Бурханд эцсээ хүртэл итгэмжтэй бай

조회 69,550

Бид тэнгэрийн оронд очин, мөнх амьдрахыг хүсэн найдаж Бурханд итгэдэг хүмүүс. Харин тэр мөнх амийн төлөө чадах чинээгээрээ хичээж, хүч хөдөлмөр зарахгүй бол олж авч чадахгүй. Амийн титэм нь ямар ч зүтгэлгүй олддог зүйл биш. Бурханд эцсээ хүртэл итгэмжтэй байна гэсэн хөдөлшгүй шийдвэр гарган, итгэлээ сахиж байж л амийн титэм авч чадна.

Ертөнцөд бурханлаг байдлын дүртэй хүмүүс олон байгаа боловч тэд харин бурханлаг байдлын хүчийг үгүйсгэдэг. Тэд гаднаа итгэдэг хүний дүртэй байх боловч үнэндээ итгэлгүй бөгөөд амархан уначих хүмүүс юм. Тэд хүчтэй бороо орж, үер бууж, салхи салхилах зэргээр итгэлийн сорилт ирэхэд элсэн дээр барьсан байшин шиг амархан нурж унана.

Харин хадан дээр итгэлээ барьсан хүмүүс нь “Бурханд эцсээ хүртэл итгэмжтэй байна” гэсэн шийдвэрээ үргэлж санаж, сорилтын салхи салхилсан ч унахгүй, дан ганц Бурханыг түшдэг болохоороо итгэлийн амьдрал нь ч ганхдаггүй. Ийм хүмүүс сорилт, зовлон ирэх тусам итгэл дээрээ илүү бат зогсож, сүүлчийн өдөр амийн титмийг авч, нэрс нь үеийн үед яруу алдраар гэрэлтэх юм.

Тэнгэрийн цэргүүдэд буулгасан тушаал

Библийн илчлэлтээр дамжуулан Бурхан сүүлчийн үед амьдарч байгаа бидэнд чин сэтгэлээсээ захисан хүслээ юу болохыг хэлж өгчээ.

“Эдлэх гэж буй зовлонгуудаасаа бүү ай. … Үхэл хүртэл үнэнч бай. Тэгээд Би чамд амийн титэм өгнө.” Илч 2:10

Дээрх үг нь дайсан диаволыг тэнгэрээс хөөсөн тэргүүн тэнгэр элч Михаелын хэлсэн үг бөгөөд Тэрээр биднийг тэнгэр эх нутагтаа дахин очъё гэвэл энэ газарт эцсээ хүртэл диаволтай тэмцэж ялаарай гэж урамшуулж захисан нь энэ юм. Мөн тэнгэрийн цэргийн Жанжин, тэргүүн тэнгэр элч Михаел тэнгэрийн цэргүүддээ буулгасан цэргийн тушаал гэж хэлж болох юм. Цэрэгт захирагч нь довтол гэсэн тушаал өгвөл довтлох ёстой, ухар гэсэн тушаал буулгавал бүгд нэгэн жигд ухрах ёстой байдаг. Мянга мянга, түм түмэн тэнгэр элч нараа захиран буй тэргүүн тэнгэр элч Михаел болох Есүсийг жанжнаараа өргөмжилж байгаа тэнгэрийн цэргүүд бол бид.

Загалмайд цовдлогдохынх нь өмнөх шөнө Түүнийг барихаар ирсэн бүлэг хүмүүсийг харсан Петр уурлан сэлмээ сугалж тэдний нэгнийх нь чихийг цавчиж, хайртай Есүсээ хамгаалах гэдэг. Тэгэхэд нь Есүс хурдхан болиулж, “Арван хоёр легионоос олон тэнгэрэлчийг одоо Надад илгээхийг Би Эцэгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу?” гэж Петрт хэлдэг (Мат 26:53).

Есүсийн үед дор хаяж мянган цэргээс бүрддэг Ромын цэргийн хамгийн том нэгжийг легион гэдэг байв. Тэгэхээр арван хоёр легион гэсэн нь арван хоёр мянгаас ч илүү тэнгэрийн цэргийг хэлсэн юм. Энэ нь Есүс нэг л үг тушаахад тэнгэрийн цэргийнх нь тэр том арми тэр чигээрээ буун ирж, Түүнийг хамгаалж чадах байсан гэсэн үг.

