Өнгөрсөн аль ч үеэс илүү бидний амьдарч байгаа энэ цаг үе нь Бурханы тусламж, хамгаалалт илүү их шаардлагатай зөгнөлийн үе болов уу гэсэн бодол төрж байна.
Гамшиг газар авсан үе байх тусам Бурханы ард түмэнд юу юунаас илүү Бурханы авралын мутар хэрэгтэй. Ийм утгаар, одоо энэ цагт Бурханы авралын тухай сургаалыг Библиэс хамтдаа нэгд нэггүй судалж үзэцгээе.
Бурхан бол бидний Хоньчин хийгээд Аврагч билээ. Бидний түшиж найдах Нэгэн нь зөвхөн Бурхан.
“Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна. Би ЭЗЭНд “Миний хоргодох газар, бат цайз минь, миний итгэдэг Бурхан минь” гэнэ. Учир нь чамайг анчны урхинаас, бас хорлолын тахлаас авардаг нэгэн нь Тэр юм. … Мянган хүн чиний дэргэд, түмэн хүн баруун гар талд чинь унавч, энэ нь чамд эс тусна. Чи зөвхөн нүдээрээ хараад л буруутад өгөх хариуг үзэх болно. Учир нь чи хоргодох газар минь болох ЭЗЭНийг, Хамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм. Ямар ч хор хөнөөл чамд эс учирна. Ямар ч гамшиг майханд чинь үл ойртоно. Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулд Тэр тэнгэрэлч нартаа чиний талаар тушаана.” Дуу 91:1-11
Энэ бол амлалтан дотор байдаг хүүхдүүддээ Бурханы хэлсэн тайвшралын үг юм. Бурхан хүүхдүүд биднийгээ хорлолын тахлаас ч аварч, тэнгэр элчээ илгээн бүх замыг маань хамгаалж хөтлөх тул мянган хүн, түмэн хүн дэргэд уналаа ч бидэнд гамшиг үл ойртох тухай Библид айлдсан байна.
Гамшиг туйлдаа хүрч, хүний хүчээс хэтэрсэн санаанд оромгүй зүйлс тохиолдох үед хэнийг түших вэ? Гамшгаас зугтан гарахад хэн бидэнд туслахыг сайтар тунгааж үзээрэй.
“Харцаа би уулс өөд өргөнө. Хаанаас надад тусламж ирэх вэ? Тэрхүү тусламж минь тэнгэр газрыг бүтээгч ЭЗЭНээс.” Дуу 121:1-2
“ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөнө. ЭЗЭН хотыг хамгаалахаас нааш манаач хүн дэмий л сэрүүн байна.” Дуу 127:1
Тэнгэр газрыг бүтээсэн нь Елохим Бурхан. Бурханаас өөр хэн ч, бас ямар ч арга хэрэгсэл биднийг аварч чадахгүй. Мөн Бурхантай хамт байгаагүй үедээ хийсэн аливаа ажил, хичээл зүтгэл эцсийн дүндээ хоосон болно. Бүтээгч Елохим Бурхан биднийг хөтөлж, бид Түүний хүслийг дуулгавартайгаар дагах үед бүх ажил дутуу юмгүй биелнэ.
Бидэнд тусалж, авралын түүхээ гүйцэлдүүлдэг тэнгэр Эцэг, Эхээ бид мартах учиргүй, хайраас нь ч урван тэрслэх ёсгүй. Тэнгэрийн яруу алдрыг чиглэн эрч хүчтэйгээр гүйж, сүйрэл рүү явж буй ертөнцийн өрөвдөлт хүмүүст авралын сайн мэдээг хүчтэйгээр тунхаглацгаая.
“ЭЗЭНийг магтагтун! Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун! … Байх зуураа Бурхандаа магтан дуулна. Ноёдод, авралгүй хүний хүүд ч бүү итгэ. Сүнс нь гарч явах үед тэд газар шороо уруу буцдаг. Яг тэр өдөр бодлууд нь мөхдөг билээ. Иаковын Бурханаар туслуулдаг, Бурхан ЭЗЭНдээ найдагч ерөөлтэй еэ!” Дуу 146:1-5
Хичнээн хүчтэй, хичнээн өндөр эрх мэдэлтэн байлаа гээд эцэстээ бүх юм хоосон мэт, юу ч биш болох цаг мөч ирэхдээ л ирнэ. Бурханы товлосон тэр өдөр дайчин нь цурхиран уйлж, хаан болон ноёд зүрх алдаж, хүмүүс дэлхийд ирж буй зүйлсийг ёрлож, айснаасаа ухаан алдана гэж зөгнөсөн байдаг (Зеф 1:14, Иер 4:9, Лук 21:26). Тиймээс хүнд бус гагцхүү Бурханд итгэж түшдэг хүмүүс л ерөөлтэй.
