Сүнсний хүсэлтэй хүн ба махан биеийн хүсэлтэй хүн

23,673 үзэлт

Бурхан үргэлж бидэнд Сүнсний хүсэлтэй байгаарай гэж захидаг. Сүнс бол Бурхан болохоор Сүнсний хүсэл нь Бурханы бидэнд өгөх сэтгэл юм. Мөн Бурхантай сэтгэл нэг байдал аж. Харин Сатан махан биеийн хүсэлд уруу татаж, биднийг сүнсний ажлаас холдуулах гэдэг.

Сайн мэдээний ажлаа эхэлсэн Есүсийг сорихдоо ч Сатан ертөнцийн эд баялаг, нэр алдраар, махан биеийн хүслээр ятгах гэж оролджээ. Харин Есүсийн хариулт нь дандаа Сүнсний хүслийг ухааруулах үгс байдаг (Мат 4:1-10).

Сүнсний хүсэлтэй гэж ямар хүнийг хэлдгийг, махан биеийн хүсэлтэй нь ямар хүн гэдгийг Библиэс тодорхой судалж үзье.

Сүнсээр яв

“Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махбодын хүсэлээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. Учир нь махбод Сүнсний эсрэг хүсдэг, Сүнс махбодын эсрэг хүсдэг юм. Юун гэвээс хүссэн юмсыг чинь хийлгэхгүйн тулд махбод, Сүнс нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ.” Гал 5:16-17

​Энэ үг нь махан биеийн хүсэл их байвал бидэнд жинхэнэ байх ёстой Сүнсний хүсэлтэй болж чадахгүй, харин Сүнсний хүсэлтэй байвал махан биеийн хүсэл зохицуулагддаг гэсэн утгатай сургаал аж. Сүнсний хүсэл болон махан биеийн хүсэл хоорондоо эсрэг тэсрэг. Сүнсний хүсэл оволзох тусам ертөнцийн шуналаас ангижирдаг. Харин махан биеийн хүсэл ихтэй хүн өөрөөр хэлбэл ертөнцийн шунал ихтэй хүн Бурханы ариун хүслийг зөрчихөд хүрдэг.

“Учир нь махбодын дагуух нь махбодынхыг, Сүнсний дагуух нь Сүнсний юмсыг боддог. Махбодын бодол санаа бол үхэл, Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван билээ. Учир нь махбодын бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм. Учир нь энэ нь Бурханы хуульд захирагддаггүй бөгөөд тэгж чадах ч үгүй. Махбодынхоор байгсад Бурханд таашаагдаж чадахгүй…” Ром 8:5-8

Махан биеийн хүсэл ихтэй хүн сүнслэг ажилд сонирхол байдаггүй. Тийм хүн махан биеийн ажлыг, харин Сүнсний хүсэл их хүн сүнсний ажил боддог. “Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурынх, харин үл үзэгдэх юмс мөнх билээ (2Кор 4:18)” гэсэн болохоор бидэнд байх ёстой зүйл бол Сүнсний хүсэл билээ.

​Тэгвэл яавал Сүнсний хүсэлтэй байж чадах вэ? Нэг үгээр хэлбэл сэтгэлээ дорд болгох нь үүний хамгийн гол үндэс гэж хэлж болно. Сэтгэлээ дорд болгож чадахгүй бол дотор нь Сүнсний хүсэл оршишгүй.

Дорд болох үед бий болдог Сүнсний хүсэл

Исаиа 14-р бүлэгт Вавилоны хааны өмнөх амьдралын талаар тэмдэглэсэн байдаг. Тэрээр тэнгэрт байхдаа “Үүрийн хүү, гялбаат цолмон” гэсэн яруу алдрын байр сууринд тэнгэр элч байв. Гэвч бардамнаснаас Бурханы яруу алдрын сэнтийг хүртэл булаахаар шунахайрч байлаа. Ухаан бодолдоо ихэрхүү байсны улмаас түүний сэтгэл Сүнсний хүслээр биш махан биеийн хүсэл, эдийн шуналаар дүүрчихжээ. Эцэст нь Бурханы эсрэг тэрслээд, энэ газар дэлхий рүү хөөгдөх золгүй тавиланг өөртөө дуудсан байна.

