Бурханы бүтээсэн орчлон ертөнцийн түмэн бодисыг нухацтай сайтар ажиглавал Бурхан бидэнд хичнээн их ивээл соёрхон буйг ухаарч болно. Цэвэр агаар, цэнгэг ус, ногоон модод, эргэн тойронд хамт байгаа үнэт хүмүүс, цаг агаар өөрчлөгдөхөд болон улирал солигдоход төрөх баяр хөөр гээд баярлаж талархах зүйл өдий төдийгөөрөө байна. Тиймээс Библид христчин хүнд байх ёстой сайн чанаруудын нэг нь баяртай байх болон талархах гэж дурдсан нь бий.
Өрнө дорно ялгаагүй, эрт үед хааны амьдардаг байсан цайз юм уу орд харшид онцлог нэгэн туг байнга хатгаастай байдаг байв. Тэрхүү туг нь “Хаантан энд морилж буй” гэсэн дохио болдог байв. Христчин хүн үргэлж баяртай байх нь ч мөн сэтгэл дотор нь Бурхан оршиж буй гэдгийг илчлэн харуулах туг мэт юм. Харин эсрэгээрээ христчин хүн сэтгэлээр унаж гутрах юм уу гомдоллож, талархахаа больж, баяр хөөрөө умартвал тэр нь эцэстээ “Бурхан хамт байхгүй” гэсэн дохио болно.
Хуучин гэрээний үеийн цөлийн амьдралын түүхээс харсан ч хурлын майхны ариунаас ариун газрын дээр өдөр нь үүлэн багана, шөнө нь галан багана тогтож, Бурхан оршиж буйг мэдэгдэж байжээ. Бурханы ариун газар гэж зүйрлэгдсэн бид ч мөн бүх зүйлд талархдаг амьдралаараа бидний дотор Бурхан оршиж байгааг илчлэн харуулах ёстой билээ.
Махан биеийн нүдээр харвал зарим үед гомдоллож дургүйцэх зүйлс байдаг ч, сүнслэг нүдээр харвал бүгд л баярлаж талархах зүйлс юм. Тиймээс Бурхан дотор үргэлж баяртай бай хэмээн айлдсан юм.
“Ах дүү нар аа, зүгээр суугсдад зааварлаж, хулчгаруудыг зоригжуулж, доройд нь тусалж, бүгдэд тэвчээртэй хандахыг та нараас гуйж байна. Хэн ч хэн нэгний мууг муугаар хариулахгүй байхад анхаар. Харин үргэлж бие биендээ болон бүгдийн төлөө сайнд тэмүүл. Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн. Сүнсийг бүү бөхөө. Эш үзүүллэгийг бүү басамжил. Харин бүхнийг шалга, сайнаас зуур. Ёр муугийн алив хэлбэрийг цээрлэ.” 1Тес 5:14-22
Бид Бурхан дотор үргэлж баяртай байх ёстойн учир шалтгаан нь мөнх амь, аврал өгсөн Бурхан бидэнтэй хамтдаа оршиж байгаа болохоор тэр юм. Бурхан Өөрийн амиа ч хайрлахгүй тийм их хэмжээгээр биднийг хайрласан.
“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно. Учир нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар Хүүгээ ертөнцөд илгээсэн билээ.” Иох 3:16-17
Бурхан ертөнцийг хичнээн их хайрласан болоод цорын ганц Хүүгээ ч хайрлалгүй, бидний авралын төлөө ялын тахил болгон энэ газарт илгээсэн бол? Бид ийм хэт их хайр болон ерөөл авсан гэдгээ бодоход л өдөр бүр баярлахгүй байх аргагүй, гомдоллох дургүйцэх зүйл огт гарахгүй юм.
Бурханы бүтээсэн их байгалийг ажиглан харахад хоргодох хотод амьдарч байгаа биднийг бодож, харамгүй сэтгэлээрээ хичнээн их хайр халамж үзүүлж байгааг мэдэж болно. Тийм л Бурханы хайрыг ухаарах юм бол ямар ч нөхцөл байдалд баярлаж талархах болно. Бурханы соёрхсон түмэн ивээлийг олж харахгүйгээс гомдол дургүйцлээр үлдсэн амьдралаа дүүргэх биш, бид Бурхан дотор байгаадаа, мөн Бурханы хүүхэд болох эрхийг олоод тэнгэрийн хаанчлалын найдвар авсандаа үргэлж талархаж, баяр хөөртэй амьдрах ёстой.
