Зөгнөлийн бүрээн дуу

162 Үзсэн тоо

Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээний үйл хэрэг хэрхэн явагдаж, хэрхэн бүрэн гүйцэлдэхийг Библид хэдийнээ зөгнөсөн байдаг. Бурхан энэ үед тохиох зүйлсийг, мөн бид тэнгэрийн хаанчлал явах хүртэл ямар явц туулах ёстойг ч Библид бүгдийг нь тэмдэглэсэн юм. Үүнийг нэг бүрчлэн судалбал Бурханы төлөвлөсөн гайхамшигт хүслийг бид мэдэх юм.

Тэгвэл одоо ямар зөгнөл биелэх ёстой вэ? Бид юу хийх ёстой юм бол? Эцэг Ан Сан Хун Христ “Цэрэг бүрээн дуунаар хөдөлж, итгэгч хүн зөгнөлийн дуунаар хөдөлнө” гэж айлдсан байдаг. Энэ үгийг сэтгэлдээ гүн хоногшуулаад зөгнөлийн бүрээн дуунд чих тавьж, Бурханы хууль, зарлигийг зөв даган хэрэгжүүлэх тэнгэрийн ариун ард түмэн болоорой гэж хүсье.

Тэнгэрийн доорх бүх үндэстэнд сайн мэдээг тунхагла

Бурхан 6000 жилийн авралын ажлаа Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс гэсэн гурван үед хувааж, үе тус бүрд хүн төрөлхтнийг өөр өөр нэрээр авралын замаар хөтөлж байгаа. Бид одоо Ариун Сүнсний үед амьдарч байна. Энэ үед Библи бидэнд юу анхааруулж байгааг, бидэнд ямар үүрэг даалгасныг судалцгаая.

“Есүс тэдэнд —Бүх ертөнцөөр явж, сайнмэдээг хамаг бүтээлд тунхаглагтун. Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй нь яллагдах болно.” Мар 16:15-16

Итгэж баптисм хүртсэн хүн аврагдах хэдий ч итгээгүй хүнд нүглийн ял шийтгэл ирнэ гэж зөгнөжээ. Энд аврах эсвэл яллахыг шийдвэрлэх итгэлийн Субьект нь бидний тунхаглаж байгаа Христ, мөн Христийн зааж өгсөн шинэ гэрээний сайн мэдээ юм.

Библид гэрчилж байгаа энэ үеийн Аврагч бол шинэ нэр Ан Сан Хун Христ (Илч 3:12, 2:17). Ариун Сүнсний үед Ан Сан Хун Христийн нэрэнд итгэж баптисм хүртэх хүн аврагдана.

Бидний итгэж байгаа энэ Ариун Сүнсний үеийн сайн мэдээ хаа хүртэл тунхаглагдахыг зөгнөлийн бүрээн дуугаар батлан харцгаая.

“Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг. Гэвч би хэлье. Тэд сонсоогүй гэж үү? Үнэндээ тэд сонссон. «Дуу хоолой нь бүх газарт, үгс нь ертөнцийн хязгаарт хүрсэн» гэсэн байдаг юм.” Ром 10:17-18

Ариун Сүнсний үед тунхаглагдаж байгаа сайн мэдээ хэзээ ч зогсохгүй. Дэлхий дахины бүх газарт хүрэх, газрын хязгаар хүртэл тунхаглагдах сайн мэдээ юм. Сонсоогүйгээс аврагдаагүй хүн ганц ч гаргахгүйн тулд Бурхан сайн мэдээгээ дэлхий даяар тунхаглана гэдгээ хэдийн товлочихсон байна.

Явж, бүх үндэстнийг дагалдуулагтун

Тэгвэл тэнгэрийн доорх бүх үндэстэнд тунхаглах сайн мэдээ нь юу болохыг, энэ сайн мэдээг тунхаглах үүргийг хэнд даалгасан гэж зөгнөснийг мэдэж авцгаая.

“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20

“Бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ.”, “Та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа.” Энэ үг хуучин гэрээний үеийн итгэгчдэд биш, Есүс анх ирсэн тухайн үеийн итгэгчдэд биш Ариун Сүнсний үед амьдарч байгаа бидэнд тушаасан үүрэг. Яагаад гэвэл Ариун Эцэг Ёхова, Ариун Хүү Есүс, Ариун Сүнс Ан Сан Хун Христийн нэрээр баптисм хүртэх боломжтой үе нь зөвхөн Ариун Сүнсний үе юм.

