Хүмүүс зуршлыг хоёр дахь төрөлх зан чанар гэлцдэг. Хүн бүр угаасаа өөрийн гэсэн төрөлх зан чанартай хэдий ч яг үнэндээ удаан хугацаанд бий болсон тэр зуршлууд нь төрөлх зан чанартай нь адилхан хэмжээнд нөлөөлдөг болохоор тэр юм.
Бид бүгд л сайн муу зуршилтай. Сайн зуршил итгэлийн амьдралд маань тусаа өгч, харин муу зуршил сайн мэдээнд саад тотгор болдог. Тиймээс Бурхан дээрээс төрж, тэнгэрийн хаанчлалд оръё гэвэл хуучин муу зуршлаа хаяж, оронд нь сайн зуршилтай болох хэрэгтэй гэж сургасан. Библиэс сайн муу зуршлын талаар тунгаан судалж, шинэ хүнээр дээрээс төрөхийн төлөө бүхий л муу зуршлаа таягдан хаяцгаая.
3500 жилийн тэртээд Египетээс гарч, Канаан тийш зорьсон израиль ард түмний дунд гомдоллох зуршилтай хүмүүс байсан юм. Цөлийн урт удаан аян замд аажимдаа тэд өлсөж, цангаж, ядарч, улмаар Бурханы эсрэг тасралтгүй гомдоллон, өөр олон хүнийг өөрсөддөө элсүүлж эхлэв. Бурхан ус, хоол хүнсийг нь хангалттай өгчихөөд байхад ч хүртэл тэд нэгэн хэвийн хоол идэхээс залхаж байна гэлцэн, гомдол дургүйцэл нь тасарсангүй. Эцэст нь цөлийн 40 жилийн турш гомдоллох зуршилтай байсных нь төлөө тэдний ихэнхийг цөлд унагасан байдаг.
Тэдэнд тохиолдсон явдлаар дамжуулан Бурхан өнөө үед итгэлийн цөлийн замаар алхаж байгаа бид бүхэн сүнслэг Канаан руу явахдаа ямархуу зуршил дадалтай байх ёстойг тодорхой харуулсан.
“Сайн сайхан үед чинь Би чамд хэлсэн боловч чи «Би сонсохгүй!» гэсэн. Чи дуу хоолойг минь дагаагүй нь залуугаасаа л зам чинь байв.” Иер 22:21
Бурханы хамгаалалтын дор тэд амар жимэр болсон ч Бурханы үгийн тухайд “Би сонсохгүй” гэсэн юм. Тэгэхэд нь Бурхан тэдний Бурханы үгийг дагахгүй байгаа нь залуугаас нь бий болсон зуршил байсан гэсэн. Ийм хүмүүс Бурханы ивээл нигүүлслийг авч чадсан уу? Тэд Бурханы ивээлийг хэзээ ч авч чадаагүй юм.
Сүнслэгээр харвал энэ дэлхий бол тэнгэрийн нүгэлтнүүд цугларсан шорон. Хэрвээ хоригдлууд элбэг дэлбэг амьдарч, хүссэнээ эдлэх гэх юм бол энэ нь шоронгийн нүгэлтнүүдэд байх ёстой тунгаан гэмших байдал биш юм. Нөхцөл байдал таатай санаснаар байсангүй гээд гомдоллож дургүйцдэг тэр зуршлаасаа салахгүй бол тэнгэр нутагтаа бид очиж чадахгүй.
“Үүнийг хийхэд яав л гэж”, “Тэр ч бас ингэж л байсан, яагаа ч үгүй л байна даг” гэх мэт бодлоор Бурханы үгэнд дуулгаваргүй байсан буруугаа засаж залруулсан эсэхээ эргэцүүлж бодоод үзээрэй. Буруу юм хийчихээд анхандаа бид гэмтэйгээ мэдэрдэг. Харин буруу зүйлийг байнга давтаад байвал сүүлдээ энэ нь зуршил болж, буруу юм хийхдээ тоож эргэлзэхээ ч больж, нүгэл эсэхээ ч ялгахгүй байдалд хүрнэ. Бурханд гомдоллож дургүйцдэг, Бурханы үгэнд дуулгаваргүй байдаг зуршлаа нэн даруй хаях хэрэгтэй.
