Өчүүхэн зүйлээр гүйцэлдүүлдэг агуу түүх

26,400 үзэлт

Мөрөөдөл биелдэг гэлцдэг. Мөрөөдөл байхгүйдээ л биелдэггүй болохоос мөрөөдлөө нандигнаж, тэрхүү мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээх юм бол зайлшгүй биелэх болно.

“Хүсэл байгаа газар арга зам бий” гэсэн өрнөдийн нэгэн зүйр үг байдаг юм.

2000 жилийн өмнө “Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ” (Мат 28:19) гэж айлдсан үедээ Есүс ямар ч нөхцөл тавилгүйгээр, хүсэл байгаа л бол хүн бүхэн явж чадах тийм зам нээж өгсөн билээ. Бурханыг туйлаас түшдэг итгэл л байвал хэн ч бай Бурханы гайхамшигтай түүхэнд хамтран оролцож чадна.

Өөрийнхөө дутуу дулимгийг бодож, эргэлзэж тээнэгэлзэхээс илүү, өчүүхэн зүйлээр агуу түүхийг хөтлөн явуулж ирсэн Бурханы хүч чадлыг санаад, “Би ч гэсэн зөгнөлийн гол баатар болж чадна” гэсэн мөрөөдөл тээж, сайн мэдээний агуу их хүсэл өвөрлөхийг хүсэж байна.

Гадаадаас нисэн ирсэн Сионы үнэр

Хэд хоногийн өмнө Шинэ Зеланд сүмийн даргаас тэндхийн мэдээг сонссон юм.

Тэр дунд миний мэдэх нэг гэр бүл Солонгосоос Шинэ Зеланд явахын өмнө “Энэ гэр бүл үнэхээр амаа нээж, сайн мэдээ зоригтойгоор гэрчилж чадах болов уу” гэж сэтгэл зовмоор хүн байсан ч, яваад үзэсгэлэнтэй, ивээлтэй үр жимс олныг гаргаж байгаа гэхээр нь их баярласан.

Мөн Перу улсаас ирсэн сүмийн даргаас үүнтэй адилхан мэдээ сонссон юм. Солонгост байхдаа идэвх муутай итгэлийн амьдралаар замнаж байсан нэгэн гэр бүл Перуд очоод чанга дуугаар, халуун сэтгэлээр сайн мэдээ тарааж, залуучуудыг сайтар удирдаж байгаа гэж сонсоод, үнэхээр их гайхсан.

Хүний бодлоор бол бүгд л дутуу дулимаг харагдсан ч, Бурхан тэднийг хэрэгслээ болгож, үүрэгт ажлыг нь үнэхээр гайхалтай сайхнаар гүйцэтгүүлсэн байсан. Бурханы зүй тогтлыг хүний бодлоор бүгдийг нь хэмжиж чаддаггүй гэдгийг дахин мэдэрч билээ.

Чадвараар маруухан харагдаж байсан гэр бүлүүд олон үр жимс Сион руу хөтөлж байгаа гэсэн баяртай мэдээ хүлээн аваад, итгэл болон халуун сэтгэл л байвал хаана ч гэсэн бүтэхгүй ажил гэж байхгүйг дахин нэг удаа ухаарсан юм. Сионы гэр бүлүүд даруу болохоор өөрсдийгөө дутуу дулимаг гэж үздэг ч, өөрсдийн хүч чадалд найдалгүй, Бурханд түшиж явах итгэл эн тэргүүнд хэрэгтэй юм.

Би дутмаг болохоор яаж сайн мэдээ тарааж чадах билээ гэж санаа зовоод хэрэггүй. Бас би гадаад хэлдээ үнэхээр сайн, их мэргэн ухаантай, хэл яриа сайтай гэж өөрөөрөө бахархах ч утгагүй. Сайн мэдээ гэгч нь хүний чадвараар биелдэг зүйл биш. Хэдийгээр дутуу дулимаг ч Бурханы агуу хүч чадалд итгэж, түшиж, Бурханы тусламжийг урьтаж гуйдаг хүмүүсээр л Бурхан сайн мэдээнийхээ түүхийг гүйцэлдүүлнэ.

