Хүн бүр сүнстэйг, сүнсний ертөнц гэж байдгийг би мэднэ л дээ. Гэхдээ сүнсний ертөнцийг би огт төсөөлж чадахгүй байна. Сүнсний ертөнцийг жаахан ч гэсэн төсөөлөх арга бий болов уу?

24,988 үзэлт

Хүн гэгч оршихуй газрын шороо болон амин амьсгалаас өөрөөр хэлбэл махан бие болон сүнснээс бүрддэг. Хүн үхсэний дараа махан бие нь газар шороондоо, сүнс нь Бурхандаа буцдаг. Нэг үгээр хэлэхэд хожим Бурхантай хамт амьдрах сүнсний ертөнц буюу тэнгэрийн хаанчлал гэж гарцаагүй оршдог юм. Гагцхүү бидний нүдэнд харагддаггүй тул тайлбарлахад тун хэцүү.

“Гэвч “Нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэж бичигдсэн ёсоор болжээ.” 1Кор 2:9

Өнөөг хүртэл орчин үеийн шинжлэх ухааны нээсэн хамгийн дээд хэмжээст орон зай бол сансар огторгуй юм. Хүмүүний мэдлэг, мэргэн ухаанаар бид тэнгэрийн хаанчлалын тухайд хэзээ ч бүрэн дүүрэн ойлголттой болж чадахгүй л дээ. Гэвч нүдэнд харагдаж буй сансар огторгуйгаар дамжуулан тэнгэрийн хаанчлал ямар газар болохыг бага ч болов төсөөлөх гээд оролдъё.

Уудам сансар огторгуйд дэлхий яг л тоосны ширхэг лүгээ

Төрөл бүрийн ургамал мод, амьд бүхний өлгий болсон дэлхий дээр 7,9 тэрбум хүн амьдарч байна. Сансар огторгуйгаас харахад дэлхий нь нарны аймгийн гурав дахь гараг ​​бөгөөд 12,760 км диаметртэй. Бидний нүдэнд дэлхий том харагддаг байж мэдэх ч 1,392,000 км диаметр бүхий нартай харьцуулахад дэлхий зүгээр л нэг цэг төдий од. Түүнчлэн сансар огторгуйд дэлхийгээс хэдэн арван сая дахин том, тоо томшгүй од эрхэс бий.

Шөнийн тэнгэр дэх хамгийн тод од бол Санис Мажор (Canis Major) одны ордны Сириус (Sirius) бөгөөд 2,335,000 км диаметртэй. Шөнийн тэнгэрийн хоёр дахь тод од болох Бүүтэс (Boötes) одны ордны Арктур (Arcturus)-ын диаметр 22,101,000 км буюу дэлхийнхээс 1727 дахин урт юм. Орионис (Orionis) одны ордны хамгийн тод од болох Бетелгейз (Betelgeuse) нь 903,500,000 км диаметртэй бөгөөд энэ нь дэлхийнхээс 70,000 дахин урт. Мөн В.В.Сефей од нь 2,644,800,000 км диаметртэй аварга од бөгөөд энэ нь дэлхийнхээс 200,000 дахин урт диаметртэй гэсэн үг.

Хэрэв бид оддын хэмжээг эзлэхүүнд шилжүүлэн авч үзвэл дэлхийнхтэй харьцуулахад асар их зөрүү гарах болно. Нар дэлхийгээс 1,3 сая дахин том, В.В.Сефей (VV Cephei) дэлхийгээс 8900 их наяд дахин том бөгөөд энэ нь нэг В.В.Сефей одыг ашиглан 8900 орчим их наяд дэлхийг бүтээнэ гэсэн үг. Хичнээн том байна вэ! Гэсэн хэдий ч эдгээр супер аварга одод сансар огторгуйд гэрэлтдэг тоолж баршгүй их оддын өчүүхэн нэг хэсэг нь юм. Сансар огторгуй цаглашгүй уудам, хүмүүний хараахан нээж амжаагүй олон од гараг бий.

