​Бурханы бэлэг​

32,624 үзэлт

Энэ ертөнцөд амьдрахдаа бид өдөр бүр Бурханаас тоо томшгүй гоё бэлэг авдаг бол яах уу? Бурханаас бэлэг авах болгондоо үргэлж л баяр хөөр, талархлаар бялхана биз. Үнэндээ Бурхан өдөр бүр цаг мөч тутамд бэлэг өгдөг ч харин бид бэлэг мөн эсэхийг нь танихгүйдээ болоод заримдаа талархаж чадалгүй, Бурхандаа яруу алдар өргөхийн оронд гомдол дугүйцэл гаргах нь бий.

Бидэнд тулгарах ямар ч бэрхшээл зовлон Бурханаас өгч буй бэлэг. Мөн аливаа баяр хөөртэй зүйл ч Бурханаас өгч буй бэлэг юм шүү. Гэрийнхэн, айл хөршийнхөн гээд амьдралын явцад бидэнтэй уулзаж учирсан олон хүн бүгд л Бурханы өгсөн бэлэг. Тэр бүү хэл хааяа бидэнд тулгардаг сорилт шалгуур ч үнэндээ Бурханы өгсөн бэлэг.

Өнөөг хүртэл бид бүхэнд өгч ирсэн юм бүхэн нь Бурханаас өгсөн бэлэг гэдгийг ухаарах юм бол бид цаашид дахин урхидалтанд орохгүй бүрэн төгс итгэл, талархах сэтгэлтэйгээр урагш давших юм.

Өдөр бүр буулгаж өгдөг Бурханы бэлэг

Бид Бурханаас үй олон бэлэг үнэгүй авч, тэдгээрийн ачаар амьдралаа авч явдаг. Хэрэв Бурхан нарны гэрлээ өгөхгүй бол яах уу? Энэ дэлхий бүтэн жилийн турш температур нь тэгээс доош хэдэн зуун градус хүртэл буурч, энэ дэлхийд хүн төрөлхтөн оршин тогтнох боломжгүй болно.

Бурхан хүн төрөлхтнийг ус, хүчилтөрөгчөөр хангахгүй бол яах бол? Зарим хүн шинжлэх ухаан, технологиор устөрөгч хүчилтөрөгчийн нэгдлээр ус гаргаж авч болно гэж зүтгэдэг ч хэрвээ Бурхан бүтээсэн зүйлээ хэрэглүүлэхгүй, хүмүүс өөрсдөө устөрөгч хүчилтөрөгч хоёроо бүтээх ёстой болбол тэд яаж ч уйгагүй хичээгээд аяга ус ч бүтээж, бий болгож чадахгүй. Түүнээс гадна хүмүүс насан турш хэрэглэх ундны ус гаргаж авах хүчилтөрөгч бий болгоно гэхээр асар их хэмжээний үнэ өртөг, зардал мөнгө гаргах боломжгүй шүү дээ.

Бурхан бидэнд өдөр бүр энэ мэт бэлэг өгдөггүй байсан бол бид энэ дэлхийд ганц өдөр ч амьдарч чадахгүй. Бурханы өгсөн зүйлсийг дураараа үнэгүй хэрэглэсээр байгаа хэрнээ бид Бурхандаа бүрэн дүүрэн талархал өргөлгүйгээр амьдарч ирсэн байж мэднэ. Бид юм бүхэн дээр талархах ёстой ч заримдаа гаднах байдлаар өөрсдийгөө бусадтай харьцуулдаг. Энэ нь л биднийг сэтгэлээр унаж, гутрахад хүргэн, дотроо “Тэдэнд том том, гоё гоё юм байхад надад иймхэн, жирийн л юм байна” гэж бодоход хүргэнэ.

Энэ дэлхийд бэрхшээлгүй амьдрах хүн байхгүй. Хорвоод амьдрах хүн бүр хүнд хэцүү амьдралаар амьдардаг. Энэ мэт бэрхшээл зовлонтой амьдардаг нь зөвхөн жирийн хүмүүс ч биш. Эрх мэдэл, эд баялаг ихтэй харагддаг, ганган дэгжин мундаг харагддаг одууд ч мөн бэрхшээл зовлонтой. Энэ тэр аргаар бэрхшээл зовлонгоос зугтах хүн хэн ч байхгүй. Гаднаа бол нэг л их юм юмтай, их аз жаргалтай, баяр хөөртэй харагдавч өөрт байгаа юмаа авч үлдэхийн тулд дотроо бол хэн хүнээс илүү санаа зовнил, зовлон зүдгүүртэй байдаг.

