Таны таалал тэнгэрт шигээ газарт бас биелтүгэй

9,587 үзэлт

Сайн мөс чанар, сайн үйлс бол Бурханы хүүхдүүдэд байх ёстой үндсэн ёс журам. Бурханы өдөр ойртох тусам Бурхан биднээс ариун байдал ба итгэл сүсэг бүхий амьдралаар амьдарч, үнэн гэмшилд хүрэн, тийнхүү хэн нь ч мөхөлгүй, бүгд тэнгэрийн хаанчлалд ороосой гэж хүсдэг (1Пет 3:16-17, 2Пет 3:8-13, 3Иох 1:11).

Бид нэгэнтээ л хорон муу, завхай үеийнхэнтэй амьдарч байгаа учраас олон хүн хорон муу зүйлсийг мэдрэхгүй, муу муухайд дурладаг. Харин Бурханы ард түмэн энэ үеийнхний явдалд нийцэж болохгүй (Ром 12:2). Бурханы үгнээс бүрэн хэрэгжүүлээгүй зүйл одоо хэр нь байгаа бол өөрсдийгөө сайнаар өөрчилье. Та бүхнийгээ тэнгэрийн хаанчлалд хангалттай орох хэмжээнд Библийн сургаалын дагуу л амьдраасай гэж хүсэх байна.

Нэгэн эхийн сургаал ба “Мундаг ээж” шагнал

Сайн ном сүнслэг баяр хөөр, ашиг тус ихтэй байдаг. Доторх гоё хүүрнэлийг нь унших тусам тэр хэрээр баяр хөөр, ашиг тус мэдрэгдэнэ. Өнөө үед хүмүүс ер нь л “Хиллинг (эдгэрэл)” гэж их ярих болсон. Бурхан шархалсан сүнснүүдийг эдгээж, хаашаа явж байгаагаа мэдэхгүй, зорилгогүй хэрэн тэнүүчилж байсан хүмүүсийг Библийн сургаалаар зөв замд хөтөлдөг. Бурханы сургаалыг хүлээн авсан Бурханы хүүхдүүд сургаалд сэтгэл нь хөдөлж, тэдгээр сургаалаас ухаарснаа бичвэр болгодог төдийгүй тэрхүү бичвэр хүүрнэлийг нь уншаад бид ч мөн их зүйл ухаарч авдаг.

Түүвэр эссэ бүхий “Ээж ээ, та байгаа болохоор бид жаргалтай” хэмээх номонд “Мундаг ээж шагнал” нэртэй нэг нийтлэл гардаг. Уг эссэг бичсэн сурагч сургуулийн өглөөний арга хэмжээн дээр ээжийгээ “Мундаг ээж” шагнал авч байхыг нь харжээ. Хүүхдээ бусад хүүхдэд үлгэр дуурайл болохуйц зөв замаар өсгөж хүмүүжүүлсэн гэж энэ шагналыг олгосон гэнэ. Найз нөхдөө бишрүүлж, атаархуулж байсан тэрээр өөрийгөө “бусдад үлгэр жишээ сурагч” байсан юм байна гэх бодолдоо хөөрцөглөв. Гэртээ буцаж ирээд тосгоны эмэгтэйчүүдэд магтуулсан ч тэд “Хүүхдээ зөв хүн болгон өсгөжээ” гэцгээн, өөрөөс нь илүү ээжид нь анхаарал тавихад гэнэт урам нь хугарсан байгаа юм. Өөрийнх нь сайнд л ээж нь шагнуулсан байх гэж бодох тэр агшинд ээж нь харин охиндоо бүх гавьяаг өгч, охиноо сайн өсөж хүмүүжсэнд талархан, “Охин маань л сайн байсан болохоор энэ” гэв.

Тэгэхэд нь л өнөөх сурагч охиноо л магтуулахыг хүсэж, охиноо л баярлуулах гэсэндээ өөрийнхөө баяр хөөрийг ч ил гаргахгүй байгаа ээжийнхээ сэтгэлийг ойлгожээ. Үлгэр жишээ сурагч гэж магтагдсан нь бүгд ээжийнх нь хайр байсныг ч ухаарсан байна. Тэр явдлаас үүдэн тэрээр “Бурхан бидэнд магтаал, яруу алдар өгнө гэж амласан. Энэ нь тэнгэр Эх маань цаг үргэлжийн хайр, зүтгэлээрээ биднийг өсгөж хүмүүжүүлж байдаг учраас далдаас дэмждэг Эхийн хичээл зүтгэл, золиосоор л боломжтой юм байна” гэсэн бүр том ухаарал олж авсан байгаа юм. Биднийг удирдан чиглүүлдэг тэнгэр Эхийгээ хамгийн түрүүнд бодож, сайн үйлсээрээ хэзээ ч, хаана ч Бурханы яруу алдрыг гаргах шийдвэр гаргаад түүний нийтлэл төгсдөг.

