Харуулын үүрэг ба үеийн шинж тэмдэг

33,127 үзэлт

Хэн нэг хүнийг юм уу ямар нэг зүйлийг хамгаалдаг хүн бол харуул. Хүмүүс унтаж байх үеэр ч сэрүүн сэргэг, анхааралтай байж, дайсны халдлага, аливаа аюул гамшиг болох шинж тэмдэг ажиглагдвал хүмүүст мэдэгдэж сэрэмжлүүлэх нь харуулын үүрэг.

Бурхан Сионы хүүхдүүдэд сүнслэг харуулын үүргийг даалгасан. Сүнслэг харуулуудын үүрэг нь хүмүүс сонссон ч, эс сонссон ч Бурханы үгээр ертөнцийг сэрэмжлүүлж, гамшгаас аврагдахад нь тусалж, аврал руу хөтлөх явдал юм (Езе 3:11, 17-18 үзэх).

Өнөө үед гарч байгаа өдий төдий гамшиг нь Бурханаас хүн төрөлхтөнд илгээж буй сануулгын мессеж гээд бодохоор сүнслэг харуул болсон бид өөрт ямар ч хамаагүй мэт зүгээр хараад суугаад байж болохгүй юм. Энэ цаг үеийн байдлын талаар Библид хэрхэн зөгнөснийг, эдүгээ хүн төрөлхтөнд тулгараад байгаа үй олон гамшгаас хэрхэн аврагдах ёстойг бид нарийн судлан, Бурханы сургаал болон үеийн шинж тэмдгийг сайтар анхаарч, хүмүүст мэдүүлэх хэрэгтэй.

Гамшиг нүүрлэж буй өнөө үе

Сүүлийн үед дэлхий дээр урьд өмнө болж байгаагүй элдэв гамшиг гарч байна. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр бий болсон дэлхийн цаг уурын өөрчлөлтийн улмаас таамаглашгүй аюул гамшиг болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр шуугих болж. Түүнчлэн дэлхийн энд тэндгүй дахин дахин газар хөдлөлт болж, хохирлын хэмжээ нь ч өмнөхөөсөө улам бүр ихэссээр байна.

Хэвлэл мэдээллээр цацагдаж буй мэдээллүүдээс харвал жилийн дундаж хэм нь хамгийн багадаа +10°C байдаг Африкийн бүс нутагт хасах хэм хүртэл буурч, хүмүүс хөлдөж үхсэн байна. Эсрэгээрээ цэвдэг газар Сибирт түүхэнд гарч байгаагүйгээрээ халж, тэрхүү хэт халалт хүмүүсийг үхэлд хүргэсэн ажээ. Бөмбөрцгийн нэг талд төсөөлөхийн аргагүй ган гачиг нүүрлэн, хүмүүс ангаж байхад нөгөө талд нь хуурай цөл бүс нутагт хүртэл аадар бороо асгарч, үерийн уршгаар өдий төдий хүн амь насаа алдсан гарз хохирол тохиосоор байна. Хойд мөсөн далайн мөс ба Килиманжаро, Гималайн мөнх цаст ноён оргилууд асар хурдтайгаар хайлж, далайн түвшин нэмэгдсэнээс Номхон далайн арлын орнууд усанд автах, иргэд нь зэргэлдээх улс орон руу нүүн шилжих гээд дэлхий одоо хэвийн бус байдалд бүрэн автаад байна.

Иймэрхүү нөхцөл байдал Солонгосыг ч нөмрөхгүй гэх газаргүй юм. Солонгос орон ч мөн адил халуун бүсийн уур амьсгалтай болж өөрчлөгдөж байгаа гэнэ. Халуун бүсийн жимс ургалтын хэмжээ нэмэгдэж, харин хүйтэн сэрүүн бүсийнх нь багасаж байна. Мөн далайн температур нэмэгдсэнээр Зүүн тэнгист далайн хүйтэн урсгалд амьдардаг загаснууд ихээхэн багасаж байна.

