Ан Сан Хун Христ ирсэн нь

52,010 үзэлт

2000 жилийн өмнө Есүс хүн төрөлхтнийг аврахаар энэ дэлхийд мэндэлсэн. Тэрээр 30 насандаа баптисм хүртэж, сайн мэдээний гурван жил хагасын амьдралдаа шинэ гэрээний сайн мэдээ тунхагласан билээ. Улмаар үүргээ дуусгаад тэнгэр өөд одсон юм.

Христ тэнгэрт одохдоо энэ дэлхийд дахин буцаж ирнэ гэдгээ зөгнөсөн байдаг (Үйл 1:6-11). Энэ зөгнөлийн дагуу Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан энэ дэлхийд ирсэн юм. Бурхан яагаад ирснийг Библиэр олж мэдэцгээе.

Үнэн халхлагдсан харанхуй ертөнц

Есүсийг тэнгэрт одсоны дараа энэ дэлхийд олон юм өөрчлөгдсөн байдаг. Дайсан диавол Бурхан энэ дэлхий дээр байхгүй юм чинь Бурханы хүүхдүүдийг амархан захирна гэж бодоод Бурханы цаг үе ба хуульд өөрчлөлт оруулж эхэлсэн.

Элч нарын үеийн сүүлчээр анхны сүмийн үнэн нэг нэгээрээ өөрчлөгдөж эхэллээ. Улмаар сүм анхны хайраа орхин, тав тухыг эрэлхийлэх болсон юм. МЭ 4-р зууны эхэн үед Константин эзэн хаан христийн шашныг албан ёсоор хүлээн зөвшөөрч, эвлэрлийн бодлого баримталж байсан болохоор Бурханы ард түмний хүнд хавчлага саадан дунд ч хадгалсаар ирсэн итгэлийн ухаан огцом доройтжээ. Сүм Бурханы хуулийн оронд хүний онол, ёс заншлыг хүлээн зөвшөөрөх болов. МЭ 321 онд гаргасан ням гарагт амрах зарлигийн улмаас Амралтын өдөр устаж, МЭ 325 онд Никеагийн хурлаар Алгасал баяр устсан юм. Хожим нь Христмас, загалмай гэх мэт Библид байхгүй зан үйлүүд сүмд нэвтэрсэн байна.

Эдгээр зүйл болно гэдгийг Есүс үрийн сүүлний сургаалт зүйрлэлээр урьдчилан харуулж байсан юм. Дайсан диавол ирээд буудайн дунд үрийн сүүл гэх зэрлэг ургамал тарина гэсэн Есүсийн айлдал ёсоор элч нарын үеийн сүүлээр ёс бусын үр таригдан ургаж, авралын үнэн болох шинэ гэрээ энэ дэлхийгээс алга болсон юм.

Тийнхүү гэрэл болох үнэн алга болсон тул харанхуй үе ирэв. Гүн харанхуйд үнэнийг ялгаж салган заах хүн нэг ч байгаагүй үед Бурхан энэ дэлхийд ирсэн юм. Учир нь Бурхан Өөрөө дахин ирэхгүй л бол амийн үнэнийг хэн нэг хүн сэргээж чадахгүй байв. Үнэн сэргэхгүйгээр бид нүглийн уучлал авч чадахгүй, нүглийн уучлалгүйгээр бидэнд тэнгэрийн орны зам нээгдэхгүй юм.

“Иймд цагаас өмнө, Эзэнийг иртэл юуг ч бүү шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд зүрхний санааг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно.” 1Кор 4:5

Харанхуйд хэн ч үнэн гэж юу болохыг, ямар замаар диваажинд хүрэх замыг хэлж чадахгүй. Христ ирж, харанхуйд нуугдаж буй зүйлийг гэрэлд авчирч, хүмүүсийн зүрх сэтгэлийн сэдлийг илчлэх үед бид үнэнийг худал хуурмагаас, гэрлийг харанхуйгаас, сайныг муугаас, диваажинд хүрэх замыг тамаас ялгаж чадна. Муу зарц, зөвт үйлчлэгч, залхуу зарц, хичээнгүй, ухаалаг зарц нар ч мөн адил нэг нгнээсээ тод ялгагдах болно.

