WATV.org is provided in English. Would you like to change to English?

Бурханыг хайрлах арга

265 Үзсэн тоо

Хайрласан хүндээ хэн хүнгүй л хайраа илэрхийлэх гэдэг. Тэглээ гээд нөгөө хүнийхээ сэтгэлийг ойлгохгүй, нөгөө хүн нь баярлах битгий хэл харин ч аягүйцэх хэмжээнд зөвхөн өөрийнхөө л дуртай аргаар хайраа илэрхийлбэл ямар байх уу? Үүнийг жинхэнэ хайр гэж хэлэх аргагүй шүү дээ.

Тэгвэл бид Бурханыг гэсэн хайраа ямар аргаар илэрхийлэх ёстой юм бол? Өөрийн бодол, өөрийн аргаа хэрэглэх юм бол энэ нь Бурханыг жинхэнээсээ хайрлаж байгаа хэрэг биш. “Тэнгэрс газраас өндөр байдаг шиг бодол минь та нарын бодлоос өндөр” (Иса 55:9) хэмээсэн тул Библид бичигдсэн Бурханы аргын дагуу л Бурханыг гэсэн хайраа илэрхийлэх хэрэгтэй.

Бурхан “Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь” гэж айлдсан. Бурханыг хайрлах болон Бурханы тушаал хоёр хоорондоо ямар холбоо хамааралтай болохыг судлан, тушаалд нь шингэсэн Бурханы хүслийг ухаарч авцгаая.

Бурханыг хайрладаг бол Бурханы тушаалуудыг сахь

2000 жилийн өмнө махан биеэр ирсэн Бурхан хүн төрөлхтөнд мөнх амь болон авралын зам нээн, Бурханыг хайрлах аргыг зааж ухааруулсан байдаг.

“Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь. … Миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь Намайг хайрлагч мөн. Намайг хайрлагч нь Эцэгт минь хайрлагдана. Би ч түүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ.” Иох 14:15-21

Энэ үгнээс Бурханы тушаалыг сахих нь Бурханыг гэсэн сүнслэг хайрын илэрхийлэл гэдгийг мэдэж болохоор байна. Бурханыг үнэнээсээ хайрладаг итгэгч мөн л бол Бурханы тогтоож, сахиарай хэмээсэн тушаалуудыг нь нандигнан сахих юм.

Элч Иохан эцсийн өдрүүдэд ариун хүмүүс Бурханы тушаалуудыг сахиж байгаа байдлыг илчлэлтээр харсан байдаг.

“Бурханы тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг ариун хүмүүсийн тэвчээр энд байна.” Илч 14:12

“Луу (диавол) мөнөөх эмэгтэйд хилэгнэж, Бурханы хуулиуд болон Есүсийн гэрчлэлийг сахидаг, эмэгтэйн бусад үр удамтай нь дайтахаар явав. Тэгээд тэр тэнгисийн эргийн элсэн дээр зогслоо.” Илч 12:17-18

Диаволын дайтахыг хүссэн, Бурханы талд зогсож байгаа хүмүүс ч Бурханы тушаалыг сахигчид юм. Бурханы тушаалыг сахигчид нь Бурханыг хайрладаг итгэгчид. Харин Бурханы тушаалыг сахидаггүй хүмүүс нь Бурханыг хайрладаггүй гэдгээ үйлсээрээ ил харуулж байгаа биш гэж үү?

Хүний тушаал сахидаг мунхаг хүмүүс

Бурханы тушаалыг сахихгүй байж Бурханд хайртай гэж бахархан яригчдыг Есүс хатуухан зэмлэсэн юм.

