Үйлсийнх нь дагуу буцаан төлдөг Бурхан

20,615 үзэлт

Мунхаг хүн зүрхэндээ “Бурхан байдаггүй” гээд, зүрх нь бурууг хийх заль мэхээр дүүрэн байдаг (Дуу 14:1). Харин Бурхан юм бүхнийг хянаж, хүн нэг бүрд үйлсийнх нь дагуу буцаан төлнө.

Ертөнцийн зүй тогтлыг харахад ч хүн бүр хийснийхээ хэрээр буцаан авдаг. Бусдад хайр их өгвөл хайрласныхаа төлөө хэзээ нэг өдөр шагнуулна. Хорон мууг их үйлдвэл хорон муугийнхаа төлөө буцаан авна. Хийсэн бүх үйл нь эргээд өөрсөд дээр нь буцан ирдэг.

Манай Бурхан энэ ертөнцөд ирж, биднийг хайрлан, бидний сүнсийг аварсан хамгийн агуу үйлийг бидний төлөө хийсэн. Тиймд бид Бурханыхаа хайранд хариулахын тулд хөршдөө хайр, амь өгөхийн төлөө хүчин чармайлт гаргаж байгаа. Хэрвээ бид алив сайныг үйлдвэл энэ нь үргэлж л баяр хөөр, яруу алдар дагуулдаг жамтай. Үүний учир нь Бурхан бидний үйлсийн төлөө хариу төлж байдагт байгаа юм.

Юу тарьснаа хураана

Эрт урьдын цагт нэгэн баян хүн байжээ. Нэг өдөр тэрээр зарцдаа “Энэ жил талбайдаа арвай тариарай” гэж гэнэ. Харин зарц нь удаан бодсоны эцэст арвай тарихын оронд эзнийхээ хамгийн дургүй улаан буудай тарьж орхив. Ургац хураалтын цаг болоход мэдээж улаан буудай хураажээ.

Эзэн нь байдгаараа уурлан зарцаа дуудаж, “Би чамайг арвай тарь гэж хэлээ биз дээ. Арвай тарихын оронд яагаад улаан буудай тарьчихсан юм бэ?” гэж зэмлэн буруушаав гэнэ. Тэгтэл зарц нь би арвай ургах байх гэж найдаад улаан буудай тарьсан гэж хариулжээ. Тэгтэл эзэн нь бүр ч их уурлан, “Наад тэнэг, утга учиргүй үгээ ярихаа боль!” гэж гэнэ. Тэгтэл зарц нь ийн хэлэв.

“Эзэн минь, та хөршүүддөө үргэлж л муу муухайг үйлддэг. Та тэдний мөнгийг хүүлж, дарамтлан, ядуу зүдүүг нь дорд үзэж, тэдэнд ёстой өөдгүй муухайгаар ханддаг. Ийм муу үйл хийсээр байгаа хэрнээ үргэлж л өөрийгөө “Би үхсэнийхээ дараа диваажин явна” гэдэг шүү дээ. Тэгэхээр та бид хоёрын хооронд ялгаа алга шив. Эзэнтэн та муу муухай үйл хийсээр байгаа ч диваажин явна гэж найддаг болохоор би арвай хурааж авна гэж найдаад улаан буудай тарьчихсан юм. Гэвч нэгэнт л би улаан буудай тарьчихсан юм чинь яалт ч үгүй л улаан буудай ургалаа.”

Ухаалаг зарцынхаа үгийг сонсоод эзэн өөрийгөө эргэн харж их гэмшсэн гэнэ лээ. Бид юу тарьснаа хурааж авна. Бурхан үйлс нэг бүрийг сайн муу гэж ялгалгүй шүүлтэд аваачиж, хүн бүрд сайн, муу үйлсийнх нь хариуд үйлдсэнийх нь дагуу буцаан төлдөг.

“Зөв бусыг үйлдэгч нь зөв бусаа үйлдсээр л байг, бузар муу нь бузар муугаараа л байг. Зөвт нь зөвт явдлаа үйлдсээр л байг, ариун нь ариунаараа л байг. Харагтун, Би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлдсэнийх нь дагуу буцаан төлөх шагнал минь Надтай хамт байгаа.” Илч 22:11-12

Муу муухайг үйлддэг хүн хорон муу үйлсийнхээ төлөө буцааж авах нь гарцаагүй, зөв зүйтэйг үйлддэг хүн зөвт үйлсийнхээ төлөө шагнал авах нь мэдээж. Тиймдээ ч Библид тарьснаа хурааж авна гэсэн байдаг.

“… Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг. Учир нь махбоддоо таригч нь махбодоосоо ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна. Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна.” Гал 6:6-9

Нүгэлт махбодынхоо таалалд нийцүүлэх гэж махбоддоо тарьдаг хүн тэр махбодоосоо ялзрал хураан авч, харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амь хурааж авах нь зүйн хэрэг. Хорон муу сэдлээр тарьдаг хүн огтхон ч сайн сайхныг хүлээн авахгүй, харин Бурханыг болон тэнгэрийн хаанчлалыг ойлгож ухамсарлан, Бурханы сургаал дагаж хэрэгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийдэг хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт Бурханаас зөв байдлын титэм хүлээн авах болно. Бурхан бидний зүрх сэтгэлийг харж хянадаг.

Зөв сэтгэл, үйлс сайн үр дүн дагуулна

Америкт нэг ийм явдал болжээ. Нэг өдөр нэг залуу ажлын ярилцлаганд орохоор машинтайгаа яаравчлан давхив гэнэ. Нэлээн хугацааны дараа тэрээр нэг машин зогсчихсон, дунд эргэм насны эмэгтэй ихэд сандарсан шинжтэй машиныхаа хажууд зогсож байхтай таарчээ. Тэгэхээр нь өнөөх залуу машинаа зогсоон, эмэгтэй рүү дөхөж очин, яасныг асуув. Тэрээр дугуй нь хагарчихаад яахаа мэдэхгүй байгаагаа өчиж, тусламж хүсжээ.

Цаг нь амжихааргүй байснаар үл барам бүр огт туслахгүй шууд орхиод явахад ч ажлын ярилцлагандаа цагтаа очиж чадахааргүй шинжтэй байлаа. Тэрээр хэсэг тээнэгэлзсэнээ тусламж хэрэгтэй хүний хажуугаар зүгээр өнгөрөөд явчихаж чадсангүй. Тиймд тэр эхлээд машиныг үзэж шалгаснаа хагарсан дугуйг нь запас дугуйгаар сольж өгч, эмэгтэйг замд нь үдээд, сая нэг ажлын ярилцлага руугаа яарав.

Очтол ярилцлага хэдийн дууссан байлаа. Тэрээр уг компанийн Боловсон хүчний хэлтсээс ажилд орох хүсэлт анкетыг нь авахыг шалж гуйсны эцэст арай гэж материалаа өгчээ. Хамгийн гайхалтай нь компанийн зүгээс өнөөх залууг ажилд авах мэдэгдэл тэр даруй гарах нь тэр.

Тэр компанийн Боловсон хүчний хэлтсийн дарга нь түрүүхэн дугуйг нь сольж тавихад тусалсан өнөөх эмэгтэй байсан болж таарав. Ихэнх хүн өөрийнхөө эрх ашгийг эхэлж бодоод, бусдын нөхцөл байдлыг тоодоггүй. Харин тэрээр хэцүү байдалд орсон хүний хажуугаар зүгээр өнгөрчихөж чадалгүй, эмэгтэйн бэрхшээлийг өөрийнх мэт үзэж, тусалсан байгаа юм. Тийм ч учраас компани түүнийг компанидаа хэрэгтэй, жинхэнэ чадвартай хүн гэж үзэн, ажилд авахаар шийдсэн аж.

Энэ мэтээр хэрэв бид зөв шударгаар, сэтгэлээрээ ямар нэг зөв юм хийвэл хэзээд л сайн үр дүн дагуулна. Энэ газрын амьдрал төдийгүй бидний итгэлийн амьдрал ч үүнтэй адилхан. Тиймээс өөрсдийгөө Бурханы нүдэнд зөв зүйтэйг хийж байгаа эсэхээ, Бурханы ажилд бүх зүрх, сэтгэл, оюун ухаанаа зориулж байгаа эсэхээ цаг ямагт шалгаж байх хэрэгтэй.

