Эхийн хайр

26,862 үзэлт

Бид Бурханы хайрыг зөв ухаарахгүй бол үргэлж баяртай байж, Бурханд талархал, яруу алдар өргөдөг итгэлийн ивээлтэй амьдралаар амьдарч чадахгүй.

2000 жилийн өмнө элч нар загалмайд нас барах хүртлээ золиослогдсон Есүс Христийн хайрыг ухаарсны дараа Түүний тухай сайн мэдээг дэлхийн олон хүнд хурдтайгаар тараасан юм. Өнөө үед бид ч мөн адил тэнгэр Эхийн хайр, тэнгэр Эцэгийн хүслийг зөв ухаарч гэмээнэ алдагдсан гэр бүлүүдээ Сион руу үтэр түргэн хөтлөх юм.

Эхийн эцэс төгсгөлгүй хайр, золиос

Эрт үед хүнд өвчний улмаас зовсон хүүтэй нэгэн ээж байж гэнэ. Тэр эх хэд хоногийн турш хүүгээ асрахад өөрийгөө зориулж байв.

Нэг өдөр аянчин тэднийхээр дайрч аяга ус гуйв. Тэр эмэгтэй өнөөх хүнд ус, хоол хүнс авчрахаар гал зуух руугаа орлоо. Буцаж иртэл өнөөх аянчин хайртай хүүг нь авч явсан байлаа.

Тэр ихэд гашуудан уйлж, хүүгийнхээ нэрийг дуудан галзуу юм шиг л хашхирч, хаа сайгүй хайж эхлэв. Шөнийн харанхуй ч нөмрөв. Хүүгээ алдсан эх үнэхээр бачимдан, байж ядан байлаа. Хүүгээ хайж олох оволзсон их сэтгэлээр тэр алхсаар байлаа. Гэнэт хөл алдан нэгэн том нууранд унажээ. Нуурын савдаг эхийг хараад “Хэрэв чи надад болор шиг тунгалаг хоёр нүдээ өгвөл би чамд нуур гатлахыг зөвшөөрье” гэжээ.

Алга болсон хүүгээ олох чин хүсэлтэй эх юм ч бодох сөхөөгүй хоёр нүдээ ухаж түүнд өгөөд, нуур гаталж чадлаа.

Хараагүй болсон ч тэр эх хөлийнхөө аясаар алхаж байв. Явсаар л байлаа. Харамсалтай нь тэрээр уулын хавцал руу доош унав. Тэнд нь өргөст бут таарлаа. Бүхий л бие нь өргөст хатгуулж шалбаран урагдаж, цусаар бүрхэв. Тэгээд өргөст бутыг нэвтрэн гарахыг хүсэж, яаж ч тэмцсэн гэтэлж чадсангүй. Тэгтэл өргөст модны сахиус түүнийг хараад “Энэ хүйтэн жаварт миний бие хөлдчихлөө. Би эхийн сэтгэл хамгийн нөмөр нөөлөг гэж сонссон юм байна. Хэрэв чи намайг тэвэрч халуун сэтгэлээрээ хөлдсөн биеийг минь гэсгээж хайлуулбал би чамайг энэ өргөст бутнаас гэтлүүлье” гэжээ.

Эх дотроо тэр газрыг туулж л байвал хүүгээ олно хэмээн бодож, модны сахиусын гуйлтыг биелүүлэв. Хүйтэн салхи шуурч, цасан шамарга тавьж байлаа ч эх уг хөлдүүс болсон өргөст модыг халуун сэтгэлээрээ тэвэрсээр байлаа. Бүх бие нь өргөст хатгуулан урагдаж, цус нь гоожсон хэдий ч цээжиндээ наан, элгэндээ тэвэрсээр л. Учир нь сахиус дулаацахгүй л бол өргөст бутыг нэвтэлж, хүүгээ хайж чадахгүй билээ.

Нэлээд удсаны эцэст модны сахиус аажим аажмаар дулаацаж, жавартай өвлийг эс ажран нахиагаа соёолуулжээ. Тэгээд шигүү өргөст бутыг сийрүүлэн эхэд зам гаргаж өглөө. Шархдаж сэмэрсэн биетэй тэрээр арайхийн өргөст бутнаас холдон, замд яарч эхлэв. Тэр эх сохор гэдгээ ч, өргөст бутанд хатгуулан урагдаж шархдсанаа ч үл хайхран, хүүгээ дуудан алхсаар л байв.