“… үүнийг ингэж бичсэн. “Энэ ард түмэн Намайг уруулаараа л хүндэлдэг. Гэвч зүрх нь Надаас алс хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж, харин Надад дэмий мөргөдөг.” Та нар Бурханы тушаалыг орхигдуулан, хүний ёс заншилд баригддаг гэв. Тэр мөн тэдэнд —Та нар ёс заншилаа сахихын тулд Бурханы тушаалыг орхигдуулахдаа гарамгай юм.” Мар 7:6-9

Бурханы тушаалыг сахих нь Бурханы үгийг хүндэтгэдэг итгэлээс, Бурханыг гэсэн хайраас гардаг үйлдэл юм. Харин олон хүн тийм итгэл, тийм хайр байхгүйгээс хүний тушаалыг чанд мөрдөж, Бурханы тушаалыг юу ч биш мэт орхигдуулдаг. Тийм хүмүүс уруулаараа Бурханд хайртай гэж хичнээн хашхирсан ч бүх хүний сэтгэлийг нэвт хардаг Бурхан үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй.

Бурхан тэднээс үнэнийг ухаарах сүнслэг мэргэн ухааныг нууцалчихсан юм.

“… “Энэ ард түмэн амаараа ойртон, уруулаараа л Намайг хүндлэвч, зүрх нь Надаас алс хол байдаг. Тэд Намайг эмээн хүндлэхэд хүний тушаалаар суралцжээ. Тиймээс үзэгтүн. Би энэ ард түмний дотор ер бусын гайхамшигт, гайхалтай зүйлийг дахин бүтээнэ. Мэргэдийн нь мэргэн нь мөхөж, ухаантнуудаас ухаан ялгах чадвар нь нууцлагдана” гэв.” Иса 29:13-14

Дэлхийд эрдэм мэдлэгтэй, мэргэн ухаантай хүн олон байдаг ч Бурхан хүний тушаалд суралцсан тэднээс Бурханы үгийг ойлгох мэргэн ухааныг нь нууцалчихсан. Тиймдээ ч ухаантай гэгддэг теологийн үй олон судлаач Библийг хичнээн уйгагүй судлаад ч хачирхалтай нь Бурханы хууль зарлигийг ухаардаггүй.

“Тэнгэрийн өрөвтас хүртэл улиралаа мэддэг. Хүүрзгэнэ, хараацай болон хөөндэй нүүдэллэх цагаа ажигладаг. Харин хүмүүс минь ЭЗЭНий тогтоолыг мэддэггүй. “Бид мэргэн, ЭЗЭНий хууль бидэнтэй хамт байна” гэж та нар яаж хэлж чадна вэ? … Мэргэн хүмүүс ичгүүр болж, зүрх алдан баригджээ. Үзэгтүн, тэд ЭЗЭНий үгийг эсэргүүцсэн бөгөөд тэд ямар янзын мэргэн ухаантай билээ?” Иер 8:7-9

Өчүүхэн нүүдлийн шувуу хүртэл цаг улирлаа мэдээд нүүдэллэдэг байхад Бурханы ард түмэн Бурханы тогтоосон хууль зарлигийг мэдэхгүй байна.

Хүний тушаалд суралцсан хүмүүсийн мэргэн ухаан, ялгах чадвар нь нууцлагдаж, Библид баттай бичсэн байхад ч хүртэл тэд Бурханы үгийг харж чадахгүй, Библид зааснаас огт эсрэг замаар явцгаадаг. Тэд Библи хичнээн уншсан ч Бурханы авралын зүй тогтлыг огт ухаарч чадахгүй нь юутай харамсмаар!

Бурханы хуулийг мэдэхгүйгээс сүйрнэ

Библид Бурханы үгийг орхигдуулсан хүмүүсийн золгүй төгсгөлийн талаар зөгнөсөн байдаг.

“… Учир нь тэд тэрслүү ард түмэн, хуурамч хөвгүүд бөгөөд ЭЗЭНий хуулийг сонсохыг хүсдэггүй хөвгүүд юм. … эш үзүүлэгчдэд “Зөвийг бидэнд бүү эш үзүүл! Бидэнд тааламжит үгийг ярь, зэрэглээг эш үзүүл! гэдэг. Замаа орхиж, жимээсээ гарагтун! Израилийн Ариун Нэгэний тухай цаашид бидэнд бүү сонсго!” гэдэг. Ийм учраас… ваарчны савны хагархай мэт байх агаад, …” Иса 30:8-14

2700 жилийн өмнө Исаиа эш үзүүлэгчээр дамжуулан Өөрт нь итгэдэг гэдэг хүмүүс Библид бичсэн Бурханы тушаалыг зөрчиж эсэргүүцэхийг Бурхан хэдийн харуулж өгчээ. Дээрх ишлэлд өгүүлсэнчлэн Бурханы хуулийг сонсох дургүй хүмүүс харин ч тааламжит үгээр Бурханы хайрыг ийм тийм гэж, амар тайвныг ярьцгаадаг.

