Хоосон юманд бэдрэх хүмүүний амьдрал

11,548 үзэлт

Библид бидний амьдралыг удалгүй алга болох өглөөний шүүдэр мэт хэмээн дүрсэлсэн байдаг. Бурханы баттай айлдал ёсоор өнгөрсөн амьдралаа эргээд нэг харвал цаг хугацаа нээрээ л хурдан өнгөрөх юм.

Сионы гэр бүлүүд та бүхэн хүний амьдрал хичнээн хоосон, утгагүй байсаар замхран оддогийг бодож үзэнгээ тус бүрд тань өгөгдсөн цаг хугацаанд Бурханы бидэнд даалгасан жинхэнэ ирээдүйтэй ажлын төлөө хичээл зүтгэл, чин сэтгэлээ зориулахыг хүсэж байна. Хоног өдрийг хоосон юмнаас зуурч элээх дэмий хоосон амьдралаар бус, мөнхийн тэнгэрийн хаанчлал байгааг Библиэс судлаад, сэтгэл дэх амьд найдвараа шинэчлэх ивээлтэй цаг болгоорой.

Маргаашаар бүү сайрх

Нэгэн загасчин далайн эргээс санаандгүй Алладины шидэт дэнлүү олжээ. Дэнлүүг илтэл аварга хүн гарч ирээд, нэг хүслийг чинь биелүүлж өгье гэв. Загасчин нэг жилийн дараах сонинг авчирч өгөөч гэж гуйв. Тэрээр сонингоо аваад, ямар хувьцаа авч тавивал их мөнгө олж, баяжих бол хэмээн хувьцааны ханш судалж үзэв. Гэвч жаргалтай гэгч нь сонины нүүрүүдийг энэ тэндээс нь эргүүлж тойруулан уншиж байснаа хэсэг хугацааны дараа ихээхэн цочролд оров. Уг сонины эмгэнэл илэрхийлдэг буланд өөрийнх нь нэр нийтлэгдсэн байжээ.

Жилийн дараах ирээдүйг харж хувьцаанд хөрөнгө оруулалт хийж, ихээхэн мөнгө олохыг хүссэн боловч нас барагсдын тухай мэдээнд нийтлэгдсэн өөрийнхөө нэрийг хараад гэнэт царай нь хувьсхийж орхив. Хүмүүн бидний амьдрал ийм л аж.

Энэхүү загасчин шиг бидний эргэн тойронд гэнэт өөд болсон хүмүүс их байдаг. Тавь ч хүрээгүй хошин шогийн жүжигчин дасгал хийснийхээ дараа гэнэт нас барсан талаар мэдээгээр хэсэг шуугиж байсан удаатай. Ердөө хэдхэн хоногийн өмнө л бидэнтэй нэг орон зайд хамт амьсгалж, цаашид Америкт очиж ирээдүйгээ цэцэглүүлнэ хэмээн хүсэл мөрөөдлөөр оволзож байсан хүн гэнэтийн үхэлтэй нүүр тулгарсан байв. Ийм юм хэнд ч тохиож мэднэ. Үхэл өмнө нь зогсож байхад хүмүүс үхлийг танихгүй, ертөнцөд олон ажил төлөвлөсөөр л байдаг.

“Маргаашаар бүү сайрх. Маргааш юу авчрахыг чи үл мэднэ.” Сур.Үгс 27:1

Хүн цагийн дараа болох хэргийг ч урьдчилан харж чаддаггүй. Урт удаан амьдарч ч мэднэ, үгүй ч байж мэднэ. Мэс засалд орж байгаад эсвэл биеийн тамирын дасгал хийж байгаад гэнэт амьсгал хураах нь ч бий. Мөн зам гарч байгаад л ирж яваа машинд мөргүүлэн үхэлтэй учрах нь бий.

Бас янз бүрийн байгалийн гэнэтийн үзэгдэл, элдэв янзын гамшгаар амиа алдаж ч болно. Гадаадад аадар борооны улмаас уулын нуранги үүсэж, шөнө унтаж байсан нэгэн тосгоны иргэд бүгдээрээ шороон нурангинд амьдаараа булагдсан харамсалтай хэрэг гарч байсан. Ийм явдал ганц нэгээр дуусахгүй байнга л гарч байдаг. Тиймдээ ч Бурхан “Маргаашаар бүү сайрх” хэмээсэн билээ.

