​“Би хэдийнээ ирсэн!”

16,739 үзэлт

“Би хэдийнээ ирсэн!” гэх Христийн дуу хоолой Сионы ард түмний хашхираанаар дамжин дэлхий даяар сонсогдсоор байна. Дэлхийн олон хүн хэн ирснийг, хаана ирснийг сонирхон, гайхаж буй нь илт.

Ертөнцийнхний хүлээж байгаа Бурхан нь хэдийнээ ирснийг бид хүмүүст хэлэх учиртай. Бурханыг арай эрт хүлээн авсан хүний хувьд бид Бурхан хэзээ ирснийг, хаана ирснийг, яагаад ирснийг хүмүүст мэдүүлэх үүрэгтэй юм. Тэгж гэмээнэ хүн төрөлхтөн Бурханыг хүлээн авна.

“Би хэдийнээ ирсэн!” гэх Бурханы дуу хоолойноос ч илүү чанга хашхиран, ертөнц даяар Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг цацруулцгаая. Бид бүхэн босож, Бурханы гэрлийг цацруулбал харанхуйн хүч замхарч, Бурханы хүүхдүүд гэрэл рүү ирэн, улмаар Бурханы сайн мэдээний ажил ертөнцийг гайхшируулах хэмжээнд гүйцэлдэх юм (Иса 60:1-22).

Махан биеэр ирсэн Бурхан

Өнөө үед христчүүд дэлхийн хүн амын ихэнх хувийг эзэлж байна. Тиймд үй олон христчин одоо болтол тэнгэр өөд ширтэж, Есүс хоёр дахиа ирэхийг харуулдан хүлээж буй. Үүлэн дунд ирнэ гэж зөгнөгдсөн Хоёрдугаар Есүсийг хүлээн авах хүсэл эрмэлзэлтэй байдагтаа тэр юм.

Гэвч тэд хичнээн үүл харуулдан хүлээлээ ч Бурхан энэ дэлхийд хэдийнээ ирчихээд байгаа шүү дээ. Бурхан ирчихээд “Би хэдийнээ ирсэн!” гэсээр байхад ч ертөнц Түүнийг таниагүй л байна.

2000 жилийн өмнө мөн яг ийм зүйл тохиолдож байсан юм. Тухайн үед иудейчүүд Мессиа (Христ) энэ дэлхийд ирнэ гэдгийг олон эш үзүүлэгчийн зөгнөлөөр мэдэж байсан. Тэд Мессиа ирж, өөрсдийг нь Ромын дарлалаас чөлөөлөн аварна гэдэгт итгэн, зөгнөгдсөн Мессиаг тэсэн ядан хүлээж байлаа. Тэгсэн хэр нь Есүсийг энэ дэлхийд ирэхэд Мессиа нь байсан Есүсийг тэд хүлээж аваагүй билээ.

“Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв.” Иох 1:1

“Тэрээр ертөнцөд байсан ба ертөнц нь Түүгээр буй болсон атлаа ертөнц Түүнийгээ эс танив. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнхөн нь Түүнийг эс хүлээн авчээ. Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө. Тэд цусаар биш, махбодын хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төржээ. Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.” Иох 1:10-14

Библид Үг буюу Бурхан махбод болж ирээд, бидний дунд оршино гэж бичигджээ. Өөрөөр хэлбэл Бурхан хүн болж энэ дэлхийд ирснийг хэлж байна.

Тэгтэл ертөнц Түүнийг таньсангүй. Бурхан хэдийнээ ирчихээд, бүр өдий төдий ажил хийчихээд байхад нь ч өөрсдийгөө Бурханд итгэдэг гэдэг тухайн үеийн сүсэгтнүүд Христийг хүлээн авалгүй, тэнгэр л харуулдан байсан юм.

Елиа хэдийнээ ирсэн

Мессиа ирэхээс өмнө Елиа эхлээд ирж, Түүний замыг бэлтгэнэ гэдгийг тэд Библийн зөгнөлүүдээр мэдэж байсан юм (Мал 3:1, 4:5-6 үзэх). Гэвч Елиа галан тэрэг болон галан морьдтой тэнгэр өөд одсон тул (2Хаа 2:11) тэд энэ дэлхийд ирэх ёстой Елиаг тэнгэр өөд одсон шигээ заавал галан тэрэг унаад ирнэ, дараа нь Мессиа тэнгэрийн үүлэн дунд агуу сүр жавхлантайгаар ирнэ гэж боддог байжээ.

