​Сүнслэг таталцлын хүч​

18,681 үзэлт

Бурханы бүтээсэн бүх зүйлийн хооронд татах хүч үйлчилдэг. Үүнийг таталцлын хүч гэж нэрлэдэг. Энэ нь хүн хоорондын буюу хоёр биетийн хооронд оршдог. Жишээ нь ширээн дээрх харандаа баллуур хоёрын хооронд, ном компьютер хоёрын хооронд гээд. Маш сул болохоор нь бид энэ хүчийг мэдрээд байдаггүй ч байдаг нь гарцаагүй. Түүхэн дэх агуу эрдэмтдийн нэг Исаак Ньютон “таталцлын хууль” олж нээсэн юм. Таталцлын хуулийн дагуу бол хоёр биетийн хоорондох татах хүч нь тэдгээрийн массын үржвэртэй шууд пропорциональ хамааралтай, харин тэдгээрийн хоорондох зайны квадраттай урвуу пропорциональ хамааралтай байна.

Ньютон Бурханы тогтоосон таталцлын зүй тогтлын өчүүхэн хэсгийг ойлгосон бол харин Бурхан бүх юмсыг бүтээхдээ хэдийн физикийн зарчмыг нь илчилсэн байдаг. Хүн Бурханы бүтээсэн зүй тогтлын нэгийг олж илрүүллээ гэхэд мундаг эрдэмтэн болж байна. Манай Бурхан сансар огторгуйд оршдог бүхий л шинжлэх ухаанлаг зүй тогтлыг сая сая, тэрбум тэрбум жилийн өмнө илрүүлсэн юм. Бидний Бурхан хичнээн агуу вэ!

Аливаа хоёр биетийн хоорондын зай багасах тусам тэдний хоорондох таталцлын хүч нэмэгддэг. Үүн шиг Бурхан болон бидний хоорондын зай багасах юм бол бидний дотор ажиллаж буй Ариун Сүнсний сүнслэг хүчийг бид илүү их мэдрэх болно. Бүтээгч Бурханы зүй тогтлоор дамжуулан Бурхан яагаад бидэнд Алгасал баяр өгснийг өөрөө өөрсдөдөө сануулж, Сионы ард түмний хувиар Бурханд цаг ямагт ойр байцгаая.

Бурханд ойр бай

Хүмүүн бид олж харахгүй, мэдрэхгүй байсан ч гэлээ таталцлын хүч оршдог нь гарцаагүй. Таталцлын хүч байдагтаа л дэлхий нарыг тойрон эргэж, сар тогтмол хурдаар тойрон эргэдэг. Нэмж хэлэхэд хүмүүн бид ч биднийг доош нь татаж байдаг дэлхийн таталцлын хүчний улмаас л хөл дээрээ зогсож чадаж байгаа шүү дээ.

Хоёр биет хамтдаа ойрхон байх тусам тэдний хоорондох таталцлын хүч бүр ч хүчтэй болдог байна. Хоёр обьект бие биенээсээ холдох тусам таталцлын хүч суларна. Яг ижил зарчим сүнслэг ертөнцөд ч бий. Таталцлын хуулийн дагуу хүмүүс өөрт ойр байгаа хүндээ татагдах ёстой. Хэрэв хүмүүс Бурхантай ойр байвал аяндаа Бурханд ойртох болно. Хэрэв Сатантай ойр байвал Сатантай улам ойртоно. Сатан биднийг цаг үргэлж өөртэйгөө ойртуулахыг хичээж, нэг ч гэсэн сүнс там руу хөтлөх гэдэг. Эсрэгээрээ Бурхан хүүхдүүд биднийгээ цаг үргэлж мөнхийн тэнгэрийн хаанчлал руу хөтлөхийг хүсдэг. Тийм ч учраас биднээс Өөрийгөө огтхон ч холдуулдаггүй. Библид биднийг үргэлж Бурханд ойр байхыг сургадаг.

“Харин Бурханд ойр байх нь надад сайн. Таны бүх үйлсийг тунхаглахын тулд Би БУРХАН Эзэнийг хоргодох газраа болгосон.” Дуу 73:28

“Учир нь, харагтун, Танаас хол байгчид нь сөнөх болно. Танд итгэлгүй бүгдийг Та устгасан билээ.” Дуу 73:27

Бурханд ойр байдаг хүмүүс ерөөгдөнө, харин Бурханаас хол байгчид сүйрэх болно гэж айлдсан. Бид Бурханд ойр байх ёстой. Бурханд ойр байна гэдэг нь Бурхантай харилцан ярилцаж, нүдэнд харагдахгүй Ариун Сүнсний хүчинд татагдахыг хэлж байна. Бурхантай ойр байж байж л сүнслэг хүч маань нэмэгдэх бөгөөд Сатан бидний өмнө ямар ч урхи саад тавьсан бид Сатаныг бүрэн эсэргүүцэх чадвартай болно.