Гэвч худал хуурмагт дурлан, Бурханы тушаалыг орхигдуулсан тэд эцэстээ зөвхөн сүйрэлд хүрнэ гэдгийг Иеремиа номд ч баттай хэлжээ.

“… Тэгэхэд Би «Тэд зөвхөн ядуус, тэд мунхаг. Учир нь тэд ЭЗЭНий зам, Бурханыхаа тогтоолыг мэдэхгүй. … Тиймээс ойн арслан тэднийг алж, цөлийн чоно тэднийг устгана. Ирвэс хотуудыг нь харж байна. Хотоос гарах хүн бүр тасчуулах болно. Учир нь тэдний гэмт үйлдэл нь их, итгэлээс няцах явдлууд нь тоолшгүй олон ажээ.” Иер 5:2-6

Бурхан биднээр Бурханы тушаалыг сахиулах гэсэн нь авралын замаар, мөнхийн тэнгэрийн хаанчлалын замаар хөтлөхийн тулд билээ. Манай Сионы гэр бүлүүд “Сахь” гэсэн үгэнд нь агуулагдсан Бурханы хайрыг ухаарч, Бурхан хаашаа ч хөтөлсөн тэр замаар эцэс хүртлээ дагаад тэнгэрийн хаанчлалд орох учиртай.

Бурхантай харилцаа бий болгодог Бурханы тушаал

Бид Бурханыг хайрласандаа Бурханы тушаалыг чандлан сахидаг. Бурханы тушаал сахих нь “Бурханд хайртай” гэж хэдэн зуу, хэдэн мянган удаа хэлснээс ч илүүгээр хайраа илэрхийлэх арга юм.

Бурханы тушаал нь Бурхан болон хүмүүсийг холбох гүүрний үүрэг гүйцэтгэдэг. Шинэ гэрээгээр л Бурхан бидний Бурхан болж, бид Бурханы ард түмэн болдог (Иер 31:33). Бурханы тушаалыг сахихгүй бол Бурхан болон хүн хоорондоо хамаагүй болж, харилцаа тасарна. Энэ талаар Есүс хөл угаах ёслол дээр баталсан юм.

“зоогийн ширээнээс босож, гадуур хувцсаа тайлан, алчуур авч бүслэв. Тэгээд саванд ус хийж, шавь нарынхаа хөлийг угаагаад, бүсэлсэн алчуураараа арчиж эхлэв. Есүс Симон Петр уруу ирэхэд Петр Түүнд… —Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү гэсэнд Есүс —Би чамайг угаахгүй бол Надтай гэх хувь чамд үгүй болно (чи Надад хамаагүй болно, 2004 оны хэвлэлт) гэлээ. Тэгтэл Симон Петр Түүнд —Эзэн, зөвхөн хөлийг минь ч биш бас гар, толгойг минь угаагаач гэж хэлэв. …” Иох 13:4-10

Есүс Алгасал баяр дээр хөл угаах ёслол үйлдээд, энэ ёслолыг үйлдэхгүй бол Есүстэй хамаагүй болно гэж айлдаж байна. Багш нь шавийнхаа хөлийг угаана гэдэг зүй ёсонд нийцэхгүй гэсэн бодолдоо Петр татгалзах гэтэл Есүсийн хүсэл өөр байлаа. Гаднаасаа өчүүхэн ёслол төдий харагдавч дотроо бол Бурхантай хамаатай болох уу, хамаагүй болох уу гэсэн нэн чухал асуудлыг агуулж байсан аж.