Гэвч тэднийг мэдээгүй байхад нь Елиа ч ирсэн, Мессиа ч ирсэн юм. Тэднийг зүгээр л тэнгэрийн үүл харуулдсан шигээ байх хооронд Елиа Мессиа хоёр хэдийнээ хүүхэд болон мэндэлж, Елиа нь Иордан голд хашхирч, Мессиа нь сүм дотор Бурханы үг гэрчилж байлаа.

“Тэд Түүнээс —Яагаад хуулийн багш нар Елиаг эхлээд ирэх ёстой гэдэг юм бэ? гэж асуужээ. Есүс тэдэнд —Елиа үнэхээр эхлээд ирж бүх зүйлийг сэргээнэ. Харин яагаад Тэр их зовж, үгүйсгэгдэх ёстой гэж Хүний Хүүгийн тухай бичигдсэн билээ? Би та нарт хэлье. Елиа хэдийнээ ирсэн. Түүний тухай бичигдсэний дагуу тэд юу хүссэнээ түүнд үйлдсэн юм гэлээ.” Мар 9:11-13

Есүс дээрх ишлэлд Елиа гэж баптисч Иоханыг зааж хэлсэн байдаг (Мат 11:10-14 үзэх). Ирэх ёстой байсан Елиа хэдийнээ ирсэн ч хүмүүс түүнийг танилгүй, түүнд хүссэнээрээ авирлаж байсан юм. Үүний учир нь баптисч Иохан галан тэрэгнүүд хөлөглөн тэнгэрээс ирсэн биш, харин Елизабет гэх ээжийнхээ хэвлийнээс мэндэлсэн юм. Тэд өөрсдийн тогтсон үзэл ойлголтоороо Елиаг хүлээж байсан учир баптисч Иоханыг Елиа гэж хүлээн зөвшөөрөөгүйгээр үл барам түүнийг таниагүйдээ Мессиаг ч ирээгүй гэж аяндаа бодсон хэрэг. Үүнийхээ уршгаар тэд хэдийнээ ирчихээд байсан Елиаг ч, Мессиаг ч хүлээн аваагүй шүү дээ.

Амь өгөхөөр ирсэн Бурханыг хүлээн аваагүй хүмүүс

Тэдний төсөөлснөөс эсрэгээр Бурхан махан бие өмсөн хүн болж мэндэлсэн. Бүх сансар огторгуйг захирах ариун хийгээд аугаа Бурхан энэ өчүүхэн дэлхий дээр ядаж л Өөрийнхөө хүмүүсээр ч тосож угтуулалгүй ирсэн билээ. Учир нь Бурханд хүн төрөлхтнийг л аврах гэсэн цор ганц хүсэл байлаа.

“Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ.” Иох 10:10

Христ ирсэн нь хүн төрөлхтний түүхэнд агуу үйл хэрэг байлаа. Бурхан ирж байж л хүн төрөлхтөнд нүглийн уучлал авах зам, авралын зам нээгдэж, улмаар мөнх амь авах боломжтой болсон юм.

Бурхан Өөрөө “Би хэдийнээ ирсэн!”, “Би амь өгөхөөр ирсэн!” гэж хашхирч байсан ч ихэнх хүмүүс Түүнийг таньсангүй. Амь өгөхөөр ирсэн Бурханыг хүлээн авахгүй байгаа учир нь тэд Бурханы ард түмэн биш, харин ертөнцөд харьяатай хүмүүс юм. Мөн Бурхан тэнгэрийн яруу алдраа халхлан, тэдний өмнө хүн төрхөөр гарч ирсэн болохоор тэр юм.