Хуучин гэрээний үед тэнгэрийн цэргийн талаар эш үзүүлэгч Елишагийн үед ч мөн харуулсан. Арамын хааны цэргүүд Елишагийн байдаг Дотан гэдэг хотыг бүсэлтэл зарц Гехази айн сандарч Елишад илтгэв. Тэгтэл Елиша Гехазид “Бүү айгтун. Учир нь бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм” (2Хаа 6:16) гэж хэлээд Бурханд залбирал өргөсөн.

“Өө, ЭЗЭН, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч” хэмээн Елишаг залбирч дуусмагц Бурхан Гехазигийн сүнсний нүдийг нээж, дайсны цэргээс илүү олон тэнгэрийн цэрэг өөрсдийг нь хамгаалж байгааг харуулав. Тэнгэрийн агуу арми цаг үргэлж Есүсийн араас даган, тушаал буулгахыг нь хүлээж байдаг. Тийм л агуу Михаел тэргүүн тэнгэр элч өнөө үед бидэнд “Үхэл хүртэл үнэнч бай” хэмээх тушаалыг буулгасан юм.

Бурхан биднээс ухаалаг үнэнч хүн болохыг хүсдэг

Тэгвэл үхэл хүртэл үнэнч байж чадах арга юу юм бол? Бурхан биднээс ямар үнэнч байдлыг хүсэж байгаа талаар үзэцгээе.

“Энэ нь холын аянд гарахдаа зарц нараа дуудаад, эзэмшилээ тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил билээ. Нэгэнд нь тэр тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талантыг тусбүрд нь чадварынх нь дагуу өгчээ. Тэгээд аянд гарч гэнэ. … “Эзэн, та надад таван талант олгосон. Би таван талант нэмж олсон” гэв. Эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ. … Мөн нэг талант авсан нь ирж, “… таны талантыг газар нуучихсан. … “Олиггүй муу боол, залхуу чи…” Мат 25:14-30

Таван талант аваад олон үр жимс гаргасан хүн ба хоёр талант аваад үр жимс гаргасан хүнийг Бурхан итгэмжит сайн зарц хэмээн магтсан хэрнээ авсан нэг талантаа нууж ямар ч ажил хийгээгүй боолыг олиггүй муу залхуу боол хэмээн зэмлэдэг. Бурхан үүгээрээ итгэмжит боол ба олиггүй муу боолын ялгааг хэлж өгчээ.

Бурхан сүнслэг тооцоо хийх үед авсан нэг талантаараа ямар ч үр жимс гаргаагүй муу боол авсан нэг талантаа хүртэл алдаж, харанхуйн гүнд хөөгдөх харамсалтай байдалд орсон. Бид үүнтэй адил авсан талантаа нууж байгаад алдах тийм азгүй үр дүнд хүрч болохгүй.

Үхэл хүртэл үнэнч байдаг итгэгчид нь таван талант авсан хүн шиг сайн мэдээнд оролцдог итгэгчид юм. Тэргүүн шугаманд хичээнгүйлэн сайн мэдээ тараадаг итгэгчид, харагдахгүй газраас их тус хүргэдэг итгэгчид, сайн мэдээ хөгжихөд ямар ч хамаагүй аргаар үр жимс гаргах ажилд оролцдог итгэгчид… Мөн үнэнч итгэмжит хүүхдүүд Бурханыг баярлуулдаг үр жимс өргөх гэсэндээ үргэлж залбирч, үйлс гаргаж, хичээж байгаагаа харуулдаг. Бурхан энэ мэт төрхийг хараад үнэхээр бахархууштай юм гээд илүү олон үр жимсээр ерөөх болно.