Юу тарьснаа хурааж авна гэж Библид айлдсан учраас цаг ямагт сайн сайхан үр дагавар олж авахын тулд зүрх сэтгэлдээ сайныг л суулгацгаая. Ертөнц муу муухайг сурдаг ч бид Бурханаас зөв шударгыг сурч авсан шүү дээ. Тиймд бид ертөнцийн хүмүүсээс илүү зөвт байж, зөв сайн ёс зүйтэй байж, тэдэнд ёс суртахууны жишээ үзүүлж, ертөнцийг манлайлах хэрэгтэй.

Христийг бүх зүрх сэтгэлээр дээдлэн хүндэтгэсэн Мариагийн үйлс

Тэнгэрийн орон явъя гэвэл бидэнд тэнгэрийн орон руу явахуйц итгэл, үйлс хэрэгтэй. Түүнээс гадна бид зүрх сэтгэлээ тэнгэрийн хаанчлалд хангалттай орохуйц сайн сайхан, цэвэр ариун байлгах хэрэгтэй. Сайхан сэтгэлээр хийсэн бүхий л сайн үйлсийн маань төлөө Бурхан сайн зүйлээр хариу буцаан төлөх нь гарцаагүй.

“Тэдний нэг хуульч, Түүнийг сорьж —Багш аа, хуулийн аль тушаал нь агуу вэ? гэв. Тэр түүнд —“Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.” Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн.” Мат 22:35-38

Бурхан сүүлчийн шүүлт явуулахдаа эхлээд Бурханыг мэддэггүй хүмүүсийг шүүнэ гэж айлдсан (2Тес 1:7-9). Энэ ертөнцөд Бурханыг мэддэггүйдээ болоод бусдыг, тэр байтугай өөрсдийнхөө мөс чанарыг мэхлэн муу муухайг хийсээр байгаа хэр нь сайн сайхан үр дүнд хүрэх гэдэг хүмүүс бий. Энэ нь улаан буудай тарьчихаад арвай хурааж авах байх гэж найдаж байгаатай л адилхан хэрэг. Харин улаан буудай тарьсан л бол арвай хурааж авна гэж яаж ч найдаад нэмэргүй, арвай огт ургахгүй шүү дээ.

Бурханыг мэдэж, хүслийг нь зөв ухааран дагаж хэрэгжүүлдэг хүмүүс үнэхээр ерөөлтэй. Есүсийн “Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла” хэмээх сургаал бүрэн биелсэн түүхэн үйл хэргийг харцгаая.

“Есүсийг Бетанд, уяман өвчтэй Симоны гэрт байхад, их үнэтэй тос бүхий гөлтгөнөн сав барьсан эмэгтэй Түүн дээр ирээд, Түүнийг хооллохоор тухлахад толгойд нь тосоо цутгав. Шавь нар нь хараад зэвүүцэж —Юунд ийм үрэлгэн байна вэ? Энэ тосыг өндөр үнээр зарж, ядууст өгч болох байлаа шүү дээ гэцгээв. Харин Есүс үүнийг мэдээд, тэдэнд —Та нар юунд энэ эмэгтэйд төвөг удна вэ? Тэр Надад сайныг үйлдэв. Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй. Энэ эмэгтэй бие дээр минь үнэртнийг цутгаснаараа Намайг оршуулгад минь бэлтгэв. Үнэнээр Би та нарт хэлье. Энэхүү сайнмэдээ ертөнцийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, үйлс нь яригдах болно гэлээ.” Мат 26:6-13

Нэгэн эмэгтэй Есүсийн толгой дээр гөлтгөнөн савтай их үнэтэй үнэрт тос цутгасан учраас тэр үнэрт тосыг их үнээр зарж, мөнгийг нь ядууст өгч болох байсан хэмээн шавь нар зэвүүрхэж байлаа. Сайн мэдээний өөр номнуудаас Есүс дээр үнэрт тос цутгасан тэр эмэгтэй нь Мариа байсныг, зэвүүцсэн шавь нь Искариотын Иудас байсныг харж болно. Тухайн тэр үеийн ханшаар бол Есүсийн дээрээс цутгасан Мариагийн тэр тос дундаж цалинтай ажилчны нэг жилийн хөлстэй дүйцэхүйц үнэтэй байсан юм. Тиймээс л Иудас мөнгөнд нь шунасандаа бусад шавь нараасаа илүү дуугаа өндөрсгөн байж үнэтэй үнэрт тосыг үрлээ гэж эмэгтэйд уурлаж байна. Гэвч Есүс шавь нараа болиулж, итгэл ухаарлаас нь гарсан Мариагийн үйлсийг зөвтгөж, харин ч “Энэхүү сайн мэдээ ертөнцийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, үйлс нь яригдах болно” хэмээсэн (Мар 14:3-9, Лук 7:36-50, Иох 12:1-8 үзэх).