Библи адилхан үед амьдарч байсан өөр өөр хүний эсрэг тэсрэг үйлсийг харьцуулан гаргаж, бидний итгэлийн амьдралд зуршил хичнээн чухал болохыг тодорхой харуулсан байдаг.
“Елигийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд ЭЗЭНийг мэддэггүй байв. Тэр үед хэн нэгэн хүн өргөл өргөх үед тахилчийн зарц гурван салаа сэрээ барин, мах чанаж байхад хүрч ирдэг нь ард түмний өмнө зуршил болсон байв. Түүгээрээ тогоо сав, хайруулын тогоо, ваар сав уруу хатгаж, сэрээнд зоогдож гарч ирсэн бүхнийг тахилч өөртөө авдаг байв. Тэд Шилод ирсэн бүх израильчуудад ингэдэг байлаа. Түүнээс гадна хүмүүсийг өөх шатаахаас өмнө тахилчийн зарц ирээд, өргөл өргөж буй хүнд —Тахилч нарт шарах мах өг. Тахилч чамаас чанасан мах авахгүй, зөвхөн түүхийг авна гэдэг байв. Хэрэв тэр хүн түүнд —Эхлээд бүх өөх шатаг, дараа нь сэтгэлдээ хүссэнээ авагтун гэж хэлбэл тахилчийн зарц —Үгүй, чи үүнийг надад одоо өг! Эс тэгвээс би хүчээр авна гэдэг байв. Ийнхүү эдгээр залуусын нүгэл нь ЭЗЭНий өмнө асар их байсан агаад тэд ЭЗЭНий өргөлийг үл тоомсорлож байлаа.” 1Сам 2:12-17
Израилийн шүүгч Ели Хофни Финехас гэдэг хоёр хүүтэй байжээ. Тэд тахилчийн гэр бүлд төрж өссөн ч Бурханыг үл тоомсорлосон үл бүтэх хүмүүс байв. Тэд Бурханд тахил өргөх хууль зарлигийг үл тоомсорлож, Бурханд өргөхөөс өмнө тахилаас дураараа авах муу үйлийг огтхон ч тоолгүй үйлдэж байлаа.
Муу үйлээ тэд үйлдсэн хэвээр байсан тул Бурхан тэднийг устгахаар шийдэж, Хофни, Финехас хоёр ч дайны талбарт яг Бурханы хэлсэн ёсоор аймшигтайгаар үхэв. Ели ч хөвгүүдийнхээ үхлийн талаарх мэдээг сонсоод сандал дээрээсээ гэдрэг унан, хүзүүгээ хугалж үхэв (1Сам 2:27-36, 4:11-18).
Хофни, Финехас нар Бурханы үгэнд хайнга хандаж анхаарал тавилгүй өссөн нь эцэстээ Бурханыг үл тоомсорлох зуршил болж, Бурханы уур хилэнг хөдөлгөх муу үйл үйлдэхэд хүргэсэн юм. Харин тэдэнтэй нэгэн үед амьдарч байсан Самуел хар багаасаа л үргэлж Бурханыг хүндэтгэж сүсэгт амьдралаар амьдарч ирсэн аж.
“Харин балчир хөвгүүн Самуел маалинган ефод зүүгээд ЭЗЭНий өмнө үйлчилж байв.” 1Сам 2:18
Самуелыг балчир хүүхэд байхаас л бий болсон тэр зуршил нь Хофни Финехас нарын муу зуршлаас тэс өөр байлаа. Өсөхөөсөө л цаг үргэлж Бурханд үйлчилж, Бурханы зарлигийг эрхэмлэн хүндэтгэж, сайн зуршлаа хөгжүүлж ирсэн Самуел Елигийн дараа шүүгч болжээ. Мөн Бурхан түүнд Саул, Давид нарыг Израилийн хаанаар томилон тослох үүрэг ч хүлээлгэсэн юм. Хофни Финехас хоёр Бурханыг үл тоомсорлох муу зуршлынхаа уршгаар устгагдсан байхад харин Самуел Бурханаас эмээх сайн зуршлынхаа ачаар ерөөл хүртэж, үргэлж Бурхантай хамт байх амьдралаар амьдарсан.
