Амралтын өдрийг яаж угтах ёстой вэ?

63,516 үзэлт

Бурханы өгөх ерөөлийг хальж бялхтал авахын тулд Амралтын өдөрт хэрхэн бэлдэх ёстойг мэдэж авцгаая.

1-рт, Амралтын өдрийн өмнөх өдөр бол бэлтгэлийн өдөр

Амралтын өдрийн өмнөх өдрийг бэлтгэлийн өдөр гэдэг. Хувийн ажлаа аль болох нэг өдрийн өмнө буюу бэлтгэлийн өдөрт цэгцэлж дуусгах нь зүйтэй. Учир нь махан биеийн алив ажлаас болж сүнсээрээ, үнэнээр Амралтын өдрийг сахихад саад гарч болохгүй юм.

Бурхан бол сүнс, Түүнд мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр мөргөх ёстой гэж айлдлаа. Иох 4:24

2-рт, мөргөлийн цагийг чанд сахих ёстой

Амралтын өдрийн мөргөлийн цаг бол бүх сансар огторгуйг захирдаг Бурхантай уулзах цаг юм. Нэг жижиг улсын ерөнхийлөгчтэй уулзах боломж гарлаа гэхэд хүмүүс тогтоосон цагаас 1 цагийн өмнө, бүр дор хаяж 20, 30 минутын өмнө заасан газарт түрүүлж ирээд хүлээдэг. Тэгэхэд хаадын Хаан Бурхантай уулзах ерөөлт цаг нь хичнээн эрхэм үнэ цэнэтэй, агуу цаг билээ дээ? Тиймээс урьдчилан бэлтгэж, мөргөлийн цагийг чандлан мөрдөх хэрэгтэй.

3-рт, сүсэгтэй бишрэлтэйгээр, чимээгүй чанд байдалд тэмдэглэх ёстой

Амралтын өдрийн мөргөлийн цаг бол сүнсээрээ, үнэнээр залбираад, Бурханд яруу алдар, магтаал өргөх цаг юм. Мөн сүсэг бишрэлтэйгээр, чимээгүй чанд байдалд мөргөл явагдах ёстой. Гэтэл энэ цагаар хаа нэг газраас хүүхдүүдийн уйлах чимээ, тоглох дуу гараад мөргөлд анхаарал төвлөрч чадахгүй байвал бусад итгэгчдэд таагүй сэтгэгдэл төрөх болно.

Тэглээ гээд энэ нь нялх бага хүүхдүүдээ сүм рүү битгий авчраарай гэсэн үг огт биш. Есүс мөн хүүхдүүдийг маш их хайрладаг байсан (Мар 10:14).

Гэхдээ эцэг эх нь хүүхэддээ “Сүм бол сүсэг бишрэлтэйгээр мөргөл тэмдэглэх газар” гэдгийг, мөн “Мөргөлийн үед чив чимээгүй байх ёстой” гэдгийг урьдчилан зааж сургах ёстой юм. Тэгвэл ухаан суугаагүй томоогүй балчир хүүхэд тань Бурханд итгэл сүсэг бүхий сэтгэлээр мөргөл тэмдэглэхэд суралцах болно.

Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг. Ром 10:17

4-рт, ах дүүсийн хайрыг хуваалцах хэрэгтэй

Амралтын өдөр нь нэг долоо хоногийн турш уулзалдаагүй байсан хайртай итгэлийн гэр бүлүүдтэйгээ уулзах өдөр. Бүтэн долоо хоногийн турш бие биенээсээ хол байж байгаад уулздаг болохоор амар мэндээ мэдэлцэх яриа хөөрөө хичнээн их байх билээ? Библийн сургаалуудаас сонирхсон зүйлээ асууцгааж, өнгөрсөн долоо хоногт гэр орондоо болсон олон үйл явдлын талаар ярилцан, бие биедээ туслах гэсэн сэтгэлээр залбирч, жинхэнэ уулзалт болгохын төлөө хичээх хэрэгтэй.

Мөн итгэлийн гэр бүлүүдтэй харьцахдаа зайлшгүй анхаарах ёстой зүйл бий.

  • Өөрөөрөө бахархсан бардам зан гаргаж болохгүй.
  • Бусдын их бага алдаа дутагдалд хүлээцтэй хандаж, уужим сэтгэлээр ойлгох хэрэгтэй.
  • Ивээлгүй сонсогдох үг яриа ярихгүй байх нь сайн.
  • Тустай, бусдыг босгон байгуулах үгээр ярилцах хэрэгтэй.
  • Баргар, дарамттай царайгаар гэр бүлүүдтэй харьцахын оронд гэрэлтэй, эрч хүчтэйгээр инээмсэглэн мэндчилж, хөгжилтэй байдлаар харьцах хэрэгтэй.
  • Дүүргийн дарга, хороон дарга нар өөрт нь даалгасан хонин сүргээ Амралтын өдрийг баяртай сэтгэлээр өнгөрөөж чадах хэмжээнд бүх зүйлд эелдэг, чин сэтгэлээр үйлчлэх хэрэгтэй.
  • Мөргөл тэмдэглэсний дараа сүм дотор тэмдэглэлийн цаас, ном, цүнх гээд эмх цэгцгүй болж, сальфетка болон хүүхдүүд идээд хаясан амттаны уут, жимсний хальс энд тэндгүй хөглөрөх нь ч байдаг. Тусгай цэвэрлэгээ хийдэг тогтсон хүн байхгүй ч хүн бүр ойр хавьдаа байгаа элдэв хог хаягдлыг харагдсан даруй авч цэвэрлэвэл, далдаас харах Бурхан тэрхүү сэтгэлийн гүнээс ундран гарах зүтгэлийг тань ерөөх болно.

Амралтын өдөр бол үнэхээр ариун ерөөлтэй өдөр. Амралтын өдрийг сахих ерөөл зөвхөн Бурханы ард түмэнд зөвшөөрөгдсөн онцгой эрх юм. Бүх зүрх сэтгэлээрээ Амралтын өдөрт бэлтгэн сахидаг Бурханы хүүхдүүд болох хэрэгтэй.

Тунгаах зүйлс
Амралтын өдрийг ивээлтэй чанд сахихын тулд хувийн ажлаа хэрхэн зохицуулсан нь дээр вэ?
Амралтын өдөр гэр бүлүүдтэйгээ харьцахдаа юуг анхаарах вэ?