Өчүүхэн хүмүүсийг сонгосон Бурхан

Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнсний үед өрнөж байгаа авралын түүхээс харахад, тэр болгонд өчүүхэн сул дорой зүйлээр агуу түүхийг хөтлөн явуулдаг Бурханы зүй тогтлыг багцаалж ойлгох юм.

Бурхан үе тус бүрд эш үзүүлэгчдийг сонгохдоо зарим нэгийг нь хоньчид дундаас дуудаж, заримыг нь загасчин, заримыг нь татвар хураагчийн байр сууринаас дуудсан байдаг. Хоньчин, загасчин, татвар хураагч гэхээр тухайн үедээ хүмүүсийн хүндлэл хүлээх хэмжээний удирдах давхаргынхан биш. Судлаад үзэхэд бүгд л тэр үеийнхээ хамгийн мөхөс дорд хүмүүс байжээ.

“… Учир нь Бурханы мэргэн ухаан дор ертөнц мэргэн ухаанаараа Бурханыг таньж мэдсэнгүй. Иймд тунхагласан мэдээний мунхаглалаар итгэгчдийг аврах нь Бурханд тааламжтай байсан юм. … Учир нь Бурханы мунхаглал хүмүүсээс илүү мэргэн, Бурханы мөхөс нь хүмүүсээс илүү хүчирхэг юм. Ах дүү нар аа, та нар дуудлагаа санагтун. Тэгэхэд махбод талаасаа мэргэн хүн олонгүй, хүчирхэг хүмүүс олонгүй, язгууртнууд ч олонгүй байлаа. Харин Бурхан цэцдийг ичээхийн тулд ертөнцийн мунхгийг сонгож, хүчтэйг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгожээ. Байгсдыг хүчингүй болгохын тулд энэ ертөнцийн дордсыг мөн гологдогсдыг буюу юу ч бишийг Бурхан сонгосон ажээ. Ингэх нь Бурханы өмнө ямар ч махбодыг сайрхуулахгүйн тулд болой.” 1Кор 1:20-29

Энэ нь Бурханы арга юм. Бурхан дутмаг, мөхөс, өчүүхэн зүйлсээр авралын агуу түүхээ гүйцэлдүүлнэ гэсэн байна.

Бурхан хэрэглэх л юм бол хоньчин ч сайн эш үзүүлэгч болж чадна. Загасчин, татвар хураагч ч үеийн үед нэрээ гэрэлтүүлэх элч нар болон өөрчлөгдөж болно. Тиймээс элч Паул авралын зар тараахдаа өөрийнхөө мэргэн ухааны үгсээр яриагүй, харин Сүнс ба хүчний илрэлээр ярьсан гэж гэрчилсэн байдаг. Тэрээр ердөө Бурханд хэрэглэгдэхийг л хүссэн аж.

“Үг минь ч, тунхаглал минь ч мэргэн ухааны ятгалгын үгээр бус, харин Сүнс ба хүчний илрэлээр байсан нь итгэл чинь хүмүүний мэргэн ухаанд бус, харин Бурханы хүчинд байхын тулд байлаа. … Бид үүнийг хүний мэргэн ухааны сургасан үгсээр бус, харин Сүнсний сургаснаар, сүнслэг зүйлсийг сүнслэгт нь тайлбарлан ярьдаг. …” 1Кор 2:4-5, 13-14

Авралын зар тарааж, сүнс аврах ажил нь хүний мэргэн ухаанд байдаг бус Бурханы хүч чадалд байдаг юм. Бурханы хүч чадал үгүй бол хичнээн сүрхий чадварлаг хүн байлаа гээд үр жимс гаргаж чадахгүй. Хэдийгээр өчүүхэн, дутуу дулимаг, мунхаг харагдлаа ч, Бурханыг туйлаас түшиж, итгэж найддаг итгэлтэй байх үед Бурхан биднийг хэрэглэж, үзэсгэлэнтэй үр жимс зөвшөөрч өгнө. Бурханы яруу алдрыг илчлэх хэрэгсэл болж ашиглагдана гэдэг бол үнэхээр энэ дэлхийн хамгийн агуу яруу алдар, тэнгэрийн хамгийн дээд суу алдар биз дээ?