Манай нарны аймгийн диаметр 40 их наяд км бөгөөд дэлхийг оруулаад найман гараг нарыг тойрон эргэлдэж байдаг. Манай галактикт нарны аймаг шиг нарны систем 200 тэрбум орчим бий. Ийм галактикууд нийлж уудам сансар огторгуйг бүрдүүлдэг. Хүний нүдэнд нэг галактик дангаараа асар том хэмжээтэй мэт санагдаж болох ч сансар огторгуйгаас бол бараг л харагдахгүй цэг төдийхөн юм. Тийм байхад бидний амьдарч байгаа энэ дэлхий хичнээн өчүүхэн гараг вэ!

“Харагтун, үндэстнүүд хувингийн дусал мэт, дэнсэн дээрх ширхэг тоос мэт тооцогддог. Үзэгтүн, арлуудыг нарийн тоос мэт Тэрээр өргөнө. … Бүх үндэстэн Түүний өмнө юу ч биш, Түүнд тэд юу ч үгүй, хоосон юм мэт тооцогдоно.” Иса 40:15-17

Цаг хугацаанд захирагддаггүй хязгааргүй орон зай

Бид секундэд нэг од тооллоо гэж бодоход 3600 од тоолоход л нэг цаг орно. 86,400 од тоолоход бүтэн нэг өдөр, 100 сая од тоолоход 1157 хоног (гурван жил нэг сар) зарцуулна.

200 тэрбум одноос бүрддэг манай галактикийн оддыг тоолоход 6000 жил шаардлагатай болно. Гэсэн хэдий ч энэ мэт 200 тэрбум гаруй оддоос бүрддэг галактик дахиад цаана нь 200 гаруй тэрбум байгаа гээд бодохоор хүн төрөлхтний цаг хугацаагаар яахан тоолж барах.

Ердөө В.В.Сефей гэх одыг авч үзэхэд л хүмүүний ​​ертөнц дэх цаг хугацаа үнэхээр хангалтгүй нь харагдаж байна. В.В.Сефей нь 2,6448 тэрбум км диаметртэй. Хүн цагт 4 км-ийн хурдтайгаар бүхэл бүтэн 755,480 жил алхаад ч уг одны диаметрийн нөгөө захад хүрч чадахгүй бөгөөд автомашинаар 100 км цагийн хурдтай явлаа гэхэд 3019 жил шаардагдах нь байна.

Өнөөг хүртэл судлагдсанаар гэрэл (аливаа биет оршдоггүй орон зайд гэрлийн тархах хурд) хамгийн хурдан нь. Гэрлийн хурд секундэд ойролцоогоор 300,000 км бөгөөд энэ хурдаар бид дэлхийг нэг секундэд долоо бүтэн нэг хагас тойрч чадна.

Гэрлийн хурдаар дэлхийгээс сар руу очиход 1.26 секунд, наранд хүрэхэд 8 минут 11 секунд шаардагдана.

Хэдийгээр гэрлийн хурд төсөөлөгдөшгүй ч нарнаас хамгийн ойр орших Центаврын (Centaurus) оддын Альфа Центаври (Alpha Centauri)-д хүрэхэд л дөрвөн жил хагасын хугацаа зарцуулна. Цагт 300,000 км хурдтай нисэх пуужингаар нарнаас хамгийн ойрхон од руу очихын тулд ойролцоогоор 200,000 жил шаардагдах аж.

Уудам сансар огторгуйгаар аялъя гэхэд бидэнд хэр их хугацаа шаардагдах бол? Гэрлийн хурдаар сансар огторгуйн радиусыг тууллаа гэж бодоход л 15 тэрбум жил шаардагдана. Энэ нь хүн 80 жилээр 187,5 сая удаа төрж, амьдрах боломжтой тийм урт хугацаа юм.

Сансар огторгуйн орон зай хязгааргүй уудам тул хүний ​​мэргэн ухаанаар хэзээ ч ойлгож чадахааргүй юм.

Бөөмийн ертөнцөөр дамжуулан бидний төсөөлөх боломжтой сүнсний ертөнц

Одоо бид төсөөллөөрөө сансар огторгуйг дэлхийн хэмжээтэй болгон багасгаад авч үзье. Хэрвээ тэгэх юм бол дэлхий микроскопонд ч харагдахааргүй өчүүхэн жижиг бөөм болж хувирна гэсэн үг. Бөөм нь аливаа юмыг бүрдүүлдэг хамгийн жижиг бүрэлдэхүүн хэсэг шүү дээ.

