Бурханд юу өргөх вэ?

15,540 үзэлт

Амьдралд төрсөн өдөр, сургуульд орсон юм уу төгссөн өдөр, хурим хийсэн өдөр гээд гэр бүлийнхний онцгой өдрүүд байдаг. Тэр болгонд тухайн өдрийн эзэнд ямар бэлэг сэлт бэлтгэх үү гэж догдолдог.

Тэгвэл бид мөнхийн эх нутаг тэнгэрийн орон руу буцахдаа сүнсний Эцэг Эх болох Эцэг Бурхан, Эх Бурхандаа юу өргөвөл хамгийн их баярлах бол оо? Хүүхдүүд бид өнөөг хүртэл Бурханаас амийг ч, хайрыг ч, ер нь бүхнийг зөвхөн авдаг л байсан. Харин одоо бид бүхэн Бурханд юу өргөх үү, юугаар Бурханыг баярлуулж чадах бол гэдгээ бодож, түүнийгээ хэрэгжүүлж мэддэг насанд хүрсэн итгэлтэй болцгооё.

Бурханы баярлах зүйл

Үр хүүхдийнхээ бүхий л зүйлд баярладаг нь эцэг эхийн сэтгэл. Гэвч ямар нэг баяр юм уу эцэг эхийнхээ төрсөн өдөрт бэлэг бэлддэг хүүхэд бол эцэг эх маань юунд хамгийн их баярлах бол гэж бодно. Үүнтэй адил Библид ч бас Бурханы хүүхдүүд Бурханд юу таалагдах бол гэдгийг бодож үзээрэй гэж сургаж байна.

“… Ингэхдээ Эзэнд таалагдах юмыг ол. Харанхуйн, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчил.” Ефе 5:6-11

“Би ЭЗЭНий өмнө юутай очиж, өндөрт орших Бурханы өмнө бөхийх вэ? Би Түүнд шатаалт тахил, бухан бяруунуудтай очих уу? Мянга мянган хуц, түм түмэн тосон горхийг ЭЗЭН таалах уу? … Юу нь сайн болохыг, хүн минь чамд Тэр айлдсан. Зөвийг үйлд, энэрлийг хайрла, өөрийн Бурхантай даруухнаар алх гэхээс өөр юуг Тэр чамаас шаарддаг вэ?” Мик 6:6-8

Бурханыг үнэхээр л хайрладаг бол чухам юугаар Бурханыг баярлуулж чадах вэ гэдгийг бид заавал бодох учиртай. Мика эш үзүүлэгч мянга мянган хуц, түм түмэн тосон горхиноос илүү зөвийг үйлдэж, энэрлийг хайрлаж, өөрийн Бурхантай даруухнаар алхах нь Бурханд хамгийн их таалагддаг гэдгийг хэлж өгчээ.

Хүмүүсийн үнэ цэнэтэй гэж үздэг алт эрдэнэсээр Бурханыг баярлуулж чадах нь уу? Тиймэрхүү юмаар баярлуулж чадахгүй юм. Дэлхийд амьдарч байгаа бидний хувьд бол дэлхий асар том юм шиг л санагддаг байж мэдэх юм. Харин дэлхийг сансар огторгуйгаас харвал сайн харагдахгүй, өчүүхэн ганц цэг төдий од юм. Дэлхий дээр хичнээн үнэ цэнэтэй юм өргөсөн ч бүх сансар огторгуй оддын ертөнцийг бүтээн эрхшээж байгаа Бурханд ямар ч утгагүй, юу ч биш зүйл ажээ.

Биднийг даруухнаар Бурхантай хамт алхахыг Бурхан юу юунаас илүү хүсэж, үүнд баярладаг байна. Бурхантай хамт, Бурханы хийж байгаа ажилд оролцох арга нь юу юм бол гэдгийг Библиэс олцгооё.