Модон таягнаас гарсан Бурханы хүч чадал

Өчүүхэн хэрэгсэл байлаа ч Бурхан хэрэглэвэл хичнээн алмайруулам гайхамшиг гаргадгийг судалж үзэнгээ, дутуу дулимаг биднээр түүхээ гүйцэлдүүлж байгаад нь баярлаж талархсан сэтгэлээр эцсээ хүртэл дагах Сионы гэр бүлүүд болохыг хүсье.

“Тэгэхэд ЭЗЭН түүнээс —Гарт чинь юу байна вэ? гэж асуухад, тэр —Таяг гэж хариулсанд Тэр —Түүнийгээ газар хая гэж айлдав. Тэр таягаа газар хаяхад, таяг нь могой болсонд Мосе түүнээс зугтав. Харин ЭЗЭН, Мосед —Гараа сунган түүнийг сүүлнээс нь барь гэлээ. Тэрээр гараа сунган барихад могой гарт нь таяг болов.” Гэт 4:2-4

Тухайн үед Мосегийн барьж байсан таяг нь Мидианы тахилчийн гэрт хонь хариулахад хэрэглэж байсан хоньчны таяг байв. Хаадын атгадаг очирт алтан таяг биш, ямар нэг онцлог үнэ цэнэ бүхий таяг бус, зүгээр л жирийн нэг модон таяг байсан. Ийм л ялихгүй зүйл гэлээ ч Бурхан энэ таягаар агуу түүхийг гүйцэлдүүлжээ.

“… ЭЗЭН, Мосед —Чи юунд Над уруу хашхирна вэ? Урагшаа яв гэж Израилийн хөвгүүдэд хэл. Чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ.” Гэт 14:13-16

Бурханы хүч чадлын гарт атгагдсан Мосегийн таяг нь Улаан тэнгисийг хувааж, израиль ард түмнийг Египетээс Канаан руу хөтлөх агуу түүхийг нээсэн.

Энэ нь таяг мундагтаа биш, түүний дээр Бурханы хүч чадал оршиж байсан учраас тэр юм. Египетээс гарсны дараа ч Мосегийн таяг гайхамшгуудыг үйлдсээр л байв.

“Тэгэхэд ЭЗЭН, Мосед… таягаа гартаа авч яв. Үзэгтүн, Би Хоребын хадан дээр чиний өмнө зогсох болно. Чи хадыг цохь. Тэгвэл тэндээс ус гарч, ард түмэн уух болно гэв. Мосе Израилийн ахмадуудын нүдний өмнө тэр ёсоор үйлджээ.” Гэт 17:5-6

“… Тиймээс Мосе, Иошуад —Эрчүүдээ сонго, Амалекийн эсрэг байлдахаар яв. Маргааш би Бурханы таягийг гартаа бариад, толгодын орой дээр зогсоно гэв. Мосегийн хэлсэн ёсоор Иошуа үйлдэж, Амалекийн эсрэг байлдав. Мосе, Аарон, Хур нар толгодын орой дээр гарлаа. Мосе гараа өргөхөд Израиль ялж, буулгахад Амалек ялж байв. … Аарон Хур нар түүний гарыг нэг нь нэг талаас, нөгөө нь нөгөө талаас нь түшив. Тийнхүү нар жаргах хүртэл түүний гар тогтвортой байв. Ингээд Амалек болон ард түмнийг нь Иошуа илдний ирээр ялав.” Гэт 17:8-13

Таягаар хадыг цохиход бүх ард түмэн уух хэмжээний маш их ус асгаж гарчээ. Мөн дайны талбарт ч таягаа өндөрт өргөх агшинд дайснууд арга мухардаж, мөхөж байв.

Гаднаа таягны хүч гайхамшигтай харагдсан ч бүгд л Бурханы хүч чадал юм. Бурхан биднийг энэ мэт сайн мэдээний хэрэгсэл болгон ашиглая гэсэн юм. “Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун” хэмээсэн үгэн дотор нь бид бүгдийг хэрэгсэл болгоё гэсэн Бурханы баттай зорилго шингээстэй байгаа.