Баяр сахидаг Сионд биднийг дуудаж, бүх тушаалаа ухааруулсан Бурхандаа бид чин сэтгэлийн талархал өргөх нь зохистой. Хүний тушаалыг сахисан чигтээ байсан бол бид одоо хүртэл Бурхантай ямар ч хамаагүй хүмүүс байх байлаа шүү дээ.

Бурхантай хамаагүй хүн “Эзэн минь, Эзэн минь” гэж яаж ч дуудсан аврал авах болов уу? Бурхантай хамаагүй итгэл нь хүнийг авралтай ч хамаагүй болгох юм. Зөвхөн Эцэгийн хүслийг үйлдэгч нь тэнгэрийн хаанчлалд орно гэсэн шүү дээ (Мат 7:21).

“Ийм гоёмсог цэцэг байсныг нь мэдсэн бол гишгэдэггүй л байж”

Бурханы бүтээл дунд зарим зүйл ялихгүй, өчүүхэн мэт санагдаж мэднэ. Гэвч Бурханы бүтээсэн юм бүхэнд туйлын ер бусын нууц, гоо үзэмж агуулагддаг. Дараах хүүрнэлээс Бурханы тушаалын үнэ цэнийг бодож үзэцгээе.

Нэгэн ургамал судлаач уулын бяцхан цэцгийг тасалж аваад микроскопоор томруулан харж гэнэ. Тэгтэл гайхалтай нь түүн дотроос Бурханы ер бусын нууцлаг зохилдлогоог олж мэдсэн гэнэ. Сэтгэл нь догдолсон мөнөөх ургамал судлаач тэр цэцгийг өдөржингөө микроскопоор харж, “Ертөнцөд ийм юм байдаг аа” гэж бишрэв гэнэ.

Яг тэр үеэр нэгэн хоньчин хүү хонио хариулж яваад ургамал судлаачийн эл байдлыг анзаарч, ихэд сониучирхан түүнээс юуг тэгтлээ харж байгааг нь асуув. Ургамал судлаач хоньчин хүүг дуудан, микроскопоороо харуулжээ.

Хоньчин хүү уг дүр зургийг хараад нүдээ салгаж чадахгүй байв. Жирийн л нэг хээрийн цэцэг гэж боддог байсан цэцгийг микроскопоор хартал навч нь ертөнцийн ямар ч зураач дүрслэн зурж чадахааргүй тийм уран гоёмсог хэлбэртэй сод бүтээл байсан аж.

Гоёмсог үзэмжинд нь автан микроскопоор нүд салгалгүй харж байсан хоньчин хүүгийн нүдэнд нулимс аяндаа цийлэгнээд ирэв.

“Ийм гоё цэцэг гэдгийг нь мэдсэн бол тэгж болгоомжгүй хандахгүй байх байсан юм… Дээр нь тэгж хамаагүй гишгэдэггүй л байж…”

Тийм гоёмсог гэдгийг нь мэдээгүйдээ өмнө нь тоох ч үгүй гишгэчин, шалихгүй хээрийн цэцэг гэж үзэж байж л дээ. Бүтээлд нь шингэсэн Бурханы агуу зүй тогтлыг ухаараагүй байсандаа хоньчин хүү гэмшин, халаглан уйлав гэнэ.

Бурханы тушаалд шингэсэн Бурханы хайр

Гаднаас нь харахад ердийн л нэг цэцэг байснаа харин микроскоп гэгч шинжлэх ухааны багажаар харахад үгээр илэрхийлэх аргагүй гоёмсог байж. Тийм гоёмсог яруу тансаг цэцэг өөрийг нь мэддэггүй хүмүүст гишгэчүүлсэн шиг Бурханы тушаал мөн л Бурханы ер бусын зүй тогтлыг мэддэггүй хүмүүст адлуулан, нүд үзүүрлэгдэж ирсэн юм.