Бидний тунхаглаж байгаа сайн мэдээг тэнгэр, газар дээрх бүх эрх мэдлийг эзэмшдэг Бурхан бидэнд тушаасан юм. Явж, бүх үндэстэнд Бурханы үгийг заах юм бол Бурхан бидэнтэй үеийн төгсгөл хүртэл хамт байна гэдгээ амласан. Бид нүдэндээ харагдаж байгаа байдалд л автаад байх биш Бурханы өгсөн зөгнөлийг харж, урагшлах ёстой юм. Бурханы амлалт болох зөгнөлд итгээд, дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээг хүчтэйгээр тунхаглах нь энэ үеийн бидэнд өгөгдсөн үүрэг билээ.

Сүүлийн үед коронавирус дэлхий даяар тархсанаас болж хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маяг тэр чигтээ өөрчлөгдөөд байна. Халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд хаа сайгүй хорио цээр тогтоосон. Хөл хөдөлгөөнийг хязгаарласан улс оронд айл хөрш, ах дүү хамаатан садан, хол амьдардаг ар гэрийнхэнтэйгээ ч уулзах бэрх болсон цаг. Бурханы сүм үндэсний хямралыг даван туулж, итгэгчдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд бүс нутгийн нөхцөл байдлын дагуу онлайн болон сүм дээрх мөргөлийг хослуулан тэмдэглэж байна.

Тэгвэл явж, үндэстнүүдэд сайн мэдээ тунхагла гэсэн зөгнөл яаж биелэх юм бол? Халдварт өвчин тархаж, цаг агаарын элдэв гамшиг буусаар байгаа энэ үед бид чимээгүй суух нь Бурханы хүсэл мөн үү?

Тодорхой нөхцөл байдлаас болоод сайн мэдээ тунхаглагдахгүй зогсоно гэсэн зөгнөл Библийн хаана нь ч байхгүй. Ямар ч байдалд сайн мэдээний хаалга цэлийтэл нээлттэй байгаа. Одоо ч Бурхан үндэстнүүдийг аврахын тулд мутраа сунгаж байгааг Библийн зөгнөл бидэнд харуулж байна (Ром 10:20-21).

Сионы гэр бүлүүд нүүр тулж уулзаж чадахгүй учраас онлайнаар Библи сурч, гадаадад байгаа ар гэрийнхэн, танилууддаа хүртэл видео дуудлага хийн амар мэндийг нь мэдэж, үнэнийг ч тунхаглаж байна. Сайн мэдээ Самари, дэлхийн хязгаар хүртэл тунхаглагдана гэсэн зөгнөлд итгээд, тунхаглалын шинэ замаар алхаж байгаа хэрэг. Урьд өмнө ашиглаж байгаагүй онлайн системийн тусламжтайгаар Бурханы үг сурч, сайн мэдээ тунхаглаж байгаа итгэгчдийн төрхөөс хүн төрөлхтнийг гамшгаас аврах гэсэн Бурханы гүн гүнзгий хүсэл харагдана.

Баттай зөгнөлийн үгэнд анхаарал тавь

Бурханы амлалтанд бүрэн дүүрэн итгээд үйлдвэл зөгнөл ёсоор бүх зүйл заавал биелэгдэнэ. Библийн зөгнөл бол бидний бүрэн итгэж болох баттай үгс.

“Үүгээр бид илүү баттай эш үзүүллэгийн үгтэй. Үүр цайж, үүрийн цолмон зүрхэнд чинь гийх хүртэл, харанхуй газар гэрэлтэж буй дэнлүүг анхаарах мэт та нар түүнд анхаарал тавихдаа сайн байдаг.” 2Пет 1:19

Хүний хэлсэн үг биелж ч болно, биелэхгүй ч байж болно. Гэвч Бурханы үг бол тийм биш. Библийн зөгнөл зайлшгүй биелэгдэнэ. 2000 жилийн өмнө энэ дэлхийд ирсэн Есүс энэ талаар Өөрийн биеэр зааж өгсөн.