Богино түүх хэдий ч бидэнд гүн сэтгэгдэл үлдээж гэж санаж байна. Хүүхдийнх нь сайн үйлс ээждээ “Мундаг ээж” шагнал авчирсныг, мөн охиных нь сайн үйлс хийх сэдэл ээжийнх нь сургаалд байдгийг ухааруулж байна гэлтэй. Энэ нийтлэлд охин өөрийнх нь сайнд л ээжийгээ шагнал авсан гэж бодож байгаад сүүлдээ ар гэрээ гэх ээжийнх нь сургаал заавар, хүчин зүтгэл нь түүнийг өнөөдрийн тийм хүн болоход суурь болж өгчээ гэдгийг ухаарсан байна шүү дээ.

Хүүхдүүдээ сайн үйлс хийх сэдэл төрүүлдэг нь ээжийн сургаал байдаг. Тиймд “Мундаг ээж” шагнал бол нээрээ л ээжийнх нь хүртэх ёстой шагнал мөнөөсөө мөн. Үүнийг сүнслэг талаас нь авч үзээд, Эхийн сургаалын дагуу энэ ертөнцөд илүү зөв шударга, илүү сайн сайхан амьдрах хэрэгтэй. Хэрвээ бид хүмүүсийн болон тэнгэр элчийн өмнө сайн үлгэр жишээ үзүүлэхгүй бол хэрхэн Эхдээ “Мундаг Эх” шагнал авчрах билээ дээ.

Үүнийг уншаад би энэ түүхийг бичсэн итгэгч сургууль дээрээ ч, гэртээ ч үлгэр дуурайлтай, зөв шударга, хүн бүрийн хүсдэг жишгээр биеэ авч явдаг байсан байх нь гэж бодож байна. Түүн шиг хэрвээ бид Эцэг Эхийн өгсөн Библи дэх бүх сургаалыг хэрэгжүүлж, сайн сайхан, зөв шударга амьдралаар амьдарвал сүнсээр Эхдээ “Мундаг Эх” хэмээх шагнал хангалттай өргөн барьж чадна.

Тэнгэрт бузар мууг ялсан Бурханы таалал газарт бас биелтүгэй

Есүс 2000 жилийн өмнө энэ дэлхийд ирэхдээ хайртай шавь нартаа “Бурханы таалал тэнгэрт шигээ газарт бас биелтүгэй” (Мат 6:9-10) хэмээх утга агуулсан “Эзэний залбирал” зааж өгсөн байдаг.

Бурхан тэнгэрт олон зүйл биелүүлсэн. Тэдний нэг нь Илчлэл номонд гардгаар Бурхан бузар мууг зайлуулж хөөсөн үзэгдэл юм. Тэнгэрт дайн болж, луу болон түүний тэнгэр элч нар тулалдаад, тэнгэрт байх газар олдоогүй тул тэд дэлхий рүү хаягддаг (Илч 12:7-9).

Бурханы хүсэл таалал тэнгэрт биелж байсан шигээ энэ газарт бас биелэхийг бид хүсдэг. Үүний тулд энэ газарт Бурханы хүслийг хүлээн авсан Бурханы хүүхдүүд бид энэ газарт бузар мууг үгүйсгэж, ялъя гэвэл Бурханы тэнгэрт үйлдсэнтэй адил хичээл зүтгэл гаргах ёстой.

Бурхан хүүхдүүд бидэндээ “ертөнцийн гэрэл, давс” болохыг сургасан.

“Та нар газрын давс. Хэрэв давс амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох вэ? Энэ нь гадагш хаягдаж, хүмүүсийн хөл дор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болохгүй. Та нар ертөнцийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна. Хэн ч дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.” Мат 5:13-16

Есүс бидэнд зааж өгсөнчлөн харанхуйг ялдаг ертөнцийн гэрэл, ертөнцийг цэвэр болгох давс болцгооё. Бид энэ газрын амьдралдаа тэнгэр Эцэг Эхийнхээ сайн сургаалыг амьдрал дээрээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгж гэмээнэ ертөнцийн бүх хүн, тэр бүү хэл тэнгэр элч нар болон тэнгэрийн сүнслэг оршихуйнууд ч Елохим Бурханд яруу алдар өргөн, тэнгэр Эцэг, тэнгэр Эх маань “Мундаг Эцэг”, “Мундаг Эх” хэмээх шагналыг гардан авах юм.

