​“Чи Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла” гэсэн үг бий. Үүнийг биелүүлэх арга зам байдаг юм болов уу? ​

42,873 үзэлт

Фарисайчууд Есүсийг сорьж “Хуулиас хамгийн агуу тушаал аль нь вэ?” гэж асуудаг. Тэгэхэд Есүс “Чи Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла. Энэ бол хамгийн агуу нь бөгөөд анхны тушаал юм” гэж хариулжээ. Түүнчлэн Тэр “Чи хөршөө өөрийн адил хайрла. Энэ хоёр тушаал дээр бүх хууль ба эш үзүүлэгч тулгуурладаг юм” гэж айлдсан байдаг (Мат 22:35-41). Үүгээрээ Есүс Бурханы тогтоосон хуулийн гол цөм нь хайр болохыг, хуучин болон шинэ гэрээний хуулийг тогтоон биднээр сахиулах гэсний эцсийн зорилго нь хайранд оршдогийг бидэнд мэдүүлэх гэсэн хэрэг байв.

Есүсийн заасан анхны тушаалыг “Бурханыг хайрла” гэсэн гээд бүрхэгдүүхэн ойлгох юм бол тэдгээр тушаалыг нь сахиж чадахгүй. Бурханы гүн гүнзгий үнэнийг мэдэхгүй бол Бурханд итгэж Бурханыг хайрлаж байгаа гэж ярьдаг ч, өөрөө ч мэдэлгүй өөр бурханд үйлчлэх болно. Амьдрал дээр ийм байдал олон хүнд тохиолддог. Тэгвэл Есүсийн айлдсан анхны тушаалыг бүрэн биелүүлэх үнэн чухам юу юм бол? Дүгнээд хэлэхэд энэ бол “Шинэ гэрээний Алгасал баяр” аж.

Бурханыг бүрэн хайрлах арга Алгасал баяр

“Бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа Бурханыг хайрлалаа” гэж Бурханд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн хүний талаар Библид гардаг юм.

“Мосегийн бүх хуулийн дагуу өөрийн бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа ЭЗЭН өөд эргэсэн түүн шиг хаан түүний өмнө ч байгаагүй, түүнээс хойш ч гарсангүй.” 2Хаа 23:25

Иосиаг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа Бурханы “бүх” хуулийн дагуу эргэсэн гэж тэмдэглэсэн байх юм. Иосиа бүх хууль болон эш үзүүлэгчийн суурь болсон анхны тушаалыг, өөрөөр хэлбэл Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла гэсэн тушаалыг нь сахисан юм. Иосиа хаан анхны тушаал руу, Бурханы бүх хууль руу эргэсэн гэж магтаал хүлээсэн учир нь тэрээр Алгасал баяр сахисанд оршиж байв.

“Тэгээд хаан бүх ард түмэнд —Гэрээний энэ номд бичигдсэн ёсоор өөрийн Бурхан ЭЗЭНд Алгасалыг тэмдэглэгтүн гэж тушаав. Израилийг шүүдэг байсан шүүгчдийн өдрүүдээс ч, Израиль болон Иудагийн хаадын бүх өдрүүдэд ч энэ мэтээр Алгасалыг тэмдэглэж байгаагүй билээ. Харин Иосиа хааны арван наймдугаар онд Иерусалим хотноо ЭЗЭНд Алгасалыг сахисан юм.” 2Хаа 23:21-23

Израилийн түүхэнд Иосиа хаан шиг Алгасал баяр тууштай сахисан хүн байгаагүй юм. Иосиа Алгасал баяр сахиснаараа “Түүний өмнө ч, түүнээс хойш ч бүх зүрх, бүх сэтгэлээрээ бүх хууль руу эргэсэн түүн шиг хүн байгаагүй” гэсэн магтаал Бурханаас сонсож байв. Есүсийн айлдсанчлан хамгийн агуу бөгөөд анхны тушаал руу тэр ингэж эргэсэн байна. Энэ нь бид ч бас Иосиатай адил Алгасал баяр сахисан үед анхны тушаал руу бүрэн эргэсэн гэсэн гэрчлэлийг Бурханаас авна гэсэн утгатай аж.

Бурхан хууль тушаалиа анх тогтоосон үеэсээ л Алгасал баяр болон анхны тушаал хоёр салшгүй холбоотойг мэдүүлж байв.

“Сонс, Израиль аа! ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд ганц ЭЗЭН. Чи Бурхан ЭЗЭНээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла. Өнөөдөр чамд миний тушааж буй энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж, хөвгүүдээ үүгээр хурцлан, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай. Чи түүнийг тэмдэг болгон гартаа уяж, хоёр нүднийхээ хооронд сахиус мэт байлга.” Дэд.Хуу 6:4-8

“Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла” гэсэн үгийг, өөрөөр хэлбэл анхны тушаалыг тэмдэг болгон гартаа уяж, хоёр нүднийхээ хооронд сахиус мэт байлга гэсэн Бурханы захиас байна. Алгасал баярын талаар хэлэхдээ ч мөн адил үг хэрэглэжээ.

“Тэр өдөр чи хүүдээ “Намайг Египетээс гарахад ЭЗЭН миний төлөө хийсэн үйлсээс болж ингэсэн юм” гэж хэл. Үүнийг (Алгасал баярын ёслол) гартаа тэмдэг, нүднийхээ хоорондох санамж болгож, ЭЗЭНий хуулийг амандаа байлга. …” Гэт 13:8-9

Израиль ард түмэн боолчлогдон амьдарч байсан Египетээс гарсан өдөр бол Алгасал баяр. Тэр өдөр Бурхан Египетийн уугануудыг цохиж, Израилийн уугануудыг аварчээ. Авралын энэхүү түүхийг дурсан санах ёслол болох Алгасал баярын талаар хэлэхдээ “Гартаа тэмдэг, нүднийхээ хоорондох санамж болго” гэж Дэд хууль 6-р бүлэгтэй адилхан үг айлджээ. Энэ нь эцэстээ бүх зүрхээрээ Бурханыг хайрла гэсэн анхны тушаал, Алгасал баяр хоёр адилхан гэсэн утгатай юм.

“Мосе ард түмэнд —Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана! Учир нь ЭЗЭН та нарыг хүчирхэг мутраар энэ газраас гаргасан. Исгэсэн ямар ч зүйлийг идэж болохгүй. Абиб сарын энэ өдөр та нар гарсан.” Гэт 13:3-4

“Бурхан энэ бүх үгийг айлдан хэлжээ. —Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан. Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй.” Гэт 20:1-3

Бурхан Алгасал баяр болон анхны тушаалын эхэнд яг адилхан үг айлдсан байдаг. Түүнчлэн Бурхан анхны тушаал сахих ёстойн учрыг тайлбарлахдаа Алгасал баярыг жишээ болгон эш татаад “Та нарыг боолчлогдож байсан Египетээс аварсан Аврагч чинь Би биш үү? Тиймд өөр бурханд биш зөвхөн Надад үйлчил. Ингэхдээ та нарыг аварч гаргасан тэрхүү Алгасал баярыг дурсан санаж, тэр өдөр Надад үйлчил” гэсэн утгаар адилхан үг айлдсан аж. Иймд Алгасал баяр нь анхны тушаал юм.

Өөр бурхдыг устгадаг Алгасал баяр

Алгасал баяр сахих үед анхны тушаалыг бүрэн биелүүлж байгаа нь Бурхан Алгасал баяраар бусад бүх бурхдыг устгадагт байгаа юм.

“… Энэ нь ЭЗЭНий Алгасал болой. Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би ЭЗЭН.” Гэт 12:11-12

Алгасал баяр бол ертөнцийн бүх бурхдыг шүүхээр Бурханы тогтоосон өдөр билээ. Тиймээс Бурханы Өөрөөс нь өөр бусад бурхдыг цөмийг нь шүүж, устгадаг Алгасал баярыг бид сахивал бусад бурхад бүрэн устана. Ийм үед зөвхөн Бурханд л үйлчилж, бүх зүрхээрээ Бурханыг л хайрлана. Ингэснээр анхны тушаал руу эргэх болно.

“Тэгээд хаан, хүн илгээж, тэд түүн дээр Иуда болон Иерусалимын бүх ахмадыг цуглуулав. Хаан болон Иудагийн бүх эрчүүд, Иерусалимын бүх оршин суугч мөн тахилч нар, эш үзүүлэгчид болон их, бага бүх ард түмэн түүнтэй хамт ЭЗЭНий өргөө уруу явсан бөгөөд ЭЗЭНий өргөөнөөс олдсон гэрээний номын бүх үгийг тэр тэдний сонорт уншив. Хаан баганын хажууд зогсоод тэрээр ЭЗЭНийг дагаж, өөрийн бүх зүрх, бүх сэтгэлээрээ Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэж ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Бүх ард түмэн уг гэрээнд нэгджээ. Тэгээд Баал, Ашера болон тэнгэрийн бүх эрхэст зориулан хийгдсэн бүх эдлэлийг ЭЗЭНий сүмээс гаргахыг тэргүүн тахилч Хилкиа, удаах зэргийн тахилч нар болон хаалгач нарт хаан тушаав. Тэр тэдгээрийг Иерусалимын гадна Кидрон гуунд шатаан, үнсийг нь Бетелд аваачжээ.” 2Хаа 23:1-4

“Тэгээд хаан бүх ард түмэнд —Гэрээний энэ номд бичигдсэн ёсоор өөрийн Бурхан ЭЗЭНд Алгасалыг тэмдэглэгтүн гэж тушаав. Израилийг шүүдэг байсан шүүгчдийн өдрүүдээс ч, Израиль болон Иудагийн хаадын бүх өдрүүдэд ч энэ мэтээр Алгасалыг тэмдэглэж байгаагүй билээ. Харин Иосиа хааны арван наймдугаар онд Иерусалим хотноо ЭЗЭНд Алгасалыг сахисан юм. Түүнчлэн ЭЗЭНий өргөөнөөс тахилч Хилкиагийн олсон номд бичигдсэн хуулийн үгсийг гүйцэлдүүлэхийн тулд сүнс дуудагчид, шидтэнүүд, терафим, шүтээнүүд болон Иудагийн газарт ба Иерусалимд үзэгдсэн бүх л бузрыг Иосиа хөөн зайлуулжээ.” 2Хаа 23:21-24

Хаан ширээнд сууснаасаа 18 жилийн хойно Иосиа Алгасал баяр сахилаа. Тэрээр өмнө нь ч Бурханд итгэдэг, Бурханы хүслийг даган амьдардаг хэмээн бодож байсан. Гэсэн ч өөрийн мэдэлгүй өөр бурханд үйлчилж байсан Иосиа хаан Алгасал баярыг ухаарсны дараа сүнслэг нүд нь сая нээгдэж бүх шүтээнийг зайлуулжээ.

Хезекиа хааны үеийн түүх ч үүнтэй ижилхэн. Иудагийн Хезекиа хаан удаан хугацаанд хэн ч сахиагүй байсан Алгасал баярыг ард түмэнтэйгээ цуг сахиж байлаа. Тэгээд Алгасал баяр сахисан хүмүүс өмнө нь тавиатай байсан жигшүүрт шүтээнүүдийг устгав (2Шас 30:1, 31:1). Энэ мэтчилэн Алгасал баяр нь бусад бурхдыг устгадаг болохоор хүнийг зөвхөн Бурханд л үйлчлүүлж, бүх зүрхээр нь Бурханыг л хайрлуулдаг үнэн аж.

Шинэ гэрээний Алгасал баяр

Бурхан хуулиар болон Израилийн түүхээр дамжуулан биднийг Алгасал баяр сахисан үед л “Бурханаа бүх зүрхээрээ хайрла” гэх анхны тушаалыг биелүүлж чадахыг харуулсан юм. Харин хонины цус урсгаж сахидаг хуучин гэрээний Алгасал баяраар Есүсийн айлдсан агуу бөгөөд анхны тушаалыг бүрэн төгс биелүүлэх боломжгүй аж. Амьтны золиосоор Бурханы хайрыг төгс ухаарч чадахгүй болохоор бүх зүрхээрээ Бурханыг хайрлаж ч чадахгүй юм.

Хуучин гэрээний Алгасал баяр нь шинэ гэрээний үед шинэ гэрээний Алгасал баяр тогтоогдоно гэдгийг урьдчилан харуулж өгсөн хуулбар ба сүүдэр аж (Евр 10:1, Кол 2:17). Христийн тогтоосон шинэ гэрээний Алгасал баяр хичнээн гайхамшигтай үнэн болохыг Бурхан бидэнд мэдүүлэх гэж хуучин гэрээний сүүдэр бүхий түүхийг гүйцэлдүүлсэн юм.

Алгасал баярын Хурганы бодит болох Есүс бүхий л сансар огторгуйн хамгийн дээд Бурхан билээ. Цаазын нүгэл үйлдсэн нүгэлтнүүдийг нүгэл болон үхлээс аврах л гэж Бурхан энэ дэлхийд ирээд бузар муу нүгэлтнүүдийн доог тохуу болж, басамжлагдан доромжлуулж, ташуурдуулж, өргөст үүргэнд хатгуулж, загалмайд цусаа урсган туйлын хүнд зовлон амссан аж. Бурханы энэхүү хайр золиосыг ухааруулах үнэн бол шинэ гэрээний Алгасал баяр юм. Алгасал баярын талх, дарсанд биднийг аврах гэж махаа уран, цусаа урсгасан Бурханы ариун золиос, хайр шингэсэн байдаг (1Кор 5:7, Мат 62:17-28).

Сүүдэр бүхий хуучин гэрээний Алгасал баярыг харуулж өгсөнчлөн бодит нь болох шинэ гэрээний Алгасал баяр ч мөн нүглээс аварсан Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла гэж тогтоосон үнэн билээ. Бид шинэ гэрээний Алгасал баярыг сахиж, Бурханы ариун хайрыг сэтгэл дотроо дүүргэх аваас Сатан ба өөр бурхад бидний сэтгэлийг эзэмдэж хэрхэвч дийлэхгүй.

Тиймд Алгасал баярыг бид товлосон хугацаа нь болоход зүгээр л мөргөл тэмдэглэдэг баяр хэмээн ойлгож яахан болох билээ. Алгасал баярыг эрхэмлэн сахиад Бурханы хайраар сэтгэлээ бялхааж, цаашлаад Бурханыг чин сэтгэлээсээ хайрлах энэхүү аргыг ертөнцөд зааж мэдүүлцгээе. Ингэх нь бүх сэтгэл, зүрх, оюун ухаанаараа Бурханыг хайрлах, мөн хөршөө өөрийн адил хайрлах тушаалыг биелүүлж байгаа хэлбэр юм.