Сатан хүмүүсийг өөрийнхөө талд татан оруулахыг санаархаж, нийгмийн ёс суртахуун, үнэ цэнийн хэм хэмжүүрийн тухай төөрөгдөл бий болгож, ертөнцийг улам бүр хорон муу, завхай болгодог. Сатан биднийг өөртөө ойртуулж, Бурханаас холдуулах гэсэндээ өмнө маань ямагт сорилт саад тавьдаг. Бурхан тушаалыг нь үл тоохын үр дагаврын талаар “Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхнэ!” гэж хатуу анхааруулсан. Харин Сатан Бурханы сэрэмжлүүлгийг үл тоож, уг мод нь хүнсэнд сайн, нүд булаам, ухаан тэлмээр, хорхой хүрмээр гэдэгт итгүүлэх гэж хүмүүсийг уруу татсан юм.

Бурханы үгийг дуулгавартай дагадаг хүмүүс нь Бурханд ойр байж чадах төдийгүй аяндаа л Бурханы татах хүчинд татагддаг. Харин Сатаны үгийг сонсдог хүн Бурханаас холдон, Сатанд татагдахаас өөр аргагүй. Бурхан бидэнд хуулиа өгсөн бол Сатан сансар огторгуйн эмх журмыг эвддэг хууль сэдсэнээрээ Бурханы хууль ба цаг үеийг өөрчилсөн билээ.

Бурхан үеийн төгсгөл хүртэл бидэнтэй хамт байхыг л үргэлж хүсдэг (Мат 28:20). Бид Бурханд ойр байх учиртай. Бурханд ойр байя гэвэл бид Бурханы үгийг өөртөө ойр байлгах учиртай.

Эцэг маань бидэнд Бурхантай байнга уулзахыг хүсвэл Библи байнга уншаарай гэж айлддаг. Бид өдөр бүр Бурханы үг сурангаа Бурханы хүсэл юу вэ гэдгийг сурахад болон итгэлийн амьдралдаа аль замаар явах хэрэгтэй гэдгээ сурахад хичээл зүтгэл гаргах учиртай.

““Чангаар хашхирагтун. Бүү тогтоон барь. Хоолойгоо бүрээ мэт өндөрсгөн, ард түмэнд маань гэмт үйлдлийг нь, Иаковын гэрт нүглийг нь мэдүүлэгтүн. Гэлээ ч зөвт байдал үйлддэг, Бурханыхаа шүүлтийг умартаагүй үндэстэн мэт тэд Намайг өдрөөс өдөрт эрж, замыг минь мэдэхийг хүсдэг. Тэд зөвт шийдвэрийн төлөө Надаас гуйж, Бурханы ойр байхыг хүсдэг.” Иса 58:1-2

“Тэрслүү, бузартсан, хэрцгий хот хөөрхий еэ! Тэр ямар ч дуу хоолойг дагаагүй, ямар ч зааврыг зөвшөөрөн аваагүй. Тэр ЭЗЭНд итгээгүй, өөрийнхөө Бурханд ойртоогүй. Тэр хотын жононгууд нь архирагч арслангууд, шүүгчид нь үдшийн чононууд юм. Тэд өглөө юу ч үлдээдэггүй. Эш үзүүлэгчид нь бодлогогүй, урвагч хүмүүс бөгөөд тахилч нар нь ариун газрыг бузарлажээ. Тэд хуулийг завхруулжээ.” Зеф 3:1-4

Бурханд ойртоогүй хотыг Библид тэрслүү, бузартсан, хэрцгий хот гэж айлдсан. Бурханы дуу хоолойг дагадаггүй, зааврыг нь хүлээн зөвшөөрдөггүй, Бурханаас хол байдаг хувь хүн ба байгууллага сүнсээр дээр хэлсэн шиг байдалтай байдгийг Бурхан зааж өгч байна.

Хэрвээ бид Бурханд ойрхон байвал Бурханы хүчийг асар хүчтэй мэдэрнэ, харин Бурханаас холдвол бидний дотор байгаа Ариун Сүнсний хүч суларч, Бурханыг мэдэрч чадахаа болин, Бурханы үгийг ойлгохоо ч болино. Бурханд ойртох үедээ л бид Бурханы бидэнд заасан бүхнийг дуулгавартай дагаж чадна.

