Исгээгүй талхны баяр

35,844 үзэлт

Исгээгүй талхны баяр нь Алгасал баярын маргааш болдог баяр. Шинэ гэрээний үед Зовлонгийн баяр ч гэж нэрлэдэг. Шинэ хуучин аль ч гэрээний Библиэс харахад Исгээгүй талхны баяр нь израиль ард түмэнд тохиолдсон зовлонгоос авхуулаад Христийн амссан зовлон хүртэлх зовлон, шаналал, зүдгүүртэй холбоотой баяр юм.

Уг баяр нь яг л нэр шигээ зовлон зүдгүүрийг илтгэдэг исгээгүй талх буюу хөрөнгө хийгээгүй талх иддэг баяр юм. Исгээгүй талхны баярын ёслолын тухайд ярихад, хуучин гэрээний үед 7 хоногийн турш исгээгүй талх иддэг байжээ. Харин шинэ гэрээний үед тэр өдөр мацаг барьж зовлонд оролцдог юм.

Бурхан зовлонгийн баярыг тогтоон, зарлиг болгон сахиулах болсны цаана израиль ард түмний болон Христийн зовлонг бидэнд сануулаад зогсохгүй итгэлийн замаар ямар сэтгэл тээн алхах ёстойг ухааруулах гэсэн Бурханы хүсэл оршиж байгаа. Бурханы баяр дундаас Исгээгүй талхны баярын жинхэнэ утга учрын талаар Библиэр дамжуулан хамтдаа ухаарч авцгаая.

Исгээгүй талхны баярын үүсэл ба хуучин гэрээний баярын ёслол

Израиль ард түмэн Канааны ган гачгийн улмаас Египетэд ирж суурьшсанаас хойш ойролцоогоор 400 жилийн турш Питом, Рамесес гэх агуулах хотуудыг барих зэргээр хүнд хүчир, эрсдэлтэй боолын хөдөлмөр эрхэлж байсан юм. Тэдний хашхираан тэнгэрт хүрмэгц Бурхан эш үзүүлэгч Мосег илгээн израиль ард түмнийг Алгасал баярын агуу хүч чадлаараа аварсан юм.

Египетийн Фараон хаан айл болгоны ууган хүүхдүүдийг үхүүлэх асар том гамшгийн өмнө Бурханы хүч чадалд бууж өгч, израиль ард түмнийг чөлөөлсөн. Египетчүүд тэднийг бушуухан гаргаж явуулах гэсэн тул израиль ард түмэн исгээгүй зуурсан гурил хийсэн саваа хувцсандаа боогоод мөрлөн Египетээс гарцгаажээ. Египетээс яаруу сандруу гарах болсон тул тэд өөр хоол хүнс бэлдэлгүй, исгээгүй зуурсан гурилаар бин хийн, аян замын хүнс болгожээ (Гэт 12:29-39).

Алгасал баярын шөнө Рамесесаас гарсан израиль ард түмэн Улаан тэнгисийн өмнө эрэгт хүрч ирээд буудаллав. Гэтэл Фараон зургаан зуун мянган эр цэрэг бүхий тэр их ажиллах хүчээ алдсандаа зүрх нь хатуурч тэднийг дахин барьж ирэхийг тушаан, цэрэгт тэргээ хөллөн Египетийн цэргийг удирдан израильчуудын араас нэхэн хөөв.

“ЭЗЭН, Египетийн хаан Фараоны зүрхийг хатууруулсанд тэр Израилийн хөвгүүдийн хойноос хөөв. Израилийн хөвгүүд зоригтойгоор явж байлаа. Египетчүүд буюу Фараоны бүх морьд, тэрэгт цэрэг, морьтонгууд, нийт цэрэг нь израильчуудыг хөөв. Баал-зефоны өмнө талд, Пи-хахиротын хажууд далайн эрэгт буудаллаж байхад нь египетчүүд тэднийг гүйцэж ирэв. Фараоныг ойртон ирэх үед египетчүүд хойноос нь хөөн ирж явааг Израилийн хөвгүүд харлаа. Израилийн хөвгүүд ихэд айж, ЭЗЭНд хандан хашхирцгаав. … ЭЗЭН, Мосед —Чи юунд Над уруу хашхирна вэ? Урагшаа яв гэж Израилийн хөвгүүдэд хэл. Чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ. Харин Би египетчүүдийн зүрхийг хатууруулахад египетчүүд тэдний хойноос орно. …” Гэт 14:8-18