Гамшгийн энэ үеийн хариулт бол Бурхан юм. Елохим Бурхан бүх бэрхшээл зовлон, гай гамшгаас биднийг аврах тул хүүхдүүд бид Елохим Бурханы оршдог Сионд байж, Елохим Бурханд найдаад, талархал, яруу алдар, магтаал өргөх учиртай.
Бурхан Сионы ард түмэнд л тусалж, Сионы ард түмнийг л аврах юм. Сионд оршдог хүмүүсийг Бурханы жинхэнэ ард түмэн гэж Библид заасан. Бурхан Сионд оршиж, Сионы ард түмний Бурхан нь болно гэж амласан байдаг.
“Тэнгэрсийг тогтоож, газрын суурийг тавиад Сионд «Чи Миний ард түмэн» гэж айлдахын тулд аманд чинь үгээ тавьж, мутрынхаа сүүдрээр чамайг халхалсан нь Би билээ.”” Иса 51:16
“Манай баяр наадмын хот Сионыг харагтун! Ажин түжин орон, гадаснууд нь хэзээ ч сугарахгүй, нэг ч аргамж нь тасрахгүй, эвхэгдэхгүй майхан болох Иерусалимыг нүд чинь үзнэ. Тэнд цог жавхлант Нэгэн, ЭЗЭН, бидний төлөө байх болно. Ингэхдээ гол, өргөн сувгийн газар мэт болж, сэлүүрт завь хийгээд усан онгоц ч түүгээр өнгөрөхгүй. Учир нь ЭЗЭН бол шүүгч маань, ЭЗЭН бол хууль тогтоогч минь, ЭЗЭН бол хаан маань мөн. Тэр биднийг аварна. … Тэнд амьдарч байгаа хүмүүсийн хилэнц уучлагдах болно.” Иса 33:20-24
Сион бол Бурханы баяр наадам тэмдэглэдэг газар. Дэлхий дээр шинэ гэрээний баяруудыг сахидаг ганц газар бол Бурханы сүм. Тиймд бидний ирсэн энэ газар бол Сион.
Бурхан Сионы Хаан, Аврагч учраас бид авралаа Бурханаас гуйх хэрэгтэй. Ертөнцөд янз бүрийн гай гамшиг их нүүрлэж байгаа ч Бурхан бидний Хаан учраас биднийг аврах болно.
“ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна. … “Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно. Хүн бүр хөршдөө, ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана.”” Иер 31:31-34
Бурхан Өөрийнх нь хууль, шинэ гэрээг зүрхэндээ бичиж, сахидаг ард түмний Бурхан нь болж өгсөн. Тэнгэр газрыг бүтээсэн, мянга түмэн хүн дэргэд маань, баруун зүүнгүй унах үед ч зөвхөн биднийг л гамшгаас аврах Бурхан бол Сионд оршдог Бурхан юм. Мөн шинэ гэрээ сахидаг ард түмний Бурхан.
Зүрхэн дээрээ Бурханы хуулиудыг бичиж, тэрхүү хуулиудыг дагадаг ард түмэн, Бурханыг түшиж, Түүнээс эмээгч ард түмэн сүүлчийн бүх гамшгаас аврагдах болно. Бурхан Сионы ард түмнийг эцэс хүртэл нь хамгаална. Египетийн бүх нутгаар гамшиг буухад израиль ард түмний үснээс ганц ширхгийг ч гэмтээхгүйгээр хамгаалсан Нэгэн бол бидний Бурхан. Сионд хууль тунхаглан, Алгасал баяр буюу шинэ гэрээг умарталгүй, үе уламжлан энэ өдрийг дурсгал болгон сахиарай хэмээсэн Нэгэн ч мөн бидний Бурхан юм.
