Нууцалсан манна ба Ан Сан Хун Христ

11,582 үзэлт

Бурханы нууц болох Христийг ухаарах нь хамгийн чухал гэж Библи зааж өгч байна (Кол 1:26-27, 2:1-3). 2000 жилийн өмнө Есүс тэнгэрээс буулгасан амийн хоол маннагаар дамжуулж Христ гэдгээ Өөрийн биеэр ухааруулсан. Есүсийн үгийг сонссон ихэнх хүн итгээгүй, улмаар Түүнийг орхиж явсан юм. Гэвч Петр, Иохан, Иаков зэрэг шавь нар Есүс бол мөнх амийн үгийг өгдөг Христ мөн гэдгийг ухаарч, эцэс хүртэл дагасан. Ухаарсан тэдэнд Есүс шинэ гэрээний Алгасал баяраар тэнгэрийн манна соёрхсон.

Өнөөгийн Ариун Сүнсний үе ч мөн ялгаагүй. Христ бол маннаны бодит гэдгийг ухаардаг хүмүүст л Бурхан “нууцалсан манна” соёрхдог билээ. Библийн сургаалыг судалж, энэ үед бидэнд мөнх амийн хоол өгөх Христийг баттай ухаарч, дэлхий дахинд тунхаглахыг итгэгчдээсээ хүсье.

Тэнгэрийн хаанчлал руу явах зам

Аяллаар явах гэж байгаа хүн өөрийн очихыг хүссэн газрынхаа мэдээллийг урьдчилан хайдаг шүү дээ. Сүүлийн үед хүмүүс аяллын маршрут, машин унаа, хоноглох байр гэх мэт өөр бусад олон зүйлийн талаар интернэтээс хайж үзээд аялалдаа бэлдэх нь элбэг болсон.

Бид бүхэн тэнгэрийн хаанчлалд найдан, бүх хүнтэй хамт тийшээ явахын тулд итгэлийн замаар одоо алхаж байгаа. Тиймд сүнслэг зорьсон газар болох тэнгэрийн хаанчлал руу явах замаа баттай мэдэн авч, тэнгэрийн хаанчлалын тухайд алдаа мадаггүй тодорхой мэдээлэл олж авах ёстой биз дээ?

Тиймээс л Бурхан бидэнд сүнсний ертөнцийг нэвт харж чадах Библийг өгсөн юм. Бурхан эш үзүүлэгчдээрээ тэмдэглүүлсэн Библи нь махан биеийн нүдээр бол харж чадахгүй тэнгэрийн хаанчлалын талаарх янз бүрийн мэдээллээр хангадаг ном. Бид Библиэс л тэнгэрийн хаанчлал явах замыг олох ёстой. Есүс ч мөн Библи судлах зорилгын талаар ийн тодорхой зааж өгч байна.

“Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над дээр ирэхийг хүсдэггүй.” Иох 5:39-40

Мөнх амьтай болж, тэнгэрийн хаанчлал явахыг хүсдэг хүн мөн л бол аврах хүч чадалтай Христ рүү очих нь мэдээжийн зүй тогтол. Гэвч Есүсийн үеийн иудейчүүд мөнх амьтай болохыг хүсдэг хэрнээ Есүс рүү ирээгүй. Тэд Түүний гаднах төрхийг нь л харж, өөрсөдтэй нь адилхан хүний төрхөөр ирсэн Есүсийг Христ гэж итгэхээс татгалзсан. Учир нь Есүс биднийг тэнгэрийн хаанчлал руу хөтлөх зам гэдгийг тэд мэдээгүй (Иох 14:6).

Библи нь бидэнд тэнгэрийн хаанчлалын замыг танилцуулдаг гарын авлага, хөтөчтэй адилхан. Тийм болохоор л Бурхан Библи уншдаг хүн бүрд энэ үгэн дээр нэмж ч болохгүй, хасаж ч болохгүй гэж хүчтэй айлдсан юм. Өчүүхэн ч гэсэн нэмэх юм уу хасах аваас тэнгэрийн хаанчлал явах замаас гарч буруу зам руу орж, гамшиг ба сүйрэлд өртөх болохоор тэр (Илч 22:18-19).

Библид зааж байгаа замаар л явбал болох байтал тэнгэрийн хаанчлал явмаар байна гэдэг мөртлөө Библид чиглүүлж байгаа чигийг дагадаггүй харамсалтай хүмүүс нэлээд бий. Библид тэнгэрийн хаанчлал явах хамгийн баттай мэдээлэл шингэсэн байгаа учраас Библиэс гажиж болохгүй. Библид нууцалсан маннаны бодитыг олж батлаад, чухамдаа бид бүхэн тэнгэрийн хаанчлалыг чиглээд зөв зүг чигт гүйж байгаа эсэхээ судалцгаая.