“Үзэгтүн, Есүстэй хамт байгсдын нэг нь гар сунган илдээ сугалаад, тэргүүн тахилчийн зарцыг цохиж, чихийг нь тас цавчжээ. Есүс түүнд —Илдээ хуйнд нь хий. Илд авагч бүхэн илдээр хөнөөгдөнө. Арван хоёр легионоос олон тэнгэрэлчийг одоо Надад илгээхийг Би Эцэгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? Энэ нь болох ёстой гэсэн Бичвэр тэгвэл яаж биелэгдэх билээ? гэв. Тэр үед Есүс хурсан олонд —Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү? Өдөр бүр та нартай сүмд сууж, зааж байхад минь та нар Намайг бариагүй. Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Бичвэр биелэгдэхийн тулд болов…” Мат 26:51-56

Тахилч нар болон фарисайчуудын явуулсан хүмүүс Есүсийг баривчлахаар ирэхэд Петр Есүсийг хамгаалахаар илдээ эргэлдүүлж, тэргүүн тахилчийн зарц Малхын чихийг тас цавчсан байдаг. Есүс Петрийг болиулж “Арван хоёр легионоос олон тэнгэрэлчийг одоо Надад илгээхийг Би Эцэгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу?” гэж хэлдэг. Түүний айлдсанчлан тэднийг хангалттай буулгаж авах эрх мэдэл, хүч чадал Түүнд байсан. Гэвч тэгсэн бол хэн Алгасал баярын хурганы зөгнөлийг биелүүлэх вэ? Мөн Христ хүн төрөлхтний нүглийг Өөрөө үүрч, нүглийн тахил болно гэсэн Бичвэр яаж биелэгдэх болж байна?

Тэд ч бас Библийн зөгнөлийн нэгээхэн хэсгийг биелүүлж байгаа хүмүүс болохыг Есүс Петрт ухааруулсан байдаг. Есүс 3 жилийн турш Бурханы үг зааж явахад нь тэд Түүнийг барьж болох байсан шүү дээ. Гэвч яг Алгасал баярын шөнө тэд гэнэтхэн дайрч ирсэн нь зөгнөлийн цаг болсон учраас тэр юм. Тиймдээ ч Есүс үг дуугүй баригдан явж, зөгнөл заавал биелэгдэнэ гэдгийг ухааруулсан юм.

Олон хүн нааш цааш яван, мэдлэг нэмэгдэнэ

Энэ үеийн зөгнөлийг бодоцгооё. Бурхан бидэнд тэнгэрийн доорх бүх үндэстэнд сайн мэдээ тунхаглахад шаардлагатай бүхнийг өгсөн. Дэлхийн нөгөө хязгаарт хурдхан хүргэж өгөх онгоц, хол байгаа хүнтэй ч харилцах боломжтой компьютер, ухаалаг утас гээд соёл иргэншлийн элдэв хэрэгсэл өнөө үед олноороо гарч ирсэн шүү дээ. Дэлхийн сайн мэдээний зөгнөл биелэх Ариун Сүнсний үед шинжлэх ухаан, мэдлэг, соёл урьд өмнөх аль ч үетэй харьцуулахын аргагүйгээр асар хурдтай хөгжөөд байгаа.

“… Тэр үед ард түмний чинь дундаас номд бичигдсэн бүгд аврагдах болно. Газрын шороон дотор нойрсогч олон нь сэрж, зарим нь мөнх амь уруу нөгөө нь гутамшиг ба мөнхийн жигшил уруу явна. Хэрсүү ухаантнууд тэнгэрийн мандлын гялбаа шиг, олныг зөвт байдалд авчрагчид од мэт үүрд мөнх туяарах болно. Харин Даниел чи, төгсгөлийн цаг хүртэл эдгээр үгийг битүүмжилж, энэ номыг лацдагтун. Олон хүн эргэцүүлэн (нааш цааш яван, 2004 оны хэвлэлт) мэдлэг нэмэгдэнэ гэж хэлэв.” Дан 12:1-4

Дээрх номыг бичихдээ Даниел “Олон хүн нааш цааш яван, мэдлэг нэмэгдэнэ” гэсэн үг яаж биелэгдэхийг огт мэдэхгүй байсан. Тухайн үед хүмүүс нэг газраас нөгөө газарт хамгийн хурдан хүрч очих цорын ганц тээврийн хэрэгсэл нь морь байж. Харин одоо үед дэлхийн бөмбөрцгийг “Ердөө ганц өдрийн дотор л туулах боломжтой” гэж хэлэх хэмжээнд янз бүрийн тээврийн хэрэгсэл гарч ирсэн. Тэдгээр нь урьд урьдынхаас хэдэн зуу, хэдэн мянга дахин хурдтайгаар дэлхийн өнцөг булан бүрд хүрэх боломжтой. Өмнө нь хүмүүс мэдлэг олж авахын тулд номноос нэг бүрчлэн хайх ёстой байсан бол одоо интернетэд ороод хайлт хийх л юм бол дэлхийн асар их мэдээ мэдээлэлтэй танилцах боломж бий. Энэ бүхэн Библийн зөгнөлийн нэг нь ч үлдэлгүй бүгд биелэгдэнэ гэдгийг бас дахин нэг нотолж байна шүү дээ.

