Хэл сонгоно уу.

Close

Хайр ба эв нэгдэл

4,982 үзэлт

Бүх хүнийг аврах гэсэн Бурханы хүсэл хурдтай биелж байна. Дэлхий дахины Сион маань олон гэр бүлээр дүүрч байгаа тул яг одоо бидэнд нэн тэргүүнд хэрэгтэй зүйл нь ах дүүсэг энэрэл гэж би бодож байна.

Тэнгэр Эцэг, Эх маань зөгнөл биелүүлэхээр гүйж яваа хүүхдүүддээ биенээ хайрлаж, өөр хоорондоо нэгдээрэй гэж байнга онцлон захидаг. Бид Бурханы энэхүү сургаалыг дуулгавартай дагах үед дэлхийн үндэстнүүдэд ерөөлтэй мэдээ сонсох яруу алдрын зам нээгдэх юм. Сайн мэдээ тунхаглах үйлсэд оролцохын зэрэгцээ хайр ба эв нэгдлийн ач холбогдлыг онцолсон Бурханы хүслийг мэдэж авцгаая.

Авралаа гүйцэлдүүлж буй Бурханы зүй тогтол

Бурхан тэнгэр газар, түмэн бодист хүслээ шингээн бүтээсэн (Илч 4:11). Моддыг хөдөлгөх хаврын салхинд ч, газарт унах намрын навчист ч Бүтээгч Эзэн Бурханы зүй тогтол шингэсэн байдаг.

Бурхан хүн төрөлхтний авралын ажлыг удирдан чиглүүлэхдээ учир шалтгаангүй тушаал, заавар өгдөггүй. Ноагийн үед Бурхан ертөнцийг усаар шүүхийн өмнө бүхээг хийхийг Ноад тушаасан байдаг. Ноа Бурханы үгийг дагаж бүхээг хийсэн. Бүхээг нь асар том хэмжээтэй байхын зэрэгцээ жолоодох залуур ч байгаагүй, урагш хөдөлгөх дарвуул ч байгаагүй. Хүний бодлоор ойлгоход бэрх байдалтайгаар зохион бүтээгдсэн ч үер буусан хойно үүний цаад учир ил болдог. Ус татарсны дараа дэлхийг бүхэлд нь бүрхсэн усан дээгүүр хөвж явсан мөнөөх бүхээг Арарат уулан дээр ирж зогсжээ. Бурхан Өөрөө тэрхүү бүхээгийг залж чиглүүлсэн учраас хэн нэг хүний гараар жолоодох залуур, дарвуул гэх мэт зүйл ямар ч шаардлагагүй байсан ажээ (Эхл 6:14-22).

Иошуа Иерихо хотыг эзлэх үед ч мөн ялгаагүй. Бурхан израильчуудад өдөр бүр Иерихо хотыг нэг удаа тойрч, долоо дахь өдөр нь долоон удаа тойроод бүгд хамтдаа хашхир гэсэн заавар өгсөн. Хот эзлэх тухайд хүмүүсийн нийтлэг ойлголтоор бол зэр зэвсгээ агсан ирж, бүслэх ёстой шүү дээ. Гэтэл тэр хотыг зүгээр л тойрох төдийд Канаан нутагт орчихно чинээ израильчуудын хэн нь төсөөлөх билээ дээ? Харин Бурханы үгийг дагасан чинь хотын хана хэрэм нуран унаж, израильчууд зүрх зоригтойгоор Канаан нутагт орсон байдаг (Иош 6:1-20).

Үүн шиг бид Бурханы тушаалыг дуулгавартай дагах л юм бол Бурхан бүх замыг тэгш дардан болгоно. Сайн мэдээний үүх түүхийг гүйцэлдүүлэх арга ч мөн Библид заасан Бурханы үгийг дагаж, хэрэгжүүлэхэд оршдог юм.

“Та нар үнэнд дуулгавартай байснаараа сэтгэлээ ариусгаж чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болсон учир бие биенээ зүрхний гүнээс хайрлагтун. Учир нь та нар устах үрээс бус, харин үл устах үрээс буюу Бурханы амьд, оршин буй үгээр дахин төрсөн билээ.” 1Пет 1:22-23

Библийн сургаалд биднийг ах дүүсээ чин зүрхний гүнээс хайрлаж, санаа тавин халамжил гэж бий. Дэлхийн 175 оронд Сион байгуулагдсан тул арьс өнгө, хэл яриа, ахуй соёл, амьдралын орчин нөхцөлийн хувьд дор бүрнээ харилцан адилгүй гэр бүлүүд цугласан байгаа. Бурхан ийм л хүүхдүүддээ хайраар нэг болоорой гэж сургадаг. Ах дүү, эгч дүүсийн сайхан эв эе үгүйгээр сайн мэдээний ажил бүрэн биелэх боломжгүй юм.