Амийн хоол, манна

2000 жилийн өмнө иудейчүүд өмнөө байсан Христийг хараад байгаа хэр нь итгэж чадаагүй. Тэд Есүсээс Өөрт нь итгэж болохоор тэмдэг үзүүлэхийг шаардаж, өнгөрсөн үеийн өвөг дээдэс нь цөлд идэж байсан маннаг дурдсан байдаг.

“Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх амь өөд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. Учир нь Түүнийг Эцэг Бурхан тамгалсан юм гэлээ. … Тэд Түүнд —Тийм бол бид хараад Танд итгэх ямар тэмдгийг Та үйлдэх гэж байна? Та юу гүйцэлдүүлэх гэж байна? “Тэр тэдэнд тэнгэрийн талх өгөв” гэж бичигдсэнчлэн өвөг дээдэс маань цөлд манна идсэн гэцгээхэд” Иох 6:27-31

Ард түмэн Ёхова Бурхан ард түмэндээ тэнгэрээс манна буулгаж өгсөн шиг тийм гайхамшгийг өөрсдөд нь үзүүлэхийг Есүсээс хүссэн байна.

Энэ дүр зургийг ойлгохын тулд эхлээд маннаны талаар судалцгаая. Хуучин гэрээний түүхэнд гарч байгаа манна нь 3500 жилийн өмнө цөлд амьдарч байсан израиль ард түмэнд Бурханы буулгаж өгсөн хоол хүнс.

“ЭЗЭН, Мосед —Үзэгтүн, Би та нарт тэнгэрээс талхыг оруулна. Ард түмэн гарч, өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр цуглуулна. Тийнхүү тэд Миний хууль дотор алхах нь уу, үгүй юү гэдгийг Би сорих болно. Тэд өдөр бүр хураадгаасаа хоёр дахин ихийг зургаа дахь өдөрт хурааж бэлтгэг гэв. Мосе Аарон нар Израилийн хөвгүүдэд —ЭЗЭН та нарыг Египет газраас гаргасныг та нар энэ үдэш мэдэх болно. Та нар ЭЗЭНий цог жавхланг өглөө харна. Учир нь Өөрийнх нь эсрэг гаргасан та нарын гонгинооныг ЭЗЭН сонссон. …” Гэт 16:4-7

Израиль ард түмэн Египетээс гараад сар гаран болоход бэлдэж гарсан хоол хүнс нь дуусаж эхэлдэг. Эзгүй зэлүүд цөлд идэх хоол хүнс ч байхгүй, тариалан эрхлэх газар ч байхгүй, уух ус ч хомс байв. Амин зуулганд зайлшгүй хэрэгтэй хоол хүнсний ёроол гармагц ард түмэн гомдоллож, дургүйцсэн. Бурхан тийм л ард түмэнд тэнгэрээс манна гэгч хоол хүнсийг буулгаж өгсөн.

“Израилийн гэрийнхэн үүнийг манна гэж нэрлэжээ. Тэр нь цоорын үр мэт цагаан бөгөөд амт нь зөгийн балтай өрмөнцөр мэт байв. … Израилийн хөвгүүд хүн оршин суудаг газар очих хүртэл дөчин жил манна иджээ. Канаан нутгийн хязгаарт очих хүртэл тэд маннаг идсэн билээ.” Гэт 16:31-35

Тухайн үед израиль ард түмний хориос дээш насны эрчүүд л гэхэд зургаан зуун мянга орчим байсан гэсэн тул тэдний эхнэр хүүхдийг оруулаад тоолбол гурван сая гаран хүн байж. Бурхан тэр олон ард түмэнд 40 жилийн турш өдөр тутмынх нь хоол хүнсийг өдөр бүр хангаж, тэднийг Канаан нутаг руу хөтөлсөн.

Амийн талх бол Би байгаа юм

2000 жилийн өмнө энэ газар ирсэн Есүс Христ өнгөрсөн цөлийн түүхийг тайлбарлаж, маннаны бодитын талаар зааж өгсөн.

“Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэрээс буух талхыг та нарт Мосе өгөөгүй, харин тэнгэрийн жинхэнэ талхыг өгөгч нь Миний Эцэг мөн. Учир нь тэнгэрээс буун ирж, ертөнцөд амийг өгдөг нь Бурханы талх юм гэлээ. … —Амийн талх бол Би байгаа юм. Над уруу ирдэг нь өлсөхгүй, Надад итгэдэг нь хэзээ ч цангахгүй. Харин “Та нар Намайг харсан боловч итгэхгүй” гэж Би та нарт хэлсэн.” Иох 6:32-36

3500 жилийн өмнө Бурханы буулгасан манна нь сүнслэг амийн хоол болсон Христийг гэрчлэхийн төлөөх хуулбар ба сүүдэр юм. Есүс Өөрийгөө “тэнгэрээс бууж ирсэн амийн талх” гэж, нэг ёсондоо маннаны бодит гэж биечлэн зааж өгсөн хэрэг.

“Өвөг дээдэс чинь цөлд манна идсэн бөгөөд үхэцгээсэн. Энэ нь тэнгэрээс бууж ирэх талх бөгөөд үүнээс идэгч нь үхэхгүй. Тэнгэрээс бууж ирсэн амьд талх бол Би байгаа юм. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол мах бие минь юм гэж айлдлаа. Тэгтэл иудейчүүд өөр хоорондоо —Мах биеэ бидэнд идүүлэхээр энэ яаж өгч чадах юм бэ? гээд л маргалдацгаав. Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. Миний мах жинхэнэ хоол, Миний цус жинхэнэ ундаа мөн. Миний махыг идэж, цусыг уугч нь Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна. Амьд Эцэг маань Намайг илгээсэн бөгөөд Би Эцэгээр амьдрахын адил Намайг идэгч нь мөн Надаар амьдарна.” Иох 6:49-57

Есүс Өөрийгөө тэнгэрээс бууж ирсэн амьд талх гээд, энэ талхыг идэх хүн мөнх амьтай гэж дахин онцолсон. Өнгөрсөн үеийн израиль ард түмэн манна идсэн ч гэсэн эцсийн эцэст үхсэн. Харин Есүсийн мах, цусыг идэж уух хүн үүрд өлсөхгүй мөнх амьдрах юм. Маннаны бодит болох Есүс сүнслэг хоол болж, Өөрийн биеэр ирсэн юм чинь аргагүй шүү дээ. Гэсэн ч олон хүн тэр үгийг сонссон ч ухааралгүй Есүсийг орхиж явцгаасан (Иох 6:66).

Манна ба шинэ гэрээний үнэн

Бид сүнслэг Канаан болох тэнгэрийн хаанчлалыг чиглэн итгэлийн цөлөөр алхаж байгаа. Өнгөрсөн түүхийг харахад хэрэв манна байхгүй байсан бол израильчууд цөлд амьд үлдэнэ гэдэг бэрх байсан. Тэд 40 жилийн цөлийн амьдралд өлссөн гэдсээ тэнгэрээс буулгах хоолоор дүүргэж сүү, зөгийн балаар бялхсан Канаан нутагт орж чадсан юм. Үүн шиг мөнх амийн хоолны бодит болсон Христийг хүлээн авч байж л бидний сүнс дахин өлсөж, цангахгүйгээр итгэлийн цөлийн замыг дуустал гүйж, мөнхийн тэнгэрийн хаанчлалд хүрч чадах юм.

Зөвхөн мөнх амийн үгэнд л анхаарлаа хандуулж, Христийг дагах хүмүүст Есүс сүнслэг манна идэх шинэ гэрээний хуулийг тогтоож өгсөн юм.

“… Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:17-19, 26-28

Алгасал баярын талх нь Есүсийн биеийг бэлгэдэж, Алгасал баярын усан үзмийн дарс нь Есүсийн цусыг бэлгэддэг. Есүс Алгасал баярын талх ба усан үзмийн дарсанд мөнх амийн гэрээг шингээж, үүнийг идэж уусан хүнийг эцсийн өдөрт амилуулна гэж амласан. Амийн маннаны бодит болсон Христийн мах, цусыг идэж уух үнэн бол шинэ гэрээний Алгасал баяр юм.

Тэнгэрийн хаанчлал нь мөнх амьтай хүн л явж чадах газар. Үхлийн биеэр мөнхийн тэнгэрийн хаанчлал явж чадахгүй учраас Христ энэ газар хүртэл ирээд шинэ гэрээний Алгасал баярыг тогтоосон. Ийнхүү хүн төрөлхтөн Өөрийнх нь мах, цусаар нүглийн уучлал авч, мөнх амьтай болоод тэнгэрийн хаанчлал явж чадахаар болгосон.

Христтэй нэг болж, нэгдэж чадах үнэн нь Алгасал баяраас өөр байхгүй. Алгасал баярын талх, дарсыг идэж уусан бидний дотор амь болсон Бурхан хамт байгаа. Бид амийн маннаг идэж чадах шинэ гэрээний Алгасал баярын үнэн дотор байгаа гэдгээрээ бахархаж, энэ амийн мэдээг дэлхийн бүх үндэстэнд тунхаглан, зааж мэдүүлж, улмаар бүгд хамтдаа мөнхийн тэнгэрийн хаанчлалын Канаан орох хэрэгтэй юм.

Нууцалсан маннаг өгдөг Бурхан

Есүсийг тэнгэрт одсоны дараа христийн шашинтнуудыг дарангуйлах Ромын бодлогоос болж сүм зовлон хавчлага амссан юм. Үүний дараа харийн шашнаас үүдэлтэй хуурамч шашны зарчмууд сүмд олноор орж ирэн, Есүсийн байгуулсан амийн шинэ гэрээний үнэнээс нэг нь ч үлдэлгүй устсан. 4-р зууны эхээр Амралтын өдөр ба Алгасал баяр бүрэн устгагдаж, ням гаргийн мөргөл болон Христмас орж ирэн, сүмд байгаагүй загалмай хүртэл нэмэгдсэн.

Үнэн алга болж, харанхуйд түгжигдсэн ертөнцийг аврахаар Бурхан дахин энэ газар ирнэ гэж Библид бий.

“Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.” Евр 9:27-28

2000 жилийн өмнө Есүс энэ газар махан биеэр төрсөн. Бидэнтэй яг адилхан хүний төрхөөр ирсэн тул хичнээн шижир алт мэт үгээ айлдсан ч тухайн үеийн шашны удирдагчид Есүст итгэж чадаагүй.

Сүүлчийн үед ч Христ Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд анхны үетэйгээ адилхан махан биеийн төрхөөр хоёр дахиа ирнэ гэж айлдсан. Тэгвэл бид хоёр дахиа ирэх Христийг яаж таньж, хүлээн авч чадах вэ?

“Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагчид Би нууцалсан маннагаас өгнө. Би түүнд цагаан чулуу болон түүн дээр бичигдсэн, хүлээн авагчаас нь өөр хэн ч мэдэхгүй шинэ нэр өгнө.»” Илч 2:17

Чуулгануудад Сүнс айлдахдаа “Ялагчид Би нууцалсан маннагаас өгнө” гэсэн. Энэ нь Ариун Сүнсний үед Есүс нууцалсан маннаг авч дахин ирээд, үхэхээс өөр аргагүй байсан хүн төрөлхтнийг тэнгэрийн хаанчлал өөд хөтөлнө гэсэн утгатай.

Бурхан анх ирэх үедээ ч, хоёр дахиа ирэх үедээ ч адилхан тэмдэг авч энэ газар ирнэ. 2000 жилийн өмнөхтэй адилхан махан биеийн төрхөөр энэ газар ирлээ ч гэсэн Алгасал баяр шинэ гэрээний үнэнийг хүн төрөлхтөнд соёрхох Нэгэнийг бид хүлээх ёстой. Учир нь тэр Нэгэн бидэнд нууцалсан маннаг өгөхгүй бол бид мөнх амь ба аврал авч чадахгүй юм (Иса 25:6-9).

Тэгвэл өнөө үед шинэ гэрээний амийн үнэнийг илчлэх Нэгэн хэн бэ? Дэлхий дахинд үй олон шашны удирдагч, шашин шинэчлэгчид, шашин судлаачид байсан боловч хэн нь ч шинэ гэрээний Алгасал баярыг сахих ёстой гэж зааж өгөөгүй. Зөвхөн Ан Сан Хун Христ л энэ газар ирээд 1600 жил гэх уртаас урт хугацаанд нууцлагдсан манна Алгасал баярын үнэнийг ил гаргасан. Түүний ачаар бид амийн хоолыг олж сүү, зөгийн балаар бялхсан сүнслэг Канаан болох тэнгэрийн хаанчлалд хүрэхээр болсон.

Манна байхгүй бол бид Канаан хүртэл явж чадахгүй учраас амийн манна болсон Христ энэ газар Өөрөө ирээд хүүхдүүд биднийг тэнгэрийн хаанчлалын замаар өнөөдөр ч хөтөлж байгаа. Өчигдөр ч хөтөлсөн, цаашид ч үеийн үед хөтлөх болно. Ан Сан Хун Христийг хүлээн авч, Түүний золиос, хайрын замыг дагаад, амийн шинэ гэрээний үнэнийг олон хүнд мэдүүлж, хүн төрөлхтнийг мөнхийн тэнгэрийн хаанчлал өөд хөтлөхийг Сионы гэр бүлүүдээсээ хүсье.