Бүх үндэстэнд сайн мэдээ тунхаглах нь энэ үед Бурханы бидэнд өгсөн зөгнөл юм. Олныг зөвт байдалд буюу тэнгэрийн хаанчлалд хөтөлсөн хүмүүс од мэт үүрд мөнх туяарах яруу алдар хүртэнэ хэмээн Библид бий. Зөгнөлийг дагах эсэх нь хувь хүний үүрэг хариуцлагын асуудал хэдий ч дэлхийн бүх үндэстэнд сайн мэдээ тунхаглагдах нь хэдийн товлогдчихсон үйл хэрэг юм. Бурхан бидэнд авралын ивээл соёрхохын зэрэгцээ бусдыг аврах баяр хөөрөнд оролцох замыг ч нээж өгсөн билээ. Ерөөлтэй мэдээ хараахан сонсоогүй хүмүүст бид мөнхийн эх нутагт нь буцаах Бурханы үг сургаалыг уйгагүй тунхаглаад од мэт үүрд мөнх туяарах Сионы ах эгч дүү нар болцгооё.

Цагаа олсон ч, олоогүй ч үгийг тунхагла

Дэлхий дахиныг аврахын төлөөх Бурханы сайн мэдээний ажил гарцаагүй биелнэ. Бурхан эхлэлээс төгсгөл хүртэлх сайн мэдээний замыг хэдийн тавьчихаад, түүгээр биднийг газарчилж байгаа. Энэ сайн мэдээ заавал гүйцэлдэнэ. Иймд бүгдээрээ оролцоод, Бурханы бэлтгэсэн ерөөлийг авах ёстой биш гэж үү?

“Би, Бурханы болон амьд ба үхэгсдийг үзэгдэлт ба хаанчлалдаа шүүх Христ Есүсийн өмнө чамд чухалчлан захья. Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. …” 2Тим 4:1-2

Энэ нь анхны сүмийн итгэгчдэд төдийгүй Ариун Сүнсний үед амьдарч байгаа бидэнд айлдсан үг юм. Сайн мэдээний үнэ цэнийг ухаарсан бол сайн мэдээнд оролцоход л болно. Библийн зөгнөл довтлох бүрээ үлээгээд байхад бид өчүүхэн ч хөдлөхгүй байж болохгүй. Мөн ухарч ч болохгүй юм. Тэнгэрийн Канаан нүдний өмнө ирчихээд байхад замынхаа дундаас сульдаж няцаад, өөр замаар даялбал тэнгэрийн хаанчлалаас бид холдоно шүү дээ.

“Тэр надад ингэж хэлэв. —Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг бүү лацад. Учир нь цаг ойрхон байна. Зөв бусыг үйлдэгч нь зөв бусаа үйлдсээр л байг, бузар муу нь бузар муугаараа л байг. Зөвт нь зөвт явдлаа үйлдсээр л байг, ариун нь ариунаараа л байг. Харагтун, Би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлдсэнийх нь дагуу буцаан төлөх шагнал минь Надтай хамт байгаа.” Илч 22:10-12

Зөгнөл бараг гүйцэлдээд дуусаж байгаа мөчид ч зөв бусыг үйлдэгч нь зөв бусаа үйлдсээр л байна. Харин тэнгэрийн ариун хүүхдүүд Бурханы зөвт байдлыг хэрэгжүүлнэ. Саад тотгор гарлаа гээд тэд тэрийг шалтаг болгохгүй. Яагаад гэвэл Бурханы зөгнөл ямар ч саад бэрхшээлийг ялах хүчтэй гэдгийг тэд мэддэг юм.