Хүн төрөлхтөн бүгдээрээ яг ийм л бардам сэтгэл өвөрлөөсэй гэж Сатан хүсэж байгаа. Бурхан энэ газарт ирээд “үйлчилдэг Нэгэн” болж Өөрийгөө дорд болгосон. Бид бас бүх зүйлд хандахдаа өөрийгөө дорд болговол Бурханы сэтгэлтэй байж чадна. Харин бардам сэтгэл тээн бусдыг дорд үзэж хандвал бидэнд Сатаны сэтгэл шургална.

“Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдоо ч бүү ихэрх. Харин төлөв даруу байхыг эрхэмлэ. Өөрөө өөрийгөө ухаалаг бүү болго. Хэнд ч хэзээ ч мууг муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай. Та нарын зүгээс боломж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун.” Ром 12:16-18

Ухаан бодолдоо ихэрхэх үү, төлөв даруу байх уу гэдгээс хамаарч махан биеийн хүсэлтэй хүн болох уу, Сүнсний хүсэлтэй хүн болох уу гэдэг нь шийдэгдэнэ.

“Understand” гэдэг англи үг “ойлгох” гэсэн утгатай. Энэ нь “under” ба “stand” гэсэн хоёр үгийн нийлбэр бөгөөд “under” нь доор, “stand” нь зогсох гэсэн утгатай. Аливаад доор зогсон хандвал ойлгохгүй зүйл гэж гарахгүй. Энэ тэр хүний байдлыг бүгдийг нь ойлгоно.

Хэрэв бид дээр зогсвол доор байгаа нэгнийг ойлгохгүй. Англи хэлний “look” гэдэг үг харах гэсэн утгатай. “Look down” гэдэг үг “дээрээс харах” гэсэн үндсэн утгаас гадна “дорд үзэх, үл тоох” гэсэн утга илэрхийлдэг. Харах гэсэн утгатай хэрнээ доош харж байгаа болохоороо дорд үзэж, үл тоох гэсэн утга болчихдог байна. Хүн өөрийгөө дээгүүр тавьж аливаа зүйлийг харвал бүгдийг нь дорд үздэг болчихдог.

“Look down”-н эсрэг үг нь “look up” буюу дээш харах гэсэн утгатай үг. Энэ үгэнд хүндэтгэх, дээдлэх гэсэн утга агуулагддаг. Өөрөө доор нь байж аливаа зүйлийг, бас бусад хүнийг дээр тавьж харвал Бурханы бүтээсэн орчлон ертөнцийн түмэн бодисыг бүгдийг нь хүндэтгэн харна. Ямар ч хэрэг явдал, ямар ч хүний байдлыг цөмийг нь ойлгох болно.

Махан биеийн хүсэлтэй хүмүүс үргэлж өөрийгөө өндөрт тавьдаг. Сэтгэл нь ихэмсэг байгаагийн учир бүх юмыг дорд болгож хардаг. Өндөрт зогсож байгааг хэлэх үү юм бүхэн намхан харагдана. Тэгэхэд өөртэй нь хүндэтгэлтэй хандсангүй гэдгээс дургүйцэж, гонсойж, гомдол үүсдэг байна.

Тиймээс Сүнсний хүсэлтэй байх арга нь доор зогсох явдал. Дээр зогсохыг хүсвэл Үүрийн хүү гялбаат цолмон шиг сүйрлийн зам руу орох учраас Бурхан биднийг доор зогсоорой гэж айлдсан юм.

