Сүнслэг хохирол

13,845 үзэлт

Итгэлийн үндсэн зорилго сүнсний аврал авахад оршдог (1Пет 1:9). Бурхан энэ газар хүртэл ирээд, үүрд үхэхээс өөр аргагүй байсан тэнгэрийн нүгэлтэн бидэнд авралын үнэнийг соёрхсон. Тиймээс Бурханы үгийг дуулгавартай дагаж, аврал авах тийм хэмжээний амьдрал сонгох нь бидэнд хамгийн том аз жаргал, хамгийн их ашиг гэж үзэж болно.

Сионы гэр бүлүүдийн хувьд аливааг ялгаж салгах чадвартай байж, ямарваа саад бэрхшээл тулгарсан ч сүнслэг хохирол амсалгүй, сүнслэг ерөөл авахыг бүгдээс нь хүсэж байна. Талбайд нуусан эрдэнийг олж авахын төлөө өөрт байгаа бүхнээ зараад, тэрхүү талбайг худалдаж авсан шиг тэнгэрийн хаанчлал гэх эрдэнийг олохын төлөө л бол залуу нас, хичээл зүтгэл гээд юугаа ч бай түүнд зориулах нь зүйтэй юм. Ямар ч хохирол амсалгүйгээр тэнгэрийн хаанчлал олддог бол сайн байх сан. Гэвч махан биеийн ашиг сүнслэг ашиг хоёрын аль нэгийг нь сонгох хэрэгтэй болбол сүнслэг хохирлыг хэрхэвч амсахааргүй сонголт хийцгээе. Ойртон ирж буй тэнгэрийн хаанчлалыг санаад, тэнгэрийн хаанчлалыг бүгд олж авахыг чин сэтгэлээсээ хүсэж байна.

Тарган мал сүргийг олоод оронд нь Бурханыг алдсан Саулын сүнслэг хохирол

Библийг судлахад сүнслэг хохирлыг өчүүхэнд тооцож, харин махан биеийн хохирлыг илүү том гэж үзээд Бурханаас холдон, Бурханд итгэх итгэлээ умартсан мунхаг хүмүүс нэлээн олон байв. Яавал сүнслэг хохирол амсдаг, яавал сүнслэг ерөөл хураадаг талаарх мэргэн ухааныг Библиэс олж авцгаая.

“Самуел, Саулд —Таныг Өөрийн ард түмэн Израилийн хаан болгон тослохоор ЭЗЭН намайг илгээсэн. Тиймээс одоо ЭЗЭНий үг ба дуу хоолойг сонсогтун. Түг түмдийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Би Амалекийг шийтгэнэ. Учир нь Израилийг Египетээс гарах замд тэд түүний эсрэг довтолсон юм. Одоо явж амалекчуудыг бут цохиод тэдний хамаг юмсыг бүрмөсөн сүйрүүлж, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхэд, үхэр хонь, тэмээ илжиг бүгдийг нь ал” гэж хэлэв. … Харин Саул ба түүний ард олон нь Агагийг бас хамгийн сайн хонь, үхэр, тарган тугал, хурга хийгээд сайн бүхнийг хэлтрүүлж, тэр бүгдийг бүрмөсөн сүйрүүлэхийг үл хүсэв. Тэд муу, үнэ цэнэгүй малыг харин бүрмөсөн устгажээ. Тэр үед Самуелд ЭЗЭНий үг ирж —Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний үг зарлигийг үл сахив гэв. … Саул, Самуелд —Би ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагаж, ЭЗЭНий намайг илгээсэн аян замд явсан билээ. Би Амалекийн хаан Агагийг авчирч, амалекчуудыг хүйс тэмтэрсэн билээ. Гэвч ард олон Гилгалд таны Бурхан ЭЗЭНд нядалж тахихын тулд олзноос буюу хориг цээртэй юмсаас хамгийн сайн хонь, үхрийг авчирсан билээ гэв. Самуел —ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь шатаалт тахил, нядлах тахилуудаас илүүгээр ЭЗЭНийг баярлуулах бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь нядлах тахилаас илүү, анхааран үзэх нь хуцын өөхнөөс илүү. Тэрслэл нь мэргэ төлгийн адил нүгэл бөгөөд гөжүүдлэх нь ёс бус агаад шүтээнд мөргөх адил билээ. Чи ЭЗЭНий үгийг үл хэрэгссэн тул ЭЗЭН бас чамайг үл хэрэгсэж, чи хаан байхаа болилоо гэв.” 1Сам 15:1-23

