​Боловсруулаагүй газраа хагал

41,607 үзэлт

Хавар үр суулгахдаа тариачны нэн түрүүнд хийдэг ажил нь өвлийн турш ашиглаагүй талбайгаа хагалан сийрэгжүүлж, модны үндэс, зэрлэг зэргийг нь зулгаан, газраа сайтар сийрэгжүүлсний дараа үрээ цацдаг. Тэгээд намартаа сайн ургац хураах хүртэл цацсан үрээ соёолуулахаар сайтар бордон, зэрлэгийг нь түүн үр тариагаа ихээхэн арчилж тордоно.

Энэ бүхнийг харахаар итгэлийн амьдралд сайн мэдээний үр жимс хураах яг үүнтэй адил юм гэж бодогдоно. Библид ийм айлдал байдаг.

“Зөвт байдлыг тариалж, хайр энэрлийг хурааж ав. Боловсруулаагүй газраа хагал. Учир нь ЭЗЭН, чиний дээр зөвт байдлыг асгахаар ирэх хүртэл Түүнийг хайх цаг нь одоо билээ.” Хос 10:12

Тариачин газраа хагалж боловсруулаагүй чигээр нь үрээ цацдаг уу? Огт үгүй. Үр жимс ургуулахын тулд тариачид эхлээд хуучин үндэс болон зэрлэгийг нь зулгааж, газраа хагалж сийрэгжүүлж байж үрээ цацдаг. Үүнтэй адил сайн мэдээний үр цацахдаа юун түрүүнд буруу санаа бодлоо хаях хэрэгтэй. Боловсруулаагүй, хатуурсан, итгэлгүй сэтгэлээр, өргөс, өргөст халгайгаар дүүрсэн зүрх сэтгэлтэйгээр итгэлийн төгс амьдралаар ч амьдарч чадахгүй, сайн мэдээний үзэсгэлэнт үр жимс ч хурааж чадахгүй юм.

Бурханы үгэн анжсаар боловсруулаагүй газраа хагал

Бурханы хур бороо мэт цутгадаг ивээлээр нь үржил шимтэй газар болж, сайн мэдээний үр жимс арвин их хураая гэвэл боловсруулаагүй сэтгэлийнхээ тариан талбайг Бурханы үгэн анжсаар хагалж сийрэгжүүлэх хэрэгтэй. Шинээр хагалсан талбайд сайн мэдээний үр цацах үед суулгаснаас маань гуч, жар, зуу дахин их ивээлтэй үр жимс гарна. Тиймээс л бид зөнгөөр нь орхичихсон сэтгэлийнхээ тариан талбайг эхэлж хагалах хэрэгтэй юм.

“Учир нь Иудагийн хүмүүс ба Иерусалимд ЭЗЭН ингэж айлдаж байна. “Боловсруулаагүй газраа хагалагтун, өргөст ургамлын дунд бүү тариал.” Иер 4:3

Энэ ишлэл нь Бурханы үгийг дамжуулахдаа бид эхлээд сэтгэлийн талбайгаа боловсруулаагүй байвал бүү тариалаарай гэсэн утгатай. Сэтгэл дэх өргөст ургамал, өргөст халгайнуудаа бүгдийг нь зулгааж хаяад, боловсруулаагүй сэтгэлийнхээ талбайг шинээр хагалсны дараа үр цацаж байж л сая нэг сайн мэдээний ивээлтэй үр жимс гаргана.

“Боловсруулаагүй газраа хагалагтун, өргөст ургамлын дунд бүү тариал” гэсэн зөгнөлийг тайлбарлахдаа Есүс “үр суулгах сургаалт зүйрлэл” хэмээн айлдсан байдаг.

“—Сонс. Үзэгтүн, тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үр цацахад зарим нь зам хавиар унаж шувууд ирээд идчихжээ. Зарим нь хөрс багатай, чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр даруй соёолжээ. Гэвч тэдгээр нь үндэсгүй учир нар гарахад хорчийн хатжээ. Зарим нь хогийн ургамал дунд унахад хогийн ургамал ургаж тэднийг боомилов. Ингээд тэр ургац өгсөнгүй. Зарим нь сайн хөрсөнд унан, ургаж өсөөд, гуч, жар, зуу дахин их болжээ гээд, … Тариачин үг тарьж байна. Эдгээр нь зам хавиар унагсад бөгөөд тэнд үг таригджээ. Тэд сонсоход тэр даруй Сатан ирж, тэдэнд суулгагдсан үгийг булаадаг. Үүнчлэн тэдгээр нь чулуурхаг газар таригдсан ба тэд үгийг сонсоод тэр даруй баяртайгаар хүлээн авдаг. Гэвч тэд үндэсгүй тул түр зуурынх бөгөөд дараа нь үгнээс болж зовлон, хавчлага тохиолдоход шууд л бүдрэн унадаг. Зарим нь хогийн ургамал дунд таригдагсад бөгөөд эдгээр нь үгийг сонсовч, ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал, элдэв зүйлд шунах хүсэл нь үгийг боомилж, үр жимсгүй болдог. Зарим нь сайн хөрсөнд суулгагдагсад юм. Тэд үгийг сонсоод хүлээн авч, гуч, жар, зуу дахин их үр жимс гаргана гэв.” Мар 4:3-20

Есүсийн энэхүү сургаалт зүйрлэл нь бидний сэтгэлийн талбайд цацагдсан “үгэн үр”-ийн тухай юм.

Тэгвэл чухамдаа ямар хөрсөнд үр цацаж байж гуч, жар, зуу дахин их үр жимс хураана гэсэн бэ? Бурханд тааламжит сайхан сэтгэл болох сайн хөрсөн дээр үр цацагдсан үед л тийм их үр жимс хураана.