Тэнгэр Эцэг Эхийн сургаалын дагуу бид үйлсээрээ бусдад үлгэр жишээ үзүүлж, зөв шударга амьдралаар амьдарч байгаа билүү гэдгээ эргэн нэг шалгацгаая. Энэ дэлхийн бүх хүн муруй замаар явсан ч Сионы ард түмэн бид Библийн сургаалыг даган, биднийг зөв шударгаар сургаж байгаа Эхийн сургаалыг бүрэн хэрэгжүүлэх учиртай.

“Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй. Хэн үүнийг ойлгож чадах билээ? ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж, цээж дотрыг шалгадаг нь хүн бүрд замуудынх нь дагуу, үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.” Иер 17:9-10

Бурхан хүн бүрд замуудынх нь дагуу, үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгнө гэж айлдсан байна. Бидний үг, үйлдэл нэг бүр маш чухал. Бид христчин хүний хувьд сайн үйлсээрээ, мөн Елохим Бурханд итгэдэг Бурханы хүүхдүүдийн хувьд зөв шударга үйлсээрээ тэнгэр элч нарт болон сансар огторгуйн бусад бүх сүнслэг зүйлд үлгэр дуурайл болж, тэнгэр Эцэг Эхээ алдаршуулах ёстой. Хүүхдийнх нь үлгэр жишээ амьдрал, үйлс үйлдлийг хараад сайн хүн болгож хүмүүжүүлсэн ээжид нь шагнал гардуулсан гэх уг нийтлэлийг бичигч шиг байхыг хичээцгээе.

Бурхан бидний зүрх сэтгэлийг эрэлхийлж, бидний бүх бодлыг мэддэг. Сайн сайхан бодол, зөв шударга амьдрах гэсэн хичээл зүтгэл, хүч хөдөлмөр гээд юм бүхнийг мэддэг болохоороо л Бурхан хүн нэг бүрд үйлсийн маань дагуу, замуудын маань дагуу шагнал өгөх гэсэндээ бидний зүрх сэтгэлийг эрэлхийлж, цээж дотрыг маань шалгадаг гэсэн байна.

“Би ариун учраас та нар ариун байгтун”

Өнөө үед ертөнцийн олон хүн зөв зүйтэй замаар амьдардаг нэгнийг “мунхаг” гэдэг. Харин ийм хүн бол огт мунхаг биш. Биднийг тийм хүмүүсийн буруу үгэнд мэхлэгдэж болохгүй гэж Библи сургадаг. Бид бол ертөнцийнхний үгийг сонсдог “ертөнцөд харьяатай хүмүүс” биш, харин Бурханы үгэнд итгэж түшдэг Бурханы харьяатууд ба Бурханы хүүхдүүд билээ (Иох 15:19, 8:47 үзэх).

“[Ах дүү нар аа,] би өдөр бүр үхдэг. Бидний Эзэн Есүс Христэд миний бахархал болдог та нарын талаарх бахархлаар би баталъя. Би Ефест зэрлэг араатнуудтай, хүний хувьд л тэмцэлдсэн бол надад ямар ашиг байсан бэ? Хэрэв үхэгсэд амилуулагдахгүй л юм бол “Маргааш бид үхэх юм чинь идэж ууцгаая!” Бүү мэхлэгд. “Аягүй муу нөхөрлөөн аятай ёсзүйг ялзалмуй.” Та нар зөв ухааралд ир. Нүгэл үйлдэхээ боль. Учир нь заримд нь Бурханы тухай мэдлэг алга. Би та нарыг ичээх гэж үүнийг хэлж байна.” 1Кор 15:31-34

Хэрвээ бид аятай ёс зүйг ялзлах аягүй муу нөхөрлөөнийг дагавал эцэстээ тэдэнтэй хамт там руу чиглэн алхана. Бурхан бидэнд мөнх амийн ерөөл өгөхийг, мөнхийн тэнгэрийн хаанчлалд хэзээ ч алга болохгүй, үеийн үед үүрд үргэлжлэх хаан тахилч болгохыг хүсэн, биднийг тэгж их хайрладаг билээ. Тиймээс Бурхан биднийг ертөнцийн хүмүүсийн худал хуурмаг үг сонсохыг, эсвэл яг бидний өмнөх амтлаг урхидалтанд анхаарал хандуулахыг хүсдэггүй.

