WATV.org is provided in English. Would you like to change to English?

Дурсамж агуулдаг үнэр: Үнэрлэх мэдрэхүйн нууц

405 Үзсэн тоо
FacebookTwitterEmailLineKakaoSMS

Заримдаа исгэсэн шар буурцагны өтгөрүүлсэн шөлний үнэр үдшийн тэнгэрийн хаяанаа жаргах наран туяаран байдаг төрсөн нутгийг маань болон мойнийсон гараараа нүд ирмэхийн зуур надад хоол хийж өгдөг ээжийг минь ихэд сануулдаг юм. Үүн шиг магадгүй хүн болгон тодорхой нэг танил үнэрээс болоод зурвасхан дурсамж гэнэт санаанд нь орсон тохиолдол байсан биз ээ. Тэр ч байтугай өнөөх дурсамжууд нь бүр нэгд нэггүй санагдаж, тухайн дурсамжинд шингэсэн сэтгэл хөдлөлийг дахин авчрахыг нь яана. Үнэр гэгч нь дурсамжийн нэгэн хүчтэй хэрэгсэл аж. Үнэрлэх мэдрэхүйд ингэхэд ямар нууц байдаг юм бол оо?

Хүн яаж үнэрлэдэг вэ?

Хамар сэнгэнэм сайхан үнэр арааны шүлс гоожуулдаг. Хоол хүнснээс гардаг янз бүрийн үнэр бол бодит байдал дээр үнэндээ агаар дахь маш бага хэмжээний химийн бодисын ул мөр юм. Хоол хүнсний молекулууд хамрын салст бүрхэвчтэй харилцах үед үнэрлэх рецепторууд уг химийн бодисуудыг илрүүлж, тархи руу мэдээлэл дамжуулан, улмаар тархи уг мэдээллээр нь тухайн үнэрийн мөн чанарыг тодорхойлдог байна. Энэ бүхэн хоромхон зуур болдог ажээ.

Хөхтөн амьтдын хувьд үнэр хариуцдаг 1000 орчим төрлийн ген байдаг бөгөөд үүний 350 орчим нь хүнд илэрдэг. Хамран доторх эрхий хурууны хумсны толиотой ижил хэмжээтэй үнэрт хучуур эдэд л гэхэд 350 орчим төрлийн үнэрийн рецептор уургууд өөрсөддөө тохирсон үнэрийн молекулуудыг хүлээнгээ нэг дор цуглардаг байна. Аливаа цоож өөрт нь таарсан түлхүүрээр л онгойдогтой адил үнэрийн рецепторууд тухайн хэлбэрт нь тохирсон тодорхой химийн бодисны үнэрээр л идэвхждэг байна.

Химийн бодисууд үнэрийн рецепторуудтай холбогдох үед цахилгаан дохио бий болгодог аж. Энэ дохио нь үнэрлэх мэдрэлээр дамжин тархи руу өгсдөг байна. Тэгээд тархины бор гадар үнэрлэх дохионы нэгдлийг шинжлэн, улмаар ямар үнэр гэдгийг нь тодорхойлдог байна. Энэ нь үнэрийн мөн чанарыг эцэслэн тодруулж байгаа хэрэг юм.

Харин үнэрийн рецептор болгон ганцхан үнэр илрүүлдэггүй. Нэг төрлийн химийн бодисонд хэд хэдэн рецепторууд зэрэг хариу үйлдэл үзүүлж, олон үнэрийг ялгадаг. Молекулын өөр өөр хэсгүүдтэй холбоотой өөр өөр рецепторууд нь тархинд хэсэгчилсэн өөр өөр мэдээлэл хүргэдэг байна. Өөрөөр хэлбэл үнэрт бодистой холбоотой рецепторуудын нэгдлээс хамаараад тоо томшгүй олон өөр үнэрийг таньдаг гэсэн үг. Үүнийх нь дүнд амьд биетүүд үнэрлэх рецепторуудын төрлөөс ч илүү олон янзын үнэрийг үнэрлэж чаддаг байна.

Цоожийг тодорхой нэг түлхүүрээр онгойлгодог шиг үнэрийн рецептор болгон тухайн байдалд тохирсон химийн бодист идэвхждэг. Мөн хэд хэдэн рецепторууд нэг химийн бодист нэгэн зэрэг хариу үйлдэл үзүүлж, улмаар өөр өөр үнэрийг ялгаж чаддаг байна. A, B, D рецепторууд нь ① гэх үнэрийн молекулд хариу үйлдэл үзүүлж, мөн A, D рецепторууд ② гэх үнэрийн молекулд хариу үйлдэл үзүүлдэг. Анхилуун үнэрт бодистой холбогддог рецепторуудын нэгдлээс хамаараад л олон янзын үнэрийг таньж болно.

