“Өөрийг минь” тусган харуулдаг толин тусгал мэдрэлийн эс

13,172 үзэлт

“Хайч, чулуу, даавуу” тоглохоор яагаад голдуу хайнцаад байдаг юм бол? Яагаад өөрийн мэдэлгүй гялс яг адилхан дүрс гаргадаг юм бол?

Энэ тухайд Английн Лондонгийн их сургуулийн тархи, мэдрэлийн шинжлэх ухааны эрдэмтдийн баг нэгэн хөгжилтэй туршилтын үр дүнг нийтэлжээ. Тэд оролцогчдыг хоёулангийнх нь нүдийг боож, бас зөвхөн нэг хүнийх нь нүдийг боох зэргээр “хайч, чулуу, даавуу” тоглуулсан байгаа юм. Хоёулангийнх нь нүдийг боох үед хайнцах хувь 33% байсан нь тоон магадлалтай тохирч байв. Харин зөвхөн нэгнийх нь нүдийг боосон үед 36% болж өссөн байгаа юм. Энэ туршилтаар нүдийг нь боогоогүй оролцогч нүдээ боосон хүнийг дуурайсан хандлага ажиглагдсан аж.

Иймэрхүү зүйл хүний өдөр тутмын амьдралд тохиолдож байдаг. Ангид хэн нэг нь эвшээхэд бусад оюутнууд бас халдварласан мэт хамт эвшээгээд унадаг. Өөд өөдөөсөө харан ярилцах үед нэг нь эрүүгээ тулах юм уу эсвэл байрлалаа өөрчлөхөд нөгөө хүн нь өөрийн эрхгүй адилхан үйлдэл хийж дуурайдаг байна. Заримдаа нэг их инээдтэй биш байхад ч хэн нэгэн чанга чанга инээх юм бол дагаад инээдэг дээ. Иймэрхүү зүйл яагаад болдог юм бол?

Мэдрэлийн сэтгэл судлаач Риззолатти санаандгүй байдлаар толин тусгалын мэдрэлийг олж илрүүлжээ. Нэрнээс нь харахад толин тусгалын мэдрэлийн эс нь ажиглагч хүн өөрөө үйлдэж байгаа мэт нөгөө хүнийхээ байдлыг тусгадаг мэдрэлийн эс юм. Түүний удирддаг Италийн Пармагийн их сургуулийн судалгааны баг урд гараараа обьекттэй харьцах үедээ үйл хөдлөлөө тохируулж буй нохой сармагчингийн тархины мэдрэлийг судалжээ.

Туршилтаар судалгааны багийнхан сармагчин урд гараа сунгаж хоол хүнс шүүрэхэд идэвхтэй болдог тархины мэдрэлийн эс олж илрүүлсэн байна. Харин гайхалтай нь судлаачийг хоол хүнс шүүрч авахыг хараад өнөөх сармагчны мэдрэлийн эс нь мөн л хоол шүүрч авсан үе шигээ идэвхтэй болж байжээ. Энэ нь толин тусгал мэдрэлийн нөлөө юм. Судлаачийн үйлдлийг ажиглаж байсан сармагчин өөрийгөө тийм үйлдэл хийж байна гэж мэдэрч байсан учраас тэр аж.

Хүний тархин доторх мэдрэлийн эсүүд тус тусдаа судлагдах боломжгүй аж. Тиймээс тархи хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг харах үүднээс функциональ соронзон резонансын дүрс (fMRI) ашигладаг байна. Улмаар хүний тухайд ч мөн тодорхой нэг үйлдэл хийх үед, мөн тэр үйлдлийг хэн нэгэн хийх үед тархины ижил хэсэг идэвхждэгийг үүний үр дүн харуулжээ. Иймээс мэдрэлийн сэтгэл судлаачид хүнийг ч мөн толин тусгалын мэдрэлийн эстэй гэж таамагладаг байна. Гэсэн хэдий ч хувь хүний мэдрэлийн эсийг үзэх хэцүү учраас хүний тухайд толин тусгалын мэдрэлийн эс гэхээсээ толин тусгалын мэдрэлийн систем байдлаар авч үзэх нь илүү зохистой, үндэслэл сайтай юм.