Хэрэгсэл байж өөрийгөө модоор хийгдсэн гэж голох эсвэл алт юм уу эрдэнийн чулуугаар хийгдсэн гэж ихэрхэн гайхуулаад ч хэрэггүй. Сионыхон маань Бурхан биднийг дуудан хүч чадлаа илчлүүлж, гайхамшигтай түүх гүйцэлдүүлэх хэрэгсэл болгосонд нь ямагт талархдаг байх учиртай.

Таван арвайн талхаар гаргасан гайхамшиг

Бидэнд ивээл өгч, Бурханы сүүлчийн амьд гэрч нар болгон босгосон учир одоо бид Мосегийн таягнаас илүү агуу түүх гаргах юм. Ямар ч ажил хийсэн Бурханы хүч чадлыг өмсөхийг үргэлж чухалчлан залбиран гуйж, хүч чадлыг нь гаргах хэрэгсэл болцгооё.

“—Энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна. Гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ? гэсэнд… Ийнхүү таван мянга орчим эрчүүд сууцгаалаа. Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, суугсдад тарааж өгөв. Мөн загасыг ч хүссэнээр нь өгчээ. Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа —Юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв. Хүмүүсийг хооллосон таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.” Иох 6:9-13

Галил, Тибер нуурын нөгөө талд таван мянгад хүрсэн олон хүн Есүсийг өдөржин дагасан юм. Есүс тэднийг өрөвдөж, идэх юм өгье гэхэд тэр үед шавь нарын худалдаж авчирсан хоол хүнс нь ердөө таван арвайн талх, хоёр загас л байв. Энэ таван арвайн талхаар Есүс таван мянган хүнийг хооллосон гайхамшиг үйлдсэн юм.

Энэ мэт гайхамшигтай түүхийг хөтлөхдөө таван арвайн талх гэх өчүүхэн материалыг хэрэгслээ болгосон. Уг нь арвайн талх байтал Есүс гартаа атгахад таван мянган хүнийг хооллож, үлдэгдэл нь арван хоёр сагс дүүрсэн гайхамшиг гарсан байгаа юм. Библийн үгийг судлангаа бид хэдийгээр өчүүхэн оршихуй боловч Бурханы хүч чадлын гарт баригдахад чадахгүй зүйл байхгүй болно гэдгийг зайлшгүй санах хэрэгтэй.

Аварга хүн Голиатыг унагасан хоньчин хүү Давид

Давид тал газарт хонь хариулдаг малчин хүү байлаа. Тэрээр хэний ч анхааралд өртдөггүй байв. Гэвч Бурханы гарт атгуулсан хэрэгсэл болж, аварга хүн Голиатыг дийлж, Бурханы яруу алдрыг илчлэх агуу түүх бүтээсэн юм.

“Филист хүн Давидыг хараад, залуухан, улаа бутарсан агаад сайхан төрхийг нь үзэж түүнийг үл тоомсорлов. … Давид филист хүнд —Чи илд, бамбай, жад барьж над уруу ирж байгаа бол харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн Бурхан, түг түмдийн ЭЗЭНий нэрээр чам уруу ирж байна. … Бүх улс, Израильд Бурхан байна гэдгийг үүгээр мэдэх болно. Энэ цугласан олон ч ЭЗЭН илд, жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буй заа. Энэ тулалдаан ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭН та нарыг бидний гарт өгнө гэв. … Давид ч филист хүнтэй нүүр тулахаар тулалдааны тэргүүн шугам уруу яаран гүйж ирлээ. Давид уутанд гараа хийж, нэг чулуу гаргаж аваад, дүүгүүрээр дүүгүүрдэн филист хүний духыг онов. Чулуу дух уруу нь зоогдон ороход тэр нүүрээрээ газар шаан уналаа. … түүний илдийг хуйнаас нь сугалан авч түүнийг алаад толгойг нь тас цавчив. Өөрсдийн тэргүүлэгч дайчин эр үхсэнийг филистчүүд үзээд зугтацгаав.” 1Сам 17:42-51

Дайн тулаанд олонтоо оролцсон Саул хаан ч, түүний жанжин, цэргүүд ч Голиатыг дарж чадахгүй, айн дагжиж, гагцхүү Бурханыг доромжлохыг нь л сонсож байлаа. Тэр үед балчир хүү Давид босож ирэв. Дайнд ч дадлагагүй, хуяг дуулга ч өмсөж үзээгүй, зэр зэвсэг ч үгүй балчир хүү ганц дүүгүүр бариад гарч ирсэн болохоор дайсны толгойлогч Голиат хичнээн их шоолж, үл тоомсорлосон бол оо?