Нөхцөл байдал ийм ноцтой болсон учраас дэлхийн олон орон цаг уурын өөрчлөлтийн талаар арга хэмжээ авахаар олон улсын хурал форумыг удаа дараа зохион байгуулах, холбогдох гэрээ хэлэлцээр байгуулах гээд тал бүрээр хичээх болсон. Гэвч аливаа улс орон зөвхөн улсынхаа ашиг сонирхлыг дэмжиж, мөн тиймэрхүү гэрээнүүд нь үр дүн муутай, хязгаарлагдмал байгаагаас болоод тэрхүү гэрээнд нь нэгдэх орон цөөн байгаа юм.

Өнөө үед гараад байгаа энэ мэт гамшгуудыг Бурхан Библиэр хэдийн анхааруулсан байдаг. Энэ үеийг хэрхэн харах мэргэн ухааныг бидэнд өгч байдаг Библийн зөгнөлүүдийг нэг нэгээр нь судалж үзэцгээе.

Урьд өмнө дуулдаагүй гамшиг нүүрлэж байна

“Үзэгтүн, ЭЗЭН газрыг хоосруулан хөмрөх гэж байна. Тэрээр газрын гадаргууг эвдэж, оршин суугчдыг нь тараана. Хүмүүс тахилч шиг, боол эзэн шигээ, … Дэлхий бүрэн хоосрон, бүрэн тоногдоно. Учир нь ЭЗЭН энэ үгийг айлдсан юм. Дэлхий гашуудан хувхайрна. Ертөнц гаслан хувхайрна. Дэлхийн хүмүүст өргөмжлөгдсөн нь алга болно. Дэлхий өөрийн оршин суугчдын дор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн мөнхийн гэрээг эвдэв. Иймээс дэлхийг хараал идэж, түүн дээр амьдрагчид нь гэм нүгэлд автав. Иймээс дэлхийн оршин суугчид нь шатаагдаж, цөөхөн хүн үлдэв.” Иса 24:1-6

Дэлхийн оршин суугчид Бурханы хуулиуд ба мөнхийн гэрээг зөрчсөн тул дэлхий тэр чигээрээ тоногдож балгас болно гэж Бурхан айлджээ. Өнөө цаг үе нь зөгнөгдсөн ийм нөхцөл байдал руу ойртсоор л. Цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшгаас болж амьтад сүргээрээ үхэх, өлсгөлөн, ган гачгаас болж цөлжилт хурдтай ихсэх гээд өнөө үеийн асуудал их. Энэ бүхнийг бид яах ч аргагүй боловч харин Библийн зөгнөлд бол улам бүр анхаарлаа хандуулах учиртай.

“… Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. —Харагтун, гамшгийн араас гамшиг ирж байна! Төгсгөл иржээ. Төгсгөл ирэв. Чиний эсрэг босов. Харагтун, энэ нь иржээ! Дэлхийн оршин суугч аа, чиний дээр хувь зохиол чинь иржээ. Цаг нь ирэв. Уулсын дээр баярт уухай бус, үймээн самууны өдөр ойртож байна. Тун удахгүй Би уураа чам дээр асгаж, хилэнгээ чиний эсрэг гүйцээнэ. Би чамайг замналын чинь дагуу шүүн чиний дээр хамаг жигшүүрийг чинь нөхөн төлнө. Мэлмий минь өрөвдөхгүй, Би өршөөхгүй. Жигшүүрүүд чинь чиний дунд байсаар байх үед Би замналын чинь дагуу чамд нөхөн төлнө. Тэгэхэд цохигч нь ЭЗЭН Би гэдгийг та нар мэднэ. Харагтун, тэр өдөр! Харагтун, тэр ирж байна! Мөхөл чинь гарч ирлээ. Таяг нахиалж, их зан цэцэглэсэн.” Езе 7:3-10

“ЭЗЭН үндэстнүүдтэй маргасан тул дэлхийн адагт хашхираан хүрчээ. Тэрээр бүх махбодыг шүүнэ. Буруутуудын хувьд, Тэрээр тэднийг илдэнд тушаажээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна.” Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, ёр муу нь үндэстнээс үндэстэн уруу явж, дэлхийн хамгийн алслагдсан хэсгээс агуу их шуурга хөдөлгөгдөж байна. Тэр өдөр ЭЗЭНээр хядуулсан хүмүүс дэлхийн нэг адгаас нөгөөг хүртэл байна. Тэдний төлөө гашуудахгүй, тэднийг цуглуулахгүй, оршуулахгүй. Тэд газрын гадаргуу дээрх бууц мэт болно.” Иер 25:31-33