Сүнсний хүсэлтэй байсан Абрахам

Сүнсний хүсэлтэй байсан хүмүүсийн төлөөлөгч бол итгэлийн өвөг Абрахам. Абрахам ач дүү Лоттойгоо хөрш зэргэлдээ амьдардаг байхдаа тэд тус тусын эзэмшил боолуудтай, малтай байв. Анхандаа малаа хаашаа ч бэлчээрлүүлсэн зөрчилдөөн гардаггүй байжээ. Харин газар нутаг нь хязгаарлагдаж, жил ирэх тусам мал сүрэг нь өсмөгц Абрахам, Лотын малчид өөр өөрсдийн мал сүрэгтээ эхэлж ус уулгаж, өвс идүүлнэ гээд тэдний дунд маргаан үүссэн байна. Иймд Абрахам Лотыг дуудан хүсэлт тавьжээ.

“Абрам (Абрахам), Лотод —Бид ахан дүүс. Чи бид хоёрын хооронд бас танай манай малчдын хооронд маргаан бүү байг! Чиний өмнө энэ бүх газар байгаа биш үү? Чи надаас салж яваач. Хэрэв чамайг зүүн тийшээ явбал би баруун тийшээ явъя. Хэрэв чамайг баруун тийшээ явбал би зүүн тийшээ явъя гэв. Лот хараагаа өргөн, Зоар хүртэлх Иорданы талыг бүх газартаа элбэг устай, ЭЗЭНий цэцэрлэг шиг мөн Египетийн нутаг шиг байхыг харав. Учир нь энэ нь Содом, Гоморра хоёрыг ЭЗЭН устгахаас өмнө байв. Тиймээс Лот Иорданы тал хөндийг бүхлээр нь өөртөө сонгож, Лот зүүн тийш нүүжээ. Ийнхүү тэд бие биенээсээ салцгаав. Абрам Канаан нутагт амьдран сууж, Лот талын хотуудын дунд сууж, майхнаа нүүлгэн Содомын ойролцоо босгожээ.” Эхл 13:8-12

Үүнээс бид Сүнсний хүсэлтэй хүний сэтгэлийг харж болно. Абрахам гэр дотроосоо хамгийн том нь, өндөр настай нь байсан хэрнээ эхэлж ач дүүгээрээ сайн газар сонгуулдаг. Лот усаар элбэг, бэлчээр сайтай Содом, Гоморраг сонгож, харин Абрахам харахад арай тааруувтар нутгийг сонгожээ. Гэвч тухайн үед сайхан харагдсан Содом, Гоморра нутаг хожим нь Бурханаар хараагдав. Харин Абрахамын сонгосон Канаан нутгийг Бурхан ерөөж, түүнд болон үр удамд нь үүрдийн өмч болгон өгчээ (Эхл 17:8, 19:24-29).

Абрахам өөрөө доор зогсоод, ач дүүгээ дээр тавьдаг. Гэр доторх эрэмбэ дараагаар нь авч үзвэл Абрахам сайн газрыг нь авлаа ч Лот зүгээр л дагах ёстой байж. Тэгсэн ч Абрахам Лотод эхэлж сонгох эрх өгөөд, сайхан нутагт суулгадаг. Сүнсний хүсэлтэй хүн энэ мэт үргэлж өөрийгөө доор тавьдаг.

Мал сүрэг нь өсөж олширсноос зөрчил бий болсон ч Абрахам Лотод сайн зүйлээр буулт хийн асуудлыг эвээр зохицуулсан шиг сайн мэдээ хөгжиж Сионы гэр бүл олширч байгаа өнөө үед түрүүнд орж ирсэн гэр бүлүүд тэр тусмаа Абрахам шиг Сүнсний хүсэлтэй байх хэрэгтэй юм. Яг энэ агшинд нүдэнд сайхан харагдаж байгаа түр зуурын ашиг хонжоонд татагдахаас илүү Сүнсний хүсэл мөрөөдөлтэй байж, ах эгч дүү нартаа сайн зүйлээр буулт хийх хэрэгтэй. Ингэхэд илүү том ерөөл ирдэг. Сүнсний хүсэлтэй хүн үргэлж өөрийгөө дорд болгож, бусдад сайн зүйлээр буулт хийдэг. Хариуд нь Бурхан түүнд илүү том ерөөл өгдгийг санаж явах хэрэгтэй.