Бурхан энэ газарт ирсэн шалтгаан

Есүс “Миний Эцэг одоо болтол ажилласаар байна. Би Өөрөө ч ажиллаж байна” (Иох 5:17) гэж айлдсан. Энэ дэлхийд ирсэн Бурханы бүх хүчээ дайчлан хийсэн ажил юу болохыг зөв мэдэж, Бурхантай хамт алхаж Түүнийг баярлуулах хүүхдүүд болцгооё.

“Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.” Лук 19:10

“… Учир нь Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв.” Мат 9:13

Есүс энэ дэлхийд хүн болж ирсэн шалтгаан нь алдагдсаныг хайж аврахын төлөө гэж Өөрөө айлдсан. Бас нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн гэсэн үгнээс харж болно. Лук 19-р бүлэгт гардаг “алдагдсан хүмүүс” нь тэнгэрт нүгэл үйлдэн дэлхий рүү хөөгдөж ирсэн нүгэлт сүнснүүдийг илэрхийлж байгаа гэж ойлгож болох юм. Бурхан тэнгэрийн оронд нүглээсээ болоод алдагдсан хүүхдүүдээ аврах гэж энэ газар хүртэл ирсэн.

“Би та нарт хэлье. Мөн үүний адил, гэмших шаардлагагүй ерэн есөн зөвтөөс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно.” Лук 15:7

Энэ үгээр дамжуулан Бурхан юунд хамгийн их баярлахыг баттай мэдэж болох юм. Ерэн есөн зөвт хүнээс илүүгээр нэг нүгэлтэн гэмшиж буцан ирэхэд илүү баяр хөөр болдог гэсэн болохоор бид Бурханд өргөх зүйл нь нүгэлтний гэмшил юм. Үүрийн хүү гялбаат цолмонд мэхлэгдэж газар дэлхий рүү хөөгдөж ирсэн хүүхдүүдээ дахин гэмшиж, эх нутагтаа буцан ирэхэд Бурхан хамгийн их баярлана. Мөн гэмшсэн хүүхдүүд нь даруухнаар Бурхантай хамт алхах төрх Бурханд хамгийн үзэсгэлэнтэй харагддаг.

Нүгэлтнийг гэмшүүлэх арга тунхаглал

Бурханд баяр баясгалан өргөе гэвэл эхлээд нүгэлтэн “би” өөрөө гэмших хэрэгтэй. Тэгээд бас өөр нүгэлтнүүдийг гэмшүүлэх гэж хичээх хэрэгтэй. Нүгэлтнийг гэмшүүлэхийн тулд бидний хийх ёстой ажил юу вэ гэдгийг батлан харцгаая.

“… Бүгдийн Эзэн нэг л бөгөөд Түүнийг дуудагч бүгдэд баялаг бялхана. Учир нь «Эзэний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно». Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд тунхаглагчидгүйгээр яаж сонсох вэ? Илгээгдэхээс нааш тэд яаж тунхаглах вэ? «Сайнмэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан!» гэж бичигдсэн байдаг. Харин тэд сайнмэдээнд итгэсэнгүй. Учир нь Исаиа «Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ?» гэж хэлсэн. Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг. Гэвч би хэлье. Тэд сонсоогүй гэж үү? Үнэндээ тэд сонссон. «Дуу хоолой нь бүх газарт, үгс нь ертөнцийн хязгаарт хүрсэн» гэсэн байдаг юм.” Ром 10:12-18

Тэнгэрт нүгэл үйлдсэн нүгэлтэн гэмшье гэхэд Бурханы золиосыг тунхаглах хүн байх ёстой, Библийн сургаалыг ч зааж өгөх хүн байх хэрэгтэй юм. Дамжуулах хүн байхгүй бол хэн сонсох вэ, сонсоогүй юмандаа яаж итгэх вэ? Сүнслэг нүгэлтэн болох дэлхийн бүх үндэстэнд Бурханы хайр ба золиосыг тунхаглаж, махан биеийн амьдралдаа мартаад байсан сүнслэг ертөнцийн амьдралын талаар ч ухааруулах ёстой юм.