“… Хэдийгээр инжрийн мод цэцэглээгүй, усан үзмийн мод ч үр жимсгүй, чидуны ургац гарахгүй, талбайд хүнс огт ургахгүй байсан ч бас хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч ЭЗЭНий дотор би баясан хөөрч, авралынхаа Бурхан дотор баярлана.” Хаб 3:16-18
Бид хэдийгээр хүч чадал, эрдэм мэдлэг, эд баялаг гэх юмгүй ч Бурхан үргэлж бидэнтэй хамт байж, биднийг хамгаалж, хайрладаг учраас хичнээн баярламаар талархмаар хэрэг билээ? Энэ ертөнцөд авсан зүйл юу ч үгүй, ертөнцийн хамгийн өчүүхэн шалихгүй нь ч гэлээ бүх сансар огторгуйн Эзэн болох Бурхан хамт байж, тэнгэрийн хаанчлалын эрдэнэсийг бидэнд зөвшөөрч өгсөн болохоор бид үнэхээр энэ ертөнцийн хамгийн баян, аз жаргалтай хүмүүс юм.
Хэрвээ бид жинхэнэ христчин хүн мөн л бол Бурхантай хамт байгаа гэсэн дохио болгож, баяр хөөр гэх тугийг үргэлж дэрвүүлж байх учиртай. Сайн мэдээний амьдралаар амьдрах үедээ Бурхан хамт байгаа гэдгийг байнга мартаад байвал баяр хөөр сарниж, гомдол гарч ч болно. Тиймээс Сионы хүүхдүүд хэдийгээр усан үзмийн модондоо үр жимсгүй, саравчиндаа үхэргүй, талбайдаа ургацгүй байсан ч биднийг хамгаалж, өдөр шөнөгүй хамтдаа байгаа Бурханы хайрыг ухаараад, бүхий л зүйлд баярлаж талархаж амьдрах хэрэгтэй.
Эрт цагт нэгэн улсын хаан өөртөө хамгийн амттай хоол хийж амтлуулах тогоочид улсынхаа тэн хагасыг өгнө хэмээн зарлигдаж гэнэ. Тэгмэгц нутаг нутгаас үүл мэт хуран цугласан тогооч нар өөрсдийн гараа гаргаж хийсэн хоолоо барьцгаажээ. Харин тэднээс ямар ч хоол хаантны идэх дурыг төрүүлсэнгүй.
Тэгэхэд нэгэн тогооч ирээд “Хаантан минь! Би энэ ертөнцийн хамгийн амттай хоолыг хийж баримаар байна. Гэвч энэ хоолыг зооглоё гэвэл та нэг зүйл хийх ёстой. Юу ч байсан түүнийг хийх үү?” гэж асуужээ. Хаантан үүнийг сонсоод “Ертөнцийн хамгийн амттай хоол л зооглож байвал юу ч байсан хийнэ” гэв.
Хариултаа сонссон тогооч хажуудаа байгаа цэргүүдэд хандан хааныг шоронд хорь хэмээн тушаав. Хэтэрхий ёс жудаггүй загнасан ч, юу ч байсан хийнэ гэж амласан болохоор амлалтаа биелүүлэхээс өөр арга хаанд байсангүй. Ингэж хаан хэдэн өдөр шоронд хоригдож, юу ч идсэнгүй.
Түүний дараа тогооч өөрийнхөө хийсэн хоолоор хааныг дайлав. Жирийн үед байнга л иддэг, амттан шимттэнтэй харьцуулахад зүгээр л жирийн нэг хоол байсан боловч амьдралдаа идэж үзсэн хоолных нь дундаас хамгийн амттай нь байна гэж хаантан магтаал хайрлав. Төрсөн цагаасаа хойш гэдэс өлсөхийг мэдэрч үзээгүй хаан үргэлж л газар газрын амттан шимттэн зооглон амьдарч байгаад шоронд хоригдохдоо өлсөх гэдгийг яс махандаа шингэтэл ухаарч, хоолны үнэ цэнийг, жинхэнэ амтыг мэдэрсэн аж.