Сүүлийн үед үнэрийн рецепторууд зөвхөн хамрын салст бүрхэвчинд ч биш, хүний биеэс ч хүртэл олдоод байна. Бөөрөнд тархсан үнэрийн рецепторууд нь гэдэсний бичил биетийн үнэрийг мэддэг дааврын ялгаралтыг зохицуулдаг төдийгүй булчинг нөхөн сэргээхэд тусалдаг аж. Эдгээр бүх шинэ баримтуудыг нэг нэгээр нь нээж байна.

Үнэрлэх мэдрэхүй болон дурсамжийн хоорондын харилцан хамаарал

Францын зохиолч Марсел Прустын “Алдагдсан цагийн эрэлд” романы гол дүр Марсел цайнд дүрсэн мадлен жигнэмэгийн үнэрээс үүдэн багадаа тохиолдсон явдлуудыг дурсан санажээ. Анхилуун үнэрээс үүдэлтэй дурсамжууд тухайн мөчийн гэрэл зургийн цомгийг үзэж байгаа мэт санагдуулдаг байна. Үүн шиг гоё үнэрээс үүдээд өнгөрсөн дурсамжаа эргэн санаж дурсахыг “Пруст үзэгдэл” гэж нэрлэдэг.

Энэхүү үзэгдэл нь бусад мэдрэхүйн мэдээлэл таламусаар дамжин тархи руу шилждэг байхад үнэрлэх мэдрэмж өөр шат дамжлагагүйгээр тархи руу шууд дамждагтай холбоотой юм. Үнэрлэх мэдрэл нь сэтгэл хөдлөл, дурсамж, ой санамжийг хариуцдаг тархины лимбик системтэй шууд холбогддог тул хүний сэтгэл хөдлөл, ой санамжид шууд нөлөөлдөг.

Үнэрийн рецепторуудын илгээсэн бодисуудын үнэрлэх мэдээлэл тархины бор гадаргын янз бүрийн хэсэгт очдог. Сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл хийдэг амигдала дээр үнэрийн талаарх сэтгэл хөдлөлийн мэдээлэл нэмэгдэж, дуртай эсвэл дургүйн үнэлгээ бий болж, мөн урт хугацааны ой санамжийг зохицуулдаг гиппокамп дээр үнэрийн дурсамжууд нийлж нэгддэг байна. Үнэрлэх мэдрэмж нь тархитай шууд холбоотой байдаг учраас хүн хэрэв өөр өөр үнэрийг шууд шууд ялгаж чадахгүй бол эмч Альцгеймер мэтийн мэдрэлийн өвчний эхний үе шат байж мэднэ гэсэн сэжиг таамаг тавих нь ч бий.

Өнгөний тухайд улаан, шар гэх мэтээр харж болно, харин дууг давтамж эсвэл децибелээр хэмжих боломжтой. Тэгтэл үнэрийн тухайд бусад мэдрэхүйгээс ялгаатай нь үнэрийг ерөнхийд нь тодорхойлж, дүрслэх үг цөөн. Тийм ч учраас анхилуун үнэр болон алив үнэрийг уг үнэрээс нь үүдэлтэй обьект юм уу эсвэл дурсамжаар нь дүрсэлдэг. Учир нь үнэрлэх мэдрэмж нь дурсамж, ой санамж, сэтгэл хөдлөлтэй уялдаа холбоотой байдаг тул хүнээсээ шалтгаалж субьектив хамааралтай байдаг байна. Тиймээс ижил үнэр байсан ч тухайн хүнээсээ хамааран дуртай үнэр, дургүй үнэр гэж ялгагдана. Адилхан үнэр байхад зарим хүмүүст энэ үнэр тааламжтай байдаг бол зарим хүмүүст нь тааламжгүй байх жишээтэй.

Компаниуд зарим тохиолдолд үнэрийн энэ шинж чанарыг маркетингдаа ашигладаг. Тэд тодорхой дурсамжийг санагдуулдаг үнэр эсвэл брэндийн дүр төрхийг илэрхийлсэн үнэрийг ашиглан хэрэглэгчдийн худалдан авах хүслийг өдөөдөг. Талх нарийн боовны газрууд өглөөгүүр зориудаар шинэхэн талхны үнэр гаргадаг байна. Японд нэгэн савангийн компани бүтээгдэхүүнийхээ хурц тод үнэрийг бэхэнд хольж, сонинд сурталчилгаагаа хэвлүүлсэн тохиолдол гарч байжээ. Энэ нь үнэрлэх мэдрэмж шиг хүний дурсамж, ой санамж, сэтгэл хөдлөлд шууд нөлөөлдөг өөр мэдрэмж байдаггүй учраас тэр аж.

Үнэрлэх мэдрэхүйн мэдрэмтгий байдал

Мэдрэхээ больсон ч тоохгүй байх нэг мэдрэхүйг сонго гэхээр хүмүүсийн ихэнх нь үнэрлэх мэдрэмжийг сонгодог. Энэ нь хүмүүс үнэрлэх мэдрэмжээс төдийлөн хамааралгүй байдгийг төдийгүй үнэрлэх мэдрэмжийг төдийлөн чухал гэж үздэггүйг нь харуулж байгаа хэрэг юм. Ихэнх амьтад гадны ямар нэг мэдээллийн тухайд үнэрлэх мэдрэхүйдээ л асар их тулгуурладаг болохоороо тэдний хувьд үнэр мэдрэхгүйгээр экосистемд амьд үлдэх хэцүү. Харин хүмүүсийн тухайд бол аносмик болж, үнэр огт ялгаж чадахгүй байсан ч амьдрахад нэг их асуудалгүй л дээ.