Бурханы зөгнөсөн анхааруулгын үгийн дагуу нээрээ л бидний эргэн тойронд өмнө нь нэг удаа ч сонсогдож, тохиолдож байгаагүй гай гамшиг гарсаар байна. Дээр дурдсанчлан мөнх цас хайлж шар усны үер болсноос зарим тосгон тэр чигтээ усанд автаж, олон жилийн цэвдэг газарт халуу шатаж, халуун уур амьсгалтай Африкийн улсад хүйтний урсгал гэнэт нөмрөн, цочир хүйтэрч, цөлд үер болох гэх мэт бүгд л хүн төрөлхтний өнөөг хүртэл харж, төсөөлж ч байгаагүй шинэ төрлийн гамшиг юм.

Мөн ёр муу нь үндэстнээс үндэстэн рүү явна гэсэн үгийн дагуу өнөө үед болж байгаа бүхий л гамшиг нь агаарын зам тээврийн хөгжилтэй зэрэгцэн улс хоорондын хил хязгаарыг даван, хоромхон зуурт дэлхий дахинд нөлөөлөөд байна. Хятадаас гарсан САРС дэлхий ертөнцийг цочоон айдаст автуулж байсан нь саяхан. Түүнчлэн 20-р зууны хар тахал гэгдэх ДОХ, шувууны ханиад, үхрийн галзуу өвчин, шүлхий өвчин, H1N1 гэх мэт вирусээр үүсгэгдсэн өдий төдий халдварт өвчнүүд гарсан нь зөвхөн тухайн бүс нутгийн асуудал биш, хэдийн дэлхийн хэмжээний гамшиг болчихоод байгаа.

Гамшгийн талаарх Христийн зөгнөл

Аливаа юм бүхэнд шинж тэмдэг байдагчлан өнөө үед болж байгаа зүйлс ч энэ үеийг сэрээж, ирээдүйд болох юмсыг урьдчилан харуулж байгаа шинж тэмдэг юм (Лук 12:54-56 үзэх). 2000 жилийн өмнө Есүс ч бас үеийн төгсгөлд болох гамшгийн шинж тэмдгийн тухай шавь нартаа дурдаж байсан.

“Түүнийг Чидун ууланд сууж байхад шавь нар хэдүүлхнээ Түүн дээр ирж —Энэ нь хэзээ болох вэ? Таны залрал болон үеийн төгсгөлийн тэмдэг юу байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд… Та нар дайн ба дайны сураг чимээг удахгүй сонсоно. Бүү цочирд. Тэдгээр нь болох учиртай боловч төгсгөл нь хараахан биш юм. Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн хийгээд газар хөдлөлт болно. Энэ бүгд нь төрөх өвдөлтийн зөвхөн эхлэл юм.” Мат 24:3-8

“Тэгээд Тэр цааш нь тэдэнд —Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд хүчтэй газар хөдлөлтүүд болно. Энд тэндгүй гамшиг болон өлсгөлөн болж, аймшиг хийгээд үлэмж тэмдгүүд тэнгэрээс үзэгдэнэ. … Нар, сар, оддод тэмдэг бий болж, тэнгисийн болон давалгааны хүрхрэх шуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө. Тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдсэнээс болж орон дэлхийд ирж буй зүйлсийг тэд ёрлож, айснаасаа ухаан алдана.” Лук 21:10-26

Библид анхааруулсны дагуу дэлхийн хаа сайгүй урьд өмнө дуулдаж байгаагүй гамшиг дэлгэрч, хэвлэл мэдээллээр бид янз бүрийн гамшгийн сураг чимээ сонсож байна шүү дээ. 1000 жилд нэг удаа тохиох Австралийн ган гачиг, халуун орны ойн уур амьсгалтай Амазон мөрөн ган гачгийн уршгаар хатаж ширгэсэн бодит төрх байдал, дэлхийн энд тэндгүй болж буй хүчтэй газар хөдлөлтүүд дэлхий нийтийг хамарсан халдварт өвчин зэрэг нь дээрх зөгнөлийн биелэл гэхэд болно.