Бурхан Амалект уур хилэн буулгаж, тэдний мал амьтныг нь ч хүртэл бүгдийг сүйрүүл хэмээн Саул хаанд тушаасан боловч Саул өөрийн бодлыг эн түрүүнд тавьжээ. Тэгээд тэрээр зөвхөн өнгө үзэмжгүй, үс ноос нь зулгарсан малыг нь хүйс тэмтэрч, тарган үхэр, хоньдыг амьдаар нь тууж иржээ.

Аливаа хүн зөвхөн нүдний өмнөх ашиг хонжоог л хараад байвал ухаарч ч амжилгүйгээр сүнсээр томоохон хохирол амсдаг. Саул ч мөн махан биеэр хохирохгүй гэсэндээ гөжүүдэлж, сүнсээрээ маш том хохирол амсаж байгаагаа огт мэдэхгүй байв. Бурхан Саулыг хаан болгосондоо харамссан юм. Хонь, үхэр зэрэг тахилаас сүнс нэг бүрийг илүү чухалчлан үздэгтээ Бурхан амийн замаас холдож байгаа Саулыг хараад ийн харамссан аж.

Үгэнд дуулгаваргүй байснаас Саулын амссан сүнслэг хохирол үнэхээрийн том байв. Хэдийгээр үхэр, хонин сүргийн тоо толгой нь олширсон ч Бурханыг алдсан болохоор үнэндээ бүхнийг алдсан байв. Бурханыг алдсаны дараа мөнхийн там мэт цаг мөч түүнийг хүлээж байсан юм. Бурхан түүнийг орхисноос хойш Саул муу сүнсэнд баригдан, тарчлан зовж байгаад дайны талбарт эмгэнэлтэйгээр амьдралаа эцэслэсэн юм.

Бурханаас ангид байвал бид юу ч хийж чадахгүй (Иох 15:5). Бурханы үгэнд дуулгаваргүй байх нь сүнслэг хохиролтой шууд холбоотой. Дуулгавартай байх нь сүнслэг ерөөл хураах дөт зам мөн.

“Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдвөөс ЭЗЭН Бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстний дээгүүр өндөрт тавина. Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байвал энэ бүх ерөөл чам дээр бууж, чамд хүрнэ. Чи хотод ч ерөөгдөнө, хөдөөд ч ерөөгдөнө. Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, мал амьтдын чинь төл, үхэр, хонины чинь төл ерөөгдөнө. Чиний сагс, талх исгэдэг сав ерөөгдөнө. Чи орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө. … Хэрэв чи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсохгүй, миний өнөөдөр чамд тушааж буй бүх тушаал, зарлигуудыг нь дагаж мөрдөхгүй байвал энэ бүх хараал чам дээр бууж, чамд хүрнэ. Чи хотод ч хараагдана, хөдөөд ч хараагдана. Чиний сагс, талх исгэдэг сав хараагдана. Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, үхэр, хонины чинь төл хараагдана. Чи орохдоо ч хараагдана, гарахдаа ч хараагдана.” Дэд.Хуу 28:1-6, 15-19

Дуулгаваргүй байвал үргэлж хараал дагалддаг болохоор ямар ч ажил бүтдэггүй. Бурханы үгийг дуулгавартай төгс дагалгүй, өөрийн бодлыг эн түрүүнд тавьж, өөртөө сүнслэг хохирол дуудсан Саулын жишээ бидэнд чухал сургамж болж байна. Өнөө үеийн бидэнд ч мөн сонголтын салаа замын уулзвар дээр зогсох үе бий. Махан биеийн ашгийн төлөө явж байгаад сүнслэг хохирол амсах тохиолдол ч байхад сүнслэг ашигт тэмүүлж байгаад махан биеийн хохирлоо тэвчиж гарах тохиолдол ч байдаг. Чухам аль нь зөв сонголт вэ?