Сүнсний хүслийг биелүүлдэг хайрлах ёсон

Өнөө үед Сионы хүүхдүүд усны урсгал шиг Сион руу түрэн орж ирж байна. Махан биеийн хүсэл тээн амьдарч байсан гэр бүлүүд маань Сионд орж ирээд ертөнцийн хирнээсээ салж, цэвэр болохыг хичээж байгаа. Тэгвэл түрүүлж ирсэн бид өөрсдийнхөө дотрыг Сүнсний хүслээр дүүргэн, тэдэнд ивээлтэй жишээ их үзүүлж, тэднийг зөв замаар газарчлах хэрэгтэй шүү дээ.

Гэртээ байхдаа ч, сүм дээр байхдаа ч ямагт доор нь зогсож байгаарай. Доор зогсвол нөхрөө ч ойлгоно, эхнэрээ ч ойлгоно, хүүхдүүдээ ч ойлгоно. Бие биенээ ойлгодог, нэг нэгэндээ халамжтай гэр бүл баяр хөөр, аз жаргалаар бялхан, амар тайван амьдардаг. Бид Сүнсний хүслийн дагуу, Бурханы үгийн дагуу амьдарч гэмээнэ гэртээ ч, сүм дээр ч тэнгэрийн хаанчлал бий болгож чадна.

Гэвч өөрийгөө өндөрт тавьбал бусдын үг, үйлдлийг ойлгохгүй. “Яагаад ингэж чаддаггүй юм бол?”, “Юунд надад ингэж хандсангүй вэ?”, “Яагаад байдлыг ийм болгочихов?” гэж юм болгонд дургүйлхэж, ямагт маргаан өдөөдөг. Бүхий л зүйлд гагцхүү өөрөө л дээр нь байх гээд байвал бид хэрхэн нэг болж чадах билээ?

Бүхий л сансар огторгуйд хамгийн дээр нь Залрагч Бурхан биднийг аврахын тулд махан биеийн төрхөөр энэ газарт ирээд, хамгийн дорд Нэгэн болж бусдад үйлчлэх ёсыг биечлэн жишээ үзүүлсэн билээ. Бид ч бас ийм л сэтгэлээр бусдыг хүндэлж, халамжилж, нэгэндээ үйлчлэх хэрэгтэй. Алдагдсан тэнгэрийн ах эгч дүүгээ хайхад хамаг хүчээ дайчлан, хайж олсныхоо дараа сайтар халамжилж, хамтдаа авралд хүрэхийн тулд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй юм. Ингэх нь Сүнсний хүсэлтэй хүмүүсийн төрх, Бурхан зааж мэдүүлсэн авралын арга хэлбэр аж.

Энэ бүхнийг нэг болгож багцалбал “хайр” юм. Хамгийн агуу нь хайр мөн. Бурхан хайр болохоор тэнгэрийн яруу алдраа орхин энэ газарт ирээд Өөрөө дорд болгон бидэнд үйлчилсэн. Бас бидний нүглийн оронд загалмайн ачааг хүртэл үүрсэн шүү дээ.

“Хэрэв би хүмүүсийн болон тэнгэрэлч нарын хэлээр ярилаа ч надад хайр үгүй бол би хий нүргэлэх харанга, хангинах цан аж. Хэрэв би эш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр үгүй бол би юу ч биш. Хэрэв би бүх өмч хөрөнгөө тараан өгч, биеэ шатаахаар тушаасан ч надад хайр үгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм. Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. …” 1Кор 13:1-4

Бурхан бидэнд “Бие биенээ хайрлагтун” гэсэн шинэ тушаал өгсөн (Иох 13:34). Нэг нь л байнга хайрлаж, нөгөө нь байнга хайрлуулаад байх биш шинэ гэрээн дотор бүгд харилцан нэгнээ хайрлах учиртай. Хайр тэвчээртэй, энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй, агсганадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй. Ганцхан өөрийгөө л өндөрт тавиад байвал Библид тоочсон хайрын дээрх чанаруудаас нэгийг нь ч биелүүлж чадахгүй юм.