Бурхан бидэнд зарим үед зовлонгийн цаг өгч, амьдралын олон баяр гунигийг мэдрүүлж байгаа нь ч энэ мэт учир шалтгааны улмаас юм. Үргэлж газар газрын амттан л идвэл, хоолны амт, үнэ цэнийг нь мэдэрдэггүй шиг, бидний амьдрал үргэлж баяртай, аз жаргалтай байвал тийм амьдралын ерөөлд ч, тэрхүү амьдралыг өгсөн Бурханд талархах гэдгийг ухаарахгүй.
Бүрхэг өдрийн дараах цэлмэг өдөр илүү баяр хөөртэй байдаг шиг, бид итгэлийн амьдралдаа ч зовлон хавчлагатай учирснаараа амар амгалан, баяр хөөр гэгчийг мэдэх болно. Сайн мэдээний замаар алхах явцдаа амсах зовлонгоор дамжуулан мөнхийн амралтын баяр хөөрийг мэдүүлж, өвчин, үхлийн зовлонгоор дамжуулан эрүүл энх, мөнх амийн баяр хөөрийг мэдрүүлсэн Бурханы хүслийг ухаарах юм бол бүхий л байдалд баярлаж, талархах болно.
Итгэлийн цөлийн замаар алхах явцад хүнд хэцүү бэрхшээл, зовлонтой тулгарах үе бий. Харин сүнслэг нүдээ нээн, түүний цаад талыг харвал бүхий л зүйл талархууштай болохыг ухаарах юм.
Бурхан биднийг тэнгэрийн хаанчлалын өв залгамжлалыг өвлөн авах төгс шинэ хүнээр дахин төрөөсэй гэж хүсдэг учраас зарим үед хэцүү зовлонгоор биднийг цэвэршүүлдэг. Бурханы ийм зүй тогтлыг бодвол бидэнд тулгарч байгаа бэрхшээл зовлон нь ерөөл болон аврал өгөхийн төлөөх Бурханы хайр гэдгийг ухаарах болно.
“Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь ч бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм. Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог.” Ром 8:16-18
Сайн мэдээ тунхаглангаа доромжлол басамжлал амсаж, зовлон туулах үед минь биднээс ч илүү сэтгэл нь өвддөг Нэгэн бол Бурхан. Харин Бурхан тэрхүү сорилтуудаар бидний итгэлийг цэвэр алт шиг гялалзахыг хүсэн хүлээж байдаг юм. Энэ газарт амссан зовлонгууд нь хожим буцах тэнгэрийн хаанчлалд авах алдрын дэргэд юу ч биш учраас аргагүй шүү дээ. Энэ цагийн зовлонгууд түр зуурынх ч, Бурханы соёрхох яруу алдар мөнхөөс мөнхөд (Дан 7:18 үзэх).
Түрхэн зуур тулгарах цэвэршүүлэлтийн явцыг сайтар тэсвэрлэж, биднийг тэнгэрийн хаанчлалд хөтлөхийн төлөө хичээж байгаа Бурханы үнэн хайрыг битгий мартаарай. Бидэнд тохиолдох зовлонг бидний авралын төлөө Бурханы туулсан золиос ба зовлонтой харьцуулахад юу ч биш. Бидний төлөө тэнгэрийн сүр жавхлант сэнтийгээ орхин энэ газар ирээд, загалмайн харгис зовлонг амсан, үхлийн зовлонгоос ч татгалзаагүй золиосын хайранд нь бид үеийн үед талархал өргөсөн ч дутах юм шүү.
Бидний авралын төлөө эцэс төгсгөлгүй хичээж, зовлон золиос амсан буй Бурханы цаглашгүй их хайртай харьцуулахад бидний Бурханд өргөх баяр баясгалан дэндүү өчүүхэн гэлтэй.
Юугаар Бурханы ивээлд хариулах вэ гэдгийг хичнээн бодсон ч, дутуу дулимаг хүний хувьд өргөж чадах онцгой юм алга. Энэ газарт харин ч эсрэгээрээ Бурхандаа зүдрэл ба зовлон л үүрүүлэх төдий. Ганц өдрийн өмнө ч болов хурдхан алдагдсан ах дүү, эгч дүүгээ бүгдийг нь олоод аварч, нүглийн төрхөө гээгээд, үзэсгэлэнтэй тэнгэр элчийн төрхөөр дахин төрөх нь л хамгийн дээд сүнслэг ачлал юм даа.
