Сүм болгон сайн мэдээ тунхагладаг гэдэг ч сайн мэдээний утга учир нь тодорхойгүй байдаг. Сайн мэдээ гэж юу юм бол?

17,675 үзэлт

Хоёр мянган жилийн өмнө Есүс энэ дэлхийд ирж, биднийг аврахаар тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ тунхагласан. Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг Есүс тунхагласан тул биднийг тэнгэрийн хаанчлал руу хөтлөхийн тулд Есүсийн өгсөн бүх сургаал нь сайн мэдээ гэсэн үг юм.

“Хаанчлалын энэхүү сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ.” Мат 24:14

“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. …” Мат 28:18-20

Сайн мэдээ бол Есүсийн гурван жилийн турш зааж сургаж, жишээ үзүүлсэн зүйл нь юм. Тиймээс аль сүм жинхэнэ сайн мэдээ тунхаглаж байгааг олж мэдэхийн тулд тухайн сүм Библид бичигдсэн ёсоор Есүсийн сургаалыг дагаж байгаа эсэхийг нь харах хэрэгтэй.

Дэлхийн үй олон сүмийн тунхаглаж байгаа сайн мэдээг сонсох юм бол харамсалтай нь Есүсийн тунхагласан сайн мэдээнээс дэндүү ялгаатай байдаг. Учир нь тэд хаанчлалын сайн мэдээний гол цөм болох биднийг нүглээс болон үхлээс чөлөөлөх үнэнг орхигдуулдаг юм.

Нүгэлтнийг авардаг хаанчлалын сайн мэдээ

Сайн мэдээ нь ерөөлтэй мэдээ юм. Хүмүүн бидний хувьд хамгийн ерөөлтэй мэдээ юу вэ? Цаазын ялтай хоригдлуудад хамгийн баяртай сайхан мэдээ бол хэрэг нь уучлагдан цагаадаж, эрх чөлөөтэй болох явдал юм. Сүнсээр бол бид цаазын ялтай хоригдлууд билээ.

Бид тэнгэрт үхэх ялтай дүйцэхүйц нүгэл үйлдээд энэ дэлхий рүү хөөгдөн ирсэн. Тиймд нүгэлтэн бидэнд хамгийн баяртай, ерөөлтэй мэдээ бол тэнгэрт үйлдсэн нүглээ уучлуулж, мөнхийн эрх чөлөөтэй орон болох тэнгэрийн хаанчлал руугаа буцан явж чадах мэдээ юм.

Есүсийн энэ дэлхийд ирж, сайн мэдээ тунхаглах зорилго нь нүгэл ба үхэлд унасан хүн төрөлхтнийг аврах явдал байлаа. Тийм ч учраас Есүс “нүгэлтэн” бидэнд хаанчлалын сайн мэдээ тунхаглаж, гэмшихийг хүссэн шүү дээ.

“… Учир нь Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв.” Мат 9:13

“Тэр цагаас эхлэн Есүс —Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж тунхаглаж эхлэв. … Есүс Галил даяар явахдаа синагогуудад нь зааж, хаанчлалын сайнмэдээг тунхаглаж, …” Mt 4:17–23

Ийнхүү Есүсийн тунхагласан хаанчлалын сайн мэдээ бидний нүглийн уучлалтай салшгүй холбоотой. “Есүс” гэдэг нэр “Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах” гэсэн утгатай байгаагийн учир энэ (Мат 1:21). Хуучин гэрээний үеийн эш үзүүлэгчид хожим Христ хүн төрөлхтнийг нүглийн болон үхлийн боолоос чөлөөлөхөөр энэ дэлхийд ирж сайн мэдээ тунхаглана гэж зөгнөсөн төдийгүй уг зөгнөлүүдийг Есүс Өөрөөр нь биеллээ олсон гэж айлдсан байдаг.

Есүс Өөрийн өссөн хот Назарт ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Бичвэрээс уншихаар бослоо. Түүнд эш үзүүлэгч Исаиагийн номыг өргөн барив. Есүс номыг нээн доор бичигдсэн хэсгийг олоод —Над дээр Эзэний Сүнс байна. Учир нь ядууст сайнмэдээг хүргэхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтад байгсдыг чөлөөлөхийн сацуу, Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой гэж уншаад, номоо хуйлж харгалзагчид эргүүлэн өгөөд, суув. Синагогт байсан бүгдийн нүд Түүнийг ширтэн байлаа. Тэр тэдэнд —Энэхүү Бичвэр өнөөдөр сонсголд тань биеллээ гэж айлдав. Лук 4:16-21

“Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн хэрэг бөгөөд «Тэнгис хүрэх зам дээрх Зебулун нутаг ба Нафталийн нутаг, Иорданы чанад, харийнхны Галил аа, харанхуйд суугч ард түмэн их гэрлийг үзэв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав» гэсэн юм.” Мат 4:14-16

Нүглийн уучлалын гол цөм Алгасал баяр

Зарим хүмүүс өөрсдийгөө боол биш, эрх чөлөөт хүн гэж зүтгэдэг ч энэ дэлхийд амьдарч байгаа бүх хүн нүгэл ба үхлийн боол учир нүглээ уучлуулахгүй л бол тамын галт нуурт орохоос өөр аргагүй.

“Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэв. Тэд хариуд нь Түүнд —Бид Абрахамын удам бөгөөд хэзээ ч хэнд ч боолчлогдож байгаагүй. “Та нар эрх чөлөөтэй болно” гэж Та юунд хэлнэ вэ? гэв. Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол мөн.” Иох 8:32-34

Учир нь нүглийн хөлс нь үхэл, … Ром 6:23

“… Үхэгсэд үйлсийнхээ дагуу энэхүү номд бичигдсэнээр шүүгдэв. … Энэ бол хоёр дахь үхэл буюу галт нуур болой. Мөн амийн номд нэр нь бичигдсэн нь олдоогүй бүхэн галт нуурт хаягдав.” Илч 20:12-15

Бурхан хүн төрөлхтний нүгэл ба үхлээс чөлөөлөгдөх арга замыг хуучин гэрээний сүүдэр болох түүхээр дамжуулан харуулсан. Египетэд боолчлогдож байсан израильчуудыг чөлөөлсөн түүхээр харуулдаг шүү дээ.

Мосегийн үед Бурхан израильчуудыг Алгасал баярын өдөр Египетээс чөлөөлсөн. Бурхан израильчуудыг Алгасал баяр сахихыг тушааж, улмаар тэр шөнөдөө Египетийн бүх уугануудыг цохих гамшиг буулгасан юм. Алгасал баяр сахисан израильчууд гамшгаас зугтаж, Египетээс чөлөөлөгдсөн байна. Алгасал баяр нь тухайн үеийн израильчуудад эрх чөлөө болон чөлөөлөлтийн өдөр байсан юм.

… Энэ нь ЭЗЭНий Алгасал болой. … Шөнө дөлөөр, сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлээд гянданд хоригдогчийн ууган хүүг хүртэл мөн малын бүх ууган төл, Египет газар дахь ууган бүгдийг ЭЗЭН цохилоо. … Дөрвөн зуун гучин жилийн эцэст, яг энэ өдөр ЭЗЭНий хамаг түг түмэн Египет нутгаас гарав. Египет нутгаас тэднийг гаргахын тулд ЭЗЭНий сахиж хоносон шөнө энэ юм. Энэ нь Израилийн хөвгүүн бүхний сахиж хонох, үе уламжлан бэлэгшээх ЭЗЭНд зориулагдсан шөнө юм. Гэт 12:11-42

Библид Есүсийг Мосе шиг нэгэн эш үзүүлэгч гэж гэрчилдэг (Дэд.Хуу 18: 18–19; Үйл 3: 20–23). Бурханы Мосегоор дамжуулан гүйцэлдүүлсэн ажил нь хожим Есүсийн хийх ажлын сүүдэр байв. Есүс шинэ гэрээний үед Мосе шиг эш үзүүлэгч болон ирж, шинэ гэрээний Алгасал баяраар хүн төрөлхтнийг нүгэл ба үхлийн боолчлолоос чөлөөлсөн юм (Евр 3: 5; 10: 1).

Есүс шавь нартайгаа хамт Алгасал баяр сахин бидэнд нүглийн уучлал, мөнх амь амласан.

“Исгээгүй талхны баярын эхний өдөр… Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:17-28

“Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна.” Иох 6:54

Тийм учраас нүглийнхээ улмаас үүрд үхэх заяатай байсан хүн төрөлхтөнд хамгийн ерөөлтэй мэдээ бол нүглийн уучлал болон мөнх амийн ерөөл амласан Христийн Алгасал баяр юм. Алгасал баярын үнэн нь хаанчлалын сайн мэдээний цөм билээ.

Сайн мэдээ ба шинэ гэрээ

Есүс шавь нартайгаа хамт Алгасал баяр сахихыг ихэд хүсэж, Алгасал баярыг шинэ гэрээ хэмээсэн байдаг.

“Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. … Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, — Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.” Лук 22:14-20

Есүсийн тунхагласан хаанчлалын сайн мэдээний гол цөмийг ухаарсан элч Паул өөрийгөө сайн мэдээний үйлчлэгч, бас шинэ гэрээний үйлчлэгч гэсэн байдаг. Тэгж хэлснээрээ тэрээр сайн мэдээ нь шинэ гэрээ гэж гэрчилсэн юм.

“… Энэхүү сайнмэдээ нь тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдаж, Паул би үүний үйлчлэгч болсон билээ.” Кол 1:23

“Тэр биднийг Шинэ гэрээний үсгийн бус харин Сүнсний үйлчлэгчид (шинэ гэрээний үйлчлэгчид-2004 оны хэвлэлт) байх чадвартай болгосон. …” 2Кор 3:6

Христийн сайн мэдээг дагахыг хүсдэг байсан элч Паул үхэх хүртлээ сайн мэдээ тунхаглаж, Аврагч Есүсээс шинэ гэрээний Алгасал баярын талаар сургаал авсан гэдгээ онцолж байжээ.