Мариа “Бүх сансар огторгуй, түмэн бодисыг Бүтээгч Бурхан энэ дорд, ялихгүй нүгэлтнийг аврахаар энэ дэлхийд ирсэн байна. Биднийг гэсэн Түүний хайрын хажууд энэ тос юу ч биш” гэх бодлоор Есүс дээр үнэрт тос цутгасан хэрэг. Зүгээр нэг үнэтэй тос цутгасан биш, бүх зүрх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ Есүсийг хайрласан тул Есүс Мариагийн итгэлтэйг магтсан юм.

Бид Мариа шиг бүх зүрх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ Бурханыг хайрлаж байгаа эсэхээ шалгах хэрэгтэй. Бидний хүн нэг бүр сайн мэдээнд өөр өөр үүрэгтэй. Бидний зарим нь бүтэн цагаар сайн мэдээ тунхаглаж, зарим нь сайн дурын үйлчлэлд хичээх байдлаар сайн мэдээг шууд бусаар дэмждэг. Христийн эрхтнүүдийн хувиар (1Кор 12:27) ямар ч үүрэг оногдсон бай сэтгэлээ Бурханд шууд хандуулан, Бурханы оноож өгсөн үүрэгт өөрсдийгөө бүрэн зориулах хэрэгтэй. Хэрэв бид үүнийг зүрх сэтгэлдээ гомдолтой хийвэл энэ нь сайн үр дүнг авчрахгүй.

Амралтын өдөр болгоноор сэтгэл гарган хоол бэлтгэж, тэр хоолыг идсэн хүн болгон махан биеэр ч, сүнсээр ч эрүүл байн, Бурханы хаанчлалд хангалттай бүрэн дүүрэн орох итгэлтэй байгаасай гэж залбирдаг зөнчийн эхнэрүүд төдийгүй гэр бүлүүд зөндөө байгааг би мэдэж байгаа. Бурханы ажилд тэд бүх зүрх, бүх сэтгэл оюунаа зориулж байгаа. Энэ талаас нь авч үзвэл тэд гөлтгөнөн савтай үнэрт тос Есүс дээр цутгаж байсан Мариагийн үйлсээс ялгарах юмгүй ажил хийж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Бурханыг баяртайгаар хүлээн авсан Закхай болон Абрахамын үйлс

Закхай Христийг бүх зүрх сэтгэлээрээ хүлээн авсан.

“… Харагтун, татвар хураагчдын ахлагч Закхай гэгч баян хүн байжээ. Есүс гэж хэн болохыг харахаар зүтгэж байсан боловч бие хаа нам тул цугласан олноос болоод харж чадахгүй байв. Тэгээд тэр түрүүлэн гүйж, Түүнийг харах гэж инжир модонд авиран гарав. Учир нь Есүс тэр замаар дайрч өнгөрөх гэж байлаа. Есүс тэнд хүрч ирээд, дээш харж түүнд —Закхай, хурдал, буугаад ир. Өнөөдөр Би танайд очих ёстой гэжээ. Тэр хурдлан бууж, Түүнийг баяртайгаар хүлээн авав. … Закхай зогсоод Эзэнд —Хараач, Эзэн, өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядууст өгнө. Хэрэв би хэн нэгнээс залилан авсан байвал түүнийгээ дөрөв дахин нугалж эргүүлэн өгнө гэсэнд Есүс түүнд —Өнөөдөр энэ айлд аврал ирлээ. Учир нь тэр ч гэсэн Абрахамын хүү мөн. Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.” Лук 19:1-10

Закхай гэрт нь Есүс зочилно гэхэд бөөн баяр болж, тиймдээ ч хөрөнгөнийхөө талыг ядууст өгч, хэн нэгнээс залилан авсан байвал түүнийгээ дөрөв дахин нугалж, эргүүлэн өгнө гэж амласан аж. Энэ бол түүний хувьд бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа Бурханаа хайрлаж байсныг нь нотлох хамгийн сайн үйлс байсан төдийгүй Есүс түүний чин сэтгэлийг баяртайгаар хүлээн авсан байдаг.