Харин Давид жад юм уу илдээр биш, өөрийн авхаалж самбаа, эрч хүчээр урагшаа гарсан бус, Бурханы гарт атгуулсан хэрэгсэл болоод Голиатын өөдөөс очсон хэрэг.

Бидний явах зам яг л ийм зам юм.

Дэлхий дээрх хамгийн агуу хүмүүс нь Бурханы гарт атгуулсан хүмүүс. Бид ч мөн Давидтай адил Бурханы Ариун Сүнсээр хөдөлгөгдөн, Бурханы гарт атгуулсан хэрэгсэл болж Самари ба дэлхийн хязгаар хүртэл явах аваас Голиатыг унагасан Давид шиг бүхий л хорон муугийн хүч нөлөөг устгаж, сайн мэдээг бүрэн гүйцэлдүүлж чадна. Тэгэхгүйгээр өөрийн Библийн мэдлэг болон хэл яриандаа итгэж, үгийг тунхаглахаар явбал нэг ч хүн сонсохгүй. Авралын зар нь хүний мэргэн ухаан, хүч чадлаар хийгддэг ажил биш.

Бурхан Давидыг хэрэглэсэн шиг, Мосегийн таягийг өргөж хэрэглэсэн шиг, биднийг хэрэглэнэ гэвэл бид тэнгэрийн доор өрсөлдөгчгүй хүчтэн болж, чадахгүй ажил гэж бидэнд үгүй болохыг Библийн түүх тодорхой харуулж байна.

Бурханы хэрэгсэл болоод дэлхий рүү явцгаая

Бурхан биднийг мөхөс, дутуу дулимаг байхад сонгож, хүний хүч чадлаар биш, зөвхөн Өөрийн хүч чадлын үгээр бүх зүйлийг гүйцэлдүүлж байгаа. Өчүүхэн зүйлээр агуу түүх гүйцэлдүүлж ирсэн болохоороо биднийг олон тал дээр дутуу байсан ч, зөвхөн Бурханы үгийг дагая гэсэн хүсэл л байвал бидэнд олон зам нээгдэх юм.

Энэ сайн мэдээг аваад, зүгээр суух мунхаг хүүхэд битгий болоорой.

Бурхан “Миний өмнөөс ертөнцийг сэрэмжлүүл” хэмээсэн бол бид яваад ертөнцийг сэрэмжлүүлсний дараа л ивээлтэй үр дүн бий болно. Мосе таягаа бариад зүгээр л байгаад байсан бол, Давид Голиатыг харчихаад дайтахгүй л байгаад байсан бол Бурханы түүх гарах байсан болов уу?

Түг түмдийн Эзэний нэрээр урагш гарсан Давид шиг, Ариун Сүнсний үеийн түг түмдийн Эзэн Бурхан буюу Сүнс болон Сүйт бүсгүйн нэрээр ертөнцийг чиглэн урагшаа давшвал хэн ч биднийг хааж боож чадахгүй. Бурхан биднийг гартаа барьж байгаа гэсэн туйлын итгэлээр ертөнцийг ялж, Бурханы хүслийг ивээлтэйгээр биелүүлээд, Бурханы энэ үеийн гайхамшигтай хэрэгслүүд болохыг бүгдээс нь хүсэж байна.

Эдүгээ сайн мэдээ Самари ба дэлхийн хязгаар хүртэл тунхаглагдаад байна. Бид Голиатыг ялан дийлэх Давидыг зүгээр л хараад суухын оронд, өөрсдөө Бурханы гарт атгуулсан Давид болоод, дүүгүүр болон чулуу аван Голиатыг чиглүүлэн шидэцгээе. Бурханы хүслийг биелүүлэхийн тулд эрч хүчтэйгээр босоод, яруу алдарт ялалтанд хүрэхийг Сионы гэр бүлүүдээсээ хүсэж байна.