Тэнгэрийн хаанчлал ойртох тусам Бурханд ойр бай

Хадам эх Наомигаа огт орхиогүй Рутын үйлс нь ачлалт ёсны сайн жишээ юм. “Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны Бурхан миний Бурхан.” Энэ бол Рутын зоримог шийдвэр байв (Рут 1:16-17). Тэрээр хадам эхээ дагаж, хадам эхдээ чин сэтгэлээсээ үйлчилсэн. Үүнийхээ үр дүнд тэрээр Бурханаас ерөөл хүртэж, харийн бүсгүй байсан хэр нь Израилийн угийн бичигт нэрээ бичүүлэх яруу алдар авсан байдаг.

Бурханд үргэлж ойр байж, дагах юм бол иймэрхүү алдар нэр, ерөөл бидэнд ч өгөгдөнө. Дэлхийгээс худалдан авсан Бурханы ард түмэн Бурханыг хаашаа ч явсан дагадаг болохоор тэд Бурханаасаа хэзээ ч холдож нүүр буруулахгүй (Илч 14:4).

“Тэр цаг биелэлээ оллоо. Бурханы хаанчлал айсуй. Гэмшиж, сайнмэдээнд итгэгтүн гэж байлаа.” Мар 1:15

Есүс ийн айлдсан ёсоор тэнгэрийн хаанчлал айсуй тул бид Бурханд ойртох ёстой. Бурхан бидэнд ойрхон байсаар байхад бид Бурханаас холдон явбал юу болох вэ? Бурхан бидний хоорондын зай огтхон ч богиносохгүй. Бид Бурханд ойртохын хэрээр Бурхан бидний хоорондын татах хүч улам нэмэгдэх болно.

“… Тиймээс Бурханд захирагдагтун. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна. Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт та нар гараа цэвэрлэ. Хоёр санаат та нар зүрхээ ариусга. … Эзэний өмнө өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно.” Иак 4:5-10

Диаволыг эсэргүүцэж, Бурханд ойр бай гэсэн байна. Сатанаас хол байж, Бурханд ойртох цорын ганц арга зам бол Бурханы үгийг дуулгавартай дагаж, Бурхан биднийг хаашаа ч хөтөлсөн Бурханыг дагах явдал. Бурханы хаанчлал дэндүү ойрхон ирсэн тул бид гэмшиж, итгэлийн амьдралынхаа турш сайн мэдээгээр дамжуулан өдөр бүр Бурханд ойртох ёстой.

Бурхантай хамгийн ойрхон болгох гэрээ, Алгасал баяр

Бид Бурханд хэрхэн яаж ойрхон байх вэ? Хоёр биетийн хоорондын зай тэдний хоорондох таталцлын хүчийг тодорхойлох чухал хүчин зүйл. Бид Бурханд аль болох ойрхон байх үед бид Ариун Сүнсний хүчийг бүрэн хэмжээгээр авч чадна. Бурхан бидэнд яаж Бурханд хамгийн ойр байх аргыг зааж өгсөн.

“Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. Миний мах жинхэнэ хоол, Миний цус жинхэнэ ундаа мөн. Миний махыг идэж, цусыг уугч нь Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна. Амьд Эцэг маань Намайг илгээсэн бөгөөд Би Эцэгээр амьдрахын адил Намайг идэгч нь мөн Надаар амьдарна.” Иох 6:53-57

Бурхан энэ дэлхийд ирэхдээ “Миний махыг идэж, цусыг уугч нь Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна” гэж айлдсан. Хэрэв Бурхан бидний дотор, бид Бурханы дотор байвал Бурхан бидний хоорондын зай тэг болж, сүнслэг хүч дээд цэгтээ хүрнэ. Сүнслэг таталцлын хүчийг хамгийн дээд цэгт хүргэхийн тулд бид Бурхантай аль болох ойр байх хэрэгтэй. Энэ зүй тогтлыг бидэнд илчлэхийн тулд Бурханы байгуулсан гэрээг харцгаая.

“Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирж —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад Тэр —Хотод нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа Алгасал баярыг тэмдэглэнэ» гэсэн” хэмээн дуулга гэв. Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:17-19, 26-28

Есүс шавь нартаа Алгасал баярт бэлд гэж айлдаад, Алгасал баяр дээр “… энэ Миний бие… гэрээний цус минь” гээд мах, цусаа идүүлсэн. Алгасал баярын мах, цусны цаад утга учрыг тодруулсныхаа дараа Есүс Алгасал баяр сахих жишээ биечлэн үзүүлж, мөн үүнийг сахихыг бидэнд зааж өгсөн. Бидний дотор Христийн ариун бие, үнэт цус байвал Бурхан бидний дотор, бид Бурханы дотор байх юм. Биднийг Бурхантай хамгийн ойрхон болгосон үнэн нь шинэ гэрээний хууль Алгасал баяр юм.