“Бусад зарц нарынхаа хоол ундыг нь цагт нь өгүүлэхээр эзэн нь гэрийнхээ дээгүүр тавьсан, итгэмжит, ухаалаг зарц нь хэн бэ? Тийнхүү үйлдэж байхад эзэн нь ирээд харвал тэр зарц ерөөлтэй еэ! Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн хамаг хөрөнгөө түүнд даатгана. Харин өөдгүй муу зарц зүрхэндээ “Эзэн маань ирэхгүй удна” гээд, анд нь болох зарц нараа зодож, архичидтай идэж ууж эхэлтэл бодоогүй өдөр, мэдээгүй цагт нь мөнөөх зарцын эзэн ирж, түүнийг тас хэрчиж, …” Мат 24:45-51

Зөвхөн сайн мэдээний төлөө гал халуун сэтгэлээр Бурханы үгийг дэлгэрүүлж байгаа хүүхдүүдийнхээ төрхийг хараад Эцэг морилон ирэх тэр өдрөө тэнгэрийн бүх өмч хөрөнгөө даатгаад, магтаал ба шагналаар тэдний хичээл зүтгэл болон нөр их хөдөлмөрийг нь урамшуулах болно.

Харин муу зарц эзнийхээ даатгасныг мартаад, ертөнцийн зугаа цэнгэл, тоглоом наадамд донтож, архи ууж, Бурханы үг болон зөгнөлийг үл тоомсорлодог. Мөн авралын зар тараахыг санал болгосон үгийг ивээлтэйгээр хүлээн авалгүй, эсрэгээрээ тоглоом хийж, уучлал авч чадахгүй нэгний байр байдалд тавигддаг. Ингэж одоогийнхоо дур хүсэлдээ л автан, түр зуурын зугаа цэнгэлд тэмүүлснээс болж сайн мэдээ хичнээн үнэ цэнэтэй гэдгийг ухаарч чадахгүй, хүхэр бүхий галт нуурт үеийн үед зовох өрөвдөлт сүнснийхээ ирээдүйд өчүүхэн ч санаа зовохгүй.

Бурхан биднийг олиггүй муу боол болгохыг огт хүсэхгүй байгаа учраас л энэ сургаалын үгээ өгсөн хэрэг. Олиггүй муу хүн бололгүй, бүгдээрээ ухаалаг, итгэмжит хүн болоод Эцэгийг морилон ирэх тэр өдөр “Ухаалаг, итгэмжит хүүхдүүд минь, тэнгэрийн хаан тахилч шиг байна шүү” гэх магтаалын үг сонсох хүүхдүүд болоосой гэж хайр шингэсэн чин сэтгэлийн үгээрээ Бурхан биднийг дэмжин урамшуулж байгаа.

Үр жимс сайн гаргах мэргэн ухааныг гуй

Авралын зарын зорилго нь амийн үгийг дамжуулан сүнс аврах явдал. Үг хэлээр л авралын зар тараадаг юм биш. Бид Христийн үнэрийг анхилуулах үед тэрхүү үнэрээс болж Бурханы явуулсан хүн гэж таниад, дагаж ирэх тохиолдол бий. Алдагдсан ах эгч дүүгээ хурдан хайн олж байж л тэнгэрийн хаанчлалд орж чадах учир тэнгэрийн хаанчлалд найдан буй бид үр жимс их гаргаж чадах мэргэн ухааныг Бурханаас гуйх хэрэгтэй.

“ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл. Ариун Нэгэнийг мэдэх нь ухаарал.” Сур.Үгс 9:10

Итгэмжит ухаалаг боол болохын тулд хэрэгжүүлэх ёстой үндсэн хоёр арга бий. Нэгдүгээрт олон үр жимс гаргахын тулд хичээнгүйлэн авралын зар тараадаг итгэмжтэй үйлстэй байх. Хоёрдугаарт Бурханаас эмээж, Бурханд зөв мөргөж, үйлчилье гэсэн сэтгэл болон үйлсээрээ мэргэн ухааныг олж авах. Мэргэн ухааныг хүн өөрөө бүтээж гаргаж авдаг юм биш. Гагцхүү Бурханы л өгдөг үнэт бэлэг юм.

