Навчис шаргалтах намар. Ид зунаар ногоохон навчсаа гайхуулж, өтгөн ой бий болгож байсан модод өдөр өдрөөр өнгөө өөрчлөн, навчсаа гүвнэ. Шаргалхан навчис хамаг хүчээ шавхан, гоёмсог өнгөө сүүлийн удаа бэлэглэчихээд хагдран унана. Унасан навчис ганцаардмал уйтай харагдаж мэдэх ч угтаа бол модод хангалттай их ус, шим тэжээл авч чадахааргүй нөхцөлтэй тулгарах хүйтэн өвөлд л навчсаа гүвэн байж бэлдэж байгаа нь энэ. Навчис харин шинэхэн нахиа ургах боломж бүрдүүлж, зай гаргаж байгаа болохоороо мөн л ирэх хавартаа бэлдэж буй нь энэ аж.

Намартаа навчис хагдрахтай адилхан үйл явц хүмүүн бидний бие дотор ч мөн явагддаг байна. Энэ бол эсийн програмчлагдсан үхэл буюу апоптоз. Апоптоз нь хатаж унасан ургамлын ногоон навч, эсвэл хагдарч унасан цэцгийн дэлбээ зэргийг тодорхойлсон грек үгнээс үүсэлтэй. Модод навчсаа унагаж байж ирэх хавар шинэ ургах навч, шинэ ургах дэлбээндээ бэлддэг шиг апоптоз гэдэг нь бүхий л бие организмдаа ашиг тустай байлгах гэсэндээ эс өөрөө өөрийгөө үхүүлдэг байхаар програмчлагдсан эсийн үхэх процесс юм.
Түлэгдэх, гэмтэх гэх мэт гадны хүчин зүйлээс шалтгаалсан эсийн үхэл бол апоптозоос ялгаатай төдийгүй үүнийг некроз буюу үхжил гэдэг байна. Апоптозыг навчис хагдран унахтай адилтгаж болох бол харин некрозыг навчис ус, шим тэжээлийн дутагдлаас болж бор өнгөтэй болж үхэхтэй адилтгаж болох юм. Түлэгдсэн юм уу шархалж гэмтсэн арьсны хэсэг бол эсийн үхжил буюу некроз явагдсан газар.
Апоптоз некроз хоёр нь эсийн үхлийн явцаараа нэлээн ялгаатай. Эсэд некроз явагдах үед орчны өөрчлөлт нь эсийн гадна дотно талын хоорондын осмотик даралтын ялгааг ихэсгэнэ. Тэгээд эсийн гаднах ус эсийн дотор тал руу хурдацтай урсаж, эсийн эзлэхүүн нэмэгдэн, улмаар тухайн эд эрхтэн хавддаг байна. Эцэст нь эсийн хальс хагарч, үхнэ. Энэ үед эсийн доторх бодисууд гадагш ил гарч, ойр хавийнхаа эсүүдийг гэмтээн, хурц үрэвсэл, шархлаа үүсэх шалтгаан болно.
Харин эсрэгээрээ апоптоз нь эсүүдийн дундуур нуугдаж байсан тусгай уураг ба генийн үйл ажиллагаагаар эхэлдэг. Өөрөөр хэлбэл энэ үед эсийн дотор талд байсан төхөөрөмж идэвхжин, уг программ генид бичигдэнэ. Програмчлагдсан эсийн үхэлд үй олон ген оролцдог ч гол үүргийг нь p53 ген гүйцэтгэнэ. Хүний 23 хос хромсомын 17-р хромсом дээр байдаг энэхүү p53 ген нь ДНХ-н эс туйлын их гэмтсэн үед апоптозыг идэвхжүүлнэ.
Эсүүд ер нь л апоптозыг сонгодог байна. Нэг үр тогтсон өндгөн эснээс эхлэн дахин үржих, ялгарах үйл явц давтагдах замаар бие махбод бий болно. Мөн эд, эрхтнүүдийн хөгжил, ялгарах үйл явцад цаг нь болохоор тодорхой тооны эс устдаг байна. Уг явцад шаардлагагүй хэсгүүд нь устаж арилах эсийн энэхүү үхлийг програмчлагдсан эсийн үхэл (PCD) гэж нэрлэдэг байна. Жишээ нь шанаган хорхой мэлхий болон хувирч байхдаа сүүл нь алга болдог. Шанаган хорхойн сүүлийг бүрдүүлдэг эсүүд генид програмчлагдсан тохиромжтой цагаа болохоор апоптоз явагдаж эхэлдэг гэсэн үг. Хүний гарын хуруунууд ч ийм байдлаар бий болно. Эхийн хэвлийд байхдаа ургийн гар хөл ч мөн анхнаасаа дугуйдуу битүү байснаа гарын хуруу болон хөлийн хуруунуудын хоорондох эсүүд нь устан алга болж, улмаар гарын арван хуруу, хөлийн арван хуруу болж бүрддэг аж.