“Алгасалын хургыг нядлах, Исгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс, Петр Иохан нарыг илгээн —Явж, бидний зооглох, Алгасал баярын зоогийг бэлд гэв. … Тэд явж, Түүний айлдсанаар бүгдийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв. Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ.” Лук 22:7-15

Есүс энэ Алгасал баярын зоогийг барихыг ихэд хүссэн. Үүний учир нь Тэрээр хайртай хүүхдүүдээ Бурханд хамгийн ойр байн, мөнх амь авч, сүнслэг хүчээ нэмэгдүүлээсэй гэж хүссэн хэрэг.

Бидний дайсан диавол биднийг Бурханаас холдуулж, там руу аваачихыг үргэлж хичээдэг. Тэрээр Алгасал баярыг устгахын тулд бүх төрлийн бузар булай арга, заль мэхийг тасралтгүй ашигладаг. 2-р зууны дунд үеэс 4-р зуун хүртэл Ромын сүм Алгасал баярыг устгах талаар хэлэлцэх гурван хурал хийсэн байна. Зүүн болон баруун сүмийн удирдагчид энэ асуудлын тухайд анх удаа II зууны дунд үеэр хэлэлцсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй юм. Алгасал баярыг устгахыг эсэргүүцсэн хүчтэй эсэргүүцэл хэвээр байхад хоёр дахь маргаан хэдэн арван жилийн дараа болов. Гурав дахь маргаан нь МЭ 325 онд болсон Никеагийн шашны хурлын үеэр болсон бөгөөд тэр үед Ромын эзэн хааны оролцоотойгоор Алгасал баярыг бүрмөсөн устгаж ариун зоогийн ёслолыг Христийн амилалтыг дурсдаг ням гарагт тэмдэглэх ёстой гэсэн дүрэм тогтоожээ. МЭ 325 онд устсан өдрөөс хойш дэлхий даяар нэг ч католик сүм болон протестант сүм Алгасал баярыг тэмдэглээгүй байна.

Бурханы өвч зэвсгийг агс

Бурхан бидэнтэй хамгийн ойр харилцаатай байхаар шийдсэн. Үүнийгээ биелүүлэхийн тулд Бурхан Алгасал баяр хэмээх агуу баяр тогтоож, өнөө үед сэргээж өгсөн билээ. Алгасал баяр нь Бурханы үнэт мах цусыг өвлөн авсан хүмүүс Бурханы дотор, Бурхан тэдний дотор байна гэсэн амлалтыг агуулж байдаг. Тиймээс Алгасал баяр нь биднийг Бурханд хамгийн ойртуулдаг үнэн юм. Алгасал баяр сахих үед Ариун Сүнсний хүчийг дээд зэргээр мэдрэх боломжтой төдийгүй Бурхан бидэнтэй хамгийн ойр байж биднийг хөтөлдөг гэж ойлгож болно.

“Эцэст нь, Эзэн ба Түүний чадлын аугаа хүч дор хүчтэй байгтун. Та нар диаволын заль мэхний эсрэг зогсож чадахын тулд Бурханы өвч зэвсгийг агс. Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршихуй дахь ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ. Тиймээс тэр цөвүүн өдөрт, эсэргүүцэх чадвартай байж бүхнийг гүйцээн бат зогсохын тулд Бурханы өвч зэвсгийг ав. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөж зогс. Амар тайвны сайнмэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс. Энэ бүгд дээр ёрын муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай, авралын дуулга болон Бурханы үг болох Сүнсний сэлмийг ав. Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. …” Ефе 6:10-20

Бид ёрын муу сүнслэг хүчний эсрэг тулалдаанд ялахын тулд Бурхан ба Түүний чадлын агуу хүч дор бэхжих ёстой. Тэгсэн цагт л бид эцсийн өдөр “ялагчид” гэгдэн, Бурханы сэнтийн өмнө итгэлтэйгээр зогсож чадна. Библид биднийг Бурханы өвч зэвсгийг агс гэсэн. Бид өвч зэвсэг агссан үед л бидний бие өвч зэвсэгтэй хамгийн ойрхон байна шүү дээ. Шинэ гэрээний Алгасал баярын үнэнээр Бурханд хамгийн ойрхон байх юм бол сүнсний төрх байдал маань Бурханы өвч зэвсэг агссан хүнтэй адилхан байх юм.