Аливаа юмны химийн шинж чанарыг нь алдагдуулахгүйгээр хуваагдаж чаддаг хамгийн жижиг хэсгийг молекул гэдэг. Молекул ихэвчлэн хоёр ба түүнээс дээш атомаас бүрддэг. Атомууд нь электрон, протон, нейтроноос тогтоно. Мөн протон болон нейтрон нь эгэл бөөмсөөс тогтдог.

Зарим эгэл бөөмийн амьдрах хугацаа 10-23 секунд байдаг байна. Энгийнээр хэлэхэд 0.000000000000000000000001 секундын дотор олон тооны бөөм төрж үхдэг. Энэ нь туйлын богино хугацаа бөгөөд ийм ахархан цаг хугацаанд захирагдан амьдрах ямар байдгийг хүн яагаад ч төсөөлөхгүй юм.

Нөгөөтэйгүүр хүний ​​ертөнц дэх нэг секунд нь бөөмийн ертөнцийн 300 их наяд жилтэй тэнцдэг. 300 их наяд жил гэдэг асар урт хугацаа бөгөөд 4,5 тэрбум жилийн настай дэлхий 600,000 удаа, 15 тэрбум жилийн настай сансар огторгуй 200,000 удаа үүсч, мөхөх боломжтой тийм урт хугацаа юм. Бөөмийн ертөнцтэй харьцуулахад хүмүүний энэ ертөнц яг л 300 их наяд жилийн настай бурхдын орон шиг санагдах болов уу.

Бөөмийн ертөнц болон хүмүүн бидний ​​ертөнц огт өөр хэмжигдэхүүнтэй. Үүний нэгэн адил тэнгэрийн хаанчлал нь бидний төсөөлж ч чадахааргүй ертөнц юм.

“намайг залбирал дотор ярьж байтал урьдын үзэгдэл дунд миний үзсэн хүн Габриел яаран нисэж ирснээ оройны идээн тахилын үеэр надад хүрэв. … Чамайг гуйж эхлэхэд зарлиг гарсан бөгөөд чамд мэдүүлэхээр би ирлээ. …” Дан 9:21-23

Даниелыг залбирч эхэлмэгц Бурханы зарлиг гарч, Габриел тэнгэр элч түүнд уг зарлигийг хүргэж ирдэг.

200 тэрбум галактик эргэлдэх уудам сансар огторгуйн төвд амьд Бурханы хот, тэнгэрлэг Иерусалим оршдог. Мөн Иерусалим хотод Бурханы сэнтий орших төв ордон байдаг (Евр 12:22-23).

Ийнхүү Габриел тэнгэр элч Бурханы зарлигийг аваад, хэдэн тэрбум гэрлийн жилийн зайд орших сансар огторгуйн төв болох Бурханы сэнтийнээс дэлхийд байгаа Даниел дээр ирэхэд Даниелын залбирал хараахан дуусаагүй байжээ. Үүнээс бид сүнсний ертөнц дэх тэнгэр элч нар гэрлээс ч хурдтай цаг хугацаа, орон зайгаар аялдгийг ойлгож болохоор байна шүү дээ.

Зовлон жаргал ээлжлэн байдаг хүмүүний амьдралын дал наян жил бидэнд урт хугацаа шиг санагддаг байж мэдэх юм. Гэвч цаг хугацаа, орон зайнаас ангид орших сүнсний ертөнцийн зүгээс авч үзэхэд дэлхий дээрх бидний амьдралын он цаг хоромхон зуур замхраад алга болдог асар богино хугацаа юм.

Бид ямар амьдралд тэмүүлэх ёстой вэ?