Бурхан бидэнд тэнгэрт нүгэл хийсэн нүгэлтэн байсан гэдгийг минь ухааруулж, “Дорд бай, гэмш”, “Ухаан бодолдоо ч бүү ихэрх. Харин төлөв даруу байхыг эрхэмлэ” гэж олон удаа захисан. Эдгээрийг хэрэгжүүлэх үед бид энэ газарт ч тэнгэрийн хаанчлал бий болгож чадна, мөнхийн тэнгэрийн хаанчлалд ч хүрч чадна.

“Найдвараа хүлээн зөвшөөрснөө гуйвалгүй бат баримталцгаая. Учир нь Амлагч нь итгэмжит билээ. Хайр болон сайн үйлсийг бадраахын төлөө нэг нэгнээ анхаарч, хамтран цуглахыг умартан зуршил болгосон зарим хүмүүсийг үл дагаж, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусмаа бие биенээ улам илүү зоригжуулъя.” Евр 10:23-25

Хэрэв бид доор зогсохгүй бол бие биенээ халамжилж чадахгүй. Дээр зогсоход “Бүгд л надад үйлчлэх ёстой байхад би яагаад гэр бүлүүдийг халамжлах ёстой гэж?” хэмээн бодно. Доор нь зогсвол бүх хүнийг ойлгож чадна, хайрлаж ч чадна. Ийм л байрлалд байж гэмээнэ бие биенийхээ төлөө өөрийгөө золиосолж, бас үйлчилж чадна.

Итгэл дотор байхдаа ах эгч дүү нар бие биенээ халамжилж, хайрлах хэрэгтэй. Мөн Бурханы өгөх хайрыг л гагцхүү хүртэх бус, өөрсдөө ч бас Бурханыг тэр хэрээр хайрлах ёстой юм. Сүнсний хүсэл өөрөөр хэлбэл Бурханы хайр бидний сэтгэлд бялхаж байх үед л үзэсгэлэнтэй үр жимс гаргадаг.

Эрхтнүүд нь бие биедээ адилхан халамжтай байх юм

​Бурханы орших Сион нь орж ирсэн хүн бүр тайтгардаг, ерөөл авдаг ивээлийн газар билээ. Бүгдээрээ Сүнсний хүслээр дүүрэн Сионы хүүхдүүд болоод, Бурхан бидэнтэй хамт оршдог гэдгийг зөвхөн Библийн үгээр л биш үйлсээрээ ч бас бүх хүнд харуулдаг байцгаая.

“Бүхэл бие нүд байсан бол сонсгол нь хаана байхсан билээ? Бүхлээрээ сонсгол байсан бол үнэрлэхүй нь хаана байх билээ? Харин эдүгээ Бурхан Өөрөө хүссэнчлэн эрхтэн тусбүрийг биед байрлуулжээ. Хэрэв бүгдээрээ нэг эрхтэн байсан бол бие нь хаана байх билээ? Харин эдүгээ олон эрхтэн байдаг ч нэг бие байна. Нүд “Чи надад хэрэггүй” гэж гарт эсвэл толгой “Та нар надад хэрэггүй” гэж хөлд хэлж чадахгүй юм. Бүр мөхөс мэт санагдах эрхтэн харин ч биед илүү хэрэгтэй байдаг. Бидэнд тийм ч эрхэм биш санагддаг биеийн эрхтнүүдээ бид илүү эрхэмлэн хувцасладаг бөгөөд хүндлэлгүй харагддаг эрхтнүүддээ илүү хүндэтгэлийг үзүүлдэг. Бидэнд хүндэтгэлтэй харагдах эрхтнүүдэд энэ нь хэрэггүй аж. Харин Бурхан биеийг ийнхүү нэгтгэсэн бөгөөд дутмагдуу эрхтнүүдэд илүү эрхэмлэл өгдөг. Ингэснээр биед хагарал үгүй, харин эрхтнүүд нь бие биендээ адилхан халамжтай байх юм. Нэг эрхтэн нь зовбол бүх эрхтэн хамт зовно. Нэг эрхтэн нь алдаршвал бүх эрхтэн хамт баярлах болно. Эдүгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа эрхтнүүд нь юм.” 1Кор 12:17-27