Тиймээс л Библи биднийг аягүй муу нөхөрлөөнд бүү хуурт гэж айлдсан. Тэд аятай ёс зүйг ялзалж, биднийг төөрөгдүүлэхээр урхиддаг. Тиймэрхүү үгийг сонсдог хүн амьдралдаа огт сайн үр дүнд хүрэхгүй гэж Библид харуулсан байна.

“Тиймээс та нар оюун санаагаа үйлдэлд бэлтгэж, эрүүл ухаантай байж, Есүс Христийн илчлэл дээр та нарт өгөгдөх нигүүлсэлд найдвараа бүрэн тавь. Дуулгавартай хүүхдүүдийнхээ хувьд, мэдэхгүй байхад чинь та нарт байсан урьдын хүсэл тачаалдаа бүү нийцүүл. Харин та нарыг дуудсан Ариун Нэгэний адил өөрсдийн бүх л зан байдалдаа бас ариун байгтун. Яагаад гэвэл “Би ариун учраас та нар ариун байгтун” гэж бичигдсэн юм.” 1Пет 1:13-16

Библид гарч байгаа бүх сургаал бидний мөнх амь болон авралын төлөө бидэнд өгсөн Эцэг Эхийн маань сургаал биш үү? Библийн 66 номонд бичигдсэн ямар ч үг хөнгөн хуумгай хандах, авралтай холбоогүй зүйл огт биш ээ. Зарим чинь “Энэ дэлхий дээр зөв шударга амьдрах тэнгэрийн орон явах хоёр хоорондоо ямар хамаатай юм?” гэж бодож байж мэднэ. Энэ нь үнэндээ тэнгэрийн хаанчлалд хамаатай. Бурхан ариун байдгийн адил бид хийж буй бүх зүйл дээрээ ариун байх ёстой гэдэг нь авралын маань төлөөх Бурханы хүсэл юм.

Сайн үйлсээрээ Бурханаа алдаршуул

Энэ өнцгөөс өөрсдийгөө эргэн харж, гэр бүл, айл хөрш, бидэнд ойр дотно бусад хүмүүсээ хараад, тэдэнд бид үнэхээр гэрэл давсны үүргээ гүйцэтгэж байгаа эсэхээ нэг бодоорой.

Библид Эхийн хүүхдүүд бид үлгэр жишээ болохуйц үйлсээрээ Эхдээ яруу алдар болно гэж бичсэн байдаг. Мөн энэ нь л Иерусалимыг босгон байгуулж, газрын магтаал болгох Бурханы хүсэл хэмээсэн (Иса 60:1-3, 62:6-7). Тиймд бид Эхийгээ энэ газар дэлхийд ч, бидний эх нутаг болох тэнгэрийн оронд ч үнэхээр алдаршуулахын тулд өдөр бүр Библийн сургаал дагуу амьдарч, итгэлийн зөв замаар алхах ёсгүй гэж үү?

“Та нар урьд нь ард түмэн ч биш байсан бол одоо Бурханы ард түмэн болжээ. Та нар өршөөлийг хүртээгүй байсан боловч одоо та нар өршөөлийг хүртжээ. Хайртууд аа, сэтгэлийн чинь эсрэг дайтдаг махбодын хүсэл тачаалуудыг цээрлэхийг ирмэл агаад түр суурьшигч та нараас би гуйя. Харийнхан дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг муу муухайг үйлдэгчид хэмээн гүтгэвч, сайн үйлсийг чинь хараад Түүний харгалзлын өдөр Бурханыг алдаршуулах болно.” 1Пет 2:10-12

Есүсийн анхны ирэлтийн үед тийм байсан шиг өнөө үе мөн адилхан. Бурханы сүмийг муу муухайгаар хэлж, цуу яриа дэгдээж гүтгэдэг хүмүүс бий. Харин Библид муу муухайг үйлдэгчид биднийг гүтгэвч сайн үйлсийг маань хараад Түүний харгалзлын өдөр Бурханыг алдаршуулна гэж айлдсан шүү дээ.

Хэрвээ бид муу муухай төрх байдлаар амьдралаа толботуулбал тэнгэр Эцэг Эхээ алдаршуулахын оронд Тэдэндээ асуудал тарина. Бурханы сургаалыг сүм дээр төдийгүй гэртээ ч, нийгэмд ч бүрэн хэрэгжүүлбэл ертөнцийн хүмүүс мөн Бурханы алдрыг бага багаар ухаарна. “Би түүний аав ээж, гэр орныг нь сайн мэдэхгүй ч ямартай ч их зөв шударга хүн.” “Тэр ямар ч сүмд явдаг бай хамаагүй тэрэнд нь итгэж болох байх. Библи юм уу сүмийн талаар сайн мэдэхгүй ч тэр хүний явдаг сүмд итгэж болох юм байна.” Ингэж гэр бүлүүдийн маань ойр тойрны хүмүүс тэднийг дагаад сүм рүү ирсэн тохиолдлууд бий.