Бидэнд тэнгэрийн хаанчлал гэх зорилго байгааг санаж явах ёстой. Зорилгогүй хүн дэмий л гэлдэрнэ. Цөлд амьдарсан израильчууд хоол байхгүй бол хоол алга гээд, ус байхгүй бол ус алга гэж Бурханд гомдоллосон байдаг. Өдөр тутам болж байгаа үйл хэрэг, эргэн тойрныхоо хүмүүсийн үгэнд сатаарч Канаан гэх анхны зорилгоо тэд мартсан. Гэвч зорилгоо санаж байсан хүмүүс зөвхөн зөгнөл дагуу үйлдсэнийхээ үр дүнд сүү, зөгийн бал урсах амлалтын газарт хүрсэн юм.

Дэлхийн сайн мэдээ нь хүний төлөвлөгөө биш Бурхан төлөвлөж, удирдаж байгаа ажил учраас ямар ч хавчлага саад байсан заавал гүйцэлдэнэ. Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ бүрэн гүйцэлдэхэд Бурхан хүн тус бүрд өгөх тэнгэрийн шагналаа ч бэлдсэн байгаа. Үйлдсэнийх нь дагуу ерөөл өгнө гэсэн тул бид ямар ч нөхцөл байдалд итгэлтэй байж, тэнгэрийн хаанчлалыг чиглээд идэвхийлэн гүйх хэрэгтэй.

Боломжгүй байдлыг хараад няцах хүн байхад, бодлоо өөрчлөөд тухайн нөхцөлийг боломж болгодог хүн ч бий. Нэгэн гутлын компани Африкт гутлаа гаргахын тулд зах зээлийн судалгаа хийлгэхээр хоёр ажилтнаа явуулжээ. Тэд очоод хартал гутал өмссөн хүн ганц ч байхгүй байж. Тэгээд судалгааны дүнг байгууллагадаа илтгэсэн байна. Нэг нь “Энд гутал зарах боломжгүй юм байна” гэжээ. Харин нөгөө нь “Эндхийн хүмүүс гутал өмсөж үзээгүй. Харин тэд гутал өмсөх нь хөлд эвтэйхэн гэдгийг мэдвэл бидэнд том зах зээл энд байна” гэж хэлжээ. Уг компанийн зүгээс хоёр дахь хүний саналыг хүлээн авч, гутал өмсөхийн ач тус, тав тухыг сурталчилсан нь амжилттай болж, улмаар Африкт шинэ зах нээжээ.

Хүнд нөхцөлд ч боломжийг олж харсан тэр хүнийг компаниас нь дэмжсэн шиг Бурхан ч бас хийе гээд хичээдэг хүнд чадвар өгдөг. Уснаас ч, галаас ч аварна гэж амласан бидний Бурхан. Энэ амлалтанд нь итгэж чадваас бид ямар ч аюул эгзэгтэй нөхцөлд Бурханыхаа тусламжийг авч чадна. Гэвч бид эргэлзэж тээнэгэлзэн, элдэв шалтаг тоочвол Ариун Сүнсний ажлыг бараг мэдрэхгүй юм.

Бид зөгнөлийн бүрээн дуугаар хөдлөх ёстой. Библийн зөгнөл дагуу тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ гарцаагүй дэлхийн хязгаар хүртэл тунхаглагдана. Зөгнөлийн бүрээ “Бос, гэрэлт” гэж үлээж байхад бид тэнгэрийн ерөөлөөс бага багаар холдоод байж болохгүй юм. Гидеоны 300 дайчин “Бамбараа вааранд нуугаарай” гэх үед нь чимээгүй байж байгаад “Босоод хашхир” гэх үед нь ваараа хагалаад нэгэн зэрэг хашхирсан байдаг. Үүн шиг бид зөгнөлийн бүрээнд чих тавьж, зөгнөлтэй хөл нийлүүлэн алхацгаая.

Өнөө үед бид дэлхийн өнцөг булан бүрээс гай гамшгийн мэдээ сонсож байна. Тийм нөхцөлд ч Бурхан олон аргаар авралын зам нээж тавьсан байгаа. Саад бэрхшээлийг шалтаг болгоод сайн мэдээ тунхаглах үүрэгтээ хайнга хандах биш, Бурханы өгсөн боломжийг хайцгаая. Нэг сүнсийг дэлхийгээс үнэ цэнэтэйд тооцдог Бурханы хүслийг хүндэтгэн дагаж, олныг зөвт байдалд авчрахад улам их зүтгэл гаргаад бүгд хамтдаа тэнгэрийн хаанчлалын яруу алдрыг хүртэх Сионы гэр бүлүүд болоорой.