“Тэр тэдэнд сургаалт зүйрлэлээр ингэж ярилаа. —Нэгэн баян хүний газар нь маш үржил шимтэй байжээ. Тэр хүн “Ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг билээ?” гэж эргэцүүлээд “Миний хийх зүйл гэвэл амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгөө хадгална. Тэгээд би амьхандаа «Амь гол минь, чамд олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа, ид, уу, зугаац» гэж хэлнэ дээ” гэсэнд харин Бурхан түүнд “Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” гэж айлджээ. …” Лук 12:16-21

Мунхаг баян өөрт нь урт удаан амьдрал байгаа мэт санаж, их эд хөрөнгө хураагаад, цаашдаа санаа амар, тансаг сайхан амьдарна гэсэн бодолтой байв. Амттай юм ханатлаа идэж, сайхан байшин барина гээд мөрөөдөлдөө умбаж байтал тэр шөнөдөө үхэх болсон нь үнэхээр харамсалтай гэхээс өөр юу гэхэв. Бурхан дотор байдаг хүмүүст үхэл нь нойрсолт бөгөөд хэсэг хугацаанд амрах байдал юм. Харин тийм биш хүнд бол үхэл нь мөнхийн сүйрэл ба шийтгэл гэсэн үг.

Хүний амьдрал ийм л байдаг болохоор Есүс энэ мэтчилэн сургаалт зүйрлэлээр сургамжилж, нэг өдрийн өмнө ч болов хурдан гэмшиж, тэнгэрийн хаанчлалд орох бэлтгэлээ хийгээрэй хэмээн айлдсан. “Маргаашаар бүү сайрх” гэсэн үгийн цаана үргэлж мөнх аминд бэлтгэж амьдар гэсэн Бурханы хүсэл оршиж байдаг.

Тэнгэрийн хаанчлалд бэлтгээрэй

“Тэр цагаас эхлэн Есүс —Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж тунхаглаж эхлэв.” Мат 4:17

Хүн хормын дараахыг ч урьдчилан харж чаддаггүй, барьцгүй амьдралаар амьдардаг болохоор Бурхан ийм л хүн төрөлхтнийг өрөвдөн аврахын төлөө хүн болж энэ газарт ирсэн билээ. Тийнхүү тэнгэрийн хаанчлал айсуй тул гэмшихийг анхааруулж, гэмшихийг нь хүсдэг бөгөөд тэнгэрийн хаанчлалд оръё гэвэл заавал мөнх амийн биеэр орох ёстойг зааж өгсөн юм.

“Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх амь өөд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. … Есүс тэдэнд —Амийн талх бол Би байгаа юм. Над уруу ирдэг нь өлсөхгүй, Надад итгэдэг нь хэзээ ч цангахгүй. … Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. Миний мах жинхэнэ хоол, Миний цус жинхэнэ ундаа мөн. …” Иох 6:27-58

“Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй” хэмээсэн Есүс хүн төрөлхтөнд мөнх амь өгөхийн тулд мөнх амийн хоолыг авч, энэ газарт ирсэн. Өөрөө амийн талх болж, үхэхээс өөр аргагүй хүн төрөлхтөнд Өөрийн мах ба цусаар мөнх амь амласан юм.

Есүсийн мах ба цус юу болохыг зааж өгсөн сургаал Алгасал баярын үнэн дотор байдаг.

“… Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:17-28

“Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. … Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.” Лук 22:14-20

Шавь нар нь Есүсийн зааварласнаар Алгасал баярт бэлдсэн бөгөөд мөн Есүс Алгасал баярыг сахих сан гэж ихэд хүссэн гэсэн нь бидний итгэлийн хувьд Алгасал баяр хичнээн чухал үнэн болохыг хангалттай ойлгож болох юм.

Алгасал баярын талхыг Есүс Өөрийнхөө бие, Алгасал баярын усан үзмийн дарсыг гэрээний цус минь хэмээн айлдсан. Энэ амлалт бол Бурханы шинэ гэрээ билээ. Бурхан Алгасал баярыг шинэ гэрээ хэмээн тунхаглаад, Есүсийн мах, цусыг бэлгэддэг Алгасал баярын талх, усан үзмийн дарсыг идэж уусан хүнд мөнх амь өгнө гэдгээ амласан юм.