Мэргэн ухааны хаан Соломон хаан ширээнд суусан цагаасаа эхлэн мэргэн ухаантай болсон юм биш. Соломоны мэргэн ухаан нь Бурханд мянган шатаалт тахил өргөснийх нь дараа Бурханы өгсөн чадвар юм. Тэрээр өөртөө эрх мэдэл, урт удаан нас, эрүүл энхийн ерөөл гуйсан бус, зөвхөн Бурханы ард түмнийг зөв шударгаар удирдах мэргэн ухааныг л гуйсан юм. Бурхан Соломоны тэр гуйлтанд баярлаж, гуйсан мэргэн ухааныг нь төдийгүй эд баялаг, сүр жавхланг хүртэл зөвшөөрсөн. Мэргэн ухаантай хүн гэдгээрээ алдартай Соломон хаан бүх мэргэн ухаанаа ийм маягаар Бурханаас авчээ.

“… Соломон тэр тахилын ширээн дээр мянган шатаалт тахил өргөлөө. Гибеонд байхад шөнө нь Соломоны зүүдэнд ЭЗЭН үзэгдэж —Би чамд юу өгөх вэ? Надаас гуйгтун гэж Бурхан айлдав. … Таны ард түмнийг засаглахын тулд ухааран ойлгох зүрх, сайн мууг ялгаж салгах ухааныг Өөрийн зарцдаа өгөөч. … Би чиний үгсийн дагуу үйлдлээ. Би чамд мэргэн агаад ухааран ялгах зүрхийг өглөө. Ингээд чамтай адил хүн чиний өмнө ч байгаагүй, чиний дараа ч гарч ирэхгүй юм. …” 1Хаа 3:3-14

Энэ мэт Бурханаас эмээхүй нь мэргэн ухааны эхлэл бөгөөд ариун Бурханыг мэдэх нь ухаарал мөн. Аль нь Бурханы төлөө, сүмийн төлөө, сайн мэдээний төлөөх зам бол гэсэн ийм бодлоор Бурхандаа чин сэтгэлээсээ залбирал өргөвөл мэргэн ухаан олж авна.

“«Би чиний үйлсийг, хүйтэн ч биш, халуун ч биш гэдгийг чинь мэднэ. Чамайг хүйтэн юмуу эсвэл халуун байгаасай гэж Би хүсэж байна. Тийнхүү чи халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээн тул Би чамайг амнаасаа нулимж гаргана.” Илч 3:15-16

Итгэл болон үйлс халуун ч биш, хүйтэн ч биш бүлээн хүн гэдэг нь оргилсон халуун сэтгэлгүй гэсэн утга юм. Үр жимс гаргах гэсэн идэвх зүтгэл байхгүй сүнс аюултай байдалд байна гэсэн үг. Тийм учраас Сионы бүх итгэгч халуун сэтгэлээр үр жимс гаргах мэргэн ухаан Бурханаас гуйх хэрэгтэй.

Ялангуяа гэр бүлүүдийг удирдаж байгаа сүмийн дарга, дүүргийн дарга, хороон дарга нарт сайн мэдээний үр жимс их гаргах халуун сэтгэл илүү их хэрэгтэй. Гэр бүлүүдийн гаргасан үр жимснүүдэд ч хайр, чин сэтгэлээ их зориулан халамжилж өгөх ёстой ч өөрсдөө мөн үр жимс гаргах нь чухал. Өөрөө үр жимс байхгүй зөвхөн гэр бүлүүдээ халамжлаад байвал хааяа зориг мохох үе гарч, гэр бүлүүдийн гаргасан үр жимсийг хараад амар тайван байдалтай болж, үр жимс гаргах авралын зарын ажилд хайхрамжгүй ханддаг болж мэднэ. Хариуцагч гэр бүлүүд үр жимс гаргах ажилд илүү жишээ үзүүлбэл Бурхан баярлаж, тэдний дээрээс тэнгэрийн ерөөл бялхтал цутгаж өгнө.

Библийн сургаалд гардаг таван талант авсан хүн нь таван талантаа арав болгохдоо зүгээр суугаад байсан биш. Эзнийхээ юу хүсэж байгааг баттай ойлгож байсан болохоор түүнийг баярлуулахын тулд хичээнгүйлэн ажилласны үр дүн нь байсан юм. Эзнээ баярлуулах гэж тэгтлээ хичээсэн болохоороо л ухаалаг итгэмжит хүн гэж нэрлэгдэн, их ерөөл, шагнал авч чадсан юм.