Израилийн анхны хаан Саул Бурханы үгэнд дуулгаваргүй зуршлаасаа болж сүйрсэн хүний төлөөлөл юм. Хаан ширээнд суухаасаа өмнө тэрээр өөрийгөө өчүүхэн хэмээн үздэг даруу хүн байв. Тэгтэл хаан болсноосоо хойш бардам болж, Бурханы үгнээс илүүтэй хүмүүсийн үгэнд анхаарал тавих муу зуршилтай болсон.
“Одоо явж амалекчуудыг бут цохиод тэдний хамаг юмсыг бүрмөсөн сүйрүүлж, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхэд, үхэр хонь, тэмээ илжиг бүгдийг нь ал” гэж хэлэв. … Тэрээр амалекчуудын хаан Агагийг амьдаар нь барин олзолж, ард олныг нь илдийн ирээр хүйс тэмтрэв. Харин Саул ба түүний ард олон нь Агагийг бас хамгийн сайн хонь, үхэр, тарган тугал, хурга хийгээд сайн бүхнийг хэлтрүүлж, тэр бүгдийг бүрмөсөн сүйрүүлэхийг үл хүсэв. Тэд муу, үнэ цэнэгүй малыг харин бүрмөсөн устгажээ. Саулыг ЭЗЭН үл хэрэгсэв. Тэр үед Самуелд ЭЗЭНий үг ирж —Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний үг зарлигийг үл сахив гэв. Самуел уурлан бухимдаж, бүхэл шөнөжингөө ЭЗЭНд хандан хашхиран уйлав. …” 1Сам 15:3-13
Бурхан Саулд “Амалекчуудыг бут цохиод тэдний хамаг юмсыг бүрмөсөн сүйрүүлж, бүү өршөөгтүн. Бүгдийг нь ал” гэж тушаасан. Харин Саул хүйс тэмтэрч байснаа Бурханы тушаалыг бүрэн төгс, дуулгавартай дагасангүй. Амалекчуудын хаан Агагийг амьдаар нь барин олзолж, хамгийн сайн хонь, үхэр, тарган тугал хургыг нь алалгүй өршөөж, зөвхөн хэрэггүй үнэ цэнэгүй зүйлсийг нь хүйс тэмтэрдэг.
Бурхан Саулыг хаан болгосондоо харамсаж, Самуелаар дамжуулан түүний дуулгаваргүй байдлыг нь зэмлэсэн. Саул Бурханд тахил өргөхийн төлөө хамгийн сайн хонь, үхрийг үлдээсэн гэх мэтээр дуулгаваргүй байснаа зөвтгөн тайлбар тавьсан ч Самуел түүнийг хатуу зэмлэн буруутгав.
“Самуел —ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь шатаалт тахил, нядлах тахилуудаас илүүгээр ЭЗЭНийг баярлуулах бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь нядлах тахилаас илүү, анхааран үзэх нь хуцын өөхнөөс илүү. Тэрслэл нь мэргэ төлгийн адил нүгэл бөгөөд гөжүүдлэх нь ёс бус агаад шүтээнд мөргөх адил билээ. Чи ЭЗЭНий үгийг үл хэрэгссэн тул ЭЗЭН бас чамайг үл хэрэгсэж, чи хаан байхаа болилоо гэв.” 1Сам 15:22-23
Анхандаа Саул ч Бурхан гэсэн цэвэр ариун итгэлтэй байсан юм. Харин их эрх мэдэл өгөнгүүт цаашид Бурханы тусламж хэрэггүй гэсэн биеэ тоосон бодол төрж эхлэв. Улмаар Бурханы үгийг дагахгүй зөрчиж байгаадаа дасаж, тэр ч бүү хэл Бурханаас айхаа ч болив.