Библид шинэ гэрээгээр дамжуулан мөнхийн тэнгэрийн өвийг өгнө гэсэн амлалт бий (Евр 9:15-17). Мөнх амьтай хүмүүсийн явах газар нь тэнгэрийн хаанчлал бөгөөд мөнх амь авч чадаагүй хүмүүсийн явах газар нь там. Библид бидний явах ёстой газар ба явж болохгүй газрыг шинэ гэрээний Алгасал баяраар нэг мөр болгосон юм.

Үхлээр төгсөх амьдрал ба мөнхөд үргэлжлэх амьдрал

Бидэнд зориулан Бурханы бэлдсэн тэнгэрийн хаанчлалын талаар бага зэрэг судалж үзье. Илчлэл номын 21-р бүлэгт сүр жавхлант тэнгэрийн орон дүрслэгдсэн байдаг.

“Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. … Бурхан Өөрөө тэдний дунд байж [Бурхан нь болно]. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ. … Хотод гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлэх бөгөөд дэнлүү нь Хурга байлаа. … Аливаа бузар ба жигшүүрт зүйл үйлддэгсэд, худал хуурмаг нь хэзээ ч тийшээ орохгүй. Харин зөвхөн Хурганы амийн номд нэрс нь бичигдэгсэд л орох ажгуу.” Илч 21:1-27

Дахин хэлбэл үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй тэнгэрийн орон бол мөнхийн мөнхөд баяр баясгалан, аз жаргал ундарч байдаг газар юм. Бурханаас эмээж, Түүний тушаалыг амьдралынхаа турш сахисан сайхан итгэлийн эцэст Бурхан мөнхөд эдлэх тэнгэрийн хаанчлалын ерөөл жаргалыг бэлдэж байгаа билээ.

Бурхан Сионд байгаа үр хүүхдүүддээ ямар үзэсгэлэнтэй, үнэ цэнэтэй амьдрал хайрласан болохыг дараах түүхээс бодож үзэцгээе.

Дэлхийг байлдан дагуулагч Александр их хаан хүүхэд насандаа гүн ухаанч Аристотелийг багшаар залж, гүн ухаан, ёс зүй, улс төр зэрэгт суралцсан ажээ. Нэгэн өдөр Аристотель ханхүү Александраас хожим хаан болбол юу хийхийг хүсэж байгаа талаар нь асуужээ.

“Хамгийн түрүүнд Бага Азийг эзлэх болно.” Багш нь дахин асуужээ.

“Бага Азийг эзэлчихээд юу хийх вэ?”

“Палестин болон Египетийг эзэлнэ.”

“Тэгвэл түүний дараа юу хийх вэ?”

“Перс болон Энэтхэгийг эзэлнэ.”

Ханхүү түгдрэлгүй хариулж байлаа. Аристотель дахиад асуужээ. Аристотель дахиад асуужээ.

“Перс, Энэтхэгийг бүгдийг нь эзэлсний дараа юу хийх вэ?”

Тэгтэл Александр ийнхүү хариулжээ.

“Тэр үед би ч үхчих байлгүй дээ.”

Хорвоод ховорхон заяах эд баялаг, эрх мэдлийг цогц эзэмшсэн баатрын хариулт ийн үхлээр дуусжээ. Магадгүй бүх хүний хариулт ижилхэн байх биз. Түүний дараа юу хийх вэ? гэсэн асуултанд үхлээс өөр дүгнэлт үлдэхгүй. Харин бид өөрсдөдөө адилхан асуулт тавиад үзье.

“Бурханы хүүхдээр дахин төрсөн сайн мэдээний үйлчлэгчийн хувьд юу хийхийг хүсэж байна вэ?”

“Сайн мэдээгээр Бага Азийг эзлэхийг хүсэж байна.”

“Дараа нь юу хийхийг хүсэж байна?”

“Сайн мэдээгээр Палестин болон Египет, Перс, Энэтхэгийг эзэлнэ.”