Хэсэг хугацааны дараа нэгэн оршуулгын газарт тулж ирэв. Гэтэл оршуулгын газрын эмгэн шулам түүнд зогсохыг тушаалаа. Шулам их хөгшин муухай зүстэй, хүмүүс хараад айж сүрдмээр байв.

Тэр “Чи миний зөвшөөрөлгүй явж болохгүй. Хэрэв чи надад өөрийн залуу нас, гоо үзэсгэлэнт төрхийг өгвөл би чамайг явуулна” гэв.

Хайрт хүүгүйгээр үзэсгэлэн гоо, залуу байх ч утгагүй хэмээн бодож, эмгэнд залуу насаа өгч түүний аймшигтай дүр төрх, хөгшин царайг өөртөө авав. Тэгээд байгаа бүхнээ алдаж, өөрийн биеэ бүрэн золиосолсны эцэст хайж байсан хайртай хүүгээ олж уулзсан ажээ.

Энэхүү эртний түүх нь эхийн хайр золиосыг бидэнд нэлээдгүй ухааруулж байна. Эхийн хайр бол ямар ч нөхцөл, болзолгүй хайр. Тиймээс ч бүх хүн эхээ хайрлах сэтгэлийг тээж төрдөг юм.

Бурханы бүтээсэн бүх бүтээлд эхийн хайр шингэсэн

Зөвхөн “ээж” гэдэг үгийг хэлэхэд л хоолой зангирч, нулимс цийлэгнээд ирдгийн учир нь эхийн энэ мэт золиосын хайртай холбоотой. Бүх хүн эх гэдэг нэгнийг хайрладгийн учир нь хайр гэгчийг эхээс ойлгож сурдаг юм.

Бидний сүнсний Эцэг, Эх үргэлж бидэнтэй хамт байж цөхрөлтгүйгээр хайрлаж байна. Харин Эцэг, Эх Бурханы бидэнд үзүүлж байгаа агуу их хайр золиосыг бид ухаарч чадахгүй бол хэрхэх билээ? Бид тэр их хайрыг бусдад дамжуулж ч, эцэс хүртэл золиосын замаар нь дагаж ч чадахгүй.

Шинэ гэрээ нь Бурханы хайрыг чухалчилдаг юм. Ямар ч үнэгүйгээр тэнгэр Эх минь бидэнд золиосын хайраа өгсөн. Бид тэнгэр Эхийнхээ ямар ч болзолгүй, дуусашгүй тэр хайрыг ойлговол шинэ гэрээний замд хүрлээ гэсэн үг. Хүүхдүүдээ гэсэн махан биеийн эцэг, эхийн хайраар дамжуулан Бурхан тэнгэр Эцэг, Эхийн хайрыг бага ч атугай мэдрүүлж өгсөн юм.

“… Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжиж ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул…” Ром 1:18-20

“… Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь тогтоогдсон бөгөөд бүтээгдсэн юм гэх ажээ.” Илч 4:10-11

Бурхан бүх зүйлийг бүтээхдээ Өөрийн хүслийн дагуу бүтээсэн хэмээн айлдсан. Тэгвэл эх хүн яагаад хайраар бялхам дүүрэн байдаг юм бол оо? Яагаад эх хүүхдүүдийнхээ төлөө өөрийгөө зориулж, бүх л зүйл дээр өөрийгөө золиосолдог вэ? Эхийг бүтээсэн Бурханы хүсэл нь юу юм бол?

Алдагдсан хүүгээ олж л чадаж байвал хоёр нүдээ, залуу насаа ч өгдөг нь зөвхөн ээж биш үү. Мөн тийм золиос хайраар тэнгэр Эх минь энэ нүгэлт ертөнцөд ирсэн билээ.

Бүхнээ үр хүүхдэдээ зориулах газар дээрх эхийн хайраас бид сүнсний Эх минь биднийг ямар их хайрладгийг мэдэх боломжтой. Хэн нэгэн та бүхнээс “Ээжийнхээ төлөө өөрийн залуу насаа хөгшин насаар солих уу?” эсвэл “Ээжийнхээ төлөө хоёр нүдээ ухаж өгч чадах уу?” гэж асуувал яах вэ? “Тэгэлгүй яахав!” гэж хариулж чадах уу? Тэгж хариулж чадлаа ч гэсэн яг тийм нөхцөлтэй тулгарвал хэн нь ч тэгж чадахгүй шүү дээ.