Хамгийн агуу нь хайр

Өрнө, дорныхны хооронд асар их ялгаа бий. Яг ижилхэн асуудал дээр ч өөр өөр үзэл бодолтой ханддаг. Үүгээр ч зогсохгүй аль тив, аль улс, аль бүс нутагт амьдарч байгаагаас хамаараад хүмүүсийнх нь хандлага өөр. Хүн гэгч өссөн орчноо дагаад үзэл бодол, үнэ цэнийн хэм хэмжүүр нь өөр өөр байдаг тул хоорондоо санал зөрөлдөх зүйл гарч л таараа.

Асуудлыг шийдэхийн тулд бид нэгэндээ бага зэрэг буулт хийж, өөрийн үзэл бодол, санаа оноог урьтал болгодоггүй бусдыг гэсэн хайр халамж хэрэгтэй. Бурхан хайрын талаар олон сургамж үг Библид тэмдэглэн үлдээж, “Бие биеэ хайрлаарай” гэсэн тушаал хүртэл өгсөн шалтгаан үүнд оршдог юм (Иох 13:34-35). Дэлхийн өнцөг булан бүрийн өөр өөр соёл иргэншилтэй гэр бүлүүд хоорондоо нэг болж, сүмээ ивээлтэйгээр авч явахын тулд “хайр” гэх тушаалыг сэтгэлдээ сийлэн, амьдралд хэрэгжүүлэх учиртай юм.

“Хэрэв би хүмүүсийн болон тэнгэрэлч нарын хэлээр ярилаа ч надад хайр үгүй бол би хий нүргэлэх харанга, хангинах цан аж. Хэрэв би эш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч надад хайр үгүй бол би юу ч биш. Хэрэв би бүх өмч хөрөнгөө тараан өгч, биеэ шатаахаар тушаасан ч надад хайр үгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм. Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг.” 1Кор 13:1-7

Хэдийгээр бид бүх мэдлэгийг мэддэг, уулыг нүүлгэх хэмжээний агуу итгэлтэй байсан ч хайр байхгүй бол ямар ч ашиггүй гэж Библид тодорхойлсон байна. Хайртай нэгдээгүй мэдлэг, хайртай нэгдээгүй итгэл нь ямар ч утга учиргүй. Сайн мэдээ тунхаглах ажил зөвхөн мэдлэгээр эсвэл зөвхөн итгэлээр болж бүтдэг юм биш.

Бид зөвхөн хайраар л тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг гүйцээж чадна. Хэрэв бид хайраар дүүрэн байвал сайн мэдээний төлөө бүхнээ зориулж, нэгнийхээ төлөө өөрийгөө золиосолж чадна. Хэдий өөрт тухгүй, эвгүй нөхцөл байдал үүссэн ч тэвчээртэй хандан, нэгдэж чадна. Харин хайр байхгүй бол өөрийн зовлон шаналлыг л тоочихоос биш нөгөө хүнийхээ байр байдлыг харгалзан үзэхгүй. Улмаар муудалцаж, хагарал үүсэхэд хүрнэ. Тийм учраас хайраар дүүрэн сүм үргэлж л халуун дулаан уур амьсгалтай, сайн мэдээ нь ч их хөгждөг. Хэдийгээр хайрын тушаалыг анхнаасаа шууд хэрэгжүүлэх хэцүү ч сайн мэдээний үр дүнд хүрэхийн тулд тэвчээртэй, энэрэнгүй байх хэрэгтэй. Мөн өөрийн эрх ашгийг эрэх биш, үнэнд баярладаг хайрын сэтгэлд суралцах ёстой.

“Хайр хэзээ ч дуусдаггүй. Харин эш үзүүллэг үгүй болж, хэл ярихуй зогсож, мэдлэг алга болно. Учир нь бид хэсэгхэнийг мэддэг, хэсэгхэнийг эш үзүүлдэг. Харин төгс нь ирэх үед хэсэгхэн нь ч үгүй болно. … Тэгэхээр бид одоо толинд бүдэг бадаг хардаг ч, дараа нь нүүр нүүрээ харна. Би одоо хэсэгхэнийг мэддэг ч, би өөрөө бүрэн мэдэгдсэн шигээ дараа нь би бүрэн мэдэх болно. Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг ч хамгийн агуу нь хайр мөн.” 1Кор 13:8-13