Тэрээр бидэнд замаа заана

Өнөө үед ертөнцөд зонхилж байгаа хүний гаргасан хууль тушаал нь хаанчлалын сайн мэдээний нэг хэсэг биш. Зөвхөн Бурхан Өөрөө ирж, анхны сүмийн үнэнийг сэргээж байж л сайн мэдээ Самари, дэлхийн хязгаар хүртэл тунхаглагдана.

“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20

Ариун Сүнсний үед Бурхан ирж, үнэнийг сэргээхэд Бурханы ард түмэн Бурханы сургаалд суралцан, Эцэг Ёхова Бурханы нэр, Хүү Есүс Христийн нэр, Ариун Сүнсний нэр буюу шинэ нэрээр баптисм хүртээн үнэний замыг бүх үндэстэнд тунхаглах ажлыг ивээлтэйгээр гүйцэлдүүлэх юм.

“Дараа нь бусад араатнуудаас ялгаатай, нэн аймшигтай, төмөр шүдтэй, хүрэл хумстай, залгиж, буталж, үлдсэнийг нь хөлөөрөө гишгэсэн дөрөв дэх араатны үнэн учрыг мэдэхийг би хүсэв. Мөн түүний толгойн арван эвэр болон өмнө нь зай гаргахаар гурван эвэр булгарч унасан өөр нэг эвэр буюу нүдтэй, агуу их бардам үг хэлдэг амтай, гадна төрхөөрөө бусдаасаа илүү том харагдсан эвэр зэргийн учрыг мэдэхийг хүслээ. Намайг харсаар байхад тэр эвэр ариун хүмүүстэй тулалдан дайтаж, тэднийг дийлж байсан нь” Дан 7:19-21

Даниел 7-р бүлгийн дөрөв дэх араатан нь Ромын эзэнт гүрнийг заадаг. Жижиг эвэр гарч ирэн, гурван эвэр нь үндсээрээ булгарч унасан гэж зөгнөсөн ёсоор Ромын Католик сүм Ромын эзэнт гүрэнд байгуулагдсан арван улсын дундаас Герул, Вандал, Остготь гэх гурван улсыг нь сүйрүүлж, өөрийн байр сууриа бэхжүүлэв. Бурханыг энэ газар байх үед бол Бурханы ард түмэн ялалт байгуулж байсан. Харин тэнгэрт одсоных нь дараа ард түмэн нь жижиг эвэрт ялагдсан юм. Өөрөөр хэлбэл Ромын Католик сүм Амралтын өдөр, Алгасал баяр зэрэг Бурханы тогтоосон цаг үе ба хуульд өөрчлөлт оруулсан хэрэг. Библид жижиг эвэр ариун хүмүүсийг ялна гэж илэрхийлсэн байдаг.

Шашны харанхуй үеэс хойш үй түмэн Библи судлаач төрж, христийн шашны урсгалууд бий болсон юм. Гэвч тэдний хэн нь ч устчихаад байсан шинэ гэрээний хуулийг сэргээж чадаагүй юм. Тэд ердөө өөрсдийгөө цорын ганц үнэн сүм гэж л зүтгэдэг. Хүн төрөлхтөн бүгд харавч харахгүй, сонсовч сонсохгүй, зүрхээрээ ухаарахгүй, сүнсээр сохор болсон учраас үнэнийг хэн ч олж чадаагүй юм. Зөвхөн Бурхан л үнэнийг сэргээж чадна.