Бурханы өгсөн тушаал хичнээн өчүүхэн мэт харагдавч бидний авралтай холбоотой төдийгүй бидний сүнсний төлөө гэсэн Бурханы хайр уг тушаалд нь агуулагдаж байдаг аж. Сүнслэг нүдээ цаг ямагт нээлттэй байлгаж, хууль тушаал дотор нь шингэсэн Бурханы хайр, ерөөлийг харж гэмээнэ Бурханы тушаалыг бүр ч илүү нандигнан сахиж, бүх зүрх сэтгэлээрээ Бурханыг хайрлах юм.

Бурханы тушаалуудаас төлөөлөл болгон шинэ гэрээний Алгасал баярын талаар авч үзье л дээ. Гаднаас нь харахад талх, усан үзмийн дарс идэж уух жирийн л нэг ёслол мэт боловч дотроо авралын нууцыг агуулж байдаг юм. Тиймдээ ч Христ Алгасал баярын зоогийг барихсан гэж ихэд хүссэн байдаг шүү дээ.

“Алгасалын хургыг нядлах, Исгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс, Петр Иохан нарыг илгээн —Явж, бидний зооглох, Алгасал баярын зоогийг бэлд гэв. … Тэд явж, Түүний айлдсанаар бүгдийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв. Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. … Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.” Лук 22:7-15, 19-20

Израильчууд Египетээс гарах үедээ хурганы цусаар гамшгаас аврагдсан тэрхүү түүхээс үүсэлтэй Алгасал баяр нь Есүс Христийн хүн төрөлхтний авралын төлөө тунхагласан “шинэ гэрээ” хэмээх тушаал юм. Христ Алгасал баярын Хурга болж золиос амссан учраас элч нар “Алгасал баярыг тэмдэглэе” гэж онцолсон байдаг (1Кор 5:7-8).

Энэ мэтчилэн шинэ гэрээний Алгасал баяр нь бидний авралын төлөө Бурханы тогтоосон үнэний тогтолцоо байхад хуурамч эш үзүүлэгчид харин ч үүнийг үгүйсгэдэг. Бурханы тушаал болох Алгасал баярыг сахиулахгүй гэсний цаад талд Бурханы цаг үе ба хуулийг өөрчилж, ард түмнээр нь Бурханыг хайрлуулахгүй гэсэн ёрын муу сүнсний ажил байдгийг бид мэддэг байх хэрэгтэй (Дан 7:25).

Сатаны удирдлаган доорх ёрын муу сүнснүүд хүмүүний сэтгэл рүү довтолж, сүнслэг мэргэн ухаан, ялгах чадварыг нь хааж халхлах ажлуудыг гүйцэтгэж ирсэн. Үүний уршгаар Бурхан дахин сэргээх хүртэл амийн үнэн 1600 орчим жилийн турш газар хаягдаж хүмүүсийн хөлд гишгэгдэж ирсэн түүхтэй.

Бурхан биднийг хорьж хязгаарлах гэсэндээ биш, бидний сүнсний аюулгүй байдлын төлөө л хууль тушаалаа тогтоосон хэрэг. Бурханы тушаалыг сахиснаар бид хүүхдүүдийнхээ авралын төлөө түмэн зовлонг тэсвэрлэн, үхэх хүртлээ золиос амссан Бурханы хайрыг ухаарч мэдэрнэ. Бурханы золиосын цусаар бий болсон Бурханы тушаал нь биднийг гэсэн Бурханы хайрын баттай нотолгоо төдийгүй тушаалыг нь сахих нь Бурханыг гэсэн бидний чинхүү хайрын тод илэрхийлэл билээ.

Тэнгэрийн орон бол хязгааргүй үзэсгэлэнтэй газар. Бурхан биднийг тэрхүү сүр жавхлант ертөнцөд мөнхөд амьдрахуйц үзэсгэлэнт төрхтэй болгон өөрчилж, цэвэршүүлэх үүднээс л тушаалаа өгсөн юм. Эрхэм дээд Бурханы гүн хайрыг ухаарч, Бурханы тушаалыг сахин, тунхаглаад, олон сүнсийг авралын замаар хөтлөх, Бурханыг хайрладаг итгэгчид болохыг та бүхнээсээ хүсэх байна.