Бурхан бүхий л төлөвлөгөөнийхөө дагуу сайн мэдээний ажлаа гүйцэлдүүлдэг. Есүсийн хийсэн бүхэн үнэндээ Библийн зөгнөлийг л биелүүлж байсан. Тэрээр энэ дэлхийд мэндлэхдээ урьд өмнө эш үзүүлэгчид Түүний тухай мэдэгдэж байсанчлан онгон бүсгүйн биеэр дамжин Бетлехемд мэндэлсэн юм (Иса 7:14, Мик 5:2). Есүсийн загалмай дээр амьсгал хураах мөчийг ч хэдийнээ Библид зөгнөсөн байлаа. Загалмайд цовдлогдохоос нь 700 орчим жилийн өмнө Исаиа эш үзүүлэгч Мессиаг буруутуудын хамт нас барах хэдий ч булш нь баян хүнтэй хамт байна гэж урьдчилан зөгнөсөн байсан юм (Иса 53:9). Энэ зөгнөлийн дагуу Есүсийг загалмайд цовдлогдоход баруун зүүн талд нь хоёр дээрэмчин хамт нас барсан ч Есүсийг нас барсны дараа Иосеф гэдэг Ариматын баян хүний булшинд оршуулсан байдаг (Лук 23:32-33, Мат 27:57-60).

Гэсэн ч хүмүүс зөгнөлд анхаарлаа хандуулаагүй юм. Есүс 30 насандаа баптисм хүртэж, сайн мэдээний үйлчлэлээ эхлүүлж, Маркийн дээд давхрын өрөөнд талх, дарсаар Алгасал баяр тэмдэглэн, “Энэ аяга бол миний цусаар тогтоогдох шинэ гэрээ” (Лук 22:20) хэмээн шинэ гэрээ тунхаглахад нь хүмүүс эдгээрийг зүгээр л тохиолдлоор болсон зүйл мэт үзэцгээж байв. Библийн зөгнөлийн дагуу явагдсан агуу том үйл хэрэг байсныг ойлгох хүн байсангүй. Иеремиа эш үзүүлэгчээр дамжуулан “Би Израилийн гэр болон Иудагийн гэртэй шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна” (Иер 31:31) хэмээсэн зөгнөлийг Есүс яв цав биелүүлсэн хэдий ч ертөнцийнхөн үүнийг ухаараагүй билээ.

“Бурхан яаж хүн болох юм?” Энэ бол 2000 жилийн өмнөх хүмүүс болон өнөө үед ч мөн Бурханыг үгүйсгэдэг хүмүүст байдаг нийтлэг үзэл ойлголт (Иох 10:30-33). Бурхан энэ дэлхийд хүн төрөлхтнийг аврах агуу үүрэгтэйгээр ирсэн ч хүмүүс Түүнийг өөрсдийнхөө л нэгэн адил жирийн нэг хүн гэж харьцсан юм. Тийм ч учраас Библид “Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнхөн нь Түүнийг эс хүлээн авчээ” гэж айлдсанчлан хүмүүс харамсалтай нь Бурханыг хүлээн авч чадсангүй.

“Би хэдийнээ ирсэн!” гэх Бурханы дуу хоолой дахин сонсогдсоор

Эдүгээ Сатан 2000 жилийн өмнөх тэр л аргаараа Христийн яруу алдарт саад хийдэг. Өнөө үед Есүсийн хоёр дахиа ирэлтийн нөхцөл байдал яг анхны ирсэнтэйгээ адилхан байгаа.

Өнөө үед ч мөн ихэнх хүмүүс дахин ирэх Есүсийг тэсэн ядан хүлээж байгаа. Гэвч тэднийг тийнхүү тэнгэр харуулдан байх хооронд Бурхан махан бие өмсөж дахин хүн төрхөөр ирчихээд байна.

“Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.” Евр 9:27-28

Христ энэ дэлхийд анх удаа ирэхдээ зөгнөлийн л замаар алхан, хүмүүсийг дур зоргоор нь авирлуулж, зөгнөлийн л дагуу загалмай дээр нас барснаараа хүн төрөлхтнийг хүлж байсан нүглийн гинжийг тасалсан юм. Тэнгэр өөд буцан явахдаа Тэрээр энэ дэлхийд дахин ирнэ гэдгээ амласан. Дахин ирэх учир нь 2000 жилийн өмнө үнэт цусаараа байгуулсан шинэ гэрээний хууль нь шашны харанхуй үед устаж алга болон, Христ хоёр дахиа ирэхгүй л бол хэн ч мөнх амь авч, тэнгэрийн орон явж чадахааргүй байдалтай байсанд юм.

