Нууцын доторх нууц

조회 21,989

2000 жилийн өмнө израильчууд Ром улсын дарлалд асар ихээр зовж шаналж байв. Тэднийг зовлонгоос ангижруулах цорын ганц найдвар нь Библид зөгнөсөн Мессиа ирээд дарлалаас чөлөөлөх байжээ. Урт хугацаанд израильчууд Ромын тэр их дарамт хавчлагыг Мессиа ирж байж аврагдана гэсэн найдвараар л тэсэж байсан хэдий ч, тэгтлээ хүлээж байсан Мессиа нь Есүс Христ болон ирэхэд тэд хүлээн авч чадалгүй доромжилж хавчин, цовдолж алсан юм.

Израильчуудын хувьд Бурхан тэдний аминаас нь ч үнэтэй байсан юм. Тэд итгэлээсээ татгалзсанаас амиа алдахыг илүүд үздэг байв. Гэсэн хэдий ч тэд өөрсдийн ихээр хайрлан үнэ цэнэтэйд тооцож байсан Бурханаа цовдолсон. Тэднийг юу ийм аймшигт нүгэл үйлдэхэд хүргэсэн бэ? Энэхүү шалтгааныг мэдэхгүй бол Бурханыг өнөө үед дахин ирэхэд ч бид тэдний нэгэн адил нүгэл үйлдэх юм.

Төгс хүчит Бурхан хүн болж ирсэн

Эхлээд бид Есүсийн талаар судалж үзэх хэрэгтэй. Есүсийн мөн чанарыг судалж үзье.

“… Учир нь Түүн (Христ) дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна. …” Кол 1:13-18

Есүс бол бүх юмсыг бүтээсэн Бурхан. Төгс хүчит Бурхан энэ ертөнцөд Есүс гэсэн нэрээр хүн болж ирсэн билээ.

Гэвч тэр үед израильчууд Бурханы талаар хөдөлшгүй буруу үзэл бодолтой байв. Тэдний мэддэг Бурхан бол ганц үг хэлэхэд л гэрэл бий болж, тэнгэр газар зааглагдан, хүчит хуй салхи татуулах хүч чадлын Бурхан юм.

3500 жилийн өмнө Мосе израильчуудыг Египетээс хөтлөн гаргах үед, Бурхан арван ер бусын үзэгдлээр египетчүүдийг цочирдуулж байсан. Тийм учраас Бурхан энэ газар Мессиагаар ирэхдээ аугаа их сүр жавхлант төрхөөр ирнэ хэмээн найдаж байв. Тиймээс өнөө үед ихэнх христчүүд Бурханыг тэрхүү цог жавхлантай төрхөөр ирнэ хэмээн харуулдаж байгаа юм.

Харин элч Иохан Есүсийн бурханлаг төрхийг дараах байдлаар дүрсэлсэн.

“Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв. Тэрбээр эхэнд Бурхантай хамт байсан. Бүх юм Түүгээр буй болсон. Буй болсон юмсаас Түүнгүйгээр буй болсон юмс гэж нэг ч үгүй. … Тэрээр ертөнцөд байсан ба ертөнц нь Түүгээр буй болсон атлаа ертөнц Түүнийгээ эс танив. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнхөн нь Түүнийг эс хүлээн авчээ. … Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн (Есүсийн) алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.” Иох 1:1-14

Есүсийн үе дэх шашны удирдагчид “Гэрэл бий болтугай!” хэмээн айлдсан Бүтээгч Бурханыг Мессиагаар ирэхэд нь амархан танина гэсэн бат итгэлтэй байсан юм. Харин тэд дэлхий ертөнцийг бүтээгч Бурханыг хүлээн авч чадаагүй. Тэд өөрийнхөндөө ирсэн Бурханыг туйлын их үзэн ядаж, загалмайд цовдлох хэмжээнд ад үзсэн.

Хэрэв Бурхан мянга мянга, түм түмэн тэнгэр элчтэйгээ цог жавхлантайгаар ирсэн бол тэд Түүнийг таних байсан. Бурханы сүр жавхлантай ийм дүр төрх израильчуудын зүрх сэтгэлд хоногшсон байв. Харин тэдний тогтсон үзэл бодлоос эсрэгээр, Бурхан тэнгэр элч нараасаа ч сул дорой байдлаар энэ дэлхийд ирсэн билээ.