Дээр үеийн толь ямар нэг дүрсийг тод тусгах чадваргүй хүрлээр хийгддэг байжээ. Үүний нэгэн адил бидний амьдарч буй гурван хэмжээст ертөнц нь тэнгэрийн хаанчлалын бүдэг бадаг дүрсийг тусгах толь мэт юм. Энэ ертөнцийн мэдлэг, мэргэн ухаан, ертөнцөд хийгддэг бусад бүх зүйл тэнгэр дэх төгс юмсын өчүүхэн хэсэг төдий. Гэсэн хэдий ч тэнгэрийн хаанчлалд очвол одоогийнхоос тэс өөр ертөнц биднийг угтана. Эш үзүүллэг ч, хэл ярихуй ч, төгс бус мэдлэг ч тэнгэрт хэрэггүй болно. Итгэл, найдварын тухайд бол энэ дэлхий дээр хэдийн биеллээ олсон байх учраас цаашид хэрэггүй болно. Харин тэнд бид зүрх сэтгэлийнхээ гүнээс хайраар дүүрч, үеийн үед сүр жавхлантай, аз жаргалтай цаг мөчийг элээх юм. Тиймээс итгэл, найдвар, хайр гурваас хамгийн агуу нь хайр мөн гэжээ.

Хайр нь хуулийн гүйцэлдэл

Бурхан бидэнд “Хайр хамгийн агуу нь” учраас сайн мэдээний ажлыг хайраар хий гэж захисан. Мөн хуулийг хайраар гүйцэлдэнэ гэж айлдсан байдаг.

“Нэг нэгэндээ хайртай байхаас өөрөөр хэнд ч, ямар ч өргүй бай. Бусдыг хайрладаг хүн хуулийг биелүүлсэн хэрэг. Учир нь «Чи бүү завхайр, чи хүн бүү ал, чи бүү хулгай хий, чи бүү шунахайр» гээд өөр ямар ч тушаал «Хөршөө өөрийн адил хайрла» гэсэн үг дотор агуулагддаг юм. Хайр бол хөршдөө муу муухайг үйлддэггүй. Иймд хайр нь хуулийн гүйцэлдэл мөн.” Ром 13:8-10

Бурханы хуулийг бүрэн гүйцэлдүүлэхэд хамгийн хэрэгтэй зүйл нь хайр. Хайраар нэгнээ ойлговол хүн амины хэрэг, хулгай дээрэм, бусдад хор хүргээд ч болов өөрт ашиг бий болгох гэсэн тиймэрхүү зүйл гарахгүй. Хуучин гэрээ буюу Арван тушаалын бүх агуулга хайр дотор багтсан байдаг. Шинэ гэрээг ч мөн Бурхан хайраар гүйцэлдүүлсэн.

“Энэ ертөнцөөс салж, Эцэг өөдөө очих цаг нь болсныг Алгасалын баяраас өмнө Есүс мэдээд, дэлхийд байсан Өөрийнхнийгөө хайрлаж байсан тул тэднийг эцсээ хүртэл хайрлав.” Иох 13:1

Бурхан 2000 жилийн өмнө Есүс гэдэг нэрээр энэ дэлхийд ирсэн бөгөөд хүүхдүүдээ үхэх хүртлээ хайрласан юм. Зөвт хүний оронд амиа өгч болох ч нүгэлтнийг аврахаар өөрийгөө золиосолно гэдэг амар зүйл огт биш. Гэсэн хэдий ч тэнгэрт үхвэл зохих нүгэл үйлдээд хөөгдөж ирсэн сүнслэг нүгэлтэн биднийг Бурхан өрөвдөн энэрсэн. Бурхан энэ дэлхийд ирээд загалмай дээр бидний нүглийг өмнөөс маань үүрч, Өөрийн үнэт цусаар амийн хууль болох шинэ гэрээг байгуулсан (Ром 5:7-8, Лук 22:20). Бурханы эрхэм дээд үйлсийг ганцхан үгээр тайлбарлавал “хайр” гэж хэлж болно. Бид Бурханы хайрыг санах юм бол Сионыхоо бүх гэр бүлтэй нэгдэж, эв эетэй байж чадна.