“Тэгээд дараа нь?”

“Дэлхий даяар сайн мэдээ дэлгэрүүлэхийг хүсэж байна.”

“Тэгээд дараа нь?”

“Тэр үед би тэнгэрийн хаанчлалд орсон байна биз.”

Александр цэрэг зэвсгийн хүчээр дэлхийг эзлэхийг мөрөөдсөн бол бид сайн мэдээгээрээ дэлхийг аврахыг мөрөөдөн ажиллаж байна. Ертөнц дахин Александр шиг хүнийг агуу гэх боловч түүний төгсгөлийн үгийг өөрсдийнхөө төгсгөлийн үгтэй харьцуулаад харъя. Амьдралын сүүлчийн мөчид тулж очиход үхнэ гээд дуусчих хариулт хийгээд мөнхийн тэнгэрийн орон хүлээж байгаа гэсэн хариултын хооронд хичнээн их ялгаа байна вэ?

Бусдын атаархлыг төрүүлэм эрх мэдэл, эд баялаг эдэлдэг хүн ч хүртэл сүр хүч, байр суурь, сүр жавхлан нь удаан үргэлжлэхгүй. Ертөнцийн хүмүүст бол үхэл нь төгсгөл юм. Харин бидэнд бол төгсгөл гэж үгүй. Дэлхий дахин сайн мэдээгээр дүүрвэл түүний дараа үзэсгэлэнтэй мөнхийн тэнгэрийн хаанчлал хүлээж байгаа. Бүх хүнд үхлээс өөр хариулт үлдэхгүй боловч бидэнд мөнхөд эдлэх мөнхийн тэнгэрийн орон байгаа болохоор бид үргэлж баяртай байж, үнэн рүү хөтөлж өгсөн Бурхандаа мөнхөд талархах ёстой юм.

Хүний амьдралын хүрч очдог үнэн зам

Библид Соломоны бичсэн Номлогчийн үгс ном нь эцэстээ үхлээр дуусдаг хоосон амьдралын талаар сайтар тайлбарласан байдаг.

“Иерусалим дахь хаан, Давидын хүү, Номлогчийн үгс оршвой. Номлогч, “Хоосноос хоосон агаад хоосны хоосон, бүгд хоосон ажээ” гэнэ. Наран доор зүтгэх хүмүүний хамаг зүтгэл өөрт нь ямар ашигтай юм? … Хамаг юм амаргүй, хамж хэлж барахгүй, харах нүд ханахгүй, чагнах чих дүүрэхгүй. …” Ном.Үгс 1:1-10

Ертөнцөд эрх мэдэл, сүр жавхлан, эд баялаг бүгдийг эдэлж үзсэн Соломон амьдралынхаа сүүлчийн жилүүдэд Номлогчийн үгс номыг тэмдэглэнгээ хүмүүсийн дуртай бүхий л зүйлийг өөрөө биеэрээ эдэлж үзэхэд бүгд хоосон байсан агаад өөрт нь ашигтай зүйл юу ч байсангүй хэмээжээ.

Александр хааны хувьд ч мөн адил байв. Тэрээр хаан ширээнд суугаад дорнын нутгаар дайлаар мордон, олон улс орныг эзэлсэн боловч буцаж ирэх замдаа халуун чичрэг өвчин тусаад 33 хэмээх ид залуухан насандаа үхэлтэй нүүр учирчээ. Тэгтлээ олон хүний амь бүрэлгэж, олон юм булаан авч, насныхаа хүсэл мөрөөдлийг биелүүллээ гээд ямар утга учир байх билээ? Дайсны нум сум, жаданд хэзээ амиа алдахаа мэдэхгүй аймшигт дайны талбараар явж байгаад эцэс сүүлд нь өвчинд нэрвэгдэн, цэл залуугаараа насан эцэслэсэн түүний амьдралыг харахад бүгд хоосон, ямар ч ашиггүй байв.

Бурхан биднийг дэмий хоосон бүтээгээгүй. Харин хүмүүс л Бурханы хүслийг ойлгохгүй байснаас хоосноос хоосон зүйлд сөхөрч амьдарч байгаад эцэстээ утгагүй хоосноороо үхлийг угтдаг юм.