“… Хүмүүн (хүний хүү, 2004 оны хэвлэлт) гэгч юу болоод Та түүнийг анхаарна вэ? Та түүнийг тэнгэрэлч нараас арай доохно болгожээ, алдар хүндийн титмийг Та түүнд өмсгөжээ, [Мутрынхаа бүтээлүүдийг захируулахаар томилжээ.] Та бүх юмсыг [түүний] хөл дор оруулсан…” Евр 2:6-8

Израильчууд Бурханыг тэнгэр элч нараас дорд байдлаар ирэхийг хэрхэн төсөөлөх билээ. Хэдийгээр Бурхан Өөрөө ирсэн боловч тэд Түүний нүүр рүү нь нулимж, нударга зангидан цохицгоосон. Тэд Бурханыг хайн хүлээж байсан боловч үзэгдэх төрх байдал нь төсөөлж байсантай нь нийцээгүй тул Бурханаас бүрэн татгалзсан юм. Бурхан тэнгэр элч нараасаа ч дорд төрхөөр хүн болж ирнэ гэж тэд огт бодоогүй. Есүс тэнгэр элч нараасаа ч дорд төрхөөр ирэхэд ах дүү нар нь хүртэл Түүнд итгэлгүй, хамаатан садан нь ч Түүнийг ухаан мэдрэлээ алджээ хэмээн баривчлахаар явж байв.

Тэд Есүс Христэд итгээгүй. Дагалдагчид нь тэдэнд Түүнд итгэхийг тасралтгүй тунхаглаж байсан юм. Хэрвээ Түүнд итгэх нь хүн бүрд хялбар байсан бол тэд “Эзэн Есүст итгэгтүн” хэмээн цаг үргэлж тунхаглах шаардлагагүй байх байсан. Тэд ийн тунхаглаж байсан нь Христэд итгэх нь хичнээн хэцүү болохыг харуулж буй хэрэг юм. Учир нь тэр үеийнхний төсөөлж байсан болон яг бодитоор ирсэн Бурханы төрхийн хооронд асар их ялгаа байсан юм. Хэрэв бид энэхүү өнгөрсөн түүхийг сайтар судлан Христийг бүрэн хүлээн авбал Библид яагаад “Эрин ба үеүдээс нууцлагдаж байсан нууц болох Христ” хэмээн айлдсаныг ойлгох билээ.

“Тэрхүү нууц нь эрин ба үеүдээс нууцлагдаж байсан боловч одоо ариун хүмүүст илчлэгджээ. … Энэ нь та нарт буй алдрын найдвар болох Христ юм.” Кол 1:26-27

“… Бурханы нууцын мэдлэг болох Христийг олж аваасай гэж хүсэж байна. Христ дотор мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг.” Кол 2:2-3

Бүх зөнч болон эш үзүүлэгч нар Христ бол бүх юмсыг бүтээсэн Бурхан болохыг гэрчилдэг (Иса 9:6, Кол 1:16, Иох 1:1). Бүхнийг бүтээгч Бурхан энэ газарт ирээд Бурханд итгэхийг уриалж байсан тэдгээр хүмүүст цовдлуулсан юм.

Библид Есүсийг нүд үзүүрлэсэн тэр үеийн түүхийг тодорхой харуулсны учир шалтгаан юу вэ? Урьд байсан аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн гэсэн билээ (Ром 15:4). Өнөө үед ч олон хүн Түүнийг тэнгэр элч нараас дорд төрхөөр ирэх боломжгүй гэх Бурханы тал дээрх тогтсон ойлголтоосоо салахгүй, хоёр дахиа ирэхдээ сүрдмээр цог жавхлантайгаар ирнэ хэмээн хүлээж байна.

Бид Бурханы талаарх тогтсон бодлоосоо салах ёстой. Бурхан бол бидний итгэдэгчлэн бүгдийг чадагч, төгс хүчит. Иймд Тэрээр Өөрийн сүр жавхлант төрхөөр эсвэл хүний төрхөөр ч ирж болно. Тэрээр онгон эмэгтэйгээс юм уу махан биеийн эцэг эхээс ч төрж болно. Хэрэв бид Христийн талаар өөрсдийн үзэл бодол бий болгоод Түүнийг хүлээн авах гэвэл хоёр дахиа ирэх Христийг огт хүлээн авч чадахгүй билээ.