“Эртний Нэгэн ирж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн төлөө шүүх өгөгдөж, ариун хүмүүс хаанчлалыг залгамжлах цаг ирэх хүртэл болно.” Дан 7:22

“Гэвч эрт цагаас оршсон Нэгэн, Хамгийн Дээд Бурхан ирээд шүүлт явуулж, Өөрт нь үйлчилдэг ариун хүмүүсийнхээ эрхийг сэргээж өгнө. Ариун хүмүүст хаанчлалаа сэргээлгэх цаг нь ирлээ.” Хамтран орчуулсан Солонгос Библи Дан 7:22

Даниел 7-р бүлэгт Бурхан энэ дэлхийд дахиж ирээд шинэ гэрээний үнэнийг сэргээх үед Бурханы ард түмэн хаанчлалыг эзэмшиж байгаа дүр зургийг бид харж байна. Энэ зөгнөлийн дагуу бид одоо Сионд Амралтын өдөр, Алгасал баяр гээд 3 удаагийн 7 баяр болох шинэ гэрээний хуулиудыг сахиж байгаа юм. Мянга мянган жилийн турш Сатан хүмүүсийн зүрх сэтгэлийн хаалгыг хааж, худал хуурмагийг үнэн мэтээр үздэг болгосон юм. Харин Бурхан ирж, хүмүүсийн зүрх сэтгэлд байсан уг хаалтыг нураасан билээ.

“Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон, толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүнд цутгана. Олон үндэстэн ирээд, “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, …” Мик 4:1-2

Эцсийн өдрүүдэд Бурхан Өөрөө ирээд, замаа заах үед нь олон үндэстэн Түүнд цутган ирээд “Амьдрах замыг Түүнээс сурч, тэр замаар даган явцгаая гэнэ” хэмээн зөгнөсөн байдаг (Хамтран орчуулсан Солонгос Библи Иса 2:3). Бид өөрсдийнхөө хүч чадал, мэргэн ухаанаар Бурханы ард түмэн байх эрхээ сэргээж ч, үнэнийг сэргээж ч чадахгүй. Бурхан ирсэн учраас л хүн төрөлхтөнд амьдрах зам нээгдсэн шүү дээ. Ан Сан Хун Христ хүн төрөлхтнийг Сатаны дөнгөнөөс мулталж, үхлийн замаас амьдрах зам руу хөтөлсөн. Иймд Ан Сан Хун Христ ирсэн нь хүмүүний түүхэнд хамгийн агуу, утга учиртай үйл хэрэг билээ.

Авралд хүргэх үнэн шинэ гэрээг тунхаглах нь

Эцэг хэрвээ бидэнд замаа заахаар махан бие өмсөн энэ дэлхийд ирээгүй байсан бол бид өнөө үед үнэнийг олж чадахгүй байх байлаа. Авралыг ч, нүглийн уучлалыг ч, мөнх амийг ч, тэнгэрийн хаанчлалыг ч мэдэхгүй, бидэнтэй хамт байгаа тэнгэр Эхээ ч таньж мэдэхгүй чигтээ дуусах байлаа.

“Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.” Евр 9:28

Энэ ишлэл нь Христ энэ дэлхийд хоёр дахиа ирэхгүй бол бид аврал авч чадахгүйг зааж өгч байна. Амьдрах замыг өөрсдөө олж чадахгүй хүн төрөлхтнийг үүрд үхэх тавилантай харанхуй бүрхэг ирээдүй л хүлээж байсан юм. Харин Эцэг энэ дэлхийд ирснээр авралын зам цэлийтэл нээгдсэн билээ.

“Түг түмдийн ЭЗЭН энэхүү уулан дээрх бүх ард түмэнд хуучин дарс, хамгийн сайн мах ба дарс бүхий элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ. Энэ уулан дээр Тэр ард түмний нүүрний халхавч, бүх үндэстний дээгүүр татсан бүтээлгийг залгина. Тэр үхлийг мөнхөд залгина. Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчин, ард түмнийхээ зэмлэлийг бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь ЭЗЭН үүнийг айлдсан юм. Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол Бурхан маань байна. Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе!” гэх болно.” Иса 25:6-9

Библийн 66 номд үхлийг мөнхөд залгих дарс гэж мөнх амийн амлалттай Алгасал баярын л дарс бий. Сүүлчийн энэ Ариун Сүнсний үед Ан Сан Хун Христ ирээд МЭ 325 оноос хойш бүхэл бүтэн 1600 жил алга болчихоод байсан Алгасал баярын үнэн болох хуучин дарсыг бидэнд өгсөн юм. Тийнхүү хүн төрөлхтөнд сая нэг амийн зам нээгдсэн билээ.

Удаан хугацаанд хадгалаастай байсан амийн үнэнийг сэргээж, Алгасал баярын талх, дарсаар хүүхдүүддээ авралыг тунхаглах Нэгэнийг Исаиа эш үзүүлэгч “Бурхан маань байна” гэсэн. Бурхан махан биеэр энэ дэлхийд ирсэн цагт л алдагдсан үнэн сэргэнэ гэдгийг, мөн алдагдсан үнэнийг сэргээх Нэгэн нь бидний Бурхан гэдгийг Библид дахин дахин илчилж байна.

Иерусалим Эхийн тухай үнэнийг тунхаглах нь

Ан Сан Хун Христ энэ дэлхийд ирээгүй байсан бол шинэ гэрээний Алгасал баяр бүхий 3 удаагийн 7 баяр ч байх боломжгүй, тэнгэр Эхийн тухай үнэн ч тунхаглагдах боломжгүй байсан юм. Библид Бурханыг “Елохим” гэж олон тоон дээр илэрхийлсэн ба Бурхан хүнийг бүтээхдээ “Бид хүнийг буй болгоё” хэмээн айлдсан байдаг. Тэгээд Бурханы дүр төрх буюу эхлээд Эцэгийн дүр төрхөөр эрэгтэй хүнийг бүтээгээд, дараа нь Эхийн дүр төрхөөр эмэгтэй хүнийг бүтээсэн. Харин Сатан хүмүүсийг энэ үнэнээс татгалзахад хүргэдэг юм. Тэнгэр Эх гарцаагүй оршдог байтал Сатан Эхийг оршдоггүй мэт санагдах хэмжээнд үнэнийг хааж халхалсаар ирсэн.

Гэвч Эцэг энэ дэлхийд хоёр дахиа ирээд тэнгэр Иерусалим Эхийг ухааруулахын тулд шинэ гэрээний хуулийг бидэнд зааж өгсөн. Библид хууль нь биднийг Христ рүү хандуулах зааварчлага гэж бичсэнчлэн хуучин гэрээний Мосегийн хууль нь хүмүүсийн зүрх сэтгэлийг Есүс Христ рүү хандуулж, шинэ гэрээний алив үнэн нь эцсийн эцэст биднийг тэнгэр Эх рүү хандуулж өгдөг юм (Гал 3:24, 4:21-26 үзэх).

Тиймээс л хууль чухал. Бид Бурханы хуулийг мэдэж байж л Бурханыг мэдэж чадна. Хуурамч христүүд энд тэндгүй гарч ирээд, “Би Христ” гэж байгаа ч Бурханы хуулийг мэддэг хүмүүс үнэнийг худлаас ялгаж салгаж чадна. Тиймээс Сатан хүмүүст Бурханыг ухааруулахгүйн тулд Бурханы цаг үе ба хуулийг устгахаар санаархаж ирсэн юм.

“Тэрээр ийн хэлжээ. “Дөрөв дэх араатан нь газар дээрх дөрөв дэх хаанчлал байх бөгөөд тэр нь бусад бүх хаанчлалаас ялгаран бүх дэлхийг залгиж, талхалж, хэсэглэх болно. Арван эвэр бол тэр хаанчлалаас босох арван хаан юм. Тэдний дараа урьд нь байгсдаас ялгаатай, өөр нэгэн хаан босоод гурван хааныг дарах болно. Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг үг хэлж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дарлан туйлдуулна. Тэрээр цаг үеүд ба хуулийг өөрчлөхийг зорих болно. Тэгээд нэг цаг үе, цаг үеүд, хагас цаг үеийн турш тэд гарт нь тушаагдана.” Дан 7:23-25

Сатаны хүчин Хамгийн Дээд Нэгэн болох Бурханыг эсэргүүцэн, Бурханы ариун хүмүүсийг дарлан туйлдуулсан юм. Шашны харанхуй үед нэг цаг үе, цаг үеүд, хагас цаг үеийн турш гэж зөгнөгдсөн хугацаа болох 1260 жилийн турш үй олон хүн алуулсан. Харин тэдэнд байгаа эрх мэдэл мөнх биш, тэднээс эрх мэдэл нь булаагдах юм.

“Харин шүүлт эхлэх бөгөөд бүрмөсөн сөнөөгдөхийн тулд эрх мэдэл нь булаагдана. Тэгээд бүхий л тэнгэрийн доорх хамаг хаанчлалын дээд засаг, эрх мэдэл, агуу байдал нь Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн ард түмэнд өгөгдөх болно. Хаанчлал нь үүрдийн хаанчлал байж, бүх эрх мэдэл Түүнд үйлчилж, захирагдан дагах болно” гэв.” Дан 7:26-27

Эцэст нь Сатан бүх эрх мэдлээ булаалгана. Эцэг энэ дэлхийд ирж, Эх бидэнтэй хамт байгаа болохоор эдүгээ алдагдсан ах эгч дүү нар маань Сион руу буцан ирээд, Библид зөгнөсөн ёсоор үнэнийг худлаас ялгаж салгаж байна. Бурханы бидэнд зааж өгснийг бид тунхагладаг учраас үнэний ард түмний нүд, чих, зүрх сэтгэл нээгдэн, дэлхий дахинаас Сион руу ирсээр байгаа билээ.

Сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдахад Бурхан бидэнд тусалдаг. Эцэг Эх биднийг ихээр ерөөж, Сион маань одоо дэлхий даяар үнэний гэрлийг цацруулж байна. Энэ нь дэндүү богинохон хугацаанд гүйцэлдэж байна. Сатаны эрх мэдэл нуран унасаар байна.

Булаагдсан үнэнийг сэргээх хүч хэнд ч байхгүй. Эцэг энэ дэлхийд ирээгүй байсан бол бид хэзээ ч тэнгэр Эхээ мэдэж чадахгүй байх байлаа. Эзэн Иерусалимыг босгон байгуулж, үндэстнүүдэд мэдүүлнэ, Адам эхнэрээ амь гэсэн утгаар Ева гэж нэрлээд, “Яснаас минь авсан яс, махнаас минь авсан мах юм” гээд “Тэр амьд бүхний эх болно” гэж Библид айлдсан ёсоор Адамаар бэлгэдсэн Христ хоёр дахиа ирж, аврагдах бүхний Эхийг гэрчлэн мэдүүлэх учиртай (Иса 62:7, Эхл 2:23, 3:20, Ром 5:14 үзэх).

Эцэг энэ дэлхийд ирээд амийн үнэн болох шинэ гэрээ, тэнгэр Эхийг бидэнд мэдүүлж, Сүнс болон Сүйт бүсгүйн дуудаж байгаа зөгнөлийн газар Сион руу биднийг хөтөлж өгсөн билээ. Бурхан хэдийнээ ирчихээд үнэнийг сэргээн өгч, бид үнэн дотор оршсоор байна. Үүний үр дүнд бид нүглийн уучлалын ивээл, тэнгэрийн хаанчлалын ерөөл авч, мөнх амийн найдвар тээх болсон билээ.

Бидэнд байгаа найдвар Бурханы албан ёсоор хүлээн зөвшөөрсөн үнэнээс үүдэлтэй. Сионы ах эгч дүү нар аа! Ан Сан Хун Эцэг бидэнд тэнгэрийн замыг зааж, тэнгэр Эх бидэнтэй хамт байж, авралын ажлыг удирдан хөтөлж байна. Дэндүү агуу нигүүлслийг нь дахин нэг бодоод, энэ сайн мэдээг Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл тунхаглаж, эцсээ хүртэл итгэлээ сахицгаая.