Анхны сүмд ч гэсэн хааяа нэг маргаан дэгдэх үе гарч байжээ. Авралын ивээлд төгс талархаж чадахгүй хүмүүс махан биеийн хүсэл өвөрлөн, өөрсдийгөө өндөрт залж, бусдыг дорд үздэгээс гомдол дургүйцэл, байр суурийн төлөөх хагарал, маргаан үүсдэг байна.

Сүмд ч Бурхан хүн тус бүрд оноож өгсөн үүрэг, эрэмбэ дараалал гэж бий. Бид Христийн бие бөгөөд тус тусдаа эрхтнүүд нь юм. Хэрвээ хөл “Би дандаа л шалан дээр байдаг” гэж гомдоллоод толгой өөд гарчихвал юу болох бол? Хөл нь хөлнийхөө байрлалд, нүүр нь нүүрнийхээ байрлалд байж л үзэсгэлэнтэй. Эрхтэн бүр дээшээ гарах гэж тэмүүлээд өөрсдийн байх ёстой байрлалаасаа шилжчихвэл бүтэн биеийн тэнцвэр алдагдаж, эрхтэн дутуу мэт болно гэсэн үг. “Бүгд элч нар уу? Бүгд эш үзүүлэгчид үү? Бүгд багш нар уу?” гэсэн Паул элчийн үг яг үүнийг хэлж байна (1Кор 12:28-30).

Махан биеийн хүсэлдээ хөтлөгдөн цол хэргэм, албан тушаал горилж хөөцөлдөхөөс илүүтэй Сүнсний хүслээ даган илүү олон гэр бүлийг ерөөл авахуйцаар Бурханы үгээр хөтлөн, бүрэн үйлчилдэг байх хэрэгтэй. Ажил хийдэг нь хамт олондоо, сурдаг нь сургууль дээрээ, гэрийн эзэгтэй нар ар гэрийнхэндээ, хөршдөө, Бурхан аль ч байр сууринд оноож өгсөн хүн тус бүр сайн мэдээний үүргээ биелүүлж чадна. Христийн эрхтний хувьд цаг үргэлж Сүнсний хүсэл өвөрлөн, хоорондоо нэгдэж, Бурхан хаашаа ч хөтөлсөн дагахыг та бүгдээс хүсье.

Бүү ихэрхээрэй. Хэрэв зүрх сэтгэл ихэрхэх юм бол тэр даруй махан биеийн хүсэлд сэтгэлээ булаалгаж, эцэст нь Бурхантай өстөн болно. Тэнгэрийн нүгэлтэн байсан гэдгээ мартаж болохгүй. Биднийг хүүхдээ болгон Сионд байлгасан Бурханы ивээлд үргэлж талархаад, өөрийгөө илүү дорд байлгаж, бие биетэйгээ нэгдэн, Христийн эрхтэн болохынхоо хувьд үүргээ бүрэн гүйцэтгэхэд хүчин зүтгэцгээе. Сүнсний хүсэл тээн, илүү их буулт хийн, уучлан тэвчиж, алдагдсаныг хайх ажилд хүчээ дайчлан, олсон гэр бүлүүдээ сайн халамжилж, бүгд хамтдаа авралын замаар алхах Сионы гэр бүлүүд болохыг хүсэж байна.