Ганц аяга зармагны шөлөөр ууган хүүгийн эрхээ зарсан Есавын сүнслэг хохирол

Бурханы үгэнд дуулгавартай байх нь ямар их ашиг олж, ямар их ерөөл хураадаг арга болохыг ухаарч, Бурханы үгийг туйлаас дагах хэрэгтэй. Эс бөгөөс бид хэдийн авчихаад байсан ерөөлөө ч хүртэл бүгдийг нь алдаж, хожим харамсах болно.

Эхлэл номонд сүнслэг хохирол амссан ч ухаарахгүй байсан тухай өөр нэг хүний жишээ гардаг.

“… Иаковыг шөл буцалгаж байтал Есав хээрээс өлсөж ядран эргэж иржээ. Есав Иаковт —Би өлсөж ядарсан учир чи улаан шөлнөөсөө надад идүүлнэ үү? гэжээ. Иймээс Есавыг Едом гэж дуудах болсон юм. Иаков —Ууган хүү байх эрхээ өнөөдөр надад худалдаач гэсэнд Есав —Би үхэх гэж байна. Ууган хүү байх эрх надад ямар ашигтай юм бэ? гэжээ. Иаков —Өнөөдөр надад тангарагла! гэсэнд Есав түүнд тангараглаж, ууган хүү байх эрхээ Иаковт худалджээ. Иаков түүнд зармагны шөл талхтай өгсөнд тэрээр идэж уугаад, босож явлаа. Есав ууган хүү байх эрхээ ингэж үл тоомсорлов.” Эхл 25:27-34

Ууган хүү байх эрхээ үл тоомсорлосон Есавтай адил сүнслэг хохирол юу болохыг ухааралгүй сүнслэг зүйлд хөнгөн хуумгай ханддаг хүмүүс ертөнцөд олон бий. Сатан үргэлж өчүүхэн өгөөш өгч, том сүнслэг зүйлийг нь булааж авдаг. Есав ч мөн ганц аяга зармагны шөл олсон ч сүнслэг талаас харвал хохирол нь дэндүү их байв.

“Исаак Иаковыг ерөөн адислаж дуусмагц Иаков эцэг Исаакийнхаа өмнөөс босон гарч явлаа. Дөнгөж дараа нь түүний ах Есав ангаасаа буцаж ирээд, амтат хоол хийж түүнийгээ эцэгтээ аваачин —Эцэг минь ээ, өндийж суугаад хүүгийнхээ ангийн махнаас иднэ үү. Тэгээд сэтгэлээсээ намайг ерөөн адислагтун! гэж аавдаа хэлжээ. … Исаак ихэд цочирдон —Тэгвэл ан агнаад надад авчирч өгсөн тэр хүн хэн байсан бэ? Би чамайг ирэхээс өмнө бүгдийг нь идээд, түүнийг ерөөсөн билээ. Тэр л гарцаагүй ерөөгдөнө гэв. Есав эцгийнхээ үгийг сонсоод бархиран уйлж, эцэгтээ —Эцэг минь, намайг ч бас ерөөн адислаач! гэж аавдаа хэлсэнд… —Надад хүртээх ерөөл танд үлдээгүй гэж үү? гэсэнд Исаак, Есавд хариулан —Харагтун, би түүнийг чиний эзэн болгож, бүх ах дүүг чинь түүнд зарцаар өгч бас үр тариа, дарсаар түүнийг хангасан учир хүү минь, би чамайг одоо яах билээ гэв.” Эхл 27:30-37

Энэ бол сүнслэг хохирлын жишээ. Есав өөрийгөө ууган хүү болохоор яадаг ч байсан ууган хүүгийн ерөөлийг мэдээж авна гэж бодсон. Ийн хөнгөн хуумгай бодоод, ууган хүү байх эрхээ дүү Иаковтаа худалджээ. Иймээс Иаков Бурханы хүслээр ууган хүүгийн ерөөл хүртэх болсон байна. Ерөөлөө алдсаныхаа дараа л дөнгөж үнэ цэнийг нь ухаарч, бархиран уйлж жаахан ч болов ерөөл адислаач гэж эцэг Исаакаасаа гуйгаад ч нэгэнтээ хожимдсон байжээ.

Есав ч, Саул хаан ч Бурханы үгийн үнэ цэнийг мэдэхгүйдээ ихээхэн сүнслэг хохирол амссан байна. Ертөнцийн юмсын тухайд аливаа хохирол амсана гэдэг байж болох зүйл. Харин сүнслэг хохирол амсаж хэрхэвч болохгүй. Сүнслэг хохирол амсагч нэгэн болж огт болохгүй гэж шинэ гэрээнд чухалчлан гуйсан байдаг.

“Хэн чинь ч Бурханы нигүүлслээс хоцрохгүйн тулд болон аливаа гашуун үндэс урган хор учруулж, түүгээр олноороо бузарлагдахгүйн тулд сэрэмжил. Ууган хүүгийн эрхээ хоолоор арилжсан Есав шиг эсвэл садар самуун, олиггүй хүн болчихгүйн тулд сэрэмжил. Тэр дараа нь ерөөл өвлөхийг хүссэн ч гологдсон билээ. Учир нь тэр, нулимстайгаар ерөөл хайсан хэдий ч гэмшлийн төлөөх зай эс олсныг та нар мэднэ.” Евр 12:15-17

Махан биеэр хохирол амсаж байгаад ч болов тэнгэрийн хаанчлалыг олж авах хэрэгтэй. Хэрвээ бид Бурханы үнэгүй өгсөн тэнгэрийн хаанчлалд хөнгөн хийсвэр хандвал тэнгэрийн хаанчлалыг алдана. Тэгвэл шүүлтийн өдөр гуйгаад ч нэмэргүй, нэгэнт оройтсон байх болно. Нэг удаа зарсан ууган хүүгийн эрх Есавт эргэж олдоогүй юм.

Ерөөл нь Бурханы үгийг хэдий хэр чухалд үзэж, дуулгавартай дагахаас шалтгаалдаг. Бурханы үгийг эрхэмлэн үзэж, эмээдэг байх хэрэгтэй. Өнөө үед Бурханд итгэдэг гэж ярьдаг олон хүн яагаад тушаалуудыг нь зөрчдөг юм бол? Библид бичигдсэн үнэнээс нүүр буруулж, хүний тушаалуудыг сахиж байгаа нь Бурханы үгийг төдий чинээ үнэ цэнэгүйд тооцдогийнх нь нотолгоо болно. Тэдгээр хүмүүс дээр буух ял шийтгэл хичнээн том, хичнээн хүнд байх уу? Бодоод үзээрэй.

Тэнгэрийн ууган хүүгийн хувьд ерөөл авсан бид бүхэн ч ийм байдалд орохоос сэрэмжлэх хэрэгтэй. Сионд оршдог Бурханы ард түмэн байлаа гээд үгэнд дуулгавартай ч бай, үгүй ч бай хамаагүй бүгд ерөөл авна гэсэн үг биш. Саул хаан байсан хэр нь хаан суудлаа булаалгаж, Есав ууган хүү байсан хэр нь ууган хүүгийн эрхээ булаалгасан. Бүгд л ойлгомжтой, тодорхой байр сууринд байхдаа мэдээжийн хүртэх ёстой ерөөлөө авч чадаагүй. Энэ бол сүнслэг хохирлыг тооцож үзэлгүй амьдарч ирснийх нь үр дагавар юм.

Иаков ууган хүү байх эрх, ууган хүүгийн ерөөлийг л эрхэмлэн үзсэн. Тиймээс түнх нь мултарчихаад байхад ч хүртэл Бурханы ерөөлийг эцсээ хүртэл тавиагүй. Энэ мэтчилэн ерөөл гэгч нь авахын төлөө махран зүтгэдэг хүн дээр буудаг аж. Олон хүн нүдэнд үл харагдах сүнслэг хохирлыг хөнгөнд үзэж, орчлон хорвоогийн үнэ цэнийн араас хөөцөлддөг. Ерөөлийн үнэ цэнийг мэддэг хүмүүсийн тухайд бол хэн хүнээс илүү ихээр мэрийж, ерөөлийг байнга хурааж байдаг. Тиймээс ч тэнгэрийн хаанчлалд хүчирхийлэгчид орно гэж айлдсан билээ (Эхл 32:22-30, Мат 11:12 үзэх).

Гучин мөнгөн зоосоор Христийг зарсан Искариотын Иудасын сүнслэг хохирол

Ууган хүү байх эрхэм чухал ерөөлөө хэрхэвч алдалгүйгээр тэнгэрийн хаанчлалыг хүчирхийлэн авахын төлөө шамдан гүйцгээе. Идэвхтэйгээр залбирч, сургаал судалж, авралын зар тараахдаа бүх зүрх сэтгэлээ зориулж, юу юунаас ч илүүтэй Эцэг Эх Бурханы сургаалыг баяртайгаар, дуулгавартайгаар дагацгаая.

Бурханы дотор байвал түмэн хэрэг сэтгэлчлэн бүтэх ч Бурханаас ангид байвал тэр үеэс эхлээд буцааж боломгүй үйл хэрэг тохионо. Буцаах аргагүй, маш хүнд сүнслэг хохирлыг өөртөө тарьсан бас нэгэн хүний тухай шинэ гэрээний сайн мэдээний номноос олж уншъя.

“Тэр үед арван хоёрын нэг Искариотын Иудас ахлах тахилч нарт очиж —Түүнийг та нарт барьж өгвөл та нар надад юу өгмөөр байна? гэхэд тэд түүнд гучин мөнгөн зоос дэнслэв. Тэр мөчөөс эхлэн Есүсийг барьж өгөх аятай завшааныг тэрээр эрэлхийлж эхлэв.” Мат 26:14-16

Арван хоёр шавийн нэг болох Искариотын Иудас ахлах тахилч нартай Есүсийг зарах үнээ тохиролцон наймаалцаж байв. Тэрээр өөрийнхөө Багш Есүсийг дайсанд худалдаж, хөлсөнд нь гучин мөнгөн зоос дэнслэн авчээ. Хүн төрөлхтнийг аврахаар ирсэн Бурханыг гучин мөнгөн зоосоор барьж өгсөн ичгүүр сонжуургүй хэрэг үйлдсэн болохоор түүний төлөх ёстой нүглийн хөлс нь бусад хүмүүсийнхээс хичнээн хүнд байх бол?

“Түүнийг ийн ярьж байх зуур, үзэгтүн, арван хоёрын нэг буюу Иудас нь ахлах тахилч нар болон ард олны ахлагчдын явуулсан илд шийдэмтэй бөөн хүний хамт хүрч ирэв. Түүнээс урвасан нэгэн тэдэнд —Хэнийг би үнсэнэ, Тэр мөн. Түүнийг барь хэмээн дохио өгсөн байлаа. Тэр даруй Есүс уруу очиж «Амар байна уу, Рабби» гээд Түүнийг үнсэв. Есүс түүнд —Анд минь, чи яах гэж ирэв? гэлээ. Тэгээд тэд ирж, Есүсийг гараараа зууран авч баривчлав. Үзэгтүн, Есүстэй хамт байгсдын нэг нь гар сунган илдээ сугалаад, тэргүүн тахилчийн зарцыг цохиж, чихийг нь тас цавчжээ. …” Мат 26:47-52

Уг нь хоёулаа адилхан Есүсийн шавь байсан хэрнээ Искариотын Иудас, Петр гэх энэ хоёр хүний дүр байдал тэс ондоо байв. Иудас эд хөрөнгөнд шунаж, Есүсийг худалдсан байхад Петр Есүсийн талд зогсож, Есүсийг барих гэсэн тэргүүн тахилчийн боолуудаас хамгаалж байв. Нэг нь сүнсээр маш том хохирол амсаж байхад нөгөө нь ерөөлөө хураасаар л байв.

Үүний дараа Искариотын Иудас Есүсийн баригдаад чирэгдэж яваа төрхийг хараад, мөс чанар нь зовоох болов. Тэгээд мөнгөн зоосоо ахлах тахилч нарт буцааж өгсөн хэдий ч нэгэнт болсон явдлыг байранд нь буцаан эргүүлж чадалгүй, эцэстээ эмгэнэлтэйгээр үхсэн юм (Мат 27:1-8, Үйл 1:16-19).

Энэ мэт түүхээс бид сүнслэг хохирол гэж юу болохыг зөв ухааран, Ариун Сүнсний хүссэнээр Бурханы сургаалын дагуу амьдрах хэрэгтэй. Энэ амьдрал тэнгэрт нүгэл үйлдээд энэ газарт хөөгдөж ирсэн бидэнд гэмшлийн цаг болон өгөгдсөн болохоос Бурханы хүслээс сөрж, өөр замаар явуулах гэж өгөгдсөн цаг огтхон ч биш билээ.

Эцсээ хүртэл сүнслэг ерөөлийг бат сахидаг итгэл

Ёгт зохиолч Эзопийн хэрээ, үнэгний тухай үлгэр байдаг. Үмх мах зуусаар модны мөчир дээр суух хэрээг харсан үнэг яаж түүнээс махыг нь булааж идэх вэ хэмээн бодсоор хэрээг ийнхүү залилж гэнэ ээ.

“Хэрээ гуай, хэрээ гуай та яагаад ийм үзэсгэлэнтэй юм бэ? Таны сайхан дуу хоолойг ганц л удаа сонсчихвол өөр хүсээд байх зүйл алга даа” гэжээ. Доороос сонстох уран гоё үгэнд хөөрсөн хэрээ хоолойгоо засан “гуаг гуаг” хэмээн гуаглав. Ийн гуаглангуут нөгөө мах нь доошоо унаж, үнэгний хоол болж орхижээ.

Сатан үүн шиг л анаж суудаг. Ямар нэг юм өгч байгаа юм шиг боловч биднийг тэр юмыг барихын зуургүй л байгаа бүхнийг маань булааж авдаг нь Сатаны арга мэх юм. Бурханы өгсөн амийн титмийг чанга гэгч нь барих хэрэгтэй. Ертөнцийн юмсыг барихаар амийн титмээ тавьчихвал Сатан тэр мөчийг алдалгүй булааж авдаг гэдгийг бүү мартаарай.

“Учир нь Дем өнөө үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник уруу явсан. Креск Галат уруу, Тит Далмат уруу явсан. Ганц Лук надтай хамт байна. …” 2Тим 4:10-11

Паул элч Тимотод бичсэн захидалдаа ертөнцийг хайрлаж, үнэнийг орхин явсан Демийн тухайд харамсаж байснаа өгүүлжээ. Искариотын Иудас, Есав, Саул хаан шиг сүнсээр хохирсон атлаа үүнийгээ ухаараагүй мунхаг хүмүүс одоо ямар их цурхиран уйлж байгаа бол?

Өнгөрсөн хугацаанд сүнслэг хохирол амсах хэрэг хийж үү, эсвэл ерөөгдөх үйлс их гаргаж уу, ууган хүү байх эрхээ эрхэмлэн амьдарч уу, харин бүр эсрэгээрээ энэ ертөнцийн юмсыг хүсэж амьдарч байж уу гэдгээ эргэцүүлж нэг бодоорой. Юу ч хийсэн, ямар ч хэрэг явдал гарахад сүнслэг талаас нь шийдэж, сүнсээр хохирохгүй байх замыг нь сонгох хэрэгтэй. Тиймээс элч Петр иудейчүүдэд дарамтлуулж, Есүсийг гэрчлүүлэхгүй гэж сүрдүүлэхэд нь “Та нарыг Бурханаас илүү сонсох нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүн тунгаагтун” гэсэн юм (Үйл 4:17-20). Петр шиг сүнслэг хохирол болон сүнслэг ашиг юу болохыг ялгаж салган, Бурханы үгийг яасан ч орхидоггүй хүн болох хэрэгтэй.

Бурханы үгийг дуулгавартай дагахгүй хэр нь тэр замаар явбал ямар нэг том ашиг олж авах мэтээр бодох нь томоохон эндүүрэл юм. Гагцхүү Бурханаас үргэлж эмээн, сургаал үгийг нь түшээд, Бурханы дуу хоолойг л сонсон дагавал мөнхийн тэнгэрийн хаанчлалд орж чадна. Тэнгэрийн хаанчлалыг өвлөн авах ууган хүүгийн эрхээ хэрхэвч алдалгүй, Иаков шиг түнх нь мултарчихаад байхад хүртэл зөвхөн ерөөж өгөөч хэмээн зүүгддэг, сүнслэг хохирол амсдаггүй тэнгэрийн хүүхдүүд болоод Бурханы сургаалын дагуу амьдрангаа тэнгэрийн хаанчлалд орохыг бүгдээс нь хүсье.