Сайн мэдээний үр цацсан хэдий ч хараахан гуч, жар, зуу дахин их үр жимс гаргаж чадаагүй байгаа бол сэтгэлийн тариан талбай дахь боловсруулаагүй газраа бид нэн түрүүнд хагалах хэрэгтэй. Сайхан сэтгэлээр цацсан үр л сайн үр жимс ургуулах юм.

Хосеа 10-р бүлэг, Иеремиа 4-р бүлэгт “Боловсруулаагүй газраа хагалагтун, өргөст ургамлын дунд бүү тариал” хэмээн тэмдэглэсэн. Есүс тэрхүү өргөст ургамлыг юу гэж тайлбарласан билээ? Ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал, бусад зүйлсийг хүсэх хүслээр дүүрсэн боловсруулаагүй сэтгэлийг “өргөст ургамал” гэсэн юм. Тиймэрхүү өргөст ургамал бүхий сэтгэлээр сайн мэдээ тунхаглах гэвэл огтхон ч үр жимс гаргаж чадахгүй юм. Асуудал нь бидний сэтгэл. Бид сэтгэлээ үржил шимтэй газар болгон сайн үйлсээрээ Бурханыг уяраах тэр үед л олон үр жимс гаргаж чадна.

Үржил шимтэй хөрс мэт сэтгэл Бурханыг уярааж, үр жимс гаргана

Анх Есүсийг ирэхэд тухайн үеийн хүмүүс Түүнийг жирийн нэгэн хүн, ядуу мужаан төдийхнөөр л бодоцгоосон. Гэвч тэдний дундах цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй тэс өөрөөр харж байлаа. Тэр эмэгтэй хурсан олны дундах Есүсийн дээлийн хормойд сэмээрхэн хүрэхдээ “Түүний дээлд нь л хүрчихвэл би эдгэнэ” гэсэн бат итгэлтэй байсан юм. Есүс ч тэр эмэгтэйн итгэлтэй үйлдлийг хараад сэтгэл нь хөдөлж “Итгэл чинь чамайг аврав” гэдэг.

“Гэтэл арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй ард нь очоод дээлийнх нь хормойд гар хүрсэн агаад тэр эмэгтэй —Түүний дээлд нь л хүрчихвэл би эдгэнэ гэж өөртөө үглэн байжээ. Есүс харин эргэнгээ мөнөөх эмэгтэйг хараад —Охин минь, зоригтой бай. Итгэл чинь чамайг аврав гэлээ. Тэр цагаас эмэгтэй эдгэрчээ.” Мат 9:20-22

Мөн Есүсээс чухалчлан гуйсан хоёр сохор хүн ч сайхан сэтгэлтэй байсан төдийгүй итгэлээр хэлсэн тул эдгэж хараа ордог.

“Есүс тэндээс цааш явж байтал хоёр сохор хүн —Давидын Хүү минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхиран Түүнийг дагажээ. Айлд орсных нь дараа сохрууд Түүн дээр ирэхэд, Есүс тэдэнд —Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу? гэж асуув. Тэд —Тийм ээ, Эзэн гэлээ. Тэгээд Есүс нүдэнд нь хүрч —Итгэлийн чинь дагуу болог гэсэнд тэд хараа оржээ. …” Мат 9:27-30

Ийнхүү цус алддаг өвчтэй эмэгтэй болон хоёр сохор хүний сэтгэл Есүст итгэх итгэлээр дүүрсэн үржил шимтэй газар байсан бөгөөд тэдний сэтгэлд өчүүхэн ч эргэлзээ, тээнэгэлзээ байгаагүй юм. Тэд итгэлийнхээ дагуу сэтгэлийнхээ талбайг үржил шимтэй болгон хагалж, Есүс тэдний гуйлтын хариуг өгсөн билээ.

Хэн ч Есүсийн хувцсанд хүрч, гарыг нь барьж чадна. Харин хамгийн чухал нь тэдний сэтгэл ямар вэ гэдэгт л асуудал байгаа юм.

Ямар сэтгэлтэй байхаас шалтгаалаад зам хавиар унасан үр, чулуурхаг газар унасан үр, хогийн ургамлын дунд унасан үр, үржил шимтэй газар унасан үр болдог. Бид сэтгэлээ өргөст ургамалтай байлгах юм уу Ариун Сүнс оршихын аргагүй хатуу хөрстэй болгож болохгүй юм.

Үржил шимтэй тариан талбай байгаарай. Сайхан сэтгэлтэй болъё гэвэл залбирал заавал хэрэгтэй. Хуучирхаг үзэл, хор шар, атаархсан сэтгэлээ бүгдийг нь хаяад бие биенээ энэрэн, өрөвдөн хайрлаж сэтгэлээ үржил шимтэй газар болговол сайн мэдээний гэрэл үтэр түргэн тархах болно. Есүсийн дээлийн хормойд хүрчихвэл л эдгэнэ гэсэн итгэлтэй байсан эмэгтэйн сэтгэл шиг тийм сайхан бас үнэн сэтгэлтэй болцгооё.

Хайр нь хөрсөн, Ариун Сүнсээр дүүрээгүй, боловсруулаагүй сэтгэлийн талбайтайгаар бид хэзээ ч тэнгэрийн оронд орж чадахгүй. Одоо даруй Бурханы үгэн анжсаар сэтгэлээ хагалан сийрэгжүүлээд, хайр болон Ариун Сүнсээр дүүрсэн үржил шимтэй газар болгоцгооё. Сионы ах эгч дүү нар аа! Энэ үеийн Аврагчаар ирсэн Сүнс болон Сүйт бүсгүйд итгэх онцгой итгэлээ тууштай сахин, үр жимс ч дүүрэн гаргаж, ерөөл ч их хүртэхийг хүсэж байна.