Бидний өдөр бүр залбирдаг залбирлын талаар тодорхой мэдмээр байна. Яагаад заавал тэр цагт залбирал өргөдгийг, ямар утга учир шингэсэн байдгийг мэдмээр байна.
Бурхан хүн төрөлхтөн бидэнд амьдрахад хэрэгтэй гурван төрлийн нөхцөлийг зөвшөөрсөн байдаг. Тэр нь амьсгалах, идэх, идэвхтэй хөдөлгөөнтэй байх юм. Хэрэв эдгээрийн аль нэг нь дутагдвал хэрхэн амьд байх вэ? Үнэн дотор байгаа бидний сүнс залбирлаар амьсгалж, амийн үгийг идэж, сайн мэдээ тунхаглах замаар сүнсээ амьд байлгаж чадна. Махан биеэр амьд байхын тулд байнга амьсгалдаг шиг тасралтгүй залбир гэсэн үг ч бий. Учир нь залбирал бол амьсгалахтай адил юм.
Хүн төрөлхтөн биднийг Бурхан аврахын тулд нүглийн уучлалын тахил өргөх тэнгэрийн ариун газрыг байгуулсан юм. Тэрхүү ариун газарт Тэргүүн тахилч болох Христ тогтоосон журмын дагуу бидний төлөө сүнслэг тахил өргөдөг бөгөөд тэр тахилын цус нь Христийн цус юм.
Энэхүү тэнгэрийн ариун газрын тахилын ёслолын талаар Бурхан урьдчилан Мосегоор дамжуулан хуулбар болгон харуулсан юм. Мосед тэнгэрийн ариун газрыг харуулсны дараа газар дээр хуулбар болох ариун газрыг бариулж Бурханд тахил өргөхийг даалгасан. Тийм болохоор Мосегийн үед бий болсон тахил нь хожим тэнгэрийн ариун газарт биелэгдэх жинхэнэ тахилын талаарх хуулбар байсан юм. Тэгээд иудейчүүд Мосегийн хуулийг даган газар дээрх ариун газарт тахил өргөж, тэр цагт ард түмэн гадаа нь залбирдаг байв (Лук 1:8-10).
Газар дээрх ариун газарт болдог тахил нь ард түмэн өөрсдийнхөө нүглийг хүлээн зөвшөөрч мал амьтан авч ирж өргөдөг тахил байсан. Түүнээс гадна өглөө, орой бүр өргөдөг байнгын шатаалт тахил, долоо хоног бүрийн Амралтын өдөр өргөдөг шатаалт тахил, тогтсон хугацаанд өргөдөг баярын тахил зэрэг байсан.
Газар дээрх ариун газарт өргөдөг эдгээр тахилын ёслолууд нь бүгд хожим тэнгэрийн ариун газарт болох жинхэнэ тахилын хуулбар бөгөөд тэнгэрийн ариун газарт ч эдгээр цаг, хугацаанд биелэх тахилыг зааж өгч байгаа хэрэг юм. Мэдээж тэнгэрийн ариун газарт амьтны цус биш Христийн цус тахил болж итгэгчдийн залбирал Бурханы сэнтийн өмнө өргөгддөг.
Хуучин гэрээний үед байнгын шатаалт тахил өргөдөг байсан нь хожим Христ жинхэнэ тахил болно гэдгийг харуулсан хуулбар юм. Христ зөгнөл биелүүлэхийн тулд гуравдугаар цаг (өнөөгийн цагаар бол өглөөний 9:00 цаг)-т загалмайд цовдлогдож, есдүгээр цаг (өнөөгийн цагаар өдрийн 15:00 цаг)-т амьсгал хураасан юм. Тэнгэрийн ариун газарт болдог жинхэнэ тахил болсон Христийн загалмайд цовдлогдож нас барсан гуравдугаар болон есдүгээр цаг нь шинэ гэрээний үед залбирлын цаг болж, тэр цагаар тэнгэрийн ариун газарт Христийн үйлдэх тахилтай хамт Бурханы сэнтийн өмнө өргөгддөг юм.
Шинэ гэрээний үеийн итгэгчид тэнгэрийн ариун газарт үйлдэгддэг жинхэнэ тахилд оролцохын тулд тогтмол бус залбирлаас гадна Амралтын өдөр болон баяр сахиж, өдөр бүр өргөдөг залбирлын цагт оролцсон (Үйл 3:1).
Бас нэг тайлбарлах ёстой зүйл бол Есүсийн үед иудейчүүдийн хэрэглэдэг байсан цагийн тогтолцоо, өнөөгийн бидний хэрэглэдэг цагийн тогтолцоо хоорондоо ялгаатай. Тухайн үед нар мандах цагийг 00:00 цаг гэж үзэн, нар жаргах цагийг 12:00 цаг гэж тооцдог байсан. Тийм болохоор зун нэг цаг 60 гаруй минут байсан бол өвлийн улиралд 60 минут ч хүрдэггүй байсан.
Тийм ч учраас залбирлын зуны цагийн хуваарь нь өглөө 9:00 цаг, өдөр 15:00 цагт байдаг бол өвлийн цагийн хуваарь нь 10:00 цаг, 14:30-д залбирдаг.