“Нар, сар, оддод тэмдэг бий болж” гэсэн Есүсийн зөгнөлийг батлах мэт эрдэмтэд солир, жижиг од дэлхийтэй мөргөлдөх аюул, дэлхийн озоны давхарга цоорсноос хүний бие нарны хэт ягаан туяанд шууд өртөх аюул зэрэгт санаа зовнин байна. Мөн Христийн айлдсан “Тэнгисийн болон давалгааны хүрхрэх шуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө” хэмээсний дагуу эдүгээ хүн төрөлхтөн цунамигаас болж айдаст автаад байна.

Эдгээр бүх гамшиг нь энэ газрыг хоосруулан хөмрөх хүчтэй бөгөөд аль нэг бүс нутгийг хамрах гамшиг биш, үндэстнээс үндэстэн рүү явж, газар дэлхий дээр амьдрагч бүх хүн рүү ирэх гамшиг.

Энэ үед гарч байгаа гамшгийн аюул, ноцтой байдлыг хараад харуулаар дуудагдсан бидний үүрэг хичнээн чухал гэдгийг дахин бодохгүй байх аргагүй юм. Хүн төрөлхтөнд анхааруулсан Бурханы үгийг Библиэр эхэлж харсан бид бүхэн ертөнцийг сэрээх харуулын үүргээ бүрэн төгс гүйцэтгэх учиртай.

Гамшгаас хэлтрүүлэх гэрээ Алгасал баяр

Бурхан бүх хүн төрөлхтнийг шүүх Библийн тэрхүү зөгнөлийн үе хаяанд ирснийг олон олон шинж тэмдгээр харуулж байна. Ийм чухал цаг үед сүнсний харуул бид хаяанд ирсэн гамшгийн талаар гал командын дохио шиг хангинаж, ертөнцийг сэрэмжлүүлэх хэрэгтэй. Бурхан хүн төрөлхтнийг аврахын төлөө бэлтгэсэн хоргодох газрын тухай, гамшгаас аврах аргыг хүмүүст зааж, хамгаалалт аваагүй олон хүнийг бушуухан аврах хэрэгтэй.

Үерээр сүйрүүлсэн Ноагийн үед аврал авах ард түмний төлөө Бурхан бүхээг өгч байсны адил Бурхан өнөө үед ч бас хүн төрөлхтөнд тулгарсан аюул заналхийллээс зугтах газрыг бэлдэж өгсөн юм. Бурханы амласан авралын тэрхүү арга, гамшгаас дайжих тэрхүү газар нь хаана юм бол? Библиэс хариултыг нь олцгооё.

“Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна. Би ЭЗЭНд “Миний хоргодох газар, бат цайз минь, Миний итгэдэг Бурхан минь” гэнэ. Учир нь чамайг анчны урхинаас, бас хорлолын тахлаас авардаг нэгэн нь Тэр юм. Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд Түүний жигүүр дор чи хоргодох болно. Түүний итгэмж нь бамбай хийгээд бэхлэлт юм. Чи шөнийн аймшгаас ч, өдөр исгэрэх сумнаас ч эс айна. Мөн харанхуйд явагч тахлаас ч, үд дунд цөлжүүлэх мөхлөөс ч үл айна. Мянган хүн чиний дэргэд, түмэн хүн баруун гар талд чинь унавч, энэ нь чамд эс тусна. … Учир нь чи хоргодох газар минь болох ЭЗЭНийг, Хамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм. Ямар ч хор хөнөөл чамд эс учирна. Ямар ч гамшиг майханд чинь үл ойртоно. Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулд Тэр тэнгэрэлч нартаа чиний талаар тушаана.” Дуу 91:1-11

Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн гамшгаас аврагдана гэж Библид зөгнөсөн. Хамгийн Дээд Бурханы байгуулсан, авралын хоргодох газар нь Сион юм (Дуу 87:5). Тэгвэл Бурханы Өөрийн биеэр байгуулсан Сионд ямар аргаар бидний амийг хамгаалж, мянган хүн, түмэн хүн дэргэд унах гамшгаас яаж биднийг хамгаалах талаар судалж үзэцгээе.