Араас нь хөөн ирж буй Фараон болон египет цэргүүдийг харсан израильчууд айдас хүйдэст автацгаав. Тэд эхнэр хүүхэд, өтгөс буурлаа авч, элдэв ачаа бараатай нүүдэллэж яваа хойно хурдаллаж чадахааргүй байв. Гэтэл өмнө нь Улаан тэнгис хөндөлсөж, араас нь Египетийн цэргүүд хөөж, үнэхээрийн арга мухардам байдалд оров. Айдас түгшүүр, сандралд автсан зовлонгийн цаг мөчид нь Улаан тэнгис Бурханы хүч чадлаар хуваагдаж, израильчууд далайг хуурай газар мэт гатлах хүртэл энэ байдал үргэлжлэн байсан юм.

Бурхан энэхүү үйлсийн дагуу Исгээгүй талхны баярыг тогтоож, жил бүр ард түмнээр исгээгүй талх долоо хоногийн турш идүүлж, Улаан тэнгис гаталтлаа амссан зовлонг нь сануулах болжээ. Энэ утгаараа исгээгүй талхыг “зовлонгийн талх” гэдэг (Дэд.Хуу 16:3).

Исгээгүй талхны баярын зөгнөлийн биелэлт ба шинэ гэрээний баярын ёслол

Хуучин гэрээний Исгээгүй талхны баярын ёслол нь шинэ гэрээнд Есүсээр биелэх зөгнөлийн хуулбар байв. Есүс Алгасал баярын шөнө баригдаж, маргааш нь буюу Исгээгүй талхны баяраар загалмай дээр амьсгал хураах хүртлээ зовж тарчилснаар уг зөгнөл биелэгдсэн юм.

“Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ. … Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ. Бүгдээрээ бид хонь мэт төөрч, бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов. Тэр тамлагдан, зовсон боловч амаа нээсэнгүй. Нядлагдахаар хөтлөгдөх хурга шиг хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг амаа ч Тэр нээсэнгүй. …” Иса 53:3-8

Есүс Исаиагийн зөгнөл дагуу хатгагдан, шархалж, ташуурдуулж, тамлагдан зовсон юм. Тэрээр шавь нартайгаа хамт Алгасал баяр сахиад, маргааш нь загалмай дээр урагдах Өөрийн биеийг ба урсгах Өөрийн цусыг “шинэ гэрээ” хэмээн тамгалсныхаа дараа тэр шөнөдөө баригдсан юм. Улмаар дараагийн өдөр нь буюу Исгээгүй талхны баяраар загалмайд өргөгдөн, амьсгал хураах хүртлээ элдвээр зовж тарчилсан билээ.

Библид Есүсийн амссан зовлонг маш энгийнээр зөөлрүүлж бичсэн байдаг. Харин “Христийн зовлон” гэдэг кинонд энэ талаар тод томруун дүрсэлсэн байдаг. Олон хүн Христийн амссан гаслант зовлонг уг киноноос олж хараад шоконд орцгоож байж. Христийн амссан зовлонг мэдүүлэхийн төлөө 1500 жил гэх уртаас урт хугацаанд Бурхан израиль ард түмнээр исгээгүй талх идүүлж, Исгээгүй талхны баяр сахиулж байжээ. Мөн Есүс уг зөгнөлийг биелүүлсэн шинэ гэрээний үед эл өдөр мацаг барьж, Христийн зовлонг дурсдаг болгосон байна.