“Тиймээс хэрэв та нар Христтэй хамт амилуулагдсан л юм бол дээгүүрхийг хай. Тэнд Бурханы баруун талд Христ заларч байгаа. Газар дээрхийг бус дээгүүрх зүйлсийг эрмэлз. Учир нь та нар үхсэн бөгөөд та нарын амь Христтэй хамт Бурханд нууцлагдсан. Бидний амь болох Христ илчлэгдэх үед та нар ч бас яруу алдар дотор Түүнтэй илчлэгдэх болно. Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар булай, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм. Эдгээрээс болж Бурханы хилэн [дуулгаваргүй хөвгүүд дээр] ирэх болно. Та нар тэдгээрийн дотор амьдарч байхдаа үнэндээ тэдгээрийн дотор алхаж л явсан. Харин эдүгээ та нар бас уур, хилэн, хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах жигшүүрт үгс бүгдийг нь зайлуулж хаягтун. Бие биендээ худал бүү ярь. Яагаад гэвэл та нар хуучин хүнээ үйлтэй нь тайлж, шинэ хүнийг өмссөн. Энэ нь өөрийг нь бүтээсэн Түүний дүр төрхийн дагуу мэдлэгт шинэчлэгдсэн хүн юм.” Кол 3:1-10
Өнгөрсөн цаг хугацаанд бид гомдол, дургүйцэл дэлгэн амьдарч байсан бол одооноос Бурханы дотор шинэ хүнээр төрөөд, тэнгэр дэх зүйлсийг хүсэн эрмэлзэж, Бурханы хүсэж байгаа жинхэнэ ах дүүгийн хайрыг нэгэндээ үзүүлж амьдрах хэрэгтэй. Дотроо Бурханыг залж амьдарч байгаа христчин хүн мөн бол сайн үйлс, үзэсгэлэнтэй байдлаар Бурханы яруу алдрыг гаргах нь мэдээжийн хэрэг билээ.
“Иймд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурханыг дуурайгчид бай. Христ та нарыг хайрласан бөгөөд Өөрийгөө бидний төлөө Бурханд анхилуун үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дор яв. … Садар булай, шалиг балай эсвэл самуун балиар яриа нь зохимжгүй. Харин оронд нь талархалаа өргө. Садарлагч, бузрыг үйлдэгч, шунахайрагч тухайлбал шүтээн шүтэгч аливаа хүнд Христийн болон Бурханы хаанчлалд өв байхгүй гэдгийг та нар мэд. Хэн ч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг. Учир нь эдгээрээс болж Бурханы уур хилэн дуулгаваргүй хөвгүүд дээр буудаг юм. Иймд тэдний хамсаатан бүү бай. Урьд нь харанхуй байсан та нар өдгөө Эзэн дотор гэрэл тул гэрлийн хүүхдүүд ёсоор яв. Бүх сайн, зөвт байдал ба үнэнд гэрлийн үр жимс байна. Ингэхдээ Эзэнд таалагдах юмыг ол. Харанхуйн, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчил. Учир нь тэдний нууцаар үйлдсэн зүйлсийг ярихад ч ичмээр юм. Харин бүх зүйл гэрлээр илчлэгдэхдээ харагддаг. Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд “Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно” гэдэг. Тиймээс та нар мэргэн бусчууд шиг биш, мэргэн хүмүүсийн ёсоор, хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Өдөр хоног цөвүүн тул цагийг үнэл. Тиймээс бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар.” Ефе 5:1-17
Бурхан яагаад талархаарай, баярлаарай гэсний утгыг ухаараад, үргэлж бидний дотор амьдарч, бидэнтэй хамт байдаг Бурханы оршихуйг мартахгүйгээр амьдарцгаая.
Хожим бидний явах эх нутаг бол гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй газар. Энэ газрын түр зуурын зовлонт хүний амьдралаар дамжуулан тэнгэрийн орны сүр жавхлан, түүний ерөөлийн гүнийг ухааруулж баяр баясгаланг минь дүүргэх гэсэн Бурханы зүй тогтлыг сайтар ухаараад, бүхий л бэрхшээл зовлонг ялан гарцгаая. Бурхан бидэнтэй хамт байгаагийн дохио болсон “баяр хөөр” гэгч тугийг цаг ямагт намируулаад, бидэнд даалгасан тэнгэрийн тушаалыг дагаж, зовлон сорилтын дунд ч баяр хөөрийн дуугаар ургац хурааж авцгаая.