“Ийнхүү Саул итгэмжгүйнхээ улмаас үхсэн бөгөөд тэрээр ЭЗЭНий үгийг сахилгүй ЭЗЭНд үнэнч бус байж, үзмэрчийн зөвлөгөөг гуйн санаа бодлыг нь асуусан бөгөөд ЭЗЭНий зөвлөгөөг харин эрэлхийлээгүй юм. Тиймээс ЭЗЭН түүнийг үхэлд үлдээж, хаанчлалыг Иессийн хүү Давид уруу эргүүлсэн билээ.” 1Шас 10:13-14
Саулын дуулгаваргүй байдлын үр дүнд Бурханы ивээл ерөөл түүнийг орхисон юм. Тэрээр филистчүүдтэй тулалдсан дайнд бүх хөвгүүдээ алдаж, өөрөө ч тулааны талбарт золгүйгээр эцэс болов. Энэ бүх явдал нь түүний Бурханы үгэнд дуулгаваргүй байсан муу зуршлаас нь үүдэлтэй юм.
Самуелын тосолсон Израилийн хоёр дахь хаан Давид зүрх сэтгэлийнхээ төвд Бурханд л үйлчлэх сайн зуршилтай байлаа. Тиймээс тэрээр Бурханд “Зүрх сэтгэлийн минь дагуух хүн” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн юм.
“ЭЗЭН бол миний хоньчин надад дутах зүйл үгүй.” Дуу 23:1
Давидын үлдээсэн энэ ганцхан ишлэлээр Бурханыг гэсэн Давидын сэтгэлийг бид харж болно. Тэрээр Бурхантай хамт байхгүй бол өөрийгөө юу ч биш гэдгийг ухаарсан тул амьдралдаа Бурханыг үргэлж нэгдүгээрт тавьж байв. Улс орных нь мандах мөхөх ч хүртэл зөвхөн Бурханаас хамаарна гэдгийг мэдэж авсан бөгөөд тэрээр юм бүхэнд Бурханыг үргэлж эхэнд тавьдаг зуршилтай байжээ.
Давид Бурханд хэнээс ч илүү хайртай байсныг нь Библид тодорхой харуулсан байдаг. Тэрээр Бурханы гэрээний авдрыг Обед-едомын гэрээс Давидын хот руу авч ирэхдээ хааны нэр нүүрээ ч тоолгүй хүүхэд шиг хамаг чадлаараа баярлан бүжиглэдэг (2Сам 6:12-15). Давид мөн өөрийгөө үзэсгэлэнтэй гэрт заларч байхад Бурханы авдар майхны хөшгөн дунд оршин байна хэмээн харуусаж, Бурханд ариун өргөө барих төлөвлөгөө гаргажээ. Үүнд баярласан Бурхан хүү Соломонд нь ариун өргөө барих ерөөл соёрхож, “Чамайг хаашаа ч явсан Би чамтай хамт байж, Би чамд агуу нэрийг өгнө” гэж Давидад амласан юм (2Сам 7:1-17).
Тэгвэл сүүлчийн үед аврагдах хүмүүсийн талаар Библи хэрхэн зөгнөснийг судалцгаая.
“Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурханд болон Хурганд анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ.” Илч 14:4
Энэ газарт Бурхан болон Хурганы төлөөх анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ариун хүмүүс ямар зуршилтай байгаад бид анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэд бол Бурхан тэднийг өргөстэй замаар ч бай, чулуурхаг газраар ч бай, шатам халуун газар руу хөтөлсөн ч бай хамаагүй хаашаа ч явсан, Бурханыг дагадаг. Ийм бүрэн төгс дуулгавар нь Бурханд 100% итгэх итгэл найдвар дээр үндэслэдэг юм. Бурханы үгийг баяртайгаар, итгэлтэйгээр, дуулгавартайгаар дагахын тулд итгэлийнхээ зорилго шийдвэрийг илүү бататгах хэрэгтэй.
Бурхан бидэнд үндсэн лавлах хөтөч болгон соёрхсон Библи гэгч Судрын айлдлаар дамжуулан бидэнд байх ёстой сайн зуршил юу болохыг судалцгаая.