Бид Петр болон бусад шавь нар тийм нөхцөлд яасныг сайн мэдэж байгаа. Тэд “Бид Тантай хамт үхэх ёстой болсон ч Таныг үгүйсгэхгүй” гэцгээж байсан. Харин тэд яг үхэлтэй нүүр тулах үедээ яасан билээ? Тэд Есүсийг үгүйсгэж, орхиод явсан биз дээ?

“Есүс тэдэнд —Та нар бүгд бүдэрнэ. … Гэтэл Петр Түүнд —Бүгд бүдэрлээ ч би тэгэхгүй… Гэвч Петр улам баттайгаар —Би Тантай хамт үхэх ёстой болсон ч Таныг үгүйсгэхгүй гэхэд бүгдээрээ бас тэгж хэлцгээв. … Шавь нар бүгд Түүнийг орхин зугтав.” Мар 14:27-50

Энэ нь л хүүхдүүд хэрхэвч эцэг, эхийнхээ төлөө өөрийгөө зориулж чаддаггүйг харуулж байна. Харин ээж аавууд хүүхдүүдийнхээ төлөө юугаа ч золиослох тийм хайраар хайрладаг. Эх тэнгэрийн яруу алдарт сэнтийгээ орхин, алдагдсан хүүхдээ хайн, нүгэлтний хувцас өмсөөд ирсэн юм. Бид сүнсний Эхийн тийм агуу хайр, золиосыг гүн ухаарах ёстой.

Эхийн хайр золиосыг ухаарахгүй бол бидний дунд атаа жөтөө, хэрүүл маргаан гэх мэт Бурханд тааламжгүй зүйл ихэснэ. Харин бид Эцэг, Эхийн хайр золиосыг жижиг зүйл дээр ч ухаарч мэдэрвэл агуу итгэлийг олно.

Эх бидэнтэй хамт байгаа тул бид хайран дотор нь өсөж, аюул ослоос хамгаалагдана. Бид үүнийг мартаж болохгүй бөгөөд цаг үргэлж Эхдээ талархал өргөх ёстой билээ.

Эх хоосон амьдралаар амьдарч байгаа хүүхдүүдээ аврахаар ирсэн

Хэдэн өдрийн өмнө нэг хүн нас барж, оршуулганд нь оролцоод ирсэн хүмүүсээс би сонссон юм. Тэрээр хорт хавдраар өвчилсөн өвчтөн байсан бөгөөд дөнгөж 40 насандаа таалал төгссөн байв.

Түүнийг чандарласан гэнэ. Ажил явдалд нь оролцсон хүмүүс түүнийг ердөө атгахан үнс болоод гарч ирэхийг хараад, энэ газарт хоол хувцас, эд баялаг, нэр хүндийн төлөө яаж шаргуу ажиллаж байсныг нь бодоод, бүх зүйл хоосон байжээ гэж ярилцсан гэсэн.

Тэд үнэхээр махан биеийн бүх зүйл хоосноос хоосон юм гэдгийг ухаарч Бурханыг мэдэж, итгэж байгаадаа маш их талархсан гэсэн. Хүн угаасаа 60, 70 жил амьдарсан ч 20, 30 жил амьдарсан ч нэгэн цагт үхэж, атгахан үнс л үлдэнэ шүү дээ. Тэд устаж муудах махан биеийн төлөө ихэнх хүн шаргуу ажилладгийг бодоод Бурхандаа маш их талархсан гэж байсан.

Хүмүүсийн энэ газар дахь нөр их хөдөлмөрийн ард нас барсных нь дараа ердөө атгахан үнс л үлддэг байх нь. Өөрийн хүүхдүүдийг сэрээж, энэ мунхаг замаар явуулахгүйн тулд Бурхан Библид энэ дэлхий дээрх амьдрал нь хоосноос хоосон гэдгийг тэмдэглэсэн (Ном.Үгс 1:1-10). Бид Бурханаас ийм үнэ цэнэтэй сургаалыг хүлээн авсан. Тэгэхээр бид атга үнс болох утгагүй зүйлсийн төлөө амьдралаа үрэх нь зохистой гэж үү?