“Есүс тэдэнд —Шинэ хүргэний бараа бологчид хүргэнтэйгээ хамт байхдаа мацаг барьж болно гэж үү? Хүргэнтэй хамт байхдаа тэд мацаг барьж болохгүй. Харин хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд л тэр өдөр тэд мацаг барина.” Мар 2:19-20

“Хүргэн тэднээс аваачигдах өдрүүд” гэдэг нь Есүсийн загалмайд амьсгал хураах өдөр буюу Исгээгүй талхны баярыг заасан хэрэг байж. Исгээгүй талхны баяраар Бурхан биднээр мацаг бариулан, махан биеийн түрхэн зуурын зовлон амсуулаад улмаар Есүсийн амссан зовлонг ухааруулж, тэр зовлонд оролцдог болгосон юм.

Христийн зовлонгийн ул мөрийг дагаад

Энэ дэлхийд амьдрах явцад хүн өөрийн шунал, ихэмсэг байдлаас болж зовж зүдрэх нь бий. Харин Есүсийн амссан зовлон бол гагцхүү үхэх заяатай байсан хүүхдүүдээ аврахын төлөө, хүүхдүүдийнхээ нүглийн ачааг өмнөөс нь үүрсэн бусдыг гэсэн эрхэм дээд хайраас нь үүдэлтэй зовлон юм.

Христ элдэв төрлийн зовлон тамлалыг тэсвэрлэж, үхэх хүртлээ золиос амссаны цаана биднийг аваръя гэсэн туйлын хүсэл бий. Түүнчлэн бидний авралын төлөөх золиосоо харуулаад зогсохгүй үнэт зовлон золиосынх нь замаар биднийг ч бас даган алхаасай гэсэн хүсэл шингээстэй байж. Өмнө нь бид өөрсдийнхөө л төлөө амьдарч ирсэн. Харин Христ бидний авралын төлөө зовлонгийн замаар алхсан шиг биднийг ч бас эдүгээ тэр ул мөрийг дагахыг, мөн ах эгч дүүсээ аврах үнэ цэнэтэй итгэлийн замаар алхахыг Бурхан биднээс хүсэж байгаа.

“Учир нь хүн шударга бусаар зовохдоо Бурханд ханддаг мөс чанараасаа болж тэвчвэл энэ нь нигүүлсэл юм. Хэрэв та нар нүгэл үйлдэж цохиулаад тэвчлээ ч, үүнд ямар гавъяа байх билээ? Харин та нар зөвийг үйлдээд зовохдоо, үүнийг хүлцэн тэвчвэл, энэ нь Бурханы нигүүлсэл юм. Учир нь та нар үүнд дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг мөрөөрөө дагуулахын тулд та нарт үлгэр дуурайл үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн.” 1Пет 2:19-21

Бид энэ газарт Христийн ул мөрийг даган алхах ёстой зам бол яруу алдрын, тав тухтай зам биш, зовох болзол шаардагдах бартаат зам юм. Тиймээс Христийн сургаалын дагуу сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно, өөрөөр хэлбэл зовох болно гэж Библид байдаг.

“Харин чи миний сургаал, төлөв байдал, зорилго, итгэл, уужим сэтгэл, хайр, тэвчээр, хавчлага, зовлонг дагасан. Антиох, Икониум, Лустрт надад тохиолдсон ямар хавчлагуудыг би тэссэн билээ. Эзэн намайг тэр бүгдээс аварсан юм. Үнэндээ, Христ Есүс дотор сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно.” 2Тим 3:10-12

Анхны сүмийн элч нар Есүс Христийн замналыг даган, сургаалынх нь дагуу сайн мэдээ тунхаглах гэсэн учраас олон хавчлага амсаж байсан. Үүнтэй адил Хоёрдугаар Христийн байгуулсан үнэний сүмийн итгэгчид ч мөн Бурханы сургаалын дагуу амьдрахыг хүсэж байвал зовлон амсах л болно. Тэгвэл Бурхан яагаад биднийг зовлонгийн замаар алхуулах болсон юм бол оо?