“Та нар түүнийг идэхдээ бэлхүүсээ бүсэлж, хөлдөө гуталтай, гартаа таягтай, яаравчлан ид. Энэ нь ЭЗЭНий Алгасал болой. Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би ЭЗЭН. Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй.” Гэт 12:11-13

“Манай баяр наадмын хот Сионыг харагтун! Ажин түжин орон, гадаснууд нь хэзээ ч сугарахгүй, нэг ч аргамж нь тасрахгүй, эвхэгдэхгүй майхан болох Иерусалимыг нүд чинь үзнэ. Тэнд цог жавхлант Нэгэн, ЭЗЭН, бидний төлөө байх болно. … Учир нь ЭЗЭН бол шүүгч маань, ЭЗЭН бол хууль тогтоогч минь, ЭЗЭН бол хаан маань мөн. Тэр биднийг аварна.” Иса 33:20-22

Бурханы баяр сахидаг сүмийг Сион хот гэсэн. Бурхан Алгасал баяраар Сионы ард түмэнд авралын амлалт өгч, гамшгаас аварсан юм.

Египетээс гарах тэр үед төдийгүй аль ч үед ард түмэн Бурханы гэрээ Алгасал баярыг сахисан үед гамшгаас аврагдаж байсан. Есүс Христ ч мөн Алгасал баярын талх дарсаар Бурханы мах цусыг хүн төрөлхтөнд өгөх шинэ гэрээний хуулийг тогтоон, энэхүү шинэ гэрээг сахидаг хүүхдүүд дээрээ авралын тамга дарсан билээ (Мат 26:17-28, Лук 22:7-20). Үндэстнээс үндэстэн рүү явж, дэлхий бүрэн тоногдох гамшиг гэнэт ирсэн ч Бурханы баяр сахидаг Сион хотод Алгасал баяр тэмдэглэдэг хүнд Бурханы амлалтын дагуу гамшиг халдахгүй юм.

Харуулын үүргээ бүрэн гүйцэтгэж, авралын мэдээ тунхаглацгаая

Улангасан ирэх гамшгаас айж, дагжин чичрэх хүмүүст яаралтай дамжуулах ёстой мэдээ бол гамшгаас хамгаалах шинэ гэрээний Алгасал баяр. Бид авралын бүрээг чангахан үлээж, дэлхийн бүх үндэстнийг аюулгүй хоргодох газар болох Сион руу аль болох хурдан хөтлөх хэрэгтэй.

“Иудад зарлан Иерусалимд тунхаглахдаа «Нутагт бүрээ үлээ. Чангаар хашхирч, “Цугларцгаа, бэхлэгдсэн хотууд уруу явцгаая” гэж хэл. Сион тийш тугаа босго! Хоргодох газар хай, бүү зогс. Учир нь Би хойд зүгээс гай гамшиг ба аймшигт сүйрлийг авчирч байна. … Хотуудыг чинь оршин суугчгүй балгас болгоно. Үүний төлөө таар өмсөж, гашуудан уйл. Учир нь ЭЗЭНий ширүүн уур хилэн биднээс эргэж буцаагүй. Тэр өдөр хаан ба ноёд зүрх алдаж, тахилч нар айн сүрдэж, эш үзүүлэгчид гайхах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.” Иер 4:5-9

Юу юугүй ойртоод байгаа гамшгийн талаар Бурхан бидэнд анхааруулсаар. Ийм үед авралын бүрээг бүгд хамт үлээж, авралын газар Сионд олон хүнийг оруулах үйлсэд бүх хүчээ дайчилцгаая.

“Би аврагдчихсан юм чинь бол оо” гэх хувиа хичээсэн бодлоо хаян, гамшгаас айн дагжих өдий төдий хүний төлөө авралын гараа сунгах үе яг одоо. Түүнчлэн сүнсээр гүн нойронд автчихаад өнөө цаг үеийн талаар огтхон ч төсөөлөлгүй суугаа хүмүүсийг сэрээх ёстой цаг мөн л одоо.

Зогсолгүй Сионд хоргод хэмээн Бурхан айлдсан тул хүмүүсийг Сион тийш хөтлөх бидний үүрэг ч мөн зогсох учиргүй. Үнэний харуул манаачийн хувьд шинэ гэрээний Алгасал баяраар гамшгаас аварч, мөнх амийн ерөөлийг бидэнд өгдөг Эцэг Эх Елохим Бурханы маань оршдог газар болох Сион тийш бүх хүн төрөлхтнийг өртөөлөн хөтөлж, ертөнцийг аврах Бурханы тушаалыг дагацгаая! Елохим Бурханыхаа ачийг бид ингэж л хариулах учиртай.