Угтаа бол итгэмжит боол нь ч, муу боол нь ч тэр бүгд адилхан Бурханд дуудагдсан сайн мэдээний үйлчлэгчид байсан юм. Гэвч тус тусынх нь бодол санаа, ажиллах хандлага нь өөр байсан. Итгэмжит боол нь халуун сэтгэлээр бүх хүчээ дайчилж ажилласан бол, олиггүй муу залхуу боол нь залхуурч, өдөр хоногийг аргацаан, цаг нөхцөөж байгаад эцэст нь хөөрхийлөлтэй үр дүн дагуулсан.

Одоо Эзэн буцаж ирэхэд бараг л цаг үлдээгүй байна. Үлдсэн цаг хугацаанд Бурхан баярлах зүйлийг хийн, хүслийг нь дагаад, сайн мэдээнд хичээнгүйлэн чин сэтгэлээ зориулцгаая. Бурханы баярлах ажил бол бидний ч бас баярлах ажил биш үү? Хэрвээ одоо энэ мөчид зогсонги байдалтай юм уу сэтгэл хөрсөн сүнснүүд байгаа бол сайн мэдээний галаа дахин өрдөцгөөе.

Сайн мэдээнд бусдыгаа манлайлахыг хүлээлгүй, өөрсдөө эхэлж дүрэлзтэл асаад, бүх гэр бүлд жишээ үзүүлцгээе. Хэрвээ халуун галын хажууд байвал шатаж авалцах нь мэдээж. Сүмдээ төдийгүй дэлхий дахины Бурханы сүмийг сайн мэдээний галаар өрдөх халуун сэтгэлтэй болоод Бурханд эцсээ хүртэл итгэмжтэй байж, олон үр жимс гаргах Сионы гэр бүлүүд болоосой гэж хүсэж байна.

Халуун сэтгэлээ бүү гээгээрэй. Халуун сэтгэлгүйгээр ямар ч ажлыг хийж чадахгүй. Мөн эргэн тойрны нөхцөл байдлаа бүү буруутгаарай. Гэр бүл цөөхөн, авралын зар тараагч цөөхөн, дүүрэг асуудалтай байна гэх нь сайн мэдээнд саад болохуйц нөхцөл байдал ердөө ч болохгүй юм.

Нэг л хүний зүрх сэтгэл дүрэлзтэл асаж байхад тэр халуун нь хажуудахдаа, ойролцоох сүмүүддээ, улмаар бүх сүмд дамжин авалцаж, дүрэлзтэл асах юм. “Болохгүй” гэсэн бодол нь өөрөө асуудал юм. Болохгүй гэж бодвол өөрийнхөө төдийгүй бусад гэр бүлүүдийн халуун сэтгэлийг ч хүртэл хөргөчихдөг.

Элч Иохан илчлэлтээр дамжуулан Сион ууланд цуглах зуун дөчин дөрвөн мянган хүнийг хэдийн харсан. Бурханы аль хэдийн бүгдийг нь бэлтгэж тавьсан ажил байхад хэрхэн бүтэхгүй байх билээ дээ? Бурхан биднийг сүүл болгохгүй, толгой болгоно гэж амласан тул өөртөө итгэлтэй, зоригтой байцгаая. Нэгхэн хүний болохгүй гэсэн бодол муу боолуудыг бий болгодог. Сион нь сайн, итгэмжит боолуудыг бэлтгэн гаргадаг газар.

Бид бүгд тэнгэрийн хаанчлалын сайн мэдээнд ямар нэг байдлаар оролцож, тус дэмтэй хүн болох хэрэгтэй. Тэгэхийн тулд эхлээд өөрт өгөгдсөн байр байдал, салбартаа халуун сэтгэлээр үхэл хүртэл үнэнч зүтгэх сайн мэдээний тахилч болох хэрэгтэй. Сайн үр жимс олныг гаргаад, Бурханд яруу алдар өргөх Бурханы жинхэнэ, ухаалаг, итгэмжит хүү охид болцгооё.