Шведийн мэдрэл судлаач эрдэмтэн Димберг жирийн нэгэн туршлагаар хүний толин тусгалын мэдрэлийн системийг харуулсан байдаг. Тэрээр нүүрний хувирал бүхий өөр өөр олон зургуудыг оролцогчдод харуулаад, тухайн зургаа харж байх үедээ аль болох нүүрний хувирал гаргахгүй байхыг хүсжээ. Тэгээд тэрээр судалгаанд оролцогчдын нүүрний булчин хэрхэн өөрчлөгдөж байгааг ажигласан байна. Аз жаргалтай баяр хөөртэй царай төрхийг 0,03 секунд дэлгэцэнд харуулахад хүмүүсийн царайд инээмсэглэлийн булчин нь хөдөлж байж. Үүнтэй адил хөмсөг зангидсан ууртай зураг харуулбал хөмсөгнийх нь булчин бага зэрэг хөдөлж байлаа. Тухайн зураг ямархуу зураг байсныг нь ч таних амаргүй тийм богино хугацаанд үзүүлсэн байхад л оролцогчид зураг дээрх нүүрний хувирлыг өөрийн эрхгүй дагаж байжээ.

Дээрхтэй төстэй өөр нэгэн туршилт толин тусгалын мэдрэлийн систем болон сэтгэл хөдлөл хоёрын хоорондын харилцааг харуулсан. Энэ туршилтанд оролцогчдод нүүрний хувирал нь өөр өөр зураг үзүүлээд, тархийг нь fMRI-д харах байлаа. Сонирхолтой нь муухай үнэр үнэртэж, тавгүйрхсэн хүний зургийг хараад оролцогчдын эвгүй үнэр үнэртэхэд хариу үйлдэл үзүүлдэг тархины хэсэг мөн адилхан идэвхжсэн байна. Ердөө хэн нэгний царайг хараад л тухайн тохиолдлыг болон түүнд хамааралтай сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрсэн хэрэг.

Уг судалгааны үр дүнд харуулснаар толин тусгалын мэдрэл нь зан авир, үйл хөдлөл төдийгүй сэтгэл хөдлөлд бас нөлөө үзүүлсэн байна. Адил мэдрэх, өрөвдөх гэдэг нь бусдын мэдэрснийг ойлгож, харилцан хуваалцах чадвар юм. Английн өрөвдөх, адил мэдрэх буюу “empathy” гэх үг нь “em” буюу “дотор”, “pathy” буюу “мэдрэмж” хэмээх хоёр үгийн нийлэмж бөгөөд тухайн хүний сэтгэл рүү өнгийх гэсэн утгатай байна. Тийм учраас адил мэдэрнэ гэдэг нь толин тусгалын мэдрэлтэй тун ойр хамааралтай гэсэн үг юм.

Хэн нэгэн зүүнд хатгуулахад бид өөрсдөө хатгуулсан юм шиг өвдөлт мэдэрч, ярвайж хөмсөг зангиддаг. Бидэнд бусдыг гэсэн өвдөлт мэдрэмж байж болдгийн шалтгаан энэ юм. Бидний тархинд байдаг толин тусгалын мэдрэлийн тогтолцооны ачаар л бид өмнө нь хийж байгаагүй үйлдлээ хараад дуурайж, бусдын сэтгэл хөдлөлийг адилхан мэдэрдэг аж.