Соломон Номлогчийн үгс номын сүүлийн хэсэгт хоосон биш амьдралаар амьдарч болох нууцыг зааж өгсөн байдаг.

“Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, амь амьсгаа нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажээ. Номлогч хэлэхдээ “Хоосноос хоосон бөгөөд бүгд утгагүй” гэв. … Энэ бүхнийг дүгнээд, сонордуулахад Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна. Сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юм бүрийг, бүх үйлсийг Бурхан шүүлтэд аваачих болно.” Ном.Үгс 12:7-14

Амьдралд хамгийн ерөөлтэй, утга учиртай ажил бол Бурханаас эмээж, тушаалыг нь дагах явдал юм. Номлогчийн үгс ном бидний амьдрал хоосноос хоосон, утгагүй зүйл гэж эхлээд, Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагах нь хүн бүхэнд хамаарна гэсэн үгээр дууссан байдаг.

Бурхан байх хэрэгтэй. Бурхан оршиж байж л Бурханы дотор аз жаргалтай байж чадах бөгөөд тэгж эс чадваас бүх зүйл хоосон аж. Мөнгө ч, эд зүйл ч, өөр бусад юу ч байсан хүнд жинхэнэ аз жаргал авчирч чадахгүй. Зөвхөн ертөнцийг бодож амьдардаг хүмүүс тэрхүү хоосноос хоосон зүйлээсээ зуурч, насан турш хоосон юманд боолчлогдож байгаад “үхэл” хэмээх хөөрхийлөлтэй төгсгөлтэй учрахаас өөр аргагүйд хүрдэг.

Харин Сионд орж ирээд Бурханаас эмээж, Түүний бүх тушаал, сургаалыг дагаж, хичээх амьдрал нь огтхон ч хоосон биш. Мөнхийн тэнгэрийн хаанчлалын нутагтаа буцах баттай нигүүлсэл шинэ гэрээгээр өгөгдсөн байдаг тул ирээдүй маань найдвартай. Хоосон биш ажил хийж байгаа тул бид жинхэнэ үнэн хийгээд үзэсгэлэнтэй амьдралаар амьдарцгааж байна.

Тэнгэрийн орны төлөөх хоосон биш хөдөлмөр

Ингэхлээр бид Бурхантай учирсан нь үнэхээр сайн хэрэг болж дээ гэсэн бодол төрдөг. Бид Бурханы бэлдсэн яруу алдрын замыг нигүүлслээр ухаарч, энэ зам руу орж ирсэн. Харин ертөнцийн олон хүн одоо ч хоосноос хоосон замыг сонгосоор л байна.

Үүнд харамссан Эх Бурхан маань дэлхийн бүх үндэстэнд хоосон амьдралын замыг биш, нүглээ уучлуулж өөрчлөгдөөд, мөнхийн тэнгэрийн хаанчлал явах үзэсгэлэнт амьдралын замыг сонгуулахаар “Ирээрэй” хэмээн урилга илгээж байгаа билээ. Тэрхүү урилгыг аваад олон эш үзүүлэгч улс орон бүрд очоод хичээнгүй тунхаглаж байна. Мөн Бурхан дэлхийн олон хүний нүд чих хийгээд сэтгэлийн үүдийг нээн өгч байгаа тул тун удахгүй тэнгэрийн доорх улс орон бүрээс бүх үндэстэн Иерусалим Эхийн энгэрт цутган ирэх болно.

Тэнгэр Эцэг Эх биднийг энэхүү төгөлдөр сайхан амьдралаар амьдруулах гэж хөтөлж байна. Ертөнцийн хүмүүс хоосон амьдралын замыг сонгож байхад үнэхээр үзэсгэлэнтэй амьдралын замыг сонгосон бид дэлхийн бүх хүнд энэхүү сайхан мэдээг дэлгэрүүлье. Тэгээд ертөнцийг сайн мэдээжүүлэн, бүгд хамтдаа мөнхийн тэнгэрийн хаанчлалын замаар явцгаая. Ертөнцийг авар гэсэн тушаалыг аваад, хоосон биш үйлсэд зүрх сэтгэл, оюун ухаанаа бүрэн дайчлах Сионы хүүхдүүд болохыг хүсэж байна.