Энэ өнгөрсөн үйл явдал яагаад Библид бичигдсэн гэж санана? Өөрийг нь бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрласан тэдгээр хүмүүсийн итгэл үйлсэд Бурхан маш их баярлаж, тэдэнд авралын ерөөл соёрхсон юм. Сайн сайхан, зөв шударга, үнэнч байдал, итгэл, Бурханыг гэсэн хүсэл тэмүүлэл тарих юм бол тэр үйлсийнхээ үр шимийг хүртэхдээ л хүртэнэ. Энэ дэлхийд өөртөө зориулж хурааж хумхисан хамаг юмаа алдах тохиолдол олон. Харин Бурханы төлөө хийсэн бүхэн маань бидэнд заавал эргэж ирнэ. Бурхан бүр тоо томшгүй ихээр хариуг нь өгнө. Тиймээс Бурханы ажилд өөрсдийгөө зориулсан хүмүүс бол үнэхээр энэ дэлхийд хамгийн мэргэн ухаантай, хамгийн ухаалаг хүмүүс юм.

“ЭЗЭН, Мамрегийн царс модны дэргэд Абрахамд үзэгдэв. Өдрийн халуунд Абрахам майхныхаа үүдэнд сууж байгаад нүд өргөн харвал дэргэд нь гурван хүн зогсож байлаа. Тэрээр тэднийг харангуутаа угтан тосохоор майхныхаа үүднээс яаран гүйж хүрээд, газарт доор мэхийн —Эзэн минь ээ! Хэрэв мэлмийд тань тааллыг олсон бол зарц намайгаа битгий орхин өнгөрөөрэй гэж би гуйж байна. Жаахан ус авчруулж та нар хөлөө угаагаад энэ модны доор амарна уу? Та нар зарцынхаараа нэгэнт дайрч ирсэн тул би жаахан талх авчиръя, та нар тэнхээ ороод явна уу гэж хэлэв. Тэд —Чиний хэлсэн ёсоор болог гэв. Абрахам сандчин, … цөцгий, сүү болон зарцынхаа болгосон бярууны махыг тэдний өмнө авчирч тавиад, тэднийг хооллох зуур өөрөө модны доор зогсож байв. Тэд Абрахамаас —Чиний эхнэр Сара хаана байна вэ? гэж асуусанд —Тэнд майхандаа байгаа гэв. Тэр —Би зохих цагт нь чам дээр заавал эргэж ирнэ. Харагтун, эхнэр Сара чинь хүүтэй болно гэжээ. …” Эхл 18:1-10

Эндээс бид Абрахамын Бурханд чин сэтгэлээсээ үйлчилсэн үзэгдлийг харж болохоор байна. Энэ мэтээр итгэлийн өвөг дээдэс Бурханд бүх зүрх, сэтгэл, оюун ухаанаа зориулж байсан юм. Тэдний ивээлтэй үйлсэд баярласан Бурхан агуу шагнал, их ерөөл соёрхсон байдаг.

Бурханаар бахархсан хүмүүст өгсөн тэнгэрийн ерөөл

Бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүчээрээ Бурханыг хайрлахын тулд бид үйлс гаргах учиртай. Бурханыг хайрлах юм бол эхлээд Бурханы тушаалуудыг дага, тэгээд дараа нь Бурханаар бахарх гэж Библид айлдсан (Иох 14:15, 21:15-17 үзэх). Хэрвээ бид Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг бол хэнтэй ч уулзсан Бурханаар бахархах хүсэл тэмүүлэл бадрах юм.