Бурханыг өөрсдийн бодлоор бүү шүүгтүн

Ихэнх солонгос хүмүүс тахиаг “ку ку”, нохойг “мон мон”, муурыг “яа-оун” гэж дуугардаг хэмээдэг. Харин америкчууд тахиаг “кок-э доодл-дү”, нохойг “бов вов” муурыг “мёов мёов” хэмээх дуу авиа гаргадаг гэдэг. Ялгаатай байгаа биз. Гэвч энэ нь эдгээр амьтад өөр өөр хэлээр ярьсан учраас биш юм. Тийм байтал хэл бүр тэдний дуугарахыг өөр өөрөөр илэрхийлж байна шүү дээ. Энэ нь улс орон бүрд хүмүүс тэдгээр амьтдын дуу авиаг хүүхэд наснаасаа эхэлж сонсож сурсантай нь холбоотой.

Нэгэн цэцгийн шар дохиурыг бодъё. Тэр цэцгийн дохиур бидэнд шар харагдаж байгаа. Харин нохойнд энэ нь цагаан харин зөгийнд улаан харагдаж байдаг. Тэгвэл бидний мэдэрч байгаа өнгө жинхэнэ гэж бид итгэл дүүрэн хэлж чадах уу? Бидний бүх мэдрэмж үнэн зөв гэдэгт итгэлтэй байж чадах уу?

Дэлхийн бөмбөрцгийн тойрон эргэлтийг бодож үзэцгээе. Дэлхий нарыг дунджаар цагт 108 мянган километрийн хурдтайгаар тойрдог. Харин бидний бие организм ийн хөдөлж буйг мэдэрдэггүй. Түүнээс гадна бид өөрсдийн мэдрэхүйгээрээ мэдэрч чаддаггүй олон зүйлс бий. Гэтэл олонх хүн өөрсдийн мэдэрч харж чадах зүйлээ л хүлээн зөвшөөрч, зөвхөн өөрсдийн зөв гэж бодсондоо л итгэдэг. Ямар мунхаг хэрэг вэ!

Зөвхөн өөрийн мэдрэхүйн хэрээр үнэн худлыг ялгаж чадахгүй юм. Тиймээс ч Бурхан “Христийг иртэл юуг ч бүү шүүгтүн” (1Кор 4:5) хэмээн айлдсан. Олон хүн Библийг өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж байна. Бурханы Өөрийнх нь айлдсан үнэнийг хүртэл үгүйсгээд тэд бүгд өөрсдийн тайлбараа л үнэн гэж зүтгэцгээдэг.

Ямар мунхаг хэрэг вэ! Бид зөвхөн харж болох юманд л итгэж болохгүй. Өөрсдийн бодлоор зүтгэхийн оронд бид Бурханаас Библийг үнэн зөв уншиж ойлгох сүнсний нүд чих нээж өгөхийг гуйх хэрэгтэй. Бид өөрсдийн бодлоор Христийг бүрэн хүлээн авч чадахгүй.

Хэний үзэл бодлоор бид Христийг зөв ойлгох вэ? Итгэлийнхээ үр дүнд аврал авна хэмээсэн болохоор аврагдсан хүмүүсийн нүдээр Түүнийг харах хэрэгтэй. Тэгснээр бид Христийг зөв ойлгон ухаарч, авралд хүрч чадах билээ. Тэгвэл Христийг тэдний нүдээр харцгаая.

“Харагтун, Сион уулан дээр Хурга зогсож байхыг би харлаа. … зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байлаа. … Дэлхийгээс худалдаж авсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хэн ч тэр дууг сурч эс чадав. …” Илч 14:1-5

Дэлхийгээс худалдаж авсан зуун дөчин дөрвөн мянган хүний үзэл бодлоор Христ Сионд оршдог. Бид Сионыг хайн олоод хууль тушаалыг нь дагаж байж Христтэй уулзаж чадна. Сионоос гадна оршдог хүний нүдээр хайгаад Христ ер олдохгүй. Бид Библийг ямар нэгэн сүмийн зарчмаар, мөн хэн нэг хүний үзэл бодлоор ч харах ёсгүй.

Цэцгийн шар дохиурыг зөгий зэрэг жижиг шавьжийн нүдээр биш, амьтны нүдээр ч биш, зөвхөн хүний нүдээр л шар өнгөөр нь харсан. Энэ мэт нууцыг мэдэхгүйгээр бид Бурханыг ойлгож ухаарахгүй. Бид Библийг ойлгохын тулд ядаж л Бурханы бүтээлийн нэгээхэн хэсгийг мэдэх хэрэгтэй. Бид Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурханы үгийг дэндүү хязгаарлагдмал хүний оюун ухаанаар тайлахыг оролдож алдаа гаргадаг билээ.