Бурханд итгэх итгэлийн маань тухайд бидний үйлдэл их чухал. Бидний үг нэг бүр, үйлдэл болгон, мөн бидний сэтгэл оюун гээд бүгд Эцэг Эхийг алдаршуулах хүчин зүйл байх боломжтой. Үүнийг сэтгэлдээ сийлээд, Бурханы “битгий хий” гэж хориглосон зүйлээс татгалзаж, үргэлж үнэний зам, зөв замаар алхацгаая.

Сүйт бүсгүйн нарийн маалинга нь ариун хүмүүсийн зөвт үйлс

2000 жилийн өмнө Иохан элч Патм арал дээр байхдаа дараах үзэгдлийг илчлэлтээр харжээ.

“Сэнтийнээс дуу гарч —Түүний бүх боолууд аа, Түүнээс эмээгч их, бага бүгд ээ, Бурханд маань магтаалыг өргө гэв. Хурсан олны дуу шиг, их усны шуугиан мэт, хүчит аянгын нүргээн адил —Халлелуяа! Төгс хүчит Эзэн Бурхан маань хаанчилж байна гэхийг би сонсов. Баярлан хөөрч, Түүнд алдрыг нь өргөн өргөмжилцгөөе. Учир нь Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв. Тэрээр гялалзсан, цэвэр, нарийн маалингаар хувцаслах болжээ. Учир нь нарийн маалинга нь ариун хүмүүсийн зөвт үйлс юм.” Илч 19:5-8

Хурганы Сүйт бүсгүйн хувцасласан гялалзсан цэвэрхэн нарийн маалинга нь ариун хүмүүсийн зөвт үйлсээр сүлжигдэн хийгдсэн байна. Ариун хүмүүсийн зөвт үйлс нь Хурганы эхнэр болох тэнгэр Эхийг алдаршуулж, нарийн маалинган хувцасных нь гоёл чимэглэл болно гэдгийг битгий мартаарай (Иса 49:14-18 үзэх).

Бурхан тэнгэрт Сатаныг ялж, зөвтийн ертөнцийг байгуулсан тул энэ дэлхийд ч мөн Бурханы хүсэл биелэгдэж л таараа. Бүхий л муу муухай, хорон муу нь ертөнцөөс арчигдаж, алга болох ёстой. Бид Бурханд итгэдэг болохоор энэ ажлыг сэтгэлээсээ хийх ёстой биш үү?

Дээр гарсан сурагчийн сайн үйлс ээждээ “Мундаг ээж” шагнал авчирч, сүүлдээ ээж нь хүүхдэдээ үргэлж сайн зааж сургасан учраас энэ шагналыг хүртсэн болж таарсан. Өнөөдөр ч мөн тэнгэр Эх маань хүүхдүүдээ үнэний зам болох зөв замаар алхаасай, Библид цаг үргэлж анхаарлаа хандуулаасай, Библийн сургаал дагуу амьдраасай гэж хүсэн байгаа. Эхийн бидэнд өгсөн тэдгээр сургаалуудыг даган, энэ ертөнцөд урхидуулалгүй, цаг үргэлж Эхийнхээ үгэн дотор амьдардаг Эхийн хүүхэд болон бид өсөж байгаа.

Бурхан биднийг энэ үеийнхэн хичнээн хорон муу, ёс суртахуунгүй байсан ч хамаагүй ертөнцийн гэрэл давс болоорой хэмээгээд, Хурганы эхнэрийн хувцасласан гялалзсан цэвэрхэн нарийн маалинга нь ариун хүмүүсийн зөвт үйлсээр сүлжигддэг юм шүү гэдгийг бидэнд харуулсан билээ.

Эхийн хүүхдийн хувиар Эхдээ “Мундаг Эх” шагнал хүртээхийн төлөө Бурханы хүсэл тэнгэрт биелж байсан шигээ энэ газарт биелэгдэхийн тулд бүх хүчээ дайчилцгаая. Сионы ах эгч дүү нар аа! Та бүхнийгээ тэнгэрийн орон явах хүртлээ зөв шударга, үнэний зам болох зөв замаар даган алхахыг хүсэн найдаж байна.