Исаиа 53-р бүлгээс энэ газарт хүн болж ирсэн Эцэг, Эхийн дээдийн дээд ариун хайрыг ухаарч, энэ талаар бодож үзэцгээе.

“Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? … Бидний харахаар хэлбэр дүрс, цог жавхлан Түүнд байсангүй. Биднийг татахуйц дүр төрх түүнд алга байв. … Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан, хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ. Бүгдээрээ бид хонь мэт төөрч, бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов. …” Иса 53:1-9

Бидний Эцэг, Эх Бурхан энэ газарт хүмүүсийн төсөөлж байсан төрхөөр ирээгүй юм. Тэд алдагдсан хүүхдүүдийнхээ төлөө Өөрсдийн үзэсгэлэн гоо, залуу насыг өгсөн. Тэнгэр Эхийн одоогийн төрх нь оршуулгын газрын эмгэн шуламд гоо үзэсгэлэн, залуу насаа өгсөн эхтэй л адил юм.

Эх тийн зовсон учраас бид одоо энд байгаа. Тийм байтал бид үүнийг ухаардаггүй. Хэний золиос хайраар Бурханы сүм өнөөдөр ийн хөгжсөн бэ? Энэ дэлхийн ихэнх хүн атгахан үнс болох найдвар байхгүй хоосон амьдралаар амьдарч байхад бид Эхийнхээ хайр, золиосоор л үнэ цэнэтэй бодит амьдралаар баяр хөөртэй амьдарч байна.

Охин бярууны золиосоор цэвэршихийн утга учир

Цаг үе өөрчлөгдөж, хүмүүсийн ёс суртахуун доройтож байгаа ч эхийн хайр өөрчлөгдөшгүй билээ. Хүүхдээ гэсэн болзол нөхцөлгүй эхийн хайрыг устгах юу ч байхгүй. Махан биеийн ээжээр дамжуулан сүнсний Эх хүүхдүүдээ хичнээн их хайрладгийг бид ойлгох нь зүйтэй.

Бурханы бүх хууль тушаалыг мэдэх нь чухал ч, хамгийн гол нь Бурханы агуу хайрыг ухаарч сахих нь чухал. Хэн нэгэн Бурханы хууль тушаалыг мэдэвч хайрыг нь ухаарахгүй бол нүргэлэх харанга, хангинах цан л гэсэн үг (1Кор 13:1-13). Мэдээж Бурханы тушаал үнэхээр чухал. Бурханы тушаалаар дамжуулан Библи бидэнд эцэст нь Бурханы хайр, Эхийн хайрыг заадаг юм.

Хуучин гэрээний бүх шатаалт тахил болон 2000 жилийн тэртээд золиосын тахил ба ялын тахил болж золиослогдсон Эцэгийн төрх нь өнөө үед хүүхдүүдээ хайж аврахаар бүхнээ шатаасан Эх Бурханы төрхийг харуулдаг юм.

Бурхан хүүхдүүддээ гурав дахь өдрийн болон долоо дахь өдрийн мөргөлийг зөвшөөрч өгсөн. Энэ зарлигаар дамжуулан Эх Өөрийн хайр золиосоор бидний сүнсийг ариусгадаг юм. Тэгж байж бид Бурханы ард түмний дундаас таслагдахгүй. Бидний төлөө шатан, Өөрийгөө золиосолж буй Эхийн төрхийг хуучин гэрээний хууль тогтолцоон дундаас судалж үзээд, Бурханы агуу хайрыг ухаарцгаая.