Зовлон дунд тавьсан Бурханы хүсэл

Бурхан биднийг дээд зэргийн шилмэл төгс бүтээл болгон бүтээж байгаа. “Үзэгтүн, мөнгө шиг биш ч Би чамайг цэвэршүүлсэн. Чамайг зовлон зүдүүрийн зуухан дотор Би сонгосон” хэмээн айлдсан ёсоороо (Иса 48:10) биднээр амар амгалан, ая тухтай итгэлийн амьдрал туулуулж байгаа биш, зовлон зүдгүүрийн зуухан дотор итгэлийн замаар алхуулж байгаа.

Олон зовлон, сорилт дунд итгэлээр тэвчиж, ерөөл авсан Иовын гэрчлэлийг харцгаая.

“Гэвч Тэр миний замыг мэддэг. Тэр намайг шалгасан бөгөөд би алт мэт урагш гарч ирнэ.” Иов 23:10

Бидний алхаж байгаа зовлонгийн замын эцсийн зогсоол бол тэнгэрийн хаанчлал. Бид олон зовлон, шалгуур туулж байж ямар ч бохир зүйл холилдоогүй шижир алт мэт гялтганасан төрхтэйгөөр Бурханы өмнө зогсох юм. Биднийг тийн зогсоохын төлөө Бурхан багахан шалгуур хэрэгтэй нэгэнд нь багахан шалгуур, их зовох хэрэгтэй нэгэнд нь их зовлон амсуулж, хүн тус бүрд тохирсон сорилт шалгуурын зам тавьж өгсөн байгаа. Мөн одоо энэ мөчид ч зовлон бэрхшээлээ даван туулж чадахуйцаар бидэнд туслан, урам зориг хайрлаж байгаа.

“Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг. Харин та нар бат итгэлээрээ түүнийг эсэргүүц. Дэлхийд буй ах дүү нар чинь адилхан зовлон эдэлж байгааг та нар мэднэ. Христ дотор та нарыг Өөрийн мөнх алдарт дуудсан, бүх нигүүлслийн Бурхан Өөрөө, түр зуур зовсны чинь дараа та нарыг төгс болгож, бататгаж, бэхжүүлэн байгуулах болно. Сүр хүч нь үеийн үед Түүнд байх болтугай. Амен.” 1Пет 5:8-11

“Луу мөнөөх эмэгтэйд хилэгнэж, Бурханы хуулиуд болон Есүсийн гэрчлэлийг сахидаг, эмэгтэйн бусад үр удамтай нь дайтахаар явав. Тэгээд тэр тэнгисийн эргийн элсэн дээр зогслоо.” Илч 12:17-18

Бурханы тусламжаар элдэв зовлонг ялан гарах үед бид диаволыг эсэргүүцэх хэмжээнд бэхжих юм. Зовлонгоор дамжуулан бид тууштай, бат итгэлтэй болж, эцэст нь зөгнөл ёсоор тэнгисийн эргийн элсэн дээр зогсож байгаа лууг эсэргүүцэх эмэгтэйн бусад үр удам болох юм.

Энэ мэтчилэн зовлон дунд Бурханы гүн гүнзгий хүсэл агуулагдаж байдаг. Бид зовлонтой тулгарах үедээ үүн дотор байгаа Бурханы хүслийг ухаарч чадахгүйгээсээ болоод Бурханд гомдоллож, итгэлээ орхих мунхаг явдал гаргаж болохгүй юм. Харин ч биднийг тэнгэрийн хаанчлал өөд хөтлөн мөнхийн хайр, аз жаргал, баяр хөөр эдлүүлэхийн төлөө Өөрийгөө золиослон буй Бурханыхаа энэлэн шаналах хайрыг түүн дотроос олж илрүүлэх хэрэгтэй юм.

Баяр хөөр, талархлаар зовлонг ялж байсан элч нар

Элч нар зовлон дунд шингэсэн Бурханы агуу хайрыг сэтгэлийнхээ гүнээс ухаарсан болохоор сайн мэдээ тунхаглах явцад амсах зовлонгоо тэд “Зөвийг үйлдээд амссан сайн сайхан зүйл (1Пет 2:19-20)” гэж нэрлэж байв. Улмаар Бурхан өөрийг нь зовох зохистой нэгэн гэж тооцсонд талархаж, зовлонг агуу одон медаль мэт бодон, үүгээрээ бахархаж, нэр төрийн хэрэг гэж тооцсон.