“Учир нь би та нарт дамжуулснаа Эзэнээс авсан. Чухамхүү баригдсан тэр шөнөө Эзэн Есүс талх аваад, талархал өргөж, хуваагаад “Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд” гэсэн. Тэрчлэн зоогийн дараа мөн аяга авч “Энэ аяга нь Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм. Үүнээс та нар уух болгондоо Намайг дурсаж үүнийг үйлд” гэсэн.” 1Кор 11:23-25

Өөр сайн мэдээ тунхагладаг хүмүүсийн төгсгөл

Энэ хүртэл судалж үзсэнчлэн биднийг нүглээс чөлөөлөх гэсэндээ Есүсийн тунхагласан хаанчлалын сайн мэдээ нь шинэ гэрээний Алгасал баяр юм. Тиймээс сайн мэдээ тунхагладаг сүмд Алгасал баярын үнэн зайлшгүй байх ёстой. Харамсалтай нь эдүгээ үй олон сүм шинэ гэрээг ч мэдэхгүй, Алгасал баярыг ч мэдэхгүй хэрнээ сайн мэдээ хэмээн хашхирдаг.

Христийн сайн мэдээний гол цөм шинэ гэрээний Алгасал баярт байдаг гэж шинэ гэрээний Библийн олон хэсэгт гэрчилдэг ч 2-р зууны дунд үеэс Христийн сайн мэдээ ганц нэгээрээ өөрчлөгдөж эхлэн, улмаар 4-р зууны дунд үед ирээд бүрмөсөн өөрчлөгдсөн юм. Өнөө үед хүмүүс бүр юу өөрчлөгдсөнийг ч мэдэхээргүй болтлоо 2000 жилийн өмнө Есүсийн Өөрийн биеэр зааж сургасан сайн мэдээний ул мөр алга болсон юм. Жишээ нь ихэнх сүмүүд Есүс Өөрөө сахин жишээ үзүүлж, бидэнд тушаасан Алгасал баярыг сахидаггүй, харин нарны бурхны төрсөн өдөр болох 12-р сарын 25-ны өдрийг өргөн тэмдэглэдэг.

Есүсийг Аврагч гэж амаараа хүлээн зөвшөөрсөн ч Есүсийн тунхагласан хаанчлалын сайн мэдээг дагадаггүй хүмүүс сүйрнэ гэж Библи анхааруулдаг. Тиймээс хэрэв Христийн сайн мэдээг гуйвуулж, өөр сайн мэдээ тунхаглан, Христийн сайн мэдээ болох шинэ гэрээний Алгасал баярыг дагахгүй бол шийтгүүлэх нь гарцаагүй юм.

“[Христийн] нигүүлслээр та нарыг дуудсанаас ялгаатай сайнмэдээ уруу та нар ийм түргэн эргэсэнд би гайхаж байна. Өөр сайнмэдээ гэж үгүй. Зарим хүмүүс та нарыг үймүүлж, Христийн сайнмэдээг гуйвуулахыг хүсэж байна. Харин бид ч, эсвэл тэнгэрийн зарлага элч ч гэсэн бидний [та нарт] тунхагласнаас өөр сайнмэдээг тунхаглавал тэрээр хараагдаг.” Гал 1:6-8

“… Эзэн Есүс хүчирхэг тэнгэрэлч нарынхаа хамт тэнгэрээс илчлэгдэх үед амралт өгч, Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайнмэдээг дагадаггүй хүмүүсээс дүрэлзэх галд өшөө авах аж. Тэд мөнх сүйрлийн төлөөсийг төлж, Эзэний оршихуй ба Түүний хүчний алдраас сална.” 2Тес 1:7-9

Энэ мэт сануулга сэрэмжлүүлгийг үл тоон Алгасал баярыг ч сахихгүй, өөр сайн мэдээ аюултай гэдгийг ч мэдэхгүй тэнгэрийн хаанчлалд орохыг тэсэн ядан хүлээж байгаа хүмүүс ертөнцөд их байгаа. 2000 жилийн өмнө Есүсийн тунхагласан амийн үнэнийг мэдэхгүй, улмаар өөр сайн мэдээ дагаж, тэнгэрийн орноос аажим аажмаар холдож байгаа хүн төрөлхтнийг аврахаар Бурхан Өөрөө ирсэн билээ (Езе 34:5-23).

Тэнгэрийн яруу алдраа орхин, биднийг аврахаар энэ дэлхийд хоёр дахиа ирсэн Бурханы золиосын ачаар түүхээс алга болсон шинэ гэрээний сайн мэдээ дахин сэргэж, Алгасал баярын гэрэл хэдийн цацраад байна. Тэнгэрийн яруу алдраа орхин байж өнө удаан хугацаанд Өөрсдийгөө золиосолсон тэнгэр Эцэг Эхдээ мөнхийн талархал, яруу алдар өргөн жинхэнэ сайн мэдээний гэрлийг улам хурдан гэрэлтүүлцгээе.