“Зарим нь тэргэнд, зарим нь моринд найддаг. Харин бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг санах болно.” Дуу 20:7

“Би нумандаа найдахгүй, илд минь ч намайг аврахгүй. Та л биднийг өстнүүдээс минь аварч, үзэн ядагчдыг минь ичгүүрт унагасан. Бид өдөржин Бурханаар бахархаж, Таны нэрд мөнхөд талархана.” Дуу 44:6-8

Хэрвээ та нар хэн нэгнийг хайрлах юм бол тэр хүнийхээ тухай гэрийнхэндээ, төрөл садандаа, найз нөхөддөө бахархана шүү дээ. Тэр хайртай хүнийхээ зан чанар, гадаад төрх байдал, өндөр нам, ярих хэв маяг гээд л юм юмыг нь магадгүй яримаар санагдах байх аа. Үүн шиг хэрэв бид Бурханыг хайрлавал манай Бурхан хичнээн гайхамшигтай, гайхалтай гээд Бурханыхаа тухай байнга бахархаж ярих нь мэдээж. Бурханы тухай ярихаасаа эвгүйрхэж, ичиж байгаа бол Бурханыг хайрлах хайр байгаа эсэхээ нэг шалгаж үзээрэй.

Давид өдөр бүр Бурханаар бахархаж байсандаа “Миний зүрх сэтгэлийн дагуух хүн” гэсэн магтаал Бурханаас авсан. Бүтэн өдөржингөө хүмүүсийн өмнө Бурханаар бахархаж байсан гэдэг нь тэрээр зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханыг хичнээн их хайрлаж байсных нь баталгаа юм. Дуулал номд Давидын Бурханыг гэсэн хайрыг маш сайн тодорхойлсон байдаг.

“Би ЭЗЭНийг цаг үргэлж магтана. Түүнийг магтах нь миний аманд үргэлж байх болно. Сэтгэл минь ЭЗЭН дотор сайрхнам. Даруу нэгэн үүнийг сонсон баярламуй. Надтай хамт ЭЗЭНийг дээдэлж, хамтдаа нэрийг нь өргөмжилцгөөе! Би ЭЗЭНийг хайсан агаад Тэр надад хариулж, бүх айдсаас минь Тэр намайг чөлөөлсөн. … ЭЗЭН сайн гэдгийг амсацгаа, үзэцгээ! Дотор нь хоргоддог нэгэн юутай ерөөлтэй вэ! Түүний ариун хүмүүс ээ, та нар ЭЗЭНээс эмээгтүн! Учир нь түүнээс эмээгчдэд юу ч дутагддаггүй.” Дуу 34:1-9

Бид Бурханы тухай ярьж, хүмүүсийн өмнө Бурханаар бахархвал зүрх сэтгэл нь туйлдаж ядарсан хүмүүс бидний мэдээг сонсоод Бурхан руу ирж, улмаар тэд хамтдаа найдвар дотор баяр хөөр мэдэрнэ. Сионы ах эгч дүү нар аа! Давид шиг Бурханаар өдөр бүр бахархан, бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа Бурханы хүслийг бүрэн дүүрэн дагацгаая.

Бурхан бидний үйлсийн дагуу буцааж төлнө. Зөв юм хийвэл зөв үйлсийн маань төлөө шагнаж, буруу юм хийвэл муу муухайгаар буцаан хариулна. Бид тарьснаа хурааж авна. Тиймээс тэнгэрийн хаанчлал явахын тулд тэнгэрийн хаанчлалд хангалттай орох зохистой сайн үйлс тарих хэрэгтэй. Ертөнцлөг зүйлс хийсээр байгаа хэрнээ тэнгэрийн хаанчлал явна гэж найдсаар байгаа бол энэ нь улаан буудай тариалчихаад арвай хурааж авна гэж найдаж байгаагаас ялгаа байхгүй.

Мөнхийн тэнгэрийн хаанчлалд тэмүүлэн, өдөр бүр хичээнгүйлэн тэнгэрийн үр тарихыг хүсэхгүй байна гэж үү? Бурханы ажлын төлөө бүх зүрх, сэтгэл, оюун ухаанаа зориулцгаая. Бидний зүрхийг шалгадаг Бурханы өмнө сайн үйлс хийж, жинхэнэ дотоод гоо сайхантай байхыг чин сэтгэлээсээ хүсье.