Ерөөлтэй мэдээ бүх газарт дэлгэрч, үгс нь дэлхийн хязгаарт хүрэх болно хэмээн зөгнөсөнчлөн одоо дэлхий дахины 7 тэрбум хүнд тунхаглах хөдөлгөөн өрнөж байна. Өөрийгөө тэнгэрт нүгэл үйлдсэн тэнгэр элч гэдгээ ухаарч, Бурханы өмнө үнэнээр гэмших хүмүүс нэг хоёроор, цаашлаад арав болж нэмэгдэхийн сацуу Бурханд маш их баяр хөөр өргөж чадах юм.

“Үүр шөнөөр Тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин, тэндээ залбирч байв. Симон болон хамт байгсад нь Түүнийг хайж, олоод —Бүгд Таныг эрж байна гэхэд Есүс —Цөмөөрөө зэргэлдээх суурингуудад очицгооё. Би тэнд ч бас тунхаглах болно. Учир нь Би үүний төлөө ирсэн билээ гэж айлдав. Есүс, Галил даяар явахдаа синагогуудад нь очиж тунхаглан, …” Мар 1:35-39

Есүс тунхаглахын төлөө энэ дэлхийд ирсэн гэж тодорхой айлдсан байна. Алдагдсан хүүхдүүдээ хайж аврахаар ирсэн Бурхан тунхаглал хэмээх энэ замаар дамжуулан тэрхүү хүслээ гүйцэлдүүлсэн юм. Бурханы хийж байгаа ажлыг даруухнаар хийж дагахад Бурхан хамгийн их баярладаг гэдгийг сэтгэлдээ хоногшуулж, Түүний хийж байгаа ажлаас хийлцэх хүүхдүүд болцгооё.

Бурханы өмнөөс тэднийг сэрэмжлүүл

Чусоны үед хааны нууц элчийн тогтолцоо байсан. Нууц элч гэж орон нутгийн удирдлагууд ард иргэдээ сайтар анхаарч ажиллаж байгаа эсэхийг тандахын тулд хааны нууцаар илгээсэн түшмэлийг хэлдэг аж. Хааны нүд, чихийг орлосон нууц элчүүд өөрийн зэрэг дэвээ ил харуулахгүйн тулд ноорхой хувцаслан зүсээ хувиргаж явна. Тэгсэн хэдий ч тэд хошуу захирагчдыг халах юм уу төрийн албатуудын агуулахыг лацдах бүрэн эрхийг эзэмшдэг байж.

Үүнтэй адил Бурхан Өөртэй нь хамт алхах хүмүүст Өөрийг нь орлохуйц агуу эрхийг зөвшөөрч өгсөн юм.

“… ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа —Хүний хүү, Би чамайг Израилийн гэрт харуулаар өглөө. Чи амнаас минь гарах үгийг сонсоод, Миний өмнөөс тэднийг сэрэмжлүүл. Би буруутад “Чи заавал үхнэ” гэж айлдах үед хэрэв чи түүнд сэрэмжлүүлэхгүй эсвэл амьд байхын төлөө буруу замаасаа эргэхийг нь түүнд сэрэмжлүүлж хэлэхгүй аваас тэрхүү буруут нь хилэнц дотроо үхэх болно. Харин түүний цусыг Би чиний гараас нэхнэ. Гэвч чи буруутад сэрэмжлүүлсэн ч тэрээр гэм буруугаасаа, буруу замаасаа эргэхгүй аваас тэрээр хилэнц дотроо үхэх болно. Харин чи амиа аварсан билээ. Дахиад, хэрэв зөвт нэгэн зөвт байдлаасаа эргэж гажуудал үйлдэх бөгөөд Би түүний өмнө бүдрэх чулуу тавих аваас тэр үхэх болно. Чи түүнд сэрэмжлүүлээгүй учир тэрээр нүглийнхээ дотор үхэж, түүний үйлдсэн зөв үйлс ч дурсагдахгүй. Гэвч түүний цусыг Би гараас чинь нэхнэ.” Езе 3:16-20

Бурхан биднийг үнэний харуулаар томилж, Бурханы өмнөөс ертөнцийг сэрэмжлүүлэх нэр хүндтэй үүрэг даалгасан. Бурханы үгийг дамжуулах үед Түүний үгийг хүлээн авч, нүглээсээ эргэсэн хүмүүс амийг олох ч, харин тэгж чадахгүй хүмүүс нь эцэстээ авралын боломжийг алдахад хүрэх юм. Өөрөөр хэлбэл сайн мэдээ тунхаглах явцад Бурханы өмнөөс эрх мэдлийг нь хэрэгжүүлэх боломжийг бидэнд олгосон гэсэн үг.