“Хэн нэгэн нь өөр сургаал зааж, бидний Эзэн Есүс Христийн эрүүл үгс ба итгэл сүсгийн сургаалд эс байваас, тэрээр бардам, юу ч ойлгодоггүй, харин сөргөлдөөн, үгсийн талаарх маргаанаар өвчилсөн аж. Эдгээрээс атаархал, хэрүүл, гүтгэлэг болон ёрын сэжиглэл, ялзарсан санаа, үнэнээс хагацсан, итгэл сүсгийг ашиг олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн байнгын маргаан гардаг байна. …” 1Тим 6:3-8
Бурханы сургаалтай санал нэгдэхгүй байх нь Бурханы үгийг төгс авахгүй байна гэсэн үг. Бурханы үгийг анхаардаггүй хүмүүс сэтгэлдээ биеэ тоон бардам болж, маргаанаар өвчилж, аажимдаа тэр сүнсийг муу бодол нь захирч эцэст нь үнэнээс хагацахад хүрнэ. Тэд Бурханы үг сургаалд анхаарал хандуулдаггүй зуршилдаа аажимдаа дасаж, эцэст нь Бурханаас холдох золгүй байдал амьдралд нь гарч ирдэг юм.
Тиймээс л бид өдөр болгон Бурханы үгийг судалж, өдөр бүр өөрсдийгөө эргэцүүлэн тунгаах учиртай билээ. Одооноос эхлээд чухамдаа Бурханыг баярлуулах зуршил бидэнд байгаа эсэхийг шалгаж үзээрэй. Муу зуршил хэрэв байгаа бол бүгдийг нь хаяад, ариун Бурханы үгээр өөрсдийгөө дүүргэх Бурханы хүүхэд болох учиртай.
Тиймээс Есүс “Хэн дээрээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна” гэж сургасан (Иох 3:3). Өөрөөр хэлбэл хуучин муу зуршлаа хаяж, тэнгэрийн орны хүмүүст байх ёстой сайн зуршилтай болохгүй бол тэнгэрийн орон орж чадахгүй.
“үнэнийг барьж, ингэхдээ харин хайранд, … амьдралын чинь урьдын хэв маягт хамаарах заль мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ тайлж, оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж, үнэний зөвт байдал ба ариун чанар дор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс. Тиймд худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биендээ эрхтнүүд юм. Уурлавч нүгэл бүү үйлд. Уур хилэн дээр чинь нар бүү жаргаг. Диаволд байр бүү өг. Хулгайлсан нь цаашид бүү хулгайл. Харин ч гачигдалтай хүнд хуваалцах юмтай байхын тулд [өөрийн] гараар сайныг үйлдэн, зүдэж зүтгэ. Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлсэл өгнө. Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар Түүгээр тамгалуулсан юм шүү. Аливаа хорсол, уур, хилэн, хашхираан, гүтгэлэг нь бүх муу муухайн хамт та нараас зайлаг. Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд. Иймд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурханыг дуурайгчид бай.” Ефе 4:15-5:1
Бурхан биднийг хайр дотор үнэнийг ярь хэмээн сургаж, буруу зуршил бүхий хуучин хүнээ тайлж, зөвхөн Бурханы сургаал дагуух шинэ хүнийг өмсөхийг шаарддаг билээ. Мөн бидэнд байх ёстой сайн зуршлын талаар тайлбарлаж, бидний төгс жишээ болсон Бурханыг дуурай гэж Библид айлдсан. Библийн энэхүү сургаалыг сэтгэлдээ сийлж, амьдрал дээрээ дахин дахин хэрэгжүүлэх учиртай. Тэгж л бид сайн зуршилтай болох юм.
Хэдийгээр Саул, Хофни, Финехас нар Бурханд сонгогдсон боловч муу зуршилдаа хэт дассан нь тэднийг Бурханаас холдуулсан юм. Бид ч бас дор бүрнээ ийм муу зуршил байгаа эсэхээ эргэн тунгааж, Бурхан хаашаа ч хөтөлсөн Бурханыг л дагадаг сайн зуршлыг хөгжүүлцгээе. Сионы ард түмэн та бүхнийгээ тийм үзэсгэлэнтэй амьдралаар амьдарч, тэнгэрийн хаанчлалыг чиглэн урагшлахыг хүсэж байна.