“Хэрэв Бурханаас байгаа бол та нар тэднийг дийлж чадахгүй төдийгүй харин ч та нар Бурханы эсрэг тэмцэгчид болох бус уу гэхэд тэд зөвлөгөөг нь авчээ. Тэд элч нарыг дуудаж авчран, ташуурдаад Есүсийн нэрээр дахин ярихгүй байхыг тушааж, тэднийг суллав. Түүний нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж тооцогддогт баярлалдан тэд Зөвлөлөөс гарч явлаа. Тэгээд өдөр бүр сүм дотор бас айлаас айлд зааж, Есүс бол Христ гэдгийг тунхаглахаа эс зогсоов.” Үйл 5:39-42

“Хайртай хүмүүс минь, та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх. Харин Христийн зовлонг хуваалцдагтаа баярла. Ингэснээр мөн Түүний алдар илчлэгдэхэд та нар хөөрөн баярлах юм. Та нар Христийн нэрээс болж зүхэгдвээс ерөөлтэй. Учир нь алдрын ба Бурханы Сүнс та нарын дээр оршдог. … Хэрэв Христитгэгч гэдгээсээ болж зовдог бол бүү ич. Харин энэхүү нэрээрээ Бурханыг алдаршуул.” 1Пет 4:12-16

Элч нар Есүсийн ул мөрийг дагаад өөрсдийн загалмайг үүрч, ах дүү эгч дүүгээ аврахын төлөө “сайхан” зовлонгийн замаар баяртайяа алхацгаасан юм. Христийн зовлонг хуваалцдагтаа баярлаж, Бурханы үгийг тасралтгүй зааж, тунхаглах ажлыг хийж явсан. Түүний үр дүнд зовлонгийн зуухан дотор алт шиг гялтганаж, эцэстээ тэнгэрт мөнхийн аз жаргал, баяр хөөр эдлэн, өнөөгийн итгэлийн аян замд явж байгаа бидний алхааг хөгжөөн дэмжиж байгаа.

Бурхан бидний гэм нүглийг үүрэхийн төлөө, бидний амар амгалан, бидний эдгэрлийн төлөө загалмайн зовлонгоос ч татгалзаагүй билээ. Мөн хүүхдүүдээ мөнхийн тэнгэрийн хаанчлал өөд хөтлөхөөр дахин нэг удаа энэ газарт залран ирээд, зовлонгийн ул мөрөө үлдээсэн билээ. Мөн одоо энэ агшинд ч Эх Бурхан хүүхдүүдийнхээ нүглийн хүнд ачааг үүрэхийн төлөө зовлонгийн замаар хамт алхаж байгаа.

Бурханы хайрыг 2000 жилийн өмнөх элч нараас ч илүү их хүртсэн бид одоо төлөвшиж томоожсон итгэлтэй болох хэрэгтэй. Бид итгэлийн замаар алхахдаа өөрсдийн зовлонгийн ачааг тайлах гэвэл тэр ачааг мэдээж тэнгэр Эх минь үүрч алхана шүү дээ. Бидний хэн нь ч загалмайгаа тэнгэр Эхдээ үүрүүлж ачлалгүй хандаж болохгүй юм.

Зовлонгийн замаар алхсан Христийн ул мөрийг баяр хөөртэй, талархах сэтгэлээр дагацгаая. Шижир алт мэт гялтганасан гоё төрхтэйгөөр Бурхан руу хүрч очих тэр агшнаа дүрслэн бодоод, зовлон бэрхшээлээр дамжуулан хүүхдүүдээ төгс болгон бэхжүүлж байгаа Бурханы хайранд цаг ямагт талархлын утлага өргөцгөөе. Зовлон дунд шингэсэн Христийн эрхэм дээд золиос хайрыг бусдад үзүүлэн, дэлхий дахиныг аварч, Бурханыг харахад жинхэнэ үзэсгэлэнт сайхан итгэлийн замаар алхахыг Сионы гэр бүлүүдээсээ хүсье.