“Иймд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурханыг дуурайгчид бай. Христ та нарыг хайрласан бөгөөд Өөрийгөө бидний төлөө Бурханд анхилуун үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дор яв. … Урьд нь харанхуй байсан та нар өдгөө Эзэн дотор гэрэл тул гэрлийн хүүхдүүд ёсоор яв. Бүх сайн, зөвт байдал ба үнэнд гэрлийн үр жимс байна.” Ефе 5:1-9

Бид Бурханаар хайрлагдсан “гэрлийн хүүхэд”-ийн хувьд хайр дор явцгаая. Бурхан нэгд гэж айлдсан учраас Бурханы бидэнд жишээ үзүүлсэн амьдралаар амьдарцгаая. Бид ертөнцлөг зан чанараасаа болж Бурханы сургаалын эсрэг зүйл хийсэн байж магадгүй. Гэсэн ч одооноос ах эгч дүү нараа ах дүүсэг энэрлээр хайрлаж, нэгнээ өрөвдөж, өршөөн уучлах сэтгэлтэй байцгаая. Эхэндээ хайрлаж байснаа хөрчихдөг тийм хайрыг биш сүнс нэг бүрийг эцсээ хүртэл хайрладаг Христийн сэтгэлээр дэлхий дахинд сайн мэдээ тунхаглах хэрэгтэй. Бурханы сургаалаас өнөөдөр нэгийг хэрэгжүүлсэн бол маргааш хоёрыг, нөгөөдөр гурвыг хэрэгжүүлцгээе. Ингэснээр бид өдрөөс өдөрт гэрлийн хүүхдийн төрхөөр өөрчлөгдөх юм.

Бие биендээ адилхан халамжтай бай

Бид Бурхан дотор Христийн эрхтнүүд. Дэлхийн аль ч тив, аль ч улсад байсан бид Христийн мах, цусаар нэгэн бие болсон ах эгч дүү гэдэг маань хувиршгүй үнэн билээ.

“Бие нь нэг атлаа олон эрхтэнтэй байдагчлан биеийн бүх эрхтэн хэдийгээр олон боловч нэг бие болдог. Христ ч мөн тийм билээ. Учир нь иудейчүүд эсвэл грекүүд, боолууд эсвэл эрх чөлөөт хүмүүс ч ялгаагүй бид бүгд нэг Сүнсээр нэг бие уруу баптисм хүртэж, нэг Сүнсийг уусан юм. … Харин эдүгээ Бурхан Өөрөө хүссэнчлэн эрхтэн тусбүрийг биед байрлуулжээ. … Харин Бурхан биеийг ийнхүү нэгтгэсэн бөгөөд дутмагдуу эрхтнүүдэд илүү эрхэмлэл өгдөг. Ингэснээр биед хагарал үгүй, харин эрхтнүүд нь бие биендээ адилхан халамжтай байх юм. Нэг эрхтэн нь зовбол бүх эрхтэн хамт зовно. Нэг эрхтэн нь алдаршвал бүх эрхтэн хамт баярлах болно. Эдүгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа эрхтнүүд нь юм.” 1Кор 12:12-27

Бидний хүн нэг бүрийг Христийн эрхтэн болгон байрлуулж, үүрэг даалгавар өгсөн Нэгэн хэн бэ? Бурхан. Хэдийгээр биеийн олон эрхтнүүд өөр өөр хэлбэртэй, өөр өөр үүрэг гүйцэтгэдэг ч нэг нь нөгөөгөөсөө илүү эрхэм гэсэн тэмцэл байдаггүй шиг бид ч мөн бүх зүйл дээр биендээ адилхан халамжтай байж, нэгдэх нь Бурханы хүсэл мөн. Бурхан Өөрөө нэг Сүнс дотор биднийг нэг болгон зангидсан тул дэлхий дахины Сионы гэр бүлүүд сайн мэдээнд хүчин зүтгэж, хамтран зүтгэхийн төлөө залбирч, бие биенээ хайрлах учиртай.

“Ах дүүсийн хайраар бие биенээ хайрла. Бие биенээ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл. Хичээл зүтгэлд бүү хойрго бай. Эзэнд үйлчлэн сүнс дор шат. Найдвар дор баярла, зовлон дор тэвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул, … Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдоо ч бүү ихэрх. Харин төлөв даруу байхыг эрхэмлэ. Өөрөө өөрийгөө ухаалаг бүү болго. Хэнд ч хэзээ ч мууг муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай. Та нарын зүгээс боломж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун.” Ром 12:10-18

Зөвхөн Амралтын өдөр, Алгасал баяр Бурханы тушаал биш. Библид сахь гэж тушаасан Бурханы үг бүр нь Бурханы тушаал юм. Ах дүүсийн хайраар биенээ хайрлаж, бие биенээ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл гэсэн үг ч мөн Иохан 13-р бүлгийн “Бие биеэ хайрлагтун” гэсэн үгтэй адилхан Бурханы тушаал юм.