Энэ үед Бурхан хүн төрөлхтөнд хандан зогсолгүйгээр Сион тийш буцаад ирээрэй гэсэн төрөл бүрийн тэмдгүүдийг үзүүлж байна. Зөгнөлийн дэнлүүг хардаг бид үргэлж Бурханы авралыг түшингээ, талархал, яруу алдар, магтаалыг тасралтгүй өргөж, зөвхөн Елохим Бурханы сургаалыг эцсээ хүртэл дагацгаая.
Зарим хүн “Бурханд зөв итгээгүй хэр нь гамшгаас аврагдсан жишээ байдаг биз дээ?” гэж асуудаг. Харин тэр бол жинхэнэ аврал биш юм.
9 сарын 11-нд Америкт болсон хэргийн үеэр арайхийн амьд мэнд гарсан нэг хүн хэд хоногийн дараа өөр нэгэн ослоор хорвоог орхисон гэнэ. Гамшгийн аюулаас азаар амь мултарсан хүн ч төд удалгүй өөр гамшигт өртжээ. Иймээс үүнийг жинхэнэ аврал гэж үзэх үндэсгүй.
Америкт нэгэн үе “Тэр өдрөөс хойш” гэдэг теле кино гарч, ихээхэн шуугиан дэгдээж байсан удаатай. Цөмийн бөмбөг дэлбэрсний дараа дэлбэрэлтээс ч дутахааргүй, бүр ч ноцтой байдал үүсдгийг киноны үйл явдлаас мэдэж болно. Дэлбэрэлтээс амьд үлдлээ ч цацраг идэвхжилтийн тоосжилтоор дэлхий үгүйрэн хоосорч, эмчлүүлэх газар, хоол хүнс ч олдохгүй. Кинонд цөмийн бөмбөгийн дэлбэрэлтээр үхсэн хүмүүсээс амьд үлдсэнд нь илүү их зовлон учирдгийг харуулдаг. Түр зуурын аюулыг гэтэлж гарсан ч дараа нь хүнд зовлон хүлээж байв. Ингэхээр энэ бол жинхэнэ аврал биш юм.
Бурханы бэлдсэн аврал бол мөнхийн аврал. Бурхан биднийг аврахдаа энэ газрын түр зуурын аюулаас гэтэлгэх бус мөнхийн шинэ тэнгэр, шинэ газрын яруу алдрыг хүртэл хамтад нь соёрхох болно.
“Гэвч Эзэний өдөр хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэн өнгөрч, язгуур юмс галд хайлах бөгөөд газар ба түүн дээрх бүх үйл шатна. Энэ бүхэн тийн устгагдах аваас ариун байдал ба итгэл сүсэг дор та нар ямаршуу байх ёстой вэ? Бурханы өдөр ирэхийг хүлээж, түргэлүүл. Тэр өдөр тэнгэр шатан устаж, язгуур юмс түймэрт хайлах болно. Харин Түүний амлалтын дагуу зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг бид хүлээн байна. Тиймээс хайртууд минь, та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор толбогүй бөгөөд өө сэвгүйгээр Түүнд олдохыг хичээгтүн. … бидний Эзэний тэвчээрийг аврал хэмээн тооц.” 2Пет 3:10-15
Хорлолын тахал болон бүх гамшгаас аварна гэсэн Бурханы амлалтын дагуу бид шинэ тэнгэр, шинэ газрыг хүлээн байна. Цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, өвдөх гэж үгүй шинэ ертөнцийг Бурхан бэлтгээд, биднийг тэр зүгт хөтөлж байна.
“Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис үгүй болов. Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулан гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Сэнтийнээс гарах чанга дууг би сонсов. —Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [Бурхан нь болно]. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ. Сэнтийд Залрагч —Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна гээд…” Илч 21:1-7
Элч Иохан илчлэлт дотроо шинэ тэнгэр, шинэ газрыг харсан байсан. Тэрхүү шинэ ертөнцөд Бурхан “Би тэдний Бурхан болж, тэд Миний ард түмэн болно” хэмээж, Өөрийн ард түмнээ үеийн үед хаанчлуулна хэмээн айлдсан. Энэ нь л жинхэнэ аврал юм.
“Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба Хурганы сэнтий тэнд байж, зарц нар нь Түүнд үйлчилнэ. Тэд Түүний царайг харна. Түүний нэр тэдний духан дээр байх болно. Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнгийн гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Тэгээд тэд үеийн үед хаанчилна.” Илч 22:3-5
Бүтээгч Елохим Бурхан зүрх сэтгэлдээ шинэ гэрээг өвөрлөсөн Сионы хүүхдүүдийнхээ төлөө шинэ тэнгэр, шинэ газрыг зөвшөөрч, тэнд үеийн үед хаанчлах сүр жавхлант ирээдүйг бэлдэж тавьсан. Гамшгийн мэдээ ертөнцийг айлгасан ч шинэ гэрээний үнэн дотор байгаа ард түмэнд тэрхүү гамшиг огтхон ч ирэхгүй гэсэн амлалтыг зүрхэндээ сийлж, хар бараан мэдээн дунд ч тэнгэрийн хаанчлалын гэрэлт ирээдүйг харж чаддаг байцгаая.
Бурхан бидэнд цаг үргэлж хэрэгтэй. Байнга Бурханы дотор оршиж, амлалтан дотор нь байж, Бурханыг умарталгүй зүрхэндээ байлгацгаая. Бурханы тушаал юу болох, мөн Бурханы хүсэл юу болох, баярлуулах зүйл, бас бачимдуулдаг зүйл юу болохыг өдөр бүр бодож үзэцгээе.
Бурхан “Би ямар их зовно вэ!” хэмээн сэтгэлээ дэлгэсэн удаатай (Лук 12:50). Библийг уншдаг хэрнээ Бурханыг ухаарч чадахгүйд нь бачимдаж, тэмдгүүдийг хардаг хэрнээ өнөө цагийг үл шинжиж байгаад нь бачимдана. Мөн бэлтгэгдсэн тэнгэрийн ерөөл, яруу алдрыг ойлгохгүй, Бурханы хүслийг биелүүлэхгүйгээс тэрхүү яруу алдрын хуваалцагч болж чадахгүйд нь бачимдана. Энэ мэтчилэн Бурханыг бачимдуулах зүйл ганц нэгээр дуусахгүй.
Зөвхөн өөрсдөө л мэдэж, өөрсдөө л тэнгэрийн хаанчлалд орох бус бүх хүнд тунхаглацгаая. Сүүлийн үед гамшгийг анхааруулж байгаа эрдэмтдийн нотолгоо, баримтууд ч нэмэгдсээр байгаа. Тэд ирж буй гамшгийг мэдэж байгаа мөртлөө анхааруулахгүй байх нь хүн төрөлхтний эсрэг нүгэл гэлцдэг. Бүгдээрээ үнэнийг нуусан гэмт хэрэгтэн бололгүй “Миний өмнөөс тэднийг сэрэмжлүүл” хэмээсэн Бурханы үгийн дагуу дэлхийн бүх үндэстнүүдэд мэдүүлье. Сионд оршиж байгаа Бурхан биднийг дэлхийд болж байгаа элдэв гамшиг байтугай унтрашгүй тамын галт нуурт орох мөнхийн гамшгаас хүртэл аварч, тэнгэрийн хаанчлал өөд хөтөлж байна. Иймийн тул Сионд ирж, гамшгаас зугтан аврагдаарай хэмээн бүрээгээ чангаас чанга үлээцгээе (Иер 4:5-6). Дэлхийд илчлэгдэж байгаа их бага тэмдгүүдээр ирээдүйгээ харж чаддаг билиг ухаантай байж, гэр бүл, хөрш садан, найз нөхөд гээд хэнийг нь ч бай бүгдийг нь Сион руу яаравчлан хөтлөөд, авралын замыг мэдүүлье.
Авралын мэдээ, Алгасал баярыг их тунхаглаарай. Мосегийн үед бас энэ сайн мэдээ түгсэн ч египетчүүд сонсоогүй. Харин израильчууд сонссон. Тэгснийхээ үр дүнд яалаа?
Бурханы ард түмэн ба Бурханы ард түмэн биш хүмүүсийг үүгээр л ялгадаг тул шинэ гэрээ, Бурханы хуулийг цаг ямагт зүрхэндээ байлга хэмээн айлдсан билээ. Сионы гэр бүлүүд бид шинэ тэнгэр, шинэ газар хүртэл хөтлөх Бурханыхаа авралын түүхэнд оролцоцгооё. Мөн авралын замыг мэдэхгүй амьдарч буй ертөнцийн хүн ардыг тэнгэрийн хаанчлал, аврал, үнэн байдаг Бурханы сүм рүү хурдан ирээрэй гэж хөтлөхийг ахин дахин чухалчлан гуйя.