“… “Ямар ч өө сэвгүй, ямар ч согоггүй, буулганд орж байгаагүй ухаагч бярууг та нарт авчрахыг Израилийн хөвгүүдэд хэлэгтүн. Та нар түүнийг тахилч Елеазарт өгөх бөгөөд бярууг хуарангийн гадна авчран, тахилчийн өмнө нядлах болой. Тахилч Елеазар түүний цуснаас хуруун дээрээ аваад, уулзалтын майхны урд талыг чиглүүлэн долоон удаа сүрчих болой. Тэгээд охин бярууг тахилчийн нүдний өмнө шатаана. … Цэвэр хүн охин бярууны үнсийг цуглуулан авч, хуарангийн гадна цэвэр газарт асгана. Үүнийг Израилийн хөвгүүдийн хотол түмний бузрыг зайлуулах усанд зориулан хадгалах юм. Энэ нь нүглийн цэвэршүүлэлт болой. … Аливаа хүний цогцост хүрсэн хүн нь долоо хоног бузартсан байх ажгуу. Тэрээр гурав дахь өдөр ба долоо дахь өдөр өнөөх усаар өөрийгөө цэвэршүүлснээр цэвэр болно. Гэвч тэр хүн гурав дахь өдөр ба долоо дахь өдөр өөрийгөө эс цэвэршүүлэх аваас цэвэр болохгүй. Үхсэн хүний цогцост хүрээд өөрийгөө цэвэршүүлээгүй аливаа хүн ЭЗЭНий асрыг бузарлана. Тэр хүн Израилиас таслагдах ёстой. Бузрыг зайлуулах ус түүний дээр цацагдаагүйн улмаас тэрээр бузартсан байх бөгөөд бузар нь түүний дээр хэвээр байна. … Харин бузартсан бөгөөд өөрийгөө бузраас цэвэршүүлээгүй хүн ЭЗЭНий ариун газрыг бузарласан учраас чуулганы дундаас таслагдах ёстой. Бузрыг цэвэршүүлэх ус түүний дээр цацагдаагүй тул тэрээр бузартсан хэвээр болой. Бузрыг цэвэршүүлэх усыг сүрчсэн хүн хувцсаа угаах ёстой бөгөөд… тэдэнд зориулагдсан улиран үргэлжлэх зарлиг болох ажгуу.” Тоо 19:1-21

Хуучин гэрээний үед израильчууд нүглийн тахил, ялын тахил, эвийн тахил гэх зэрэг тахилыг өргөдөг байсан бүх мал амьтныг эр, эмээр нь тусгаарлан ялгадаг байжээ. Алгасал баяраар эр хурга өргөдөг байсан ба энэ зөгнөлийн бодитоор Есүс эрэгтэй хүний төрхөөр энэ газарт ирж, тахил болсон юм.

Тооллого номонд гарч байгаа хамгийн гол агуулга бол охин бярууны тухай юм. Охин бярууг нядалж арьс, мах, цус, гэдэс дотрыг нь шатааж, үнсийг нь израиль ард түмнийг бузартлаас цэвэршүүлэхэд хэрэглэж байв. Хуучин гэрээний шатаалт тахил бүр Бурханы золиосыг илтгэж байсан. Тэгвэл охин бярууны бодит нь хэн байж таарах вэ? Бид одоо хэнээр, ямар тахилаар гурав дахь, долоо дахь өдөрт цэвэр болж байгаа юм бол оо?

Тэр охин бяруу бол Ариун Сүнсний Сүйт бүсгүй болж энэ газарт ирсэн Эхийг бэлгэдсэн золиосын тахил юм. Израильчууд гурав дахь өдөр ба долоо дахь өдөр охин бярууны тахилаар цэвэр болгогдож байсан. Энэ нь бузартсан хүүхдүүдээ цэвэршүүлдэг золиосын тахил болж, Өөрийн биеийг галд бүрэн шатааж буй Эхийн золиос, хайрыг ухааруулахын төлөө юм.

Гурав дахь өдөр, долоо дахь өдөр болох Амралтын өдрийн мөргөлөөр охин бяруугаар бэлгэдсэн бидний Эх бүхнээ шатаан, золиосолсноор хүүхдүүд бидний бузар, гэмтэй нүгэл, гэм буруу уучлагдаж, цэвэр болдгийг бодоход Эхийнхээ тэрхүү зовлон, өвдөлт, золиос, хайрыг хэрхэн үгээр илэрхийлж чадах билээ.

Эхийнхээ зүрх сэтгэлийг ойлгоцгооё

Бурхан бол хаадын Хаан, эздийн Эзэн ба бүхий л ертөнцөд алдар, хүндэтгэл, магтаал авах нь зохистой. Тийм сүр жавхлант яруу алдраа орхин махан бие өмсөж, алдагдсан хүүхдээ хайхаар Бурхан энэ газарт ирсэн. Тиймээс Бурханы хайр золиосыг бид мартах ёсгүй.

Хүүхдүүд нь болох бид одоо ч Эхийгээ шархлуулж, Эх маань тэр шархыг тэсвэрлэн байна. Одоо бид нүдээ нээж Эхийн золиос хайрыг харах ёстой цаг билээ. Бидний гэм нүгэл хичнээн их болоод гурав дахь өдөр болон Амралтын өдөр Эх маань Өөрийгөө эцэс төгсгөлгүй золиосолж байгааг бид анзаарахгүй өнгөрч огтхон ч болохгүй юм.