Бие биенээ хайрлаж, хайраар нэгдэнэ гэдэг амар зүйл биш. Харин тамирчин хүн хэдий амаргүй байсан ч уйгагүй бэлтгэл сургуулилт хийвэл бие бялдрын хүч, ур чадвар нь аажмаар нэмэгддэг шиг бид ч мөн хэцүү бэрх нөхцөл байдлыг эцсээ хүртэл тэвчин, Бурханы сургаалыг хэрэгжүүлэх юм бол тэнгэрийн “хаан тахилч”-ийн хувьд зохистой зан ааштай болох юм. Тэнгэрийн эх нутагтаа буцаж очих тэр өдөр Эцэг Эх маань бидэнд яагаад ийм сургаал өгч, цэвэршүүлснийг бүрэн ойлгох юм. Тэнгэрийн хаадыг хүмүүжүүлэхийн тулд Бурханы тусгайлан өгсөн сургаалыг ёсчлон дагаад, тэнгэрийн хаанчлалд хангалттай орохыг хүсэх байна.

Хайр ба эв эеэр гүйцэлдэх даян дэлхийн сайн мэдээ

Сүмийн маань ойролцоо амьдардаг хөршүүд “Бурханы сүмийнхэн бүгд цайлган, сайхан хүмүүс шиг харагддаг. Сайн хүмүүс гэдэг нь тэдний царай зүс, үйлс үйлдлээс харагддаг” гэж байнга хэлдэг. Зөвхөн Солонгост төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд итгэгчид маань сайн үйлсээрээ Бурханы яруу алдрын гэрлийг гэрэлтүүлж байгаа.

Үүний гол цөм нь тэнгэрийн сэнтийгээ орхин, бидний нүглийг оронд маань үүрэхээр энэ дэлхийд ирсэн Бурханы хайр юм. Бурхан ямар ч гэм нүгэлгүй хэрнээ бидний өмнөөс загалмайн ачаа үүрч, зүсэн бүрийн доромжлол, доог тохууг тэвчсэн. Хэрэв бид Бурханыг бодох юм бол ямар нэг таагүй зүйлтэй тулгарах юм уу хүмүүсийн шударга бус харилцаанд цочирдохгүй. Харин ч тууштай байж, тэвчээр ба хайраар үнэт нандин үр жимс гаргаж чадна. Тэнгэр Эцэг Эхийн ариун хайр дотор дэлхийн өнцөг булан бүрд байгаа Сион хайр түгээж, үй олон сүнсийг аврал руу хөтөлж байна.

Иерихо хотыг эзэлсэн түүхээс эргэн харахад израильчуудын хийх ганц ажил нь хотыг ердөө хэдхэн удаа тойроод хашхирах явдал байв. Энэ нь энгийн арга байсан. Гэсэн хэдий ч тэд Бурханы үгэнд итгээд, үйлдсэн учраас бат бөх байсан хана хэрэм агшин зуур нуран унах гайхамшгийг нүдээрээ харцгаасан. Тэнгэрийн Канаан буюу тэнгэрийн хаанчлалыг чиглэн явах явц ч мөн ялгаагүй. Дэлхийн бүх хүнд сайн мэдээ тунхаглах ажил яаж ч бодсон төмөр хэрэмний өмнө зогсож байгаа мэт санагдаж магадгүй. Гэсэн хэдий ч бид Бурханы хий гэсний дагуу ягштал хийвэл энэ үнэндээ дэндүү амархан ажил. Бурхан бидэнд хайраар, нэгдмэл сэтгэлээр дэлхий дахины сайн мэдээг гүйцээ гэж хэлбэл бид тэр ёсоор хийхэд л болно. Израильчууд хамтдаа хашхирахад Иерихо хотын хана хэрэм нурсан шиг хэрэв бүх итгэгч хайраар нэгдэн, сайн мэдээг нэгэн зэрэг хашхирвал дэлхийн сайн мэдээг хурдан шуурхай гүйцээх юм.

Үнэн дотор бие биетэйгээ хайраар нэгдэж, эв эетэй байж, Бурханы үг уйгагүй тунхаглацгаая. Христийн хайрыг дэлхий даяар түгээцгээе. Ямар ч найдвар байхгүй амьдарч буй бүх хүнтэй найдвар, баяр баясгалан, Христийн хайрыг их хуваалцаж, Бурханы бидэнд даатгасан дэлхийн сайн мэдээний үүргээ гүйцээж, сүр жавхлант тэнгэрийн оронд хамтдаа орохыг хүсэн залбирч байна.