Хоёр дахиа ирэх Есүсийн тухайд юм бүхэн яг л анхны ирэлтийнх шиг нь Библид зөгнөөстэй байсан юм. Өнөө үед Бурхан энэ дэлхийд дахин ирнэ гэдгийг Библид хэдийнээ зөгнөсөн байдаг. Хоёр дахиа ирэхдээ дорно зүг, дэлхийн хязгаарын улсад ирнэ гэдгийг, амийн жимсний зам болох шинэ гэрээний Алгасал баярын үнэнийг сэргээнэ гэдгийг, амийн жимсний бодит болсон тэнгэр Эхийн тухай Өөрийн хүүхдүүддээ зааж мэдүүлнэ гэдгийг ч зөгнөсөн байсан билээ.

Библид мөн Бурхан “Чи [Сионы хүүхдүүд] одоо юунд чанга хашхирна вэ? Чамд ямар ч хаан байхгүй юу? Эсвэл зөвлөгч чинь устаж, төрж буй эмэгтэйнх шиг өвчин шаналал чамайг эзэмдэв үү?” (Мик 4:1-9) гэсэн үгээрээ дэлхийг орхино гэдгээ урьдчилж бичсэн байдаг. Давидын сэнтийн тухай зөгнөлийг биелүүлэхийн тулд Эцэг маань инжрийн модоор зүйрлэсэн Израиль улс тусгаар тогтносон 1948 онд 30 насандаа баптисм хүртэж, сайн мэдээний замаар 37 жил алхсан. Улмаар 37 жилийн сайн мэдээний ажлаа дуусгаад 1985 онд тэнгэр өөд буцсан (2Сам 5:4, Лук 3:23, 1:32, Мат 24:32-33 үзэх).

Энэ ертөнцийнхөн болж байгаа бүхнийг зүгээр л тохиолдлын чанартай гэж боддог ч Библийн зөгнөл тийм биш, угтаа бол Бурханы гүйцэлдүүлж байгаа зайлшгүй зүйлс. Сүнс болон Сүйт бүсгүй устаж үгүй болчихоод байсан шинэ гэрээний үнэнийг дахин сэргээхээр Сионд ирсэн. Бурхан Өөрөө дахин сэргээнэ гэж зөгнөсөн Сионд бид одоо Алгасал баяр төдийгүй 3 удаагийн 7 баярыг, мөн Амралтын өдрийг тэмдэглэж байна. Энэ бүх гайхалтай үйл хэрэг Библийн зөгнөлийн дагуу биелж байна. Харин ертөнц үүнийг мэдэхгүй, ямар нэг тохиолдол юм уу, жирийн л нэг зүйл мэтээр хандаж ирсэн. Зөгнөл бүхэн зохистой цагтаа биелж байгаа ч ертөнц үүнд анхаарлаа хандуулахгүй хэвээр.

Христ энэ дэлхийд хэдийнээ дахин ирчихээд байхад ч хүмүүс тэнгэр харуулдсаар л. Христийг үүлэн дунд ирнэ гэж зөгнөсөн болохоор нь тэд одоо болтол тэнгэр харуулдсаар байгаа хэрэг л дээ. Харин Христ Өөрөө “Би хэдийнээ ирсэн! Би Сионд байна. Тиймээс Сион руу ирж, Надтай уулз” гэж тодорхой гэгч нь айлддаг юм.

“Манай баяр наадмын хот Сионыг харагтун! Ажин түжин орон, гадаснууд нь хэзээ ч сугарахгүй, нэг ч аргамж нь тасрахгүй, эвхэгдэхгүй майхан болох Иерусалимыг нүд чинь үзнэ. Тэнд цог жавхлант Нэгэн, ЭЗЭН, бидний төлөө байх болно. … Учир нь ЭЗЭН бол шүүгч маань, ЭЗЭН бол хууль тогтоогч минь, ЭЗЭН бол хаан маань мөн. Тэр биднийг аварна.” Иса 33:20-22

Энэ нь өнөө үед хоёр дахиа ирсэн Христтэй биднийг уулзуулахын тулд Библийн газарчилж байгаа зөгнөлийн зам юм. Бурхан биднийг аврахаар аль хэдийнээ ирсэн төдийгүй эдүгээ Сионд оршин байгаа. Хэдийгээр ертөнцийнхөн Бурханыг танилгүй, Бурханд хүссэнээрээ авирладаг ч Тэрээр энэ дэлхийд хэдийнээ ирчихээд авралын ажлаа гүйцэлдүүлсээр байгаа билээ.

“Би ч бас хэдийнээ ирсэн!”

Библид Бурхан хүн төрөлхтнийг аврахаар хоёр дахиа ирэхдээ ганцаараа ирэхгүй, харин Эцэг Бурхан, Эх Бурхан хамт ирнэ гэж зөгнөсөн байдаг.

“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17

Хүн төрөлхтнийг аврахын тулд Ариун Сүнс Эцэг ганцаараа биш, харин Сүнс болон Сүйт бүсгүй хамтдаа энэ дэлхий дээр ирээд, хүн төрөлхтөнд хандан “Ирж, амийн ус аваарай!” гэж хашхирч буй дүр зургийг бид харж байна.

Өнөө үед Библийн зөгнөлийн дагуу Ан Сан Хун Эцэг маань энэ дэлхийд хэдийнээ ирсэн юм шүү. Эцэг Бурхан маань хоёр дахиа ирэхдээ авралынхаа төлөө бүх хүний мэдэх ёстой Эхийн тухай үнэнийг бидэнд зааж өгчихөөд одсон юм. Эцэг маань төдийгүй Эх маань ч зөгнөлийн дагуу ирсэн. “Би хэдийнээ ирсэн!” “Би ч бас хэдийнээ ирсэн!” Сүнс болон Сүйт бүсгүй хэдийнээ ирчихээд амийн ус ав хэмээн хүн төрөлхтөнд айлдсан юм.

Ариун Сүнс Бурхан хэдийнээ ирсэн ч ертөнц энэ үнэнийг мэдэхгүй л байна. Сүйт бүсгүй бас хэдийнээ энэ дэлхийд ирсэн ч ертөнц мөн л мэдээгүй чигтээ. Үүнчлэн Библийн зөгнөл одоо бараг биелж дуусчихаад байхад ч өөрсдийгөө Бурханд итгэдэг гэдэг хүмүүс Бурханыг мэдэхгүй хэвээр.

Бурхан энэ дэлхийд хоёр дахиа ирэхдээ анхны ирэлтийнхээ адилаар Библид бичигдсэнчлэн урьдаас тогтоосон сайн мэдээний замаар алхсан. Бурханы хийсэн бүхэн зүгээр нэг тохиолдол биш, Бурхан одоо энэ мөчид ч зөгнөлүүдээ биелүүлэхээр алхам алхмаар урагшилсаар байгаа юм шүү.

Тэнгэр Эцэг Эх маань хэдийнээ ирсэн. Амь өгөхөөр ирсэн. Тэдний нэрэнд итгэж байж л бид хүүхдүүд нь болох эрхтэй болно. Тиймээс биднийг аврахаар энэ дэлхийд ирсэн тэнгэр Эцэг Эхдээ талархал өргөж, хэдийнээ ирчихээд байгаа Елохим Бурханаа бүх ертөнцөд бушуухан тунхаглах учиртай.

Тэнгэр Иерусалимын ариун өргөөний материалаар бэлгэдсэн алдагдсан ах эгч дүү нараа бүгдийг нь олохын тулд улам бүр хүчээ дайчилцгаая. “Би хэдийнээ ирсэн!” хэмээн зовних сэтгэлээр, тэсэн ядан хашхирах Эцэг Эхийнхээ дуу хоолойг Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл эрч хүчтэйгээр тунхаглаад гай гамшиг, нүглийн улмаас ёолон буй олон сүнсийг гэмшүүлж, мөнхийн тэнгэрийн хаанчлал өөд хөтлөх ажилд бүх зүрх сэтгэл, оюун ухаанаа зориулахыг та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсэх байна.