслаарай гэж үргэлж залбир” хэмээн сануулж байв. Түүний залбирал дунд ч “Үгийн үүдийг нээж өгөөч” гэсэн гуйлт тасраагүй. Хамгийн аугаа Бурханы бидэнд даалгасан хамгийн агуу ажил нь авралын зар тараах гэдгийг тэрээр зүрхнийхээ гүнд ухаарсан болохоор тэр юм.
“Би, Бурханы болон амьд ба үхэгсдийг үзэгдэлт ба хаанчлалдаа шүүх Христ Есүсийн өмнө чамд чухалчлан захья. Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. … Харин чи бүгдэд саруул ухаантай бай, хэцүүг тэвч, сайнмэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцэтгэ.” 2Тим 4:1-5
Тимотод илгээсэн захидалдаа ч Паул элч “Бурханы үгийг тунхаглах ажилд цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай” гэж захисан байна. Тунхаглах боломжтой үед л тунхаглах биш ямагт сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хийж, үйлчлэлээ гүйцээх хэрэгтэйг тэр онцлон дурджээ.
Паул өөрөө ч Бурханы үгийг л тунхаглах ажилд сэтгэл хүчээ бүрэн дайчилсан юм. Тэрээр Бурханы сайн мэдээний төлөө л гэвэл үхэхэд ч бэлэн байв (Үйл 21:13). Таван удаа гучин ес ташуурдуулж, саваагаар гурвантаа жанчуулж, нэг удаа чулуу шидүүлж, гурван удаа усан онгоцны сүйрэлд өртөж, гүн тэнгист өдөр, шөнийг өнгөрөөж, янз бүрийн зовлон зүдүүрээс тэр татгалзаагүй (2Кор 11:23-27). Үй түмэн саад бэрхшээл тулгарлаа ч тэрээр айж эмээгээгүй, ямар ч хүнд байдалд бууж өгөөгүй юм.
Паул төдийгүй биднийг аврахаар ирсэн Есүс түүнчлэн Петр, Иоханаас авхуулаад Библид гардаг, бидний үлгэр дуурайл авбал зохилтой аугаа их хүмүүсийн итгэлийн амьдрал нь авралын зар тараах гэсэн нэг ижил үйлсээр холбогддог. Дэлхий дээр хийж болох хэдэн арван мянган ажил бий. Тэдгээрийн дотроос авралын зар тараах нь хамгийн агуу ажил мөн гэдгийг ухаарсны дараа тэд нэг хором ч дуугаа хурааж чадаагүй юм.
“Учир нь би хэдийнээ ундаан өргөл мэт асгагдаад, явах цаг минь иржээ. Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан. Урьд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн байна. Зөвт Шүүгч Эзэн намайг тэр өдөр, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно.” 2Тим 4:6-8
Паул элч энэ ертөнцийг орхих цагаа ойртсоныг мэдээд өөрийн амьдралаа эргэн хараад үнэ цэнэтэй өнгөрөөж гээд бахархсан байдаг. Хүмүүст Бурханы ариун хүслийг дамжуулах хамгийн агуу үүргийн төлөө тэр гагцхүү тэнгэрийн бариаг чиглэн хичээнгүйлэн гүйсэн болохоор эдүгээ “Зөв байдлын титэм надад зэхэгдсэн” хэмээн чанга дуугаар итгэлтэй еэ хэлжээ. Тэнгэрийн хаанчлалд л найдвар тавин, харамсах юмгүй амьдарсан гэж тэр өөрийн амьдралаа эргэн дурссан байна.
Дэлхийд үй олон ажил үүрэг байдаг ч эдгээр нь цөм энэ өчүүхэн дэлхийд хэрэгтэй ажлууд. Харин Бурханы бидэнд даалгаж өгсөн авралын зар тараах ажил нь тийм биш. Бид ч бас тэдэн шиг нүдэнд харагдаж буй ертөнцийг л бүх зүйл гэж бодох биш мөнхийн ертөнцөд урьдчилан бэлтгэцгээе.
Бурхан бидэнд сайн мэдээ тунхагла гэж тушаасан нь түр зуурын ерөөл өгөхийн тулд биш мөнхийн ерөөл өгөхийн тулд юм. Хүүхдүүд нь мөнхийн ерөөл аваасай л гэж Бурхан хүсдэг. Авралын зар тараах ажлыг бидний тэнгэрийн хаанчлалд авах шагналтай харьцуулах юм бол үнэхээрийн өчүүхэн ажил. Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш, юутай ч харьцуулшгүй том ажил гэдгийг ухаарсан элч нар ямар ч ажлаас илүү авралын зар тараахад зүтгэл гаргасан юм (Ром 8:18).
Энэ үед бид Бурханы үгийг хүн төрөлхтөнд тунхаглах авралын зарын үүргийг хүлээж авсан. Гар хумхин зүгээр харж суухаас илүүтэй бид Бурханы хүссэн хамгийн агуу ажилд цөмөөрөө оролцож, зөв байдлын титэм хүртэх хүүхдүүд болцгооё.
Авралын зар тараах нь агуу хүмүүст зөвшөөрөгдсөн агуу үүрэг юм. Энэ амьдралынхаа эцэст бүгдээрээ яг л Паул элч шиг “Одоо намайг зөв байдлын титэм хүлээж байгаа” гэж бахархахуйц итгэлтэй байцгаая. Ажил хийдэг нь ажил дээрээ, оюутан нь сургууль дээрээ, цэрэг нь ангидаа, гэрийн эзэгтэй нар хөршүүддээ, хэн ч бай тус тусын байгаа газраа Бурханы төгс төгөлдөр амийн сургаалыг тунхаглан дэлгэрүүлэх Сионы гэр бүлүүд болоорой гэж та бүхнээсээ хүсэх байна.