WATV.org is provided in English. Would you like to change to English?

Үг ба аврал

538 Үзсэн тоо

Хүний амьдралд үг гэгч нь нэн чухал. Өдийг хүртэл босгогдсон итгэл ганцхан үгнээс болоод нэг л өглөө нурчихаж болно. Бас ганц үгний уршгаар хоорондын итгэлцэл хормын төдийд замхран алга болдог нь эргэх хорвоод элбэг тохиолддог зүйл.

Юм ярихгүй байна гэж байхгүй ч, хэлэх үгээ бодолцож бусдыг халамжлах хэрэгтэй байдаг. Ийм үгийг сонсоод нөгөө хүн юу гэж бодох бол, тэр хүний итгэл хэрхэх бол, ямар үр дүнд хүргэх бол гэдгийг бодолцох ёстой атал тэдгээрийг тооцоололгүй амнаас санамсаргүй унагасан үг олон хүний ам дамжин утга гуйвсаар эцэст нь буруу ойлголт төрүүлж эвдрэлцэл үүсгэдэг.

Махан биеийн амьдралд ч үг чухал байдаг бол итгэл дотор авралтай холбоотой үг илүү чухал. Бурхан Библи дээр үгийн талаар олон сургаал тэмдэглэн үлдээжээ. Библийг нарийн судалж, бидний итгэлийн амьдралд ч үг гэдэг хичнээн чухал болохыг хамтдаа тунгаацгаая.

Тустай хийгээд ивээлтэй үг

Бусдыг босгон байгуулах тустай хийгээд талархалтай үгээр л ярьж, гомдлын үг хэлэхгүй байхыг Бурхан бидэнд сургасан.

“Уурлавч нүгэл бүү үйлд. Уур хилэн дээр чинь нар бүү жаргаг. Диаволд байр бүү өг. … Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлсэл өгнө. … Аливаа хорсол, уур, хилэн, хашхираан, гүтгэлэг нь бүх муу муухайн хамт та нараас зайлаг. Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд.” Ефе 4:26-32

Дээрх сургаал бол хэн нэгний хувийн үзэл бодол юм уу гүн ухаан биш, Ариун Сүнсээр хөдөлгөгдөн тэмдэглэгдсэн Библи дэх Бурханы хүсэл юм. Урьд бид гомдол дургүйцэл гаргаж, талархах сэтгэл гэдгийг мэдэхгүй амьдарч ирсэн билээ. Харин одоо Бурханы хүслийн дагуу сонсож буй хүнд нигүүлсэл өгөх тустай үгээр ярих хэрэгтэй юм.

Библи нь үргэлж нүд булааж, чих баясгах сайхан үгсээр тэмдэглэгдсэн ном биш. Сургаал даган үйлдэхгүй хүнд Библи нь ямар ч утга учиргүй бөгөөд тийм хүн авралтай ч огт хамаагүй болно.

Ивээлтэй ганц үг хэлээд тэнгэрийн хаанчлалд орсон хүн ч бий. Есүсийг хүн төрөлхтний нүглийн ачааг үүрэн загалмайд цовдлогдох тэр агшинд баруун, зүүн талд нь хоёр дээрэмчин хамт цовдлогдсон. Зүүн тал дахь дээрэмчин нь олон хүнтэй нийлэн Есүсийг гүтгэн доромжилж “Та чинь Христ биш бил үү? Өөрийгөө бас биднийг авраач” гэсэн юм. Харин баруун талд байсан дээрэмчин нь “Бид үйлдсэн нүглийнхээ төлөө зохих хариуг л амссан. Харин Есүс бол нүгэлгүй” гээд, нөгөөгөө зэмлэж байв. Тэгээд Есүст хандан “Есүс ээ, Та Өөрийнхөө хаанчлалд очихдоо намайг санаарай” гэсэн үгийн хариуд, Есүс түүнд “Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно” гэсэн билээ.

Ганц үгээр аврал авсан тэр дээрэмчнийг хүн төрөлхтний түүхэнд хамгийн сайхан үг хэлсэн хүн гэж хэлж болно. Ертөнцийн үй түмэн хүн олон янзын хэлээр бие биетэйгээ ярилцаж амьдардаг. Нүдний өмнөх ашгаа л бодож зүүн талын дээрэмчинтэй адилхан үг хэлэх хүн ч бий, мөнхийг харсан баруун талын дээрэмчинтэй адил үг хэлдэг хүн ч бий. Сүм дотор ч ийм тохиолдлууд гардаг.

Сүйрэлд хүргэх үг ба ялалтанд хүргэх үг

Египетээс гарсны дараа жил Мосе арван хоёр тандагчийг сонгож, Канаан нутгийг тандуулжээ. 40 хоногийн турш тандсаны эцэст тэд буцан ирээд израиль ард түмний өмнө илтгэв. Чингэхдээ арван тандагч нь Канаан нутгийн талаар базаахгүй мэдээг дэлгэрүүлж “Тэндхийн хотууд нь төмөр мэт бэхлэгдсэн ба ард түмэн нь аварга биетэй хүмүүс тул бид тэдний нүдэнд царцаа мэт бөгөөд тэднийг дийлж чадахгүй” гэв.

Тэдний үгийг сонсоод ард олон Бурхан болон Мосед гомдоллож шөнөжин уйлалдав. Арван хоёр дундаас Иошуа, Калеб нар “Тэр нутгийн ард олноос бүү ай. Бурхан бидэнд амласан нутаг байхад яагаад Бурханд итгэхгүй байна вэ?” гэж хашхирсан боловч хэдийн итгэлээ орхисон хүмүүс тэднийг сонссонгүй.

Тэр үед Бурханы цог жавхлан үзэгдэж, гомдоллож байсан ард түмнийг бүгдийг нь цөлд сүйрнэ гээд, хориос дээш насны эрчүүдээс Иошуа Калеб хоёроос өөр хэн ч Канаан орж чадахгүй хэмээв. Эцэст нь гомдол гаргасан хүмүүсийг мөхөх хүртэл израиль ард түмэн 40 жилийн турш цөлд тэнүүчилжээ. Тэгээд 40 жилийн эцэст сая нэг Иошуа, Калеб болон хоёр дахь үеийнхэн нь л Канаан нутагт хөл тавьсан юм.

Хэлэх үг хэдий чухал ч, сонсоод ялгах нь мөн чухал. Хэдийгээр таагүй үг сонссон ч гэлээ Египетэд үзүүлсэн Бурханы хүч чадал болон Улаан тэнгисийг хуваасан гайхамшиг, цөлийн амьдралд өдөр бүр тэнгэрээс буулгасан манна гээд эдгээр бүгдийг бодсонсон бол Бурханