Едений түүх ба Ариун Сүнсний үеийн Аврагч

11,705 үзэлт

Ямар ч хүн үхэх дургүй. Гэсэн ч үхэл гэгч нь албан тушаал, зэрэг дэв өндөр байна уу, нам байна уу хамаагүй эр эм, хөгшин залуугүй бүх хүнд хэзээ нэгэн цагт ирнэ. Хэн ч үхлээс зугтаж чадахгүй. Тэгвэл хүн төрөлхтний үхэл хаанаас эхэлсэн юм бол?

Бурханд итгэдэг ч бай, итгэдэггүй ч бай Еден цэцэрлэгийн Адам, Евагийн талаар бүгд л сонссон байх. Библид Еден цэцэрлэгт хүн нүгэл үйлдсэнээс болоод бүх хүнд үхэл нүүрлэх болсон гэж зааж өгч байна. Гэвч асуудал байгаа газар хариулт нь ч бас байх нь мэдээж. Хэргийн газар дээр тухайн хэргийг шийдвэрлэх сэжүүр байдаг шиг үхлийн түүх эхэлсэн Еденд амийн нууц ч бас байх биш үү?

Едений түүхээр дамжуулан амийн нууцыг олж мэдээд, энэ үед Аврагчаар ирэх Бурханы тухай мэдэж авцгаая.

Ертөнцийн сууриас эхлэн нууцлагдсан нууц, амийн жимс

“Есүс хурсан олонд сургаалт зүйрлэлээр энэ бүхнийг айлдсан бөгөөд сургаалт зүйрлэлгүйгээр юуг ч тэдэнд ярьсангүй. Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ «Би сургаалт зүйрлэлээр амаа нээнэ. Би ертөнцийн сууриас эхлэн нууцлагдсан зүйлсийг хэлнэ» гэсэн байна.” Мат 13:34-35

Есүс сургаалт зүйрлэлээр дамжуулан ертөнцийн сууриас эхлэн нууцлагдсан нууцыг хэлнэ гэж айлдсан. Библийн 66 номон дунд ертөнцийн суурийн түүх бичигдсэн ном бол Эхлэл ном. Эхлэл номд сургаалт зүйрлэлээр нууцлагдсан олон нууц дундаас мөнх амийн нууцыг мэдэж авцгаая.

“Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан —Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхнэ! гэв.” Эхл 2:16-17

Еден цэцэрлэгийн сайн муугийн жимс “идвэл үхнэ” гэсэн онцлогтой байсан. Бурхан сайн муугийн жимсийг идэж болохгүй гэж хориглосон боловч Адам Ева хоёр могойд мэхлэгдэж сайн муугийн жимсийг идэн, улмаар нүгэл үйлдээд, эцэст нь хүн төрөлхтөн үхэлтэй нүүр тулах болсон (Эхл 3:1-6). Харин Бурхан нүглээсээ болж үхэх болсон хүн төрөлхтөнд амьдарч чадах аргыг нь ч бас Еден цэцэрлэгт хамт тавьсан.

“ЭЗЭН Бурхан —Үзэгтүн! Энэ хүн одоо сайн мууг мэдэх талаараа бидний нэгэн адил болсон. Тэр одоо гараа сунган амийн модны жимснээс бас авч идээд мөнх наслах вий гэжээ. ЭЗЭН Бурхан хүнийг өөрийг нь гаргаж авсан газар шороог хагалуулахаар Еден цэцэрлэгээс гарган явуулав. Тэгээд Бурхан тэр хүнийг хөөж гаргаад, амийн мод өөд хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд херубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ.” Эхл 3:22-24

Амийн жимс нь “идвэл мөнх насална” гэсэн онцлогтой. Сайн муугийн жимс идээд үхэх болсон нүгэлтэн ч амийн жимсийг л идвэл мөнхөд амьдарч чадах юм. Тиймээс Бурхан нүгэлтэн амийн жимснээс идэж чадахааргүй болгож, херуб тэнгэр элч нар болон галт илдээр амийн мод өөд хөтлөх замыг хамгаалж хатуу арга хэмжээ авсан.

Цус урсгалтаар олж авах нүглийн уучлал

Еден цэцэрлэгт амийн жимсийг тавьсан нь хүн төрөлхтөнд амийн зам зааж өгөх гэсэн Бурханы хүсэл байсан. Еден цэцэрлэгт болсон тэр явдлын дараа Бурхан Адамын хоёр хүү Каин Абел нарт амийн жимс рүү очиж чадах үнэнийг зааж өгсөн. Тахил өөрөөр хэлбэл мөргөл гэх ёслол эндээс эхэлсэн юм.

“Адам Еватайгаа унтаж, эхнэр нь жирэмслэн Каиныг төрүүлээд —ЭЗЭНий ерөөлөөр би хүүтэй боллоо гэж хэлэв. Дахиад тэрээр Каины дүү Абелыг төрүүлжээ. Тэгээд Абел мал маллаж, Каин газар эдлэх болов. Хожим нь Каин газраас авсан үр жимснээсээ ЭЗЭНд өргөл болгон барьжээ. Абел бас хонин сүргийнхээ анхны төл болон түүнийхээ өөх тосноос өргөжээ. ЭЗЭН Абелыг болон түүний өргөлийг ойшоон хүлээж авсан боловч Каиныг болон түүний өргөлийг ойшоосонгүй. …” Эхл 4:1-5

Эхлэл 2, 3-р бүлэгт сайн муугийн жимс ба амийн жимсийг тайлбарласан. Залгуулаад 4-р бүлэгт нь сайн муугийн жимс ба амийн жимсний талаарх асуудал Каины тахил ба Абелын тахилаар холбогдож байна. Каин газар тариалангийн бүтээгдэхүүнээр тахил өргөсөн. Абел нь хонины анхны үр төлийг өргөл болгож Бурханд тахил өргөсөн. Харин Бурхан Абелын тахил болон өргөлийг хүлээн авч, Каиныхаас татгалзсан.

Яагаад тэгсэн юм бол? Энэ нь тахилын ёслолын утга учиртай холбоотой байв. Тахил өөрөөр хэлбэл мөргөлийн хамгийн чухал утга нь нүглийн уучлал. Нүгэл байхгүй болж байж л амийн жимс рүү очиж болох эрх олж авна. Нүгэлтний биеэр амийн жимс рүү очиж чадахгүй учраас хүн төрөлхтөн алдсан амийн жимсийг сэргээж, сүнслэг Еден болох мөнхийн тэнгэрийн хаанчлалын эх нутагтаа буцъя гэвэл заавал эхлээд нүглээ уучлуулах ёстой. Нүглээ уучлуулахад зайлшгүй хэрэгтэй зүйл бий.

“Хуулийн дагуу бараг бүх юм цусаар цэвэршигддэг бөгөөд цус урсахгүйгээр уучлал үгүй ажээ.” Евр 9:22

“Цус урсахгүйгээр уучлал үгүй.” Өөрөөр хэлбэл нүглийн уучлалыг цус урсгаснаар л олж авна гэсэн үг. Бурхан энэ мэт нүглээ уучлуулах аргыг зааж өгөхөд Абел дуулгавартай сэтгэлээр хурга золиосолж, Бурханы таалалд нийцэх хэмжээнд цус урсгаж тахил өргөсөн. Гэвч Каин дуулгавартай байж чадалгүй, өөрийн бодлоор газар тариалангийн бүтээгдэхүүнээр тахил өргөсөн учраас Бурханд хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй.

Амийн жимсний бодит болох Есүс

Бурхан зааж өгсөн цус урсгах тахил үүнээс хойш ч ам дамжин уламжлагдаж Мосегийн үед ирээд бичмэл хууль болсон юм. Бурхан тахил өргөх аргыг, түүний утгыг хуулийн заалтуудад тодорхой зааж, ариун газар ба ариунаас ариун газрыг бариулсан. Ариун газарт байнгын шатаалт тахил, Амралтын өдөр, баярын зарлигийн дагуу өдөр бүр хонь, ямаа зэрэг мал амьтан золиосолж цус урсгаж тахил өргөдөг байв. Ариун газрын дотоод өрөө болох ариунаас ариун газарт гэрээний авдрыг тавьсан. Үүнд ч бас Бурханы гүн хүсэл байсан юм.

“Миний чамд өгөх гэрчлэлийг чи авдар дотор хий. Чи эвлэрүүлгийн тагийг шижир алтаар хий. Уртыг нь хоёр тохой хагас, өргөнийг нь нэг тохой хагасаар хий. Эвлэрүүлгийн тагны хоёр үзүүрт чи хоёр херубыг алтаар давтаж хий. Нэг херубыг нэг үзүүрт, нөгөө херубыг нөгөө үзүүрт хийж, херубуудыг эвлэрүүлгийн тагны хоёр үзүүртэй нэгэн цул болго. Херубууд далавчаа дээгүүр дэлгэж эвлэрүүлгийн тагийг далавчаараа бүрхсэн байна. Тэд өөд өөдөөсөө харсан байх агаад херубуудын нүүр нь эвлэрүүлгийн таг уруу харсан байна. Эвлэрүүлгийн тагийг чи авдран дээр тавьж, Миний чамд өгөх гэрчлэлийг авдар дотор хий. …” Гэт 25:16-22

Бурхан Мосед ариун газрын зураг төслийг биечлэн зааж өгөхдөө эвлэрүүлгийн таг өөрөөр хэлбэл гэрээний авдрыг тагладаг таган дээр хоёр херуб тэнгэр элчийг байрлуул гэж айлдсан. Едений түүхийг харвал херуб тэнгэр элч Адам Ева хоёр нүгэл үйлдсэний дараа нүгэлтнийг ойртуулахгүй гэж амийн жимсний замыг хамгаалах үүрэг гүйцэтгэж байсан даа. Амийн жимсийг хамгаалдаг херуб тэнгэр элчийг гэрээний авдар дээр хийж байрлуул гэж айлдсанаас харахад гэрээний авдар нь Еден цэцэрлэгийн амийн жимсийг илтгэдэг гэдгийг бид ойлгож болно.

“Тэгэхлээр анхны гэрээ нь энэ дэлхийн ариун юмс ба үйлчлэлийн тогтоолуудтай байж. Эхлээд асар бэлтгэгдсэн юм. Түүний дотор дэнлүүний суурь, ширээ, тавиг талх байв. Энэ нь “Ариун газар” хэмээгдсэн юм. Хоёр дахь хөшигний ард “Ариунаас ариун газар” гэгддэг асар байв. Тэнд утлага тахилын алтан ширээ, алтаар битүү бүрсэн гэрээний авдар байв. Авдар дотор манна агуулсан алтан сав, Аароны навчилсан таяг болон гэрээний хавтангууд байлаа.” Евр 9:1-4

Гэрээний авдар дотор манна, Аароны навчилсан таяг, гэрээний хавтангууд өөрөөр хэлбэл Арван тушаалын чулуун хавтан байсан. Арван тушаал нь Бурханы үгээр тогтоогдсон тушаал, Библид Бурханы Үг бол Бурхан гэж заадаг (Иох 1:1). Мөн гэрээний авдар дотор манна байсан бөгөөд Есүс “Би бол амийн талх” гэж айлдаад Өөрийгөө маннагаар зүйрлэсэн (Иох 6:31-35). Хамгийн сүүлд Аароны навчилсан таяг нь Аароныг ариун газрын үүрэг хариуцсан тэргүүн тахилч болж Бурханд сонгогдсон хүн гэдгийг нотолдог бөгөөд Аарон бол Израилийн анхны тэргүүн тахилч байсан. Есүс Мелхизедекийн хэргэмийн дагуух Тэргүүн тахилч болж ирсэн (Тоо 17:1-11, Евр 5:8-10).

Дүгнэж хэлэхэд гэрээний авдар дотор байгаа бүх зүйл Есүс Христийг илэрхийлж байна. Эдгээр нь Тэргүүн тахилчийн алба хашдаг Есүсийн төрхийг, Үг Бурхан болох Есүсийн төрхийг, мөн тэнгэрээс бууж ирсэн амьд талх буюу манна болох Есүсийн төрхийг ухааруулсан байна. Тиймээс херуб тэнгэр элчийн хамгаалж байсан гэрээний авдар, амийн жимс нь эцэстээ Есүсийг бэлгэдэж байна.

Амийн жимсийг идэх үнэн, шинэ гэрээ Алгасал баяр

Есүс Өөрийгөө Еденд нууцлагдсан нууц, амийн жимсний бодит гэдгээ илчилсэн.

“Тэнгэрээс бууж ирсэн амьд талх бол Би байгаа юм. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол мах бие минь юм… Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. Миний мах жинхэнэ хоол, Миний цус жинхэнэ ундаа мөн.” Иох 6:51-55

Еденд сайн муугийн жимс идээд үхэх болсон хүн төрөлхтөн амьдарч чадах цорын ганц зам нь амийн жимсийг идэх явдал байв. Харин Есүс “Тэнгэрээс бууж ирсэн амьд талх бол Би байгаа юм” хэмээгээд, “Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай” гэж айлдсан. Идэх л юм бол мөнх амьдрах амийн жимс бол Есүс байсан юм.

Тэгвэл бид ямар аргаар дамжуулж амийн жимс болох Есүсийн мах, цусыг идэж ууж чадах юм бол оо? Бурхан энэ бүхнийг үнэний нэгэн ёслол болгон тогтоож өгсөн юм.

“Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирж —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад Тэр —Хотод нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа Алгасал баярыг тэмдэглэнэ» гэсэн” хэмээн дуулга гэв. Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:17-19, 26-28

Есүс Алгасал баяраар талх хувааж өгөөд “Энэ бол Миний бие” хэмээгээд Алгасал баярын усан үзмийн дарсыг “Миний цус” гэж айлдаад шавь нартаа идүүлж уулгасан. Тиймээс Есүсийн мах, цусаар гэрээлсэн Алгасал баярын талх, дарсыг идэж уух нь Еден цэцэрлэгийн амийн жимсийг идэх явдал юм. Нүгэлтний биеэр бол хэзээ ч амийн жимс рүү очиж чадахгүй учраас Алгасал баярт мөнх амийн ерөөлтэй хамт нүглийн уучлалын амлалт ч шингэсэн байгаа. Христ Өөрийн мах, цусыг хүн төрөлхтний төлөө өгч, үүнийг идэж уух хүн хэн ч бай сайн муугийн жимс идсэн нүглээсээ чөлөөлөгдөж, мөнх амь олж авч чадна гэдгийг ухааруулсан юм.

“Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ.” Иох 10:10

Бурханы ард түмэн болох хоньдыг амьтай байлгахын тулд ирсэн Есүс амийн жимсний бодит болсон Өөрийнхөө мах, цусаар шинэ гэрээ Алгасал баяр тогтоож, нүглийн уучлал ба мөнх амийг соёрхсон. Сайн муугийн жимс идээд үхэх тавилантай болсон хүн төрөлхтөнд амийн зам нээгдсэн юм.

Амийн жимсийг соёрхох Ариун Сүнсний үеийн Аврагч

Ийм амийн үнэнийг өнөө үед ертөнцийн үй олон сүм сахихгүй байгаа гэдэг нь дэндүү золгүй хэрэг. Есүсийг тэнгэрт одсоны дараа ч шавь нар Алгасал баяр сахиж л байсан. Гэвч түүнээс хойш Сатаны саад хавчлагын улмаас сүм ертөнцлөг болж, Бурханы цаг үе ба хууль өөрчлөгдсөн харанхуй үетэй золгосон байдаг (Дан 7:25). Энэ явцад Алгасал баяр бас устаж, хүн төрөлхтөн мөнх амь олж авах зам алга болсон.

Амийн жимсний замыг зөвхөн Бурхан л нээж өгч чадна. Тийм учраас хүн төрөлхтний авралын төлөө Христ хоёр дахиа ирнэ гэж Библид зөгнөсөн.

“Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.” Евр 9:28

Христ хоёр дахиа ирэх зорилго нь аврахын тулд юм. Үхэлд хүлэгдсэн хүн төрөлхтөн амьдрах арга нь гагцхүү амийн жимсийг л идэх. Тиймээс Хоёрдугаар Христ заавал амийн жимсний үнэн Алгасал баярыг авч гарч ирэх ёстой.

“Түг түмдийн ЭЗЭН энэхүү уулан дээрх бүх ард түмэнд хуучин дарс, хамгийн сайн мах ба дарс бүхий элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ. Энэ уулан дээр Тэр ард түмний нүүрний халхавч, бүх үндэстний дээгүүр татсан бүтээлгийг залгина. Тэр, үхлийг мөнхөд залгина. … Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол Бурхан маань байна. Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе!” гэх болно.” Иса 25:6-9

Одоогоос 2700 жилийн өмнө Исаиа эш үзүүлэгч хожим Бурхан хуучин дарсаар найр хийж, үхлийг мөнхөд залгих болно гэж зөгнөсөн байна. Библид мөнх амийн амлалт шингэсэн усан үзмийн дарс нь Алгасал баярын дарснаас өөр байхгүй. Үүнийг “хуучин дарс” гэсний учир нь Алгасал баяр МЭ 325 онд Никеагийн хурлаар устгагдсаны дараа ойролцоогоор 1600 жил гэх урт удаан хугацааны турш сахиж чадаагүй байсанд юм.

Есүс Өөрийн биеэр сахиж, элч Петр, Иохан, Паул ч сахисан гэж Библид маш тодорхой тэмдэглэсэн байхад ч хүртэл 325 оноос хойш хэн ч сахиж чадаагүй. Нэртэй шашин судлаач, пастор зэрэг Библи мэддэг гэдэг өдий төдий олон хүн байсан хэр нь тэдний хэн нь ч Алгасал баярын үнэнийг зааж өгч чадаагүй. Амийн жимсний замыг зөвхөн Бурхан л нээж чадах учраас Алгасал баяраар биднийг сайн муугийн жимс идсэн нүглээс зольж, мөнх амь өгөх Нэгэн бол бидний Бурхан гэж Библид зааж өгч байна. Энэ зөгнөлийн дагуу шинэ гэрээ Алгасал баярыг авчраад, бидэнд тэнгэрийн хаанчлалын замыг нээж өгсөн Нэгэн бол Ан Сан Хун Христ юм. Тийм болохоор Ан Сан Хун Христ бол хүн төрөлхтний авралын төлөө Ариун Сүнсний үед гарч ирсэн Бурхан, Есүсийн шинэ нэрээр ирсэн Нэгэн юм (Илч 3:12).

2000 жилийн өмнө Есүс нүглийн тахил болж Өөрийн мах, цусыг өгч Алгасал баяраар мөнх амийг соёрхсон шиг хоёр дахиа ирсэн Ан Сан Хун Христ ч мөн Сатаны уршгаар гишгэгдсэн амийн жимсний үнэн Алгасал баярыг сэргээж авралын замыг дахин нээж өгсөн юм. Библийн бүх зөгнөл дагуу энэ дэлхийд ирсэн Ариун Сүнсний үеийн Аврагч Ан Сан Хун Христийг бүрэн хүлээн авч, амийн жимсийг идэх Алгасал баярын найранд хүн төрөлхтнийг урьж хамтдаа нүглийн уучлал, мөнх амийн ерөөлд оролцох тэнгэрийн хүүхдүүд болохыг хүсье.