Шанаган хорхойн сүүл мэтийн урьдчилан хадгалсан эсийг золиослоод зогсохгүй гэмтсэн эсүүд өөрөө алга болох үзэгдлийг апоптоз гэж нэрлэдэг байна. Эс маш ноцтой гэмтсэн үедээ хавдрын эс болж хувирах магадлалтай. Тэр үед эс бүтэн бие махбодоо хамгаалахын тулд өөрөө өөрийгөө устгах тавиланг сонгодог аж. Эс цацраг туяа, химийн бодис, эсвэл вирусын нөлөөгөөр хүчтэй өөрчлөгдөх үед ойр тойрныхоо эсүүдийг гэмтээхээсээ өмнө өөрөө програмчлагдсан эсийн үхлээр үхдэг байна.
Апоптоз явагдвал некрозтой адилгүй, эсүүд хагарч бөөмөн доторх ДНХ байнга тасарч бөөм агшина. Энэ нь ойр орчмынхоо эсийг аль болох олныг гэмтэхээс зайлсхийж зугтаалгах явц юм. Эсийн мембраны бүрхүүлийн дотор талд ашигтай бодис хадгалагдаж, ойр орчмынхоо эс рүү шилжүүлэн, үлдсэн нь жижиг жижиг хэсэг болон хагарна. Ойр орчмынх нь фагосит хагарсан эсний задарсан хэлтэрхийнүүдийг идэж байж үйл явц дуусна.
Харин апоптозын явцад асуудалтай зарим эсүүд нь хавдрын эс болж хувирдаг байна. Хорт хавдрын эсийн тухайд нэг ховорхон зүйл нь тэд хэвийн бус өсдөг аж. Хэвийн эс өсөхдөө зөвхөн тодорхой нэг түвшинд хүртэл өсөөд цааш өсөхгүй зогсдог бол хавдрын эс ойр хавийнхаа хүчилтөрөгч, шим тэжээлийг ховдоглон идэж, тасралтгүй өсдөг байна. Үүнээс нь болоод ойролцоох хэвийн эснүүд шим тэжээлийн дутагдалд орон, эд эс сүйрэхэд хүргэнэ. Хавдрын эсүүд тухайн хувь хүний амь насыг авах хүртлээ ойр хавийнхаа хэвийн эсүүдийг иднэ. Тухайн хүнийхээ амийг авч одон одтолоо хавдрын эсийн өсөлт зогсдоггүй байна.
Эс өсгөвөрлөх орчинд өсгөвөрлөх үед хэвийн эс 50 удаа хүртэл хуваагдаад улмаар апоптоз явагдан үхдэг. Харин апоптозоо бүрэн алдсан хавдрын эс таатай нөхцөл бүрдэх л юм бол хязгааргүй ихээр өсдөг байна. Жараад жилийн өмнө нас барсан Хенритта Лакийн умайн хүзүүний хорт хавдрын эсээс гаргаж авсан хела хэмээх эсийн шугам өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд одоо 50 сая тонн хела эс өсгөвөрлөөд байна. Энэхүү зүй тогтлыг ашиглан апоптозоос зугтдаг хорт хавдрын эсийг арилгахын тулд туяа эмчилгээ, химийн эмчилгээ гэх зэрэг янз бүрийн аргаар хавдрын эсийг хүчээр апоптозид оруулахаар өдөөх эмчилгээний арга судлагдсаар байна.
Өөрийгөө устгаж байх ёстой эсүүд үргэлжлүүлэн оршин тогтносоор байвал бие махбод бүрэн бүтэн бүрэлдэх боломжгүй. Ураг гэхэд хуруунууд нь хоорондоо наалдаастай байдаг синдакт өвчинд нэрвэгдэж, мэлхийнүүд сүүлтэй хэвээр амьдрах хэрэг гарна. Цусны тухайд үүргээ алдсан улаан эсээр дүүрнэ. Өнөөгийн хүн төрөлхтний хамгийн их айдаг өвчнүүдийн нэг болох хорт хавдар гэгч өвчин нь хүний биеийн эсүүд апоптозын үйл явцаа алдаж, аажмаар хавдрын эс болсноос үүсдэг байна. Апоптоз явагдахгүйгээр хэвийн эсүүд сүүлдээ хорт хавдрын эс болон хувирч, эцэстээ амь насыг нь авч одно. Бид бүхэн ч бас хоосолж султгах ёстой зүйлстэйгээ зууралдаад байгаа юм биш байгаа? Хүний биед програмчлагдсан хоослох ухааныг сурах цаг нэгэнт болжээ.
- Эх сурвалж
- Obara Hideo, Death of Everything—Life and Death to Look Back (in Japanese, 万物の死), translated by Shin Yeong-jun, Academy Books, 2008
- Park Sang-cheol, Aesthetics of Life—Life Seen by the Meaning of a Biochemist (in Korean, 생명의 미학-어느 생화학자의 뜻으로 본 생명), Tree of Thoughts, 2009
- Manfred Reitz, The Chaos Cells: Biology of Cancer (in German, Die Chaos-Zellen: Biologie der Krebserkrankung) Hirzel, S., Verlag, 2006