Давидын амьдралыг харахаар Бурханы тогтоол, зарлиг, хууль түүний амьдралын баяр хөөр байсан нь илт. Бурханы хууль нь сэтгэлийг сэргээдэг, Бурханы сургаал нь зүрхний баясгалан хэмээсэн Давид Бурханы хууль тушаалыг шижир алтнаас ч илүүгээр хүсэж байж (Дуу 19:7-11).
Бурханы ард түмэн мөн л бол Бурханы сургаал нэг бүрийг дуулгавартай дагадагтаа баярладаг байх ёстой. Бурханы үг болгон хүүхдүүд бидний сүнсний ашгийн төлөө, мөнх амь, аврал, мөн ерөөл өгөх гэсэн Бурханы туйлын хайраас үүдэлтэй юм. Сионы бүх гэр бүл Бурханы тушаалыг хайрлаж, сахиад Давид шиг Бурханы зүрх сэтгэлд нийцсэн хүмүүс болоосой гэж хүсэх байна (Үйл 13:22).
Сансрын хувцас өмссөн нэгэн шүхрээр нисэгч агаар мандлын дээд үелсэн давхаргаас чөлөөт уналт хийсэн нь амжилттай болсон талаар хэдхэн хоногийн өмнө гадаад мэдээгээр гарч байна лээ. Өндрийн хэмжээ, хүчилтөрөгчийн дутагдал, туйлын хүйтэн температур зэргийг нь тооцоод үзэхээр өнөөг хүртэл урьд өмнө хэн ч үсрэх гэж зүрхлээгүй тийм өндрөөс чөлөөт уналт хийх оролдлого хийснийг гайхамшиг гэхээс ч өөр юу гэхэв.
Тэр хүн сансрын хувцас өмсөлгүйгээр уналт хийхээр зориглосон гэж бодвол юу болох байсан бол оо? Сансрын нисгэгчдийн тухай бодож үзье л дээ. Сансар руу гаръя гэвэл тохирсон тусгай хувцас өмсөх ёстой. Дэлхий бол хүний биеийн эд эрхтнийг хэвэнд нь байлгахад тустай агаарын даралт мэтийн бие махбодод нэн зохицсон нөхцөлтэй. Харин агаарын даралтгүй вакум орчинд бол хүний эд эрхтэн маш хурдан хөөж томрон асуудал үүснэ. Мөн дэлхийн агаарын хэм хүн амьдрахад яг тохиромжтой байдаг бол сансрын агаарын хэм дэлхийгээс асар их ялгаатай. Тийм учраас сансрын хувцсыг биеийн температур, агаарын даралт зэргийг зохицуулах зориулалтаар шинжлэх ухааны аргаар хийдэг байна.
Дэлхий дээр амьдрах аргаар сансарт амьдарч чадахгүй. Жишээлбэл сарны татах хүч дэлхийн татах хүчний зургааны нэгд ч хүрдэггүй. Тиймээс дэлхий дээр 1 метр харайх хүчээр саран дээр 6 метр өндөр харайж чадна. Ийм шалтгаанаар сансрын нисгэгчид сансарт гарахаас өмнө урьдчилан дасан зохицох бэлтгэл сургуулилт хийдэг. Тэд жингүйдэлд орох бэлтгэлээ усан санд алхан бэлтгэл сургуулилт хийж, гуурсаар хэрхэн хоол идэх аргад ч сурна. Сансарт судалгаа хийх шинэ амьдралдаа бүрэн дүүрэн дасан зохицох хэмжээнд бэлэн болтлоо тэд дахин дахин бэлтгэл сургуулилт хийнэ.
Бид Бурханы амийн хуулийг сахиж байгаа маань ч хожим явах тэнгэрийн хаанчлалд дасан зохицохын төлөөх сургуулилт гэж болно. Сансрын нисгэгчид тээртэй хувцас өмсчихөөд, эв хав муутай алхаж байгаа нь жаахан инээдтэй харагдаж мэдэх ч үнэндээ бол тэд сансар огторгуйн амьдралд л бэлтгэж байгаа нь тэр. Үүн шиг Эцэг Бурхан ба Эх Бурханд итгэх, Бурханд талархал, яруу алдар, магтаал өргөх, Бурханы тогтоол, зарлиг, хуулийг сахих, Бурханы үгэнд дуулгавартай байх зэрэг нь хожим явах мөнхийн тэнгэрийн хаанчлалын төлөөх бэлтгэлээ бид нэг нэгээр нь хийж байгаа хэрэг юм. Илчлэл номноос харвал тэнгэрийн хаанчлалд хорин дөрвөн ахлагч болон үй олон тэнгэр элч сэнтийн өмнө үргэлж Бурханд магтаал, яруу алдар, талархлыг өргөж байдаг (Илч 4:10-11, 5:11-14). Ийм л тэнгэрийн хаанчлалд дасан зохицохын тулд бид энэ дэлхийд тэнгэрийн хуулийг сахих хэрэгтэй. Тэгж гэмээнэ тэнгэрийн хаанчлалд ямар ч төвөггүй амьдарч чадна.
“Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь”, “Алгасал баярыг сахин үйлдэж Намайг дурс” гэх зэргээр ямар нэг юмыг үйлд гэж айлдсан Библийн үгэнд биднийг хожим мөнхийн эх нутаг болох тэнгэрийн хаанчлалдаа буцаад, сайн дасан зохицож амьдраасай л гэсэн Бурханы хүсэл шингэсэн байдаг. Харин хүмүүс үүнийг мэдэхгүй өөрийн бодлоо урьтал болгодог. “Мөргөлийг бямба, ням гаргийн алинд нь ч сахисан яахав дээ”, “Алгасал баярыг сахисан ч яахав, сахиагүй ч яахав дээ” гээд л. Сансар руу явахдаа “Нүсэр, тээртэй гэмээр сансрын хувцас өмсөхгүй байлаа гээд яав л гэж” гэж бодоод, сансрын хувцасгүйгээр дэлхийн хувцастай чигээрээ сансрын хөлгөөс гарвал юу болох бол? Тиймээс л Бурханы үгэн дээр нэмж болохгүй, хасаж болохгүй гээд, дуулгавартай дагах нь тахилаас илүү гэж айлдсан юм (Илч 22:18-19, 1Сам 15:22).
Сансарт амьдрах бүх нөхцөл дэлхийгээс тэс өөр. Тиймд дэлхийд амьдарсан мэдлэг, туршлагадаа л итгээд сансар руу гарвал тэр даруй асуудал үүснэ. Түүн шиг дэлхийд амьдарсан туршлага, ерөнхий мэдлэгээр тэнгэрийн хаанчлал явах гээд байж болохгүй. Бүх сансар огторгуйг эрхшээдэг Бурханы сургасан сургаалыг ном ёсоор нь дагах нь л амийн зам, авралын зам юм.
“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно. Тэр өдөр Надад олноороо “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгийг үйлдэж байсан бус уу?” гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ.” Мат 7:21-23
Өөрийнхөө бодлоор ёс бусыг үйлдэж байгаа хүмүүс яг л сансрын хувцас өмсөхгүйгээр сансар руу гарах мунхаг хүнтэй адилхан гэж хэлж болно. Бурхан сүнслэг сансрын хувцсыг хэрхэн өмсөх ёстойг нэгд нэггүй ухааруулсаар байхад өнөөгийн олон хүн “Эзэн минь, Эзэн минь” гэдэг хэрнээ үгийг нь үл тоож, өөрсдийнхөө бодлоор ёс бусыг үйлддэг учраас тэнгэрийн хаанчлалд дасан зохицож чадахгүй.
Эндээс бид “ёс бус” гэдэг үгэнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ёс бус гэдэг үгэнд бидний сахин үйлдэх ёстой амийн хууль байгаа гэсэн утга агуулагдсан шүү дээ. Жинхэнэ нь байхгүй бол дуураймал нь гарах уу? Жинхэнэ нь байгаа болохоор л хуурамч нь гарч ирдэг шиг хууль байгаа учраас л тэрийг сахихгүй үйлс нь ёс бус болно. Тиймээс хууль байхгүй бол ёс бус гэгч зүйл ч байх боломжгүй юм.
Тэнгэрийн хаанчлал явахыг хүсэж л байгаа бол дэлхий дээр тэнгэрийн хаанчлалын хуулийг сурч, мөн сахих ёстой юм. Энэ хууль мөнхийн тэнгэрийн хаанчлалд орохтой нягт холбоотой учраас Бурхан хүүхдүүддээ амийн хуулийг зааж өгсөн. Мөн үүнийг дагадаггүй ёс бусыг үйлдэгчдийг тэнгэрийн хаанчлалд орох эрх байхгүй гээд хөөсөн.
“Нүгэл үйлддэг хүн бүр бас ёс бусыг үйлддэг. Нүгэл бол ёс бус юм.” 1Иох 3:4
Нүгэл нь ёс бусаас гардаг. Бурхан ёс бусыг нүгэл гэж тогтоогоод, тэнгэрийн хаанчлалыг ёс бус үйлддэг нүгэлтнүүд яасан ч орж чадахааргүй ертөнц болгож бүтээсэн. Бурханы тушаал дотор хүүхдүүдээ мөнхийн тэнгэрийн хаанчлалын амьдралаар төгс амьдруулах гэсэн Бурханы хүсэл шингэсэн байгаа.
“Нүгэл үйлддэг нь диаволынх юм. Диавол эхнээсээ нүгэл үйлдсэн. Диаволын үйлсийг устгахын тулд Бурханы Хүү үүнд илчлэгджээ. Бурханаас төрөгч бүр нүгэл эс үйлддэг. Учир нь Бурханы үр түүн дотор оршдог. Тэрээр Бурханаас төрсөн тул нүгэл үйлдэж эс чадна. Бурханы хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр илчлэгдэнэ. Зөвийг үйлддэггүй нь ч, ах дүүгээ хайрладаггүй нь ч Бурханых биш.” 1Иох 3:8-10
Диаволд харьяатай хүн ёс бусад дуртай байдаг бол Бурханы ард түмэн харин диавол хичнээн амтлагаар хуурах гэсэн ч түүнд сэтгэл нь татагдахгүй. Сатаны ертөнц бол дотроо нүглийн чанар агуулж байгаа хүн сайн дасан зохицохоор бүтээгдсэн ертөнц л дөө. Гэвч Бурханы хаанчлал нь өчүүхэн төдий ч нүгэл байхгүй, ёс бус байхгүй, зөвхөн Бурханы тогтоосон амийн хууль л байдаг газар болохоор амийн хуулинд дасан зохицсон хүмүүс л тэрхүү ертөнцөд баяр хөөр, яруу алдар, баяр баясгалан эдэлж чадна.
Тиймд ёс бусыг үйлдсэн үү, Бурханы хуулийг сахисан уу гэдгээс хамаарч диаволын хүүхэд үү, Бурханы хүүхдүүд үү гэдэг нь ялгарна. Загас заламгайгаараа амьсгалдаг болохоор л усан дотор амар тайван байдаг болохоос хичнээн байгалийн үзэсгэлэнтэй газар байсан ч усгүй хуурай газарт амьдарч чадахгүй. Үүн шиг Сатаны хүүхдүүд үргэлж нүгэл дотор байхаар, харин Бурханы ард түмэн Бурханы хууль, тушаал дотор баярлаж, сайн дасан зохицохоор бүтээгдсэн.
Бурханы ард түмэн биш хүмүүс дасан зохицож чадахгүй ч тэнгэрийн хүүхдүүдэд бол нэн таатай газар бол тэнгэрийн хаанчлал юм. Бурханы амийн хуулинд баярлаж, шижир алтнаас илүү эрхэмлэн сахидаг хүүхдүүдэд тэрхүү ертөнц зөвшөөрөгдөнө гэдгийг марталгүй, Сатан диаволын ёс бус хүчин зүйлс бидний зүрх сэтгэлд яасан ч орж чадахгүй болтол нь хаах хэрэгтэй. Диаволд харьяалагдахгүйн тулд үргэлж нүглээс хол байж, амийн шинэ гэрээний хууль дотор байхыг хүсье.