Бурхан бидэнд хэрэгтэй юм бүхнийг маань бэлэг болгон өгдөг. Талархдаггүй зүрх сэтгэлээ талархдаг болгож өөрчлөг гэсэндээ Бурхан бидэнд дараах сургаалыг өгсөн.

“Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн. Сүнсийг бүү бөхөө. Эш үзүүллэгийг бүү басамжил. Харин бүхнийг шалга, сайнаас зуур. Ёр муугийн алив хэлбэрийг цээрлэ.” 1Тес 5:16-22

Үргэлж баяртай байж, тасралтгүй залбирч, бүх зүйлд талархлаа өргөхийн тулд бид эргэн тойронд маань байгаа юм бүхэн биднийг цэвэршүүлэхийн тулд Бурханы өгсөн бэлэг гэдгийг мартаж болохгүй. Тэнгэрийн хаанчлал буцах замын турш бид өөрсдөө юугаар дутуугаа ухаарахгүй ч гэлээ Бурхан бидний тухайд юм бүхнийг мэднэ. Бурхан бүгдийг мэддэг учраас л биднийг хамгийн боломжтой нөхцөл байдалд тавьдаг. Тиймээс Библид биднийг үргэлж баяртай байж, бүх зүйлд талархлаа илэрхийл гэсэн юм.

Хүн бүрд л сул тал, дутагдал бий. Зарим нь маш түргэн авиртай, зарим нь дэндүү тайван. Хүйтэн хөндий сэтгэлтэй хүмүүс ч бий, дэндүү эрч хүчтэй хүн ч бий. Бурхан хүн бүрд маань зохистой бэлэг өгч, биднийг тэнгэрийн төгс оршихуй болгон дахин бүтээхийн тулд зүрх сэтгэлийг маань цэвэршүүлж байдаг.

“… Хайлуур нь мөнгөнд, зуух нь алтанд, хүний зүрхэнд ЭЗЭН шалгуур юм.” Сур.Үгс 17:1-3

Эргэн тойрноо хар даа. Эргэн тойронд чинь байгаа хүн нэг бүр өөрийг чинь л тэнгэрийн хаанчлалд аваачих гэсэндээ Бурханы өгсөн бэлэг. Тэр хүн халамж сайтай хань нөхөр, эсвэл бар шиг догшин зантай нөхөр ч байж болно, халамжтай, сайхан ааштай эхнэр, эсвэл хувиа хичээсэн эхнэр ч байж болно, ачлалт үр хүүхэд эсвэл асуудалтай үр хүүхэд ч байж болно. Хэдийгээр эргэн тойронд маань байгаа хүмүүс биднийхээс өөр бодол санаа, өөр үзэл бодолтой байдаг ч тэд мөн л Бурханы бидэнд өгсөн бэлэг юм.

Хэн нэгэн бидэнд гомдоллож, таагүй юм хэлбэл тэр мөчид бид Бурхан биднийг эцсээ хүртэл тэсэх тэсвэртэй болгох гэсэндээ итгэлийг маань боловсруулж байгаа гэж ухаарах хэрэгтэй. Хүн болгон бидэнд сайхан аашилж, сайхан хандвал тэвчээртэй эсвэл тэвчээргүй гэдгээ таних аргагүй шүү дээ. “Бурхан эргэн тойронд маань арай сайхан сэтгэлтэй, хүндлүүштэй, авьяас чадвартай хүн тавьж болохоор байхад яахаараа иймэрхүү хүмүүсийг миний эргэн тойронд тавьдаг байна аа?” гэж бодоод сэтгэлээр унаад байж болохгүй. Янз бүрийн таагүй нөхцөлөөр дамжуулан Бурхан бидэнд ерөөл өгч байгаа гэдгийг ухаарах учиртай. “Миний алдаа дутагдал иймэрхүү орчин нөхцөлийг туулахгүйгээр засагдахгүй байсан байх нь. Бурхан надад туслах гэсэндээ л энэ бүх орчин нөхцөлийг бий болгосон байх нь” гэж бодох хэмжээний тийм хүчирхэг итгэлтэй байх ёстой. Үүнийг л ухаарвал бид аяндаа л юм бүхэнд талархдаг, бүр дутуу дулимаг зүйл дээр ч талархдаг болно.

