Би чамайг илгээж Өөрийн ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах болно

Гэтлэл 3-4-р бүлэг

130 Үзсэн тоо

Мосе хонин сүргээ хариулж явахдаа Хореб ууланд хүрчээ. Тэрээр галын дөлөн дунд огт шатахгүй байгаа бутыг хараад, ойртон очиход Бурхан түүнд ийн өгүүлэв.

“Эцэг өвгөдийн чинь Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан Би байгаа юм. Би Египетэд байгаа ард түмнийхээ зовлон зүдүүрийг харж, тэдний хашхирааныг сонслоо. Би ард түмнээ египетчүүдийн гараас чөлөөлж, тэднийг сүү бал урссан үзэсгэлэнтэй, өргөн уудам нутаг болох Канаан руу хөтлөх болно. Би чамайг Фараон руу илгээж, израиль ард түмнээ чөлөөлнө” гэв.

Мосе яах учраа олохгүй Бурханд ийн өчив.

“Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ?”

“Үнэхээр Би чамтай хамт байна. Би мутраа сунгаж, тэдний дунд үйлдэх бүхий л гайхамшгуудаараа Египетийг цохино. Үүний дараа тэр та нарыг явуулна.”

Бурхан итгэх нотолгоо болгон модон таягийг могой болгон хувиргаж, Мосегийн гарыг уяман өвчтэй болгосноо дахин эдгээж, хэд хэдэн гайхамшиг түүнд харууллаа. Мосе шалтаг тоочсоор байв.

“Ер нь би хэзээ ч уран үгтэй байгаагүй. Өө Эзэн, Та өөр хэн нэгнийг явуулаач!”

“Хүмүүний амыг хэн бүтээсэн бэ? Хүмүүнийг хэн хэлгүй эсвэл дүлий, хараатай эсвэл сохор болгодог вэ? Би амтай чинь хамт байж, юу хэлэхийг чинь чамд заана. Аарон гэдэг ах чинь чиний оронд ард түмэнтэй ярина. Чи энэ таягийг гартаа барьж, яв.”

Эцэст нь Мосе замд гарав. Египетээс гарсан түүхийн эхлэл энэ байлаа.

Бурханы үг л бол өчүүхэн ч эргэлзэлгүйгээр Улаан тэнгис рүү таягаа сунган, бат итгэлээ харуулж байсан Мосе хүртэл эхэндээ туйлын мөхөс нэгэн байлаа. Тэрээр Бурханы чанд хатуу зарлигуудаас хэрхэн зайлсхийх тухай л бодож байсан юм.

Харин Бурханы хүслийг бүрэн ухаарсныхаа дараа тэрээр тэс өөр хүн болсон. Фараоны хатуу ширүүн, хэрээс хэтэрсэн ааш авир, ард түмнийхээ үл итгэлцлийг тэрээр огт тоолгүй зөвхөн Бурханыг л түшин, үгийг нь бүрэн дагасан юм. Бурхан үгэнд нь дуулгавартай байсан Мосегоор дамжуулан олон ажил хийсэн.

Хэдий бид дутуу дулимаг, мөхөс дорой байсан ч Бурханд дуудагдан, сайн мэдээний үйлчлэгч болж сонгогдсон л бол санаа зовж, ухарч няцаад байх шаардлага бидэнд үгүй билээ. Бурхан бидэнтэй хамт байж, зааж чиглүүлэн, дутууг минь нөхөж дүүргэдэг шүү дээ. Хэрэв одоо ч та зүрх зориггүй хэвээр байгаа бол Бурханы хүслийг дахин нэг тунгаан бодоорой. Хүн төрөлхтний авралыг хүсэн хүлээж буй сэтгэлийг нь бүрэн дүүрэн ухаарсан хүмүүст Бурхан итгэл болон Ариун Сүнсний хүчийг өгч, тэднээр дамжуулан 7 тэрбум хүнийг аврах үйл хэргээ гүйцэлдүүлэх юм.