Толин тусгалын мэдрэлийн эс нь үйл хөдлөл хариуцдаг тархины хэсгүүдэд нь ихэнхдээ олддог сармагчны тухайд тэд зөвхөн ердийн үйлдлийг л дуурайна. Эсрэгээрээ толин тусгалын мэдрэлийн систем ч мөн хүний сэтгэл хөдлөлийг дэмжиж байдаг лимбик системтэй холбоотой байдаг байна. Бид өөр хүний нүүрний хувирлыг харах үед толин тусгалын мэдрэлийн тогтолцоо ажилладаг учраас хүн өөрийн эрхгүй дуурайдаг байна. Толин тусгалын мэдрэлийн тогтолцоо ажиллах үед үүнтэй холбоотой байдаг лимбик систем бас идэвхтэй болж, улмаар бусад хүний мэдэрсэнтэй адилханыг мэдэрдэг аж. Тиймээс толин тусгал мэдрэлийн системээс үүдэлтэй үйлдлүүдийг дуурайдаг тул адил мэдрэх нь боломжтой байгаа хэрэг.

Толин тусгалын мэдрэлийн систем суралцахад ихээхэн нөлөөтэй. Хүүхдүүд бусдыг дуурайж шинэ үйл хөдлөл сурдаг. Нярай хүүхэд хүний нүүрний хувирлыг дуурайх эсвэл ээж нь хүүхдээ хооллох гээд “Аа” гээд амаа том ангайхаар хүүхэд нь бас амаа ангайдаг байна. Үүгээр бид дуурайх ба сурах хоёрын хоорондын харилцааг амархан ойлгож болохоор байна. Нярай хүүхэд ээжийнхээ үйлдлийг дуурайх үед ээж нь ч мөн хүүхдийнхээ үйлдлийг дуурайж, улмаар эх үр хоёр нэг нэгтэйгээ сэтгэл санааны харилцаа бий болно.

Толин тусгалын мэдрэлийн системийн үйл ажиллагааны хүч эрэгтэй хүнээсээ эмэгтэй хүнд илүү идэвхтэй байдаг төдийгүй гэр бүлийнхэн, найз нөхөд, танил тал, танихгүй хүмүүс гээд харилцааны ойр дотно байдлаар эрэмбэлэгдэнэ. Энэ үүднээс харах юм бол толин тусгалын мэдрэлийн тогтолцоо нь эх үрийн хоорондын харилцаан дээр бүр ч илүү ач холбогдолтой аж. Өөр хэн нэгнээс илүү эх үрийн хоорондын холбоо ойр дотно учраас хүүхдээ өвдөхөөр эх нь бүр ч илүү шаналж өвддөг байна.

Тархиараа дамжаад бусад хүний үйл хөдлөл, сэтгэл хөдлөлийг мэдрэх нь зөвхөн хүнд л байдаг ер бусын чадвар юм. Ердөө толинд өөрсдийгөө харж байгаа юм шиг л эргэн тойрныхоо хүмүүсийн толин тусгалын мэдрэлийн системээр өөрсдийгөө тусгаж авцгаая. Тэдний нүүрэн дэх аз жаргал, инээмсэглэл бол тэдний толин тусгалын мэдрэлийн системээр дамжин тусаж байгаа бидний өөрсдийн маань аз жаргал, инээмсэглэл юм шүү. Тархин дотор маань өөрсдийгөө тусгаж харах толь байгаагийн учир шалтгаан бол биднийг бусдаар дамжуулан өөрсдийгөө олж хараасай гэж хүсдэг Бүтээгчийн хүсэл ч байж мэдэх юм.

Эх сурвалж
Ryu In-gyun, Empathy, the Key to Open the Heart (in Korean), Donga Ilbo, March 19, 2013
Won Ho-seop, Why Do We Often Draw When We Do Rock-Paper-Scissors? (in Korean), Donga Science, July 26, 2011
Lee Jeong-mo, The Reason We Can Make Others Imitate Us (in Korean), KISTI Science Scent, April 9, 2007
Neurology Research Team, Crossing the Limits of Neuroscience (in Korean), Bada Publishing Co., 2012
Choi Hyeon-seok, Human’s All Emotions (in Korean), Seohaemunjib, 2011