“Чи эдгээр бүх үгийг энэ ард түмэнд хэлэхэд тэд чамд “Ямар учраас ЭЗЭН энэ бүх агуу гай гамшгийг бидний эсрэг тунхагласан юм бэ? Бидний хилэнц юу юм бэ? Эсвэл бид Бурхан ЭЗЭНийхээ эсрэг үйлдсэн нүгэл маань юу юм бэ?” гэж хэлнэ. Тэгэхэд чи тэдэнд “Та нарын эцэг өвгөд Намайг орхиж өөр бурхдыг дагаж, тэдэнд үйлчлэн тэдэнд мөргөснөөс болсон. Харин тэд хуулийг минь сахилгүй Намайг орхисон билээ” гэж ЭЗЭН айлдаж байна. “Та нар гэхэд эцэг өвгөдөөсөө илүүгээр муу муухайг үйлдэв. Үзэгтүн, Намайг үл сонсон цөвт муу зүрхнийхээ гөжүүдлэлийн дагуу бүгд л явж байгаа бус уу. Тиймээс Би та нарыг энэ нутгаас та нарын бас эцэг өвгөдийн чинь ч мэдэхгүй нутаг уруу чулуудна. …” Иер 16:10-13
Иеремиа эш үзүүлэгчийн үед бас хүмүүс Бурханыг орхиж, Бурханы хуулийг сахиагүйгээс гамшиг гэгч үр дагавартай нүүр тулсан байна. Бурханы тогтоол, зарлиг, хуулиас огт холдож болохгүй гэдгийг Библи бидэнд сургаж байна. Хэрвээ энэ амийн хуулиас холдон явж, хийсэн аливаа зүйл нь диаволд харьяатай болчихвол үүнийхээ уршгаар Бурханд дэмий мөргөхөд хүрнэ гэсэн байдаг.
“Хоёр нүүртнүүд ээ, Исаиа та нарын тухай эш үзүүлэн, сайн онож хэлэхдээ “Энэ ард түмэн Намайг уруулаараа л хүндэлдэг. Гэвч зүрх нь Надаас алс хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж, харин Надад дэмий мөргөдөг” гэсэн гэв.” Мат 15:7-9
Хүний тушаалаар сургагдсан хүмүүс хэзээ ч тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй. Тэдний мөргөл нь эцэстээ дэмий хоосон. Бурхан хүн төрөлхтнийг Бурханы тушаалаар дамжуулан тэнгэрийн оронд үеийн үед амьдруулахын тулд дэлхийд сүнслэг бэлтгэл сургуулилт хийлгэдэг. Харин Сатан диавол ирээд, тэнгэрийн хаанчлалд амьдруулахгүйн тулд мэхэлдэг. “Бурханд зөвхөн итгэхэд л болно. Юун хууль хэрэгтэй гэж?”, “Хүний тоогоор харсан ч тэр, өөр юугаар ч харсан ням гарагт мөргөл сахих нь илүү оновчтой биш үү?” гэх зэргээр Сатан одоо хэр нь зальжин үгээрээ хүмүүсийг мэхэлсээр байгаа.
Энэ хүмүүний ертөнцийн яруу алдрыг хайхын оронд бид Бурханы яруу алдрыг хайх хэрэгтэй. Одоогийн энэ газрын яруу алдрыг хүсэхийн оронд хожим тэнгэрийн хаанчлалд эдлэх яруу алдрыг хүсэх хэрэгтэй юм. Есүс хүн төрөлхтний нүглийн оронд загалмайн ялыг эдлэх үед зүүн баруун талд нь дээрэмчдийг цовдолсон.
Зүүн талын дээрэмчин нь эргэн тойрных нь иудейчүүд Есүсийг доромжилж, дооглоход хажуунаас нь хамт доромжилсон.
Харин баруун талын дээрэмчин нь “Есүс ээ, Та Өөрийнхөө хаанчлалд очихдоо намайг санаарай” гэж Есүсээс гуйсан. Энэ газарт буруу амьдарсан хэдий ч хожим ирэх ертөнцөд гэмшсэн хүний төрхөөр зөв амьдармаар байна гэсэн чин хүсэл ба өөрийн итгэлээ өчихөд нь Есүс түүнд “Өнөөдөр чи Надтай хамт диваажинд байх болно” гэж амласан шүү дээ (Лук 23:39-43).
Эцэг маань сургаалдаа зүүн талын дээрэмчин одоогийн яруу алдрыг л бодсон хүн, харин баруун талын дээрэмчин хожим ирэх ирээдүйн яруу алдрыг бодсон хүн гэж айлдаж байсан юм. Тэр хоёр хүнд амьдралынхаа сүүлчийн мөчид Христтэй уулзах дэндүү үнэтэй боломж тохиосон ч үр дүн нь тэс өөр байсан. Нэг нь тухайн тэр үеийнхээ яруу алдрын өмнө өвдөг сөгдөөд эцэст нь сүйрэл рүү орсон, харин нөгөө нь хожмын ирээдүйн яруу алдрыг бодож, чинхүү гэмшлийн итгэлээрээ ерөөл хүртсэн.
Мунхаг хүн яг одоогийн яруу алдарт л тэмүүлдэг, ухаантай хүн ирээдүйн яруу алдрыг хайдаг. Бид ч мөн энэ газарт яаж бусдаас илүүг эдэлж хэрэглэж амьдрах уу гэдэгтэй л зууралдаад байх биш, хожим очих тэнгэрийн хаанчлалд ямар яруу алдар, ерөөл авах уу гэдгийг бодоод өнөөдөр ч эрч хүчтэй амьдрах хэрэгтэй. Сансрын нисгэгч хүн дасгал сургуулилтаа идэвхтэй хийхгүй залхуурвал бодит байдал дээр сансарт гараад бүх зүйлд самгардах байх. Бурханы ариун тушаалыг бид залхууралгүй сайн сахих ёстой. Мөн нэн чухал зүйл нь ёс бус зүйлд харьяалагдаж болохгүй. Ёс бусад харьяалагдвал диаволынх болно. Диаволынх болсон хүн тэнгэрийн хаанчлал явж чадахгүй.
Бурхан нүгэл ба үхлийг ялж чадах амийн хуулийг бидэнд соёрхсон. Энэ амийн хуулиар дамжуулан Бурхан өнөөдөр ч биднийг нэг бүрчлэн бүтээж, засаж, янзалж байгаа. Тиймээс л Есүс “Эцэг минь одоо болтол ажилласаар байна. Би ч ажиллаж байна” гэж айлдсан (Иох 5:17). Бурхан биднийг төгс болох хүртэл одоо ч бас сүнслэг бүтээлийн ажлаа үргэлжлүүлсээр байгаа.
“ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна. … “Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно. Хүн бүр хөршдөө, ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана.”” Иер 31:31-34
Бурхан шинэ гэрээний хуулиа ард түмнийхээ дотор хийж, тэдний бүх нүглийг арилгана гэсэн. Энэ амийн хууль сүнсэнд нь таригдаагүй хүн Бурханы ард түмэн болж чадахгүй гэсэн үг. Христ дотор шинэ гэрээний хуулиар дамжуулан өнөөдөр ч бид шинэ бүтээл болон шинээр бүтээгдэж байгаа.
Бидний одоо сахиж байгаа шинэ гэрээний зарлиг, тогтоол, хууль зэрэг нь шалихгүй жижиг зүйл огт биш. Бид зүгээр л Амралтын өдөр сүмд ирж, зүгээр л Алгасал баяраар талх, дарс идэж уусан юм шиг байвч биднийг мэдэхгүй байхад ч Бурхан биднийг мөнхийн тэнгэрийн хаанчлалд амьдрахад нэн тохиромжтой шинэ бүтээл болгон дахин бүтээж байгаа юм.
Шинэ гэрээний хуулинд биднийг тэнгэрийн хүнээр бүтээж буй Бурханы нөр их хөдөлмөр зүтгэл шингэсэн байдгийг ухааран, Библиэр мэдүүлсэн Бурханы бүх сургаал, сургамжийн үгэнд дуулгавартай байцгаая. Авралын зар тараа гэвэл авралын зар тарааж, үгэнд дуулгавартай бай гэвэл дуулгавартай байж, өөрийгөө залбиралд зориул гэвэл уйгагүй залбираарай. Бурханы айлдсан бүхэн бидний ирээдүйн төлөө гэдгийг сэтгэлдээ шингээж, одоогийн түрхэн зуурын яруу алдрыг хайхаас илүүтэй удахгүй ирэх ирээдүйн яруу алдарт илүү сэтгэл зүрх, оюун ухаанаа дайчлахыг хүсэх байна.
Хожим эдлэх Бурханы хаанчлалын яруу алдраа бодоод, биднийг тийш оруулахын тулд амийн хуулиа соёрхож, үнэн рүү хөтөлсөн тэнгэр Эцэг Эхийнхээ ивээлд өдөр бүр талархаж, яруу алдар, магтаал өргөхийг Сионы бүх гэр бүлээсээ хүсье.