Зарим хүн Бурханд итгэдэг болохоор нүглээ уучлагдсан гэж хөнгөн бодож магадгүй. Харин бидний авдаг нүглийн уучлалын ерөөл дотор үгээр хэлэхийн аргагүй Бурханы агуу их хайр, золиос шингэсэн байдаг. Бид эдгэрлийг олж байхад Бурхан гэсгээгдэж байдаг, бид амар тайвныг эдэлж байхад Бурхан харин ч шархдаж байдаг. Бурханы ийм агуу золиосын үнээр бидний олж авсан зүйл бол нүглийн уучлал. Тиймээс гурав дахь өдөр болон Амралтын өдрийн мөргөлөөр Эцэг Эхийн хайрыг мэдрэхгүй, талархахгүй байж яахан болох билээ.

Эхийн хайр үгүйгээр бид огт тэнгэрийн хаанчлал орж чадахгүй. Бид өөрсдийн хүч чадлаар огтхон ч тэнгэрийн хаанчлал орж чадахааргүй ийм газарт нэгэнт ирчихээд байна.

Эхийн золиосоор бид ариусгагдаж байдаг. Мөн Эх бидний гэмт үйлдлийн улмаас хатгагдаж, бяцарснаар бид эдгэрч, амар тайвныг эдлэх болсон. Тийм болохоор Эхийн хайргүйгээр юу хийж чадах билээ? Энэхүү хайрыг бид мартах юм уу хөнгөнд үзэж болохгүй. Бид Эхийн хайрыг зүрхэндээ сийлэн, үргэлж талархан, баяртай байх хэрэгтэй.

Илчлэл 7, 22-р бүлэгт “Дээлээ Хурганы цусаар угааж цагаан болгосон тул тэд амийн мод руу очиж, ариун хотод орох эрхтэй болно” хэмээн айлдсан байдаг. Бид Бурханы хайр золиосын үнстэй усаар гэм нүглээ угаалган, цэвэр болж байгаа учир амийн мод руу очих эрхтэй ариун нэгэн болж дахин төрөх юм. Үүнийг санаж Бурхандаа үнэнээр талархал, магтаал өргөцгөөе.

Бурханд талархахгүй зүйл юу байх билээ. Ах эгч дүү нарынхаа төлөө хийж чадахгүй зүйл юу байна гэж? Бурхан бидний бүх зүйлд өгөөмөр гараа сунгасан билээ. Тиймээс бид Бурхандаа талархал өргөж, гурав дахь өдөр, Амралтын өдрийн мөргөлөө ариунаар сахих ёстой.

Эх маань бидэнд хариу нэхээгүй золиос хайраа өгсөн. Бид юугаар Эхийгээ баярлуулж болохыг бодоод үзээрэй.

Үргэлж гомдол, дургүйцэл өргөх үү? Зөвхөн өөрийн ашгийн төлөө л бид Түүнээс залбирч гуйх ёстой юу?

Одоо бид бор хоол иддэг төлөвшсөн итгэлийн эрин үед амьдарч байгаа (Евр 5:14). Одоо бид алдагдсан хүүхдээ олохыг хүссэн Эх юу хүсдгийг ойлгох хэрэгтэй. Бид Эхийн хайр золиосыг ухааран, биечлэн жишээгээр үзүүлсэн хайрыг нь үйлсээрээ харуулах ёстой.

Алдагдсан ах дүү, эгч дүү нараа бүгдийг нь хайж олоод, Эхийгээ мөнхийн тэнгэрийн хаанчлалын яруу алдрын сэнтийд нь залцгаая. Энэ бол хүүхэд нь болсон бидний Эхийн төлөө үзүүлж чадах хамгийн дээд ачлал.

Бид зуун дөчин дөрвөн мянгын отгон хүүхдийг Эхийн энгэрт авч ирэх үед биднийг гэсэн Эхийнхээ хайр золиосонд бүрэн хариулах юм. Эхийн хайр золиосыг үргэлж санан, талархал магтаал өргөж, газрын хязгаар хүртэл Эхийн хайрыг тунхаглаад арвин их хайрын үр жимс гаргацгаая.