Тиймээс сайн мэдээ тараах үүрэг нь хэн хамаагүй хүнд өгөгдөхгүй, харин Бурханаар батлагдсан хүмүүст л даалгасан гэж айлдсан (1Тес 2:4).

“Хүний хүү! Би чамайг Израилийн гэрт харуул болголоо. Тиймээс чи амнаас минь гарах үгийг сонсоод, Миний өмнөөс тэднийг сэрэмжлүүлнэ. Би буруут хүнд “Буруут чи заавал үхэх болно” гэж айлдах үед чи тэр буруут хүнд замаасаа эргэхийг сэрэмжлүүлэхгүй аваас тэр буруут хүн хилэнцийнхээ дотор үхэх юм. Харин түүний цусыг Би гараас чинь нэхнэ. Харин чи буруут хүнд замаасаа эргэхийг сэрэмжлүүлсэн боловч тэр нэгэн замаасаа эргэхгүй байваас хилэнц дотроо тэр үхнэ. Харин чи амиа аварна.” Езе 33:7-9

Бурхан “Миний өмнөөс тэднийг сэрэмжлүүл” хэмээсэн. Тиймээс тунхаглал нь зүгээр нэг Библийн мэдлэг хуваалцах үйлс биш Бурханы өмнөөс хийх ажил, хувийн мэдлэг чадвараар хийдэг зүйл биш гэдгийг сэтгэлдээ сийлээрэй. Тэнгэрээс хөөгдөж ирсэн хүүхдүүдээ Бурхан дахин тэнгэрийн хаанчлалын замаар хөтлөх гэж ерөөлтэй мэдээ тунхаглаж байгаа нь тунхаглал юм. Бурханы үгийг өмнөөс нь хэлэх тэр мөчид бид нэг сүнсийг амийн зам руу хөтлөх үү, хөтөлж чадахгүй юү гэх маш чухал байр байдалд байх юм.

Хүн төрөлхтнийг аврах энэ ажил бидэнд оногдсон. Яв, бүх үндэстнийг дагалдуулагтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Бурханы тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа гэж тушаасан (Мат 28:19-20). Гэвч аль сүмд Бурхан тушаасан Амралтын өдөр, Алгасал баярыг сахиж, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээж байгаа вэ? Эцэст нь тунхаглалын агуу түүх бол Христийн тушаасныг сахин биелүүлэхийг зааж байгаа Бурханы сүмийн биелүүлэх ёстой үүрэг юм.

Хаанаас тусгай тушаал авч үүрэгт ажлаа биелүүлж байгаа нууц элч шиг бид ч бас Бурханы хүслийг хүлээн авч, нэр хүнд бүхий эрх мэдлээр үхэж буй олон хүнийг аврах чухал үүрэг даалгаврыг биелүүлж байна. Бурханы өмнөөс хийж байгаа сайн мэдээний ажил үүрэгтээ бахархах сэтгэл тээн, олон сүнс гэмшиж Бурхан руу эргэн ирж чадахуйцаар Самари, дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тараах ажилд бүх хүчээ дайчилцгаая.

Сайн мэдээ тунхагласан хүмүүсийн авах ерөөл

Сайн мэдээ тараахаар заримдаа зовлон, хавчлага саадтай учирдаг. Гэвч Бурханы өмнөөс нүгэлтнүүдийг сэрэмжлүүл гэсэн тушаалдаа л биднийг зүтгүүлэх гэсэн юм биш, тэнгэрийн орны хаан тахилч болгохын тулд биднийг сургах гэсэн Бурханы хүсэл бий.