Гэсэн ч хүмүүний хувьд үнэрлэх мэдрэмж чухал хэвээр. Үнэрлэж чадахгүй бол хоол хүнс муудсан эсэхийг мэдэх боломжгүй болно. Бидний гол төлөв амт гэж ойлгодог зүйлийн 90 орчим хувь нь үнэндээ үнэрлэх мэдрэхүйгээс үүдэлтэй. Хэлээр ердөө дөрвөн төрлийн амт мэдэрдэг тул бидний мэдэрч буй олон янзын амт бараг бүгд үнэрлэх мэдрэхүйгээс шууд хамаардаг байна. Ханиад хүрч, хамар битүүрсэн үед хоолны амт огт мэдэрч чаддаггүйн учир шалтгаан ч үүгээр тайлбарлагдаж байна.

Нохой, гахай зэрэг амьтад төрөл бүрийн үнэрийн рецептортой байдаг төдийгүй тэдний үнэрлэх эсийн тоо хүнийхээс хэдэн арав дахин их байдаг нь хүмүүсийн үнэрлэж чадахгүй зүйлийг ч үнэрлэх боломж олгодог байна. Түүнчлэн нэг төрөл зүйлийн дотор үнэрлэх чадвар маш их ялгаатай байдаг аж. Зарим хүмүүс бага зэргийн үнэрт ч мэдрэмтгий, хурдан анзаардаг бол зарим нь үнэрт мэдрэг биш, бүр хурц үнэрийг ч тоодоггүй байна.

Амьтадтай харьцуулахад хүний үнэрлэх чадвар сулд тооцогдох ч хүн сайн үнэрлэдэг. Хүн үнэрийн рецептор бүхий 5 сая орчим үнэрлэх эс ашиглан, 10000 өөр үнэр ялгаж чаддаг гэж таамагладаг. Зарим хүний үнэрлэх мэдрэхүйн мэдрэг чанар нь 2,5 сая орчим өөр молекулд ганцхан молекул холилдсон байсан ч илрүүлчихдэг байна.

Бид гадил, кофе гээд тодорхой мэддэг үнэрээ амархан ялгачихдаг хэрнээ мэдэхгүй зүйлийнхээ үнэрийг сайн ялгаж чаддаггүй. Харин тухайн бодисын жагсаалтыг урьдчилан хэлбэл хүн магадгүй тухайн үнэрийн төрлийг зөв таах магадлалтай гэнэ. Танил бус үнэрийг тодорхойлоход хэцүү байгаа шалтгаан нь бид үнэрлэж чадахгүй байгаадаа биш, харин үнэрийн мэдээлэл олон мэдрэхүйтэй холбоотой байдаг төдийгүй бид ой санамжаасаа тухайн үнэрийн мэдээллийг олж авах чадвар дутмаг байгаадаа тэр юм. Бас нэгэн нэмэлт шалтгаан нь үнэрлэх мэдрэмж амархан ядардаг байна.

Хүн болгоны танил үнэрүүдийн нэг бол сарнай. Сарнайн үнэрийн ихэнх найрлага нь танигдсан. Гэхдээ судалгааны тоо баримтаар олон зуун орц найрлагыг бодит хувь хэмжээгээр хольсон ч байгалийн сарнайн үнэр гаргаж чадахгүй гэнэ. Машинаар шинжилсэн мэдээлэл хиймэл үнэр, байгалийн үнэрийг ялгаж чаддаггүй. Харин сүрчиг хийгч гэх мэтийн туршлагатай хүний хамар байгалийн сарнайны нарийн үнэрийг тэр дор нь л ялгаад гаргаад ирнэ. Тийм учраас л ихэнх компаниуд байгалийн сарнайн тосыг өндөр үнэ өртөгтэй ч хамаагүй бүтээгдэхүүндээ жаахан ч болов хийх гэдэг байна.

Дэлхийгээс бүх үнэр алга болчихвол юу болох бол оо? Хүмүүн бидний амьдрал сонирхолгүй байх болно. Бид анхилуун цэцэгсийг үнэрлэж чадахаа больж, хоолныхоо амтыг ч мэдэрч чадахгүй болно. Нүдээ аниад шинэхэн ногоон навч үнэрлэхээр эртний сайхан дурсамж санаанд орж, сэтгэл сэргэдэг шүү дээ. Үнэрлэх мэдрэхүй нь тархинд мэдрэгддэг цахилгаан дохио юм. Гэхдээ үнэрлэх мэдрэхүйн талаарх иймхэн тодорхойлолт үнэрлэх мэдрэхүйн гайхамшгийг яаж ч бүрэн тайлбарлах билээ дээ.