“Би Христ дотор нэгэн хүнийг мэднэ. Тэр арван дөрвөн жилийн өмнө гурав дахь тэнгэрт аваачигдсан юм. Бие дотроо юу эсвэл биеэсээ ангид уу гэдгийг нь би мэдэхгүй, Бурхан мэднэ. … диваажинд аваачигдсаныг нь болон хүний илэрхийлшгүй, хэлж боломгүй үгсийг сонссоныг нь мэднэ.” 2Кор 12:2-4

Сүнсний ертөнцийг харсан элч Паул хүний ​​амьдралын цаг хугацаа, орон зай ямар ч утгагүй гэдгийг ухаарсан байдаг. Тэрээр амьдралынхаа үнэ цэнийг сүнслэг ертөнцөд өгч, эцэс төгсгөлгүй ирэх зовлон зүдгүүр, саад хавчлагыг үл ажран, сайн мэдээ тунхаглагчийн замаар алхсан.

Өмнө нь бидний сүнс тэнгэрийн оронд Бурханы хөвгүүд, эрхэмсэг тэнгэр элч нар байсан юм. Харин бид гэм нүглийнхээ улмаас энэ газар дэлхийд махан бие өмсөж ирсэн. Тийм учраас бид тэнгэр эх нутгийнхаа юмсыг харж ч чадахгүй, цаг хугацаа, орон зайд хүлэгдэн, харж буй энэ ертөнцөө л байгаа бүхэн шигээ санан амьдарч ирсэн.

Аливаа нэг зүйл бидний нүдэнд харагдахгүй байлаа гээд “байхгүй” гэсэн үг огт биш. Бидэнд харагдахгүй ч гэлээ үлэмж агуу ертөнц оршдог нь гарцаагүй. Уудам сансар огторгуйг эрхшээн захирдаг Бурхан маань үүнийг л бидэнд ухааруулж, авралаа соёрхох гэж Бүтээгчийн хүч чадал, яруу алдраа хойш тавин, тоосны ширхэгнээс ч өчүүхэн дэлхий одон дээр ирсэн билээ (Фил 2:5-8). Учир нь тэнгэрийн хаанчлал бол бидний буцаж очих ёстой мөнхийн эх нутаг маань шүү дээ.

“… Учир нь тийн ярьдаг нь эх нутаг хайж буйгаа тодорхой харуулдаг. Үнэндээ, тэд гарч явсан нутгаа санаж байсан бол тэдэнд буцах боломж байх байсан. Харин тэд үлэмж дээр нутгийг хүсэж байв. Тэр бол тэнгэрлэг орон мөн. Тиймээс Бурхан тэдний Бурхан гэж нэрлэгдэхдээ ичээгүй юм. Учир нь Тэр тэдэнд хот бэлджээ.” Евр 11:13-16

Христ 2000 жилийн өмнө дэлхий дээр ирж, хүн төрөлхтөнд тэнгэрийн хаанчлалын тухай мэдүүлж, тэнгэрийн хаанчлалд буцаахын төлөө хаанчлалын сайн мэдээг тунхагласан. Энэ цаг үед ч Тэрээр дахин ирээд, тэнгэрийн хаанчлалын тухай мэдүүлж, гэм нүгэлд унан тэнгэрийн дурсамжаа гээчихээд байсан хүмүүн бидний зүрхэнд тэнгэрийн найдвар суулгаж өгсөн билээ.

Тэнгэрийн хаанчлалдаа буцах өдөр бидэнд гарцаагүй бий. Мэдээж бид одоогийн энэ амьдралынхаа төлөө бүхнээ дайчлах ёстой л доо. Гэсэн ч мөдхөн очих сүнсний ертөнцийн амьдралдаа бэлддэг мэргэн ухаан бидэнд бас хэрэгтэй. Бурхан бидэнд Библиэр дамжуулан тэнгэрийн хаанчлалыг ухааруулсан болохоор Бурханы үгэнд үргэлж анхаарлаа хандуулан, сүнсний ертөнцийг ухаарахын төлөө хичээх ёстой. Үлэмжийн агуу ертөнцөд тэмүүлэх итгэл найдвар маань өнөөгийн бэрхшээлийг ялан гарахад бидэнд хүч болж, баяр хөөр өгөх юм.

“Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурынх, харин үл үзэгдэх юмс мөнх билээ.” 2Кор 4:18