“Би, Бурханы болон амьд ба үхэгсдийг үзэгдэлт ба хаанчлалдаа шүүх Христ Есүсийн өмнө чамд чухалчлан захья. Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр, сургаалаар сэнхрүүл зэмлэ, урамшуул. … чи бүгдэд саруул ухаантай бай, хэцүүг тэвч, сайнмэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцэтгэ. Учир нь би хэдийнээ ундаан өргөл мэт асгагдаад, явах цаг минь иржээ. Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан. Урьд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн байна. Зөвт Шүүгч Эзэн намайг тэр өдөр, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно. … Гэвч Эзэн надтай хамт зогссон бөгөөд тунхаглалыг надаар дэлгэрүүлж бүх харийнханд сонсгохын тулд намайг тэнхрүүлсэн…” 2Тим 4:1-18

Паул элч “Үгийг тунхаглахад үргэлж бэлэн байж, сайн мэдээг дэлгэрүүлэгчийн үйлчлэлээ гүйцэтгэ” гэж сургасан байна. Паул элч өөрөө ч бүх насаараа Бурханы өмнөөс ертөнцийг сэрэмжлүүлэх сайн мэдээ дэлгэрүүлэгчийн амьдралаар амьдарсан. Тиймээс л зөв байдлын титэм өөрт нь зэхэгдсэн гэж эрдэж чадсан хэрэг.

Сайн мэдээний ажил тийм ч амархан биелчихгүй. Нэг сүнсийг гэмшүүлье гэвэл өөрийгөө дорд болгож, тэвчих ёстой. Маш их хичээл зүтгэл хэрэгтэй. Мөн зовох хэрэг ч гарна. Гэвч тийм зовлон дунд биднийг аварсан тэнгэр Эцэг Эхийн золиос, хайрыг илүү гүн ухаарч, бидний итгэл цэвэршүүлэгдэж төгс болох болохоор зовлон байгаа газарт ивээл ерөөл илүү их хүлээж байдгийг мартаж болохгүй ээ.

Бурханы өмнөөс үйлдэх агуу эрх мэдлийг авсан хэрнээ тэр эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байх нь харамсмаар хэрэг юм. Бүх юм цаг хугацаатай. Тогтоосон цаг мөчийг алдчихвал хичнээн сайхан ажил ч ямар ч утгагүй зүйл болж хувирна. Арван охины сургаалт зүйрлэлд мунхаг таван охин нь бэлтгэлгүй байж байгаад сүйт залууг угтан авцгаа гэх чимээ сонсоод л ум хумгүй тос бэлдэх гэтэл хаалга хаагдаж хуримын найрт орж чадаагүй (Ном.Үгс 3:1, Мат 25:1-13). Дэлхий даяар Бурханы үг тунхаглагдаж, Бурханы бүх хүүхдүүдийг хайж олсны дараа л сая нэг ухаарч сайн мэдээний үүргээ одоо л биелүүлье гэвэл ямар хэрэг байх билээ?

Сайн мэдээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн хүмүүст зөв байдлын титэм ба хаан тахилчийн алба зэхэгдсэн байгаа. Мөнхийн тэнгэрийн хаанчлалд орохын өмнө Бурханд илүү олон нүгэлтний гэмшлийг өргөж, баярлуулах боломж өгсөн үед нь хичээцгээе. Хүүхдүүд нь даруугаар Бурхантай хамт сайн мэдээний түүхэнд оролцохыг Бурхан хамгийн их хүсэж, үүнд баярладаг гэдгийг Библи тодорхой хэлж өгч байна. Тэнгэр Эцэг Эхдээ илүү их баяр баясгалан өргөхийн тулд Бурханы өмнөөс ертөнцийг сэрэмжлүүлж, олон сүнсийг гэмшүүлээд хамтдаа тэнгэрийн хаанчлалд хүрэх Сионы гэр бүлүүд болцгооё.