Сатаныг эсэргүүцэхийн тулд Бурханы үг болох Сүнсний сэлмийг ав гэжээ. Бид Бурханы үгийг нэг хором ч мартаж болохгүй, харин цаг үргэлж сэтгэлдээ хадгалах ёстой. Диавол Бурханы хүүхдүүдийг өөрийнхөө талд татахын тулд боломжтой бүх арга замаар уруу татахыг санаархдаг. Сатан ер нь хүмүүсийн сул тал руу нь л дайрдаг. Тэрээр дэлхийн эд баялагт автсан хүмүүсийг материаллаг зүйлсээр, дэлхийн эрх мэдэлд хүрэхийг маш их хүсдэг хүмүүсийг ертөнцийн эрх мэдлээр, эсрэг хүйсийнхээ хүмүүст татагдах дуртай хүмүүсийг тэр хүмүүсээр нь, суралцах хүсэлдээ автсан хүмүүсийг цаг заваа дэлхийн үй түмэн мэдлэг олж авахад зарцуулдаг байхаар гээд янз бүрийн аргаар уруу татдаг.

“Үзэгтүн, ЭЗЭНий мутар аварч чадахааргүй богино биш ээ. Сонор нь сонсож чадахааргүй дүлий биш ээ. Харин хилэнц чинь та нарыг Бурханаас хагацуулан нүглүүд чинь Түүний нүүрийг та нараас далдалжээ. Тиймээс Тэр сонсдоггүй.” Иса 59:1-2

Энэ ишлэл нь бидний өөрсдийн маань нүгэл биднийг Бурханаас холдуулах шалтгаан болдог гэсэн утгатай. Сатан биднийг нүгэл үйлдүүлэх гэж уруу татан, цаг ямагт биднийг Бурханаас холдуулахыг л оролдож байдаг. Нүгэл хэрхэн бидний зүрх сэтгэлд нэвчиж, бидэн рүү дайрдгийг бид ойлгох ёстой.

“… Түүнд ийнхүү найдаж байгаа бүхэн Түүний цэврийн адилаар өөрийгөө цэвэршүүлдэг. Нүгэл үйлддэг хүн бүр бас ёс бусыг үйлддэг. Нүгэл бол ёс бус юм.” 1Иох 3:2-4

Сатан биднийг ёс бусыг үйлдэхэд уруу татахын тулд Бурханы тогтоосон цаг үе болон хуулийг өөрчлөх овжин заль мэх сэдэж, улмаар биднийг Бурханаас холдуулах гэдэг. Тэрээр биднийг Амралтын өдөр, Алгасал баяр сахиулахгүй нөхцөл байдлуудыг бий болгодог. Энэ нь биднийг Бурханаас бүрмөсөн холдуулах хуйвалдааны нэг юм. Бурханы хууль тушаалын үүднээс авч үзвэл өөрийгөө Бурханд итгэдэг гэдэг олон хүн өөрийн мэдэлгүй Бурханаас холдон одоод байгаа.

Шинэ гэрээний Алгасал баяраар Бурхан бидэнтэй хамгийн ойрхон байж, итгэлийн амьдралын минь турш бидэнтэй хамт алхдаг билээ. Тэрээр хаашаа ч хөтөлсөн Өөрийг нь дагадаг хүмүүсийг аварна. Бурханы тушаалуудыг сахидаг хүн нь Бурханых, Бурханы тушаалаас эргэдэг хүмүүс нь диаволынх юм (1Иох 2:3-6, 5:19).

Бурханы баяр нь Бурхан болон бидний хоорондын зайг богиносгон, ойртуулдаг. Бид өөрсдийгөө Бурханд ойртуулах тусам бидний дотор ажиллаж буй Ариун Сүнсний хүчийг илүү хүчтэй мэдрэх болно. Сатан биднийг Бурханд ойр байхад саад хийхийн тулд амьдралд маань үй олон саад тавьдаг. Бид Сатаны алив уруу таталтанд огтхон ч автах ёсгүй, харин үргэлж Бурханд ойртох ёстой. Бурхан биднийг Өөрөөсөө холдуулахгүйн төлөө бидэнтэй нэг болох арга бий болгосон. Энэ нь Бурхан болон бидний хоорондох зайг богиносгох үүднээс Бурхан Өөрөө байгуулсан шинэ гэрээний Алгасал баяр юм. Энэхүү гэрээгээр дамжуулан Бурхан бидний гараас атгаж, үргэлж бидэнтэй хамт алхдаг. Энэхүү сайхан баярыг хэзээ ч мартаж болохгүй, гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, хөршүүд, танилуудаа авралд хөтлөөд, гар гараасаа барилцан, тэнгэрийн хаанчлалд хамтдаа буцан очицгооё.