Нууцлагдсан нууц Христтэй бид Сионд уулзана

Илчлэл 14-р бүлэгт Христийг Сионд оршдог хэмээсэн. Дэлхийгээс худалдаж авсан зуун дөчин дөрвөн мянган хүнтэй хамт Хурга мөн Сионд оршиж байгаа хэмээсэн. Сион нь ямар газар болохыг судалж үзэцгээе.

“Манай баяр наадмын хот Сионыг харагтун! … Тэнд цог жавхлант Нэгэн, ЭЗЭН, бидний төлөө байх болно. … Учир нь ЭЗЭН бол шүүгч маань, ЭЗЭН бол хууль тогтоогч минь, ЭЗЭН бол хаан маань мөн. Тэр биднийг аварна. …” Иса 33:20-24

Сион нь Библи дэх баяруудыг тэмдэглэдэг газар. Бурхан бол Сионд орших ард түмний Шүүгч, Хууль тогтоогч болон Хаан юм. Ертөнцөд ард түмнээ өөрийн хуулиар удирддаг хаан байдгийн адил, Сионы Хаан болох Бурханд бас Өөрийн ард түмнээ захирах шинэ гэрээний хууль бий.

Улс орон бүр тус тусын хуультай. Ямар ч гадаад хүн тухайн орны хуульд амархан дасан зохицож чаддаггүй. Мөн үүний адил Бурханы байгуулсан Сионы хуулийг Бурханы биш ард түмэн дагахыг хүсэхгүй юм. Учир нь тэнгэрийн хаанчлалын ард түмэн биш юм.

Эцсийн өдрүүдэд Бурхан Сионд Өөрийн хуулиа тунхаглана гэсэн (Мик 4:1). Олон үндэстнүүд авралын замыг хайж олохоор Сион руу цутган ирнэ. Шүүлтийн өдөр Сионы хууль тушаалыг мэддэггүй хүмүүсийг Сионд тогтоосон хуулиар (шинэ гэрээгээр) шүүх юм. Сионд ирэхгүйгээр нэг ч хүн хуулийг мэдэж чадахгүй бөгөөд Бурханы шүүлтээс зугтаж чадахгүй.

Бид тогтсон ойлголтоосоо салж байж Библид гэрчилж буй Бурхантай уулзаж чадах билээ. Одоо Бурхан Сионд цугласан ард түмэндээ ямар ивээл, ерөөл өгөхийг үзэцгээе.

“Учир нь ЭЗЭН Сионыг сонгож, орших газраа хэмээн Түүнийг хүсэв. “Мөнхөд амрах газар минь энэ болой. Үүнийг хүссэн тул Би энд амьдран сууна.” Дуу 132:13-14

“Харагтун, ах дүүс хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ! … Сионы уулс дээр буудаг Хермоны шүүдэр адил юм. Учир нь тэнд ЭЗЭН ерөөлийг, мөнх амийг тушаасан билээ.” Дуу 133:1-3

Тиймээс Бурхан Сионыг мөнх амийн ерөөл буулгаж өгөх Өөрийн орших газраа болгосон юм. Зөвхөн Сионд орших тэдгээр хүмүүсийн үзэл баримтлалаар хамгийн гүн нууц болох Христийг таньж чадах төдийгүй Сионд байх тэд л Түүнийг хүлээн авч мөнх амийн ерөөлийг авах билээ. Энэ нь Бурхан Сионд оршигч хүмүүсийн үзэл баримтлалыг зөв хэмээн хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой.

Сионд л бид нууцын доторх нууц Христийг ухаарах боломжтой. Сионд байгсдад Бурхан мөнх амийн ерөөл болон тэнгэрийн хаанчлалын урилгыг өгөх юм. Хичнээн эрхэм нандин урилга билээ!

Христийг хүлээн авч сүнсний нүд нь нээгдээгүй ах дүү, эгч дүү нар үндэстнүүдийн дунд олон бий. Тэднийг Сион руу яаравчлан хөтөлснөөр Бурханы нууц болох Христийг таних сүнсний нүд нь нээгдэх юм. Бурханы урилгыг тэдэнд түгээн авралын ерөөлийг хуваалцацгаая. Тэгээд тэнгэр эх нутагтаа буцан, Бурханаас магтаал авахыг хүсье.