Талархлын тахил өргөгч Бурханы ард түмэн

Өнөөдөр энэ мөчид ч Бурхан бидэнд эрч хүч, энерги аваг гэж нарны гэрэл, цэвэр агаар, цэнгэг ус, эргэн тойронд маань хайртай хүмүүсийг бэлэг болгон өгсөн. Энэ дэлхийд бидний атаархах юм юу ч байхгүй. Бурханы бидэнд өгсөн орчин нөхцөл, өнөөдрийг хүртэл бидэнд тохиолдож байгаа бүхэн Бурханы өгсөн бэлэг. Үүнд итгээд Бурханд үргэлж талархал өргөх учиртай юм шүү.

“Талархлын тахилыг өргөгч нь Намайг хүндэтгэдэг. Зөв замаар замнагчдад Бурханы авралыг Би үзүүлнэ.”” Дуу 50:23

“Тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан гэж Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй. Тэгээд ч тэд бодол санаандаа хоосорч, ухваргүй зүрх нь харанхуй болжээ. Өөрсдийгөө мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд” Ром 1:21-22

Талархлын тахил өргөдөг хүнийг Библид Бурханыг хүндэтгэдэг хүн гэсэн байна. Талархал өргөдөггүй хүн нь Бурханыг хүндэтгэж чадахгүй. Өөрсдийгөө мэргэн гэж хэлдэг атлаа бодол нь дэмий хоосон, ухвар мөчид болж, тэд тэнгэрийн хаанчлалыг алдах мунхаг үйл хийхээс ч өөр аргагүй.

Бурхан энэ дэлхийд алдагдсаныг хайж, аврахаар ирсэн. Бидэнд шинэ гэрээний хууль өгч, үнэнийг зааж сургасан. Шинэ гэрээний үнэнийг сахиж, хэрэгжүүлэх явцын турш аян замд маань зарим үед биднийг сайн сайхан зүйл ч тосно, зарим үед бэрхшээлтэй зүйл ч тосно. Энэ бүх явц нь Бурхан биднийг тэнгэрийн оронд буцааж очуулах гэсэндээ соёрхсон Бурханы бэлэг юм шүү.

Есүсийн айлдсан сургаалт зүйрлэлд тэнүүлч хүү өөрийгөө маш их эд баялагтай, дэлхий дээрх юм бүхэн төлөвлөснөөр нь болно гэж бодоод эцгээ орхин, гэр орноо орхин, алс холын улс руу явж зугаа цэнгэлийн араас хөөцөлдөв. Тэрээр замбараагүй, дур зоргоороо амьдран, хамаг эд хөрөнгөө үрэн таран хийснийхээ дараа хоол ундгүй, бүр гахайн идэж байсан буурцгаар гэдсээ дүүргэхийг хүсэмжлэх хүртлээ дорд оров. Хэдий цөхрөнгөө барсан ч түүнд хэн ч юу ч өгсөнгүй. Тэрээр шууд л аавыгаа, гэр орноо орхин явсан тухайгаа санав. Гаргасан авир үйлдлийнхээ үр дагаврыг бүрэн ухаарсны дараа тэрээр нүгэлдээ гэмшиж, замбараагүй амьдралаа орхин, гэртээ буцаж ирэв (Лук 15:11-24).

Заримдаа бид ч итгэлийн амьдралдаа өдий төдий зовлон зүдгүүр амсаж, итгэлийн амьдралд маань тэнүүлч хүүтэй адилхан сорилтын явц туулах хэрэгтэй болдог. Бурхан бидний хүслийг тэр дор нь биелүүлээд өгч чадах хэдий ч хэрэв тэгэх юм бол бид энэ дэлхий дээрх юм бүхэн бидний хүслээр болдог, юу л хийе гэж хүснэ тэр нь биелдэг гэж бодоход хүрнэ. Ингэвэл бид Бурханыг ч, тэнгэрийн хаанчлалыг ч орхино. Тийм учраас эцэст нь мөнхийн аз жаргал соёрхох гэсэндээ Бурхан зарим үед түр зуурын бэрхшээл өгнө. Энэ явцаар бид Бурханыг илүүтэй үгүйлж, өөрийн эрхгүй тэнгэрийн орон, сүнсний эх нутгаа ихэд санах болно. Энэ нь бидэнд тэнгэрийн хаанчлалыг чиглэн эрч хүчтэйгээр гүйх боломж өгөөд зогсохгүй бидний зүрхийг цэвэршүүлэхийн төлөө Бурханы хэрэглэдэг үйл явц юм.

Талархлын талаарх Библийн сургаал

Бурханы бидэнд өгдөг үг бүхэн мөн л Түүний агуу том бэлэг юм. Библи нээх болгонд Бурхан бидэн дээр үгээрээ бүтсэн тоо томшгүй их бэлгээ цутган, үүгээрээ биднийг мөнхийн тэнгэрийн хаанчлал руу хөтөлж байдаг билээ.

Үүнийг жинхэнээсээ ойлгох юм бол бид аяндаа л Бурханд талархал илэрхийлж, тэгж чадахгүй бол уйтгар гуниг төрж, стресс бухимдал дургүйцэл, гомдол гарах болно.

“Садар булай, шалиг балай эсвэл самуун балиар яриа нь зохимжгүй. Харин оронд нь талархалаа өргө.” Ефе 5:4

Та бүхэн нэг хүнд гоё бэлэг өгтөл тэр хүн чинь талархсанаа илэрхийлэхийн оронд уурлах юм бол тэр хүнд дахиж хэзээ ч бэлэг өгмөөргүй санагдана аа даа. Библид биднийг тэнгэрийн хаанчлал руу хөтөлсөн үй түмэн бэлэг, үй түмэн ерөөл дүүрэн бий. Өдөр бүр Бурханаас бэлэг авдаг байж Бурханаас юу ч аваагүй хүн шиг гомдол дургүйцэл гаргаж огтхон ч болохгүй.

“Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун! Та нарын тэвчээр бүх хүнд мэдэгдэг. Эзэн ойрхон байна. Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална.” Фил 4:4-7

Бурхан талархдаг хүний сэтгэл санааг хамгаалж, харин гомдол дургүйцэл гаргадаг хүнийг хамгаалдаггүй. Израильчуудын цөлийн аян замын турш Бурхан тэдэн дээр тэнгэрээс манна буулган өгч, хаднаас ус гарган өгч байсан юм. Бурхан тэдэнд бүхэл бүтэн 40 жилийн турш өдөр бүр бэлэг соёрхсон байхад тэд Бурханд тасралтгүй гомдол урсгасаар байсан юм. Бүр өчүүхэн шалихгүй зүйлийн тухайд ч хүртэл шүү. Үүнийх нь үр дагаварт Бурхан өгсөн бэлгээ тэдгээр талархаж мэддэггүй бүх хүнээс буцааж татсан юм. Эцсийн эцэст израильчуудыг гэсэн Бурханы хамгаалалт зогсож, олонх нь цөлд сүйрсэн байдаг. Бид Израилийн түүхээс их үнэ цэнэтэй сургамж авах ёстой төдийгүй хүн нэг бүрд маань өдөр бүр өгдөг бүхий л бэлгийнх нь төлөө Бурханд талархахаа огтхон ч мартах ёсгүй.

“Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алхахдаа, заалгаснаараа Түүнд үндэслэгдэн, байгуулагдаж, итгэлдээ баталгаажин, талархлаар бялхагтун.” Кол 2:6-7

“… Талархагтун. Зүрхэндээ Бурханд хандсан баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд, бүхий л мэргэн ухаанаар та нар бие биендээ заан, бие биенээ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай. Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн, Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал өргөж бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн.” Кол 3:15-17

“Жирийн нэг хүнийг махан бие өмсөж ирсэн Христ гэлээ” гээд анхны сүмийн үеийн итгэгчдийг доромжлон, хавчиж байсан юм. Тэдний зарим нь арслангийн хоол болж, зарим нь Ромын Колизей театрт амьдаараа шатаж байсан ч алагдсан сүүлчийн тэр мөч хүртлээ итгэлээ сахиж, Бурханд талархах талархлаар бялхаж байв.

Энэ бол биднийг гэсэн Бурханы хүсэл. Бид Бурханд үргэлж талархал өргөдөг талархагч болж өөрчлөгдөн, ямар ч нөхцөлд Бурханы хүслийг боддог байх хэрэгтэй. Ойр тойронд маань итгэлийн амьдралаар амьдарч байсан хэн нэгэн биднээс түрүүлээд Эцэгийн энгэрт очлоо гэхэд бид Эцэгт гомдол гаргахын оронд талархах хэрэгтэй. Сүнслэг талаас нь авч үзвэл бид энэ дэлхий дээр түр суурьшигчид болон гадныхны ёсоор түр зуур л амьдарч байгаа шүү дээ. Бидний махан бие газрын шорооноос бүтсэн тул газар шороондоо буцдаг. Доторх сүнс маань Бурхан руу очдог. Тиймээс хэн нэгэн энэ дэлхий дээрх үүрэг нь дуусвал Бурхан оршдог тэнгэрийн хаанчлалд буцах нь мэдээжийн хэрэг юм (Ном.Үгс 12:7).

Стефан, Паул мэтийн элч нар, анхны сүмийн итгэгчид энэ газар зовлон бэрхшээл их амссан байдаг. Тэд одоо хаана байгаа вэ? Тэнгэрт Бурханы өвөр дээр асар их тайвшран тайтгарч байгаа нь эргэлзээгүй, тийм биз? Авсан агуу ивээлийнхээ төлөө бид Бурханд үргэлж талархал өргөж, даалгасан үүргийг нь биелүүлдэг болохоор бэрхшээл зовлонгоо бид талархалтайгаар, тэвчээртэйгээр даван туулах учиртай. Тийнхүү мөнхийн сүнсний эх нутагтаа буцах тэр өдрийг үргэлж тэсэн ядан хүлээнэ.

Үргэлж, тасралтгүй талархан, талархлаар бялхдаг итгэл

Библи биднийг үргэлж таларх гэснийг өөртөө дахин дахин сануулах хэрэгтэй. Бурхан бидэнд үргэлж сайхан бэлэг өгч байгаа болохоор бид зүрх сэтгэлээсээ талархан, Бурхандаа сайн үр жимс өргөх учиртай.

“Та нар биднээс Бурханы үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бус, харин итгэдэг та нарын дотор ч ажилладаг Бурханы үнэн үг гэж байгаагаар нь хүлээн авсан. Үүнд бид бас Бурханд үргэлж талархдаг юм.” 1Тес 2:13

“Тиймээс ах дүү нар аа, та нарын итгэлээр бид бүх гачигдал, зовлон дотроо та нараар тайтгарав. … Бурханыхаа өмнө та нараар баярладаг бүхий л баяр хөөрийнхөө хариуд нь ямар талархлыг бид Бурханд та нарын төлөө өргөж чадах вэ? Бид та нарын царайг харж, итгэлд чинь дутагдаж буйг дүүргэхсэн гэж өдөр шөнөгүй үлэмж их залбирч байна.” 1Тес 3:7-10

Итгэлийн амьдралд маань тохиолдсон хамгийн чухал тохиолдол бүрийн тухайд бид Бурханд магтаал өргөн, талархлаар Бурханд хариулж, зүрх сэтгэлдээ талархал бялхаах учиртай. Энэ бол бидний төлөөх Бурханы хүсэл. Бурханы хүслийг дагаад анхны сүмийн итгэгчид Бурханаас авсан бэлгийнхээ төлөө Бурханд тасралтгүй талархаж байжээ.

Бид ч ийм итгэлтэй байх ёстой. Бэрхшээлтэй орчин нөхцөлтэй тулгарах үед бид тэр дор нь Бурхан яагаад тухайн бэрхшээлийг өгснийг ойлгохгүй байж магадгүй л дээ. Харин амьдралынхаа бүх л өнгөрсөн рүү өнгийн харвал бид юм бүхэн Бурханы бэлэг байсныг ухаарч чадна.

“Ах дүү нар аа, бид үргэлж та нарын төлөө Бурханд талархах ёстой. Та нарын итгэл үлэмж өсөж, хүн бүрийн бие биенээ гэсэн хайр чинь нэмэгдсээр байгаа тул ингэх нь ч зүйтэй юм. Та нарын тэсвэрлэж буй бүхий л хавчлага, зовлонгийн дундах тэвчээр ба итгэлийн чинь төлөө бид өөрсдөө Бурханы чуулгануудын дунд та нараар бахархдаг.” 2Тес 1:3-4

“Эзэнээр хайрлагдсан ах дүү нар аа, та нарын төлөө бид үргэлж Бурханд талархал өргөх ёстой. Учир нь Бурхан та нарыг үнэн итгэл ба Сүнсний ариусгалаар дамжуулан анхны үр жимс болгон авралын төлөө сонгосон ажээ. Үүний тулд Тэр бидний сайнмэдээгээр та нарыг бидний Эзэн Есүс Христийн алдрыг хүртээх гэж дуудсан.” 2Тес 2:13-14

Бурханд үргэлж талархах нь Бурханы ард түмний үүрэг. Бурхан бидэнд “Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь” гэсэн тушаал өгсөн шигээ “Үргэлж таларх” гэсэн тушаал ч өгсөн юм. Хавчлага бэрхшээлтэй тулгарах үедээ ч, ямар ч нөхцөлд Бурханд талархах талархлаар бялхах ёстой. Тэгвэл Сатан биднийг зовоох, уруу татах гэж яаж ч хичээсэн бидний итгэл гуйвахгүй байгааг хараад эцэстээ шантран бууж өгч, биднээс ухрах болно.

Биднийг аврал руу хөтлөх гэсэндээ Бурхан бүх үеийн турш түүхийг удирдан хянаж, толгой дээрх үсний маань ширхгийг ч хүртэл тоолж байдаг. Бурхан биднийг тэнгэрийн хаан тахилч болгон бүтээж, тэнгэрийн хаанчлал руу биднийг хөтөлж байгаа. Бурханы ивээлд өдөр бүр, үеийн үед талархал өргөсөн ч бидний хувьд Бурханд хангалттай талархал өргөх боломжгүй юм.

Талархдаг хүний орох тэнгэрийн хаанчлал

Бид өдөр болгон талархал дүүрэн байх ёстойн учир шалтгаан нь бид талархал, магтаал бялхах газар руу, тэнгэрийн хаанчлал руу явж байгаад юм. Гомдол, дургүйцэл гаргадаг хүн хэзээ ч тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй.

“Тусбүр нь зургаан далавчтай тэр дөрвөн амьтан нь дотроо болон эргэн тойрондоо дүүрэн нүдтэй. Тэд өдөр шөнөгүй тасралтгүйгээр —Байсан, байгаа, мөн хожим ирэх Төгс хүчит Эзэн Бурхан ариун, ариун, ариун хэмээн хэлэх аж. Амьтад сэнтийд Залрагч ба үеийн үед амьд байгч Түүнд алдар, хүндэтгэл, талархлыг өргөх бүрд” Илч 4:8-9

“Сэнтийн эргэн тойронд зогсож байсан бүх тэнгэрэлч, ахлагчид болон дөрвөн амьтан сэнтийн өмнө нүүрээрээ унаад Бурханд мөргөж —Амен. Магтаал, алдар, мэргэн ухаан, талархал, хүндэтгэл, хүч чадал ба сүр хүч нь бидний Бурханд үеийн үед байх болтугай. Амен гэцгээв.” Илч 7:11-12

Тэнгэрийн бүх сүнслэг биет, тэнгэр элч нар Бурханд үргэлж яруу алдар, хүндэтгэл, талархал өргөж байна.

Талархал Бурханд байдаг. Тиймээс “бурхан чанар”-ыг хуваалцдаг Бурханы хүүхдүүд бид ямар ч орчин нөхцөлд Бурханд талархах учиртай.

Есүс “Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага” гэж айлдсан болохоор хүн бүр өөрөө өөрийнхөө загалмайг үүрэх ёстой (Мат 16:24 үзэх). Бидний үүрэх ёстой загалмай бол бидний дутуу дулимаг зүйл, тэнгэрийн хаанчлал явахын тулд бидний даван туулах ёстой саад тотгор юм. Энэ мэт бэрхшээл зовлонгоор Бурхан биднийг байнгын цэвэршүүлж, төгс оршихуй болох тэнгэрийн ард түмэн болгон дахин бүтээсээр байгаа.

Бурхан бидэнд тэнгэрийн иргэний маань хувьд юу юунаас илүү хэрэгтэй тэнгэрийн тоо томшгүй их бэлэг өгч байгаа. Бурханы хүүхдийн хувиар бидний амьдралд байгаа юм бүхэн биднийг тэнгэрийн хаанчлал руу хөтлөхийн тулд Бурханы бидэнд өгсөн бэлгүүд гэдгийг ухамсарлаж, үргэлж баяртай байж, тасралтгүй талархах ёстой. Бид Бурханаас зөвхөн бэлэг аваад л байж болохгүй. Эцэг Эх маань болох Бурхандаа ч бас сайхан бэлэг өргөх учиртай. Та бүхэн маань бүгд талархал дүүрэн бялхах итгэлийн амьдралаар амьдран, Бурханд бэлэг болгон дор хаяж арван үр жимс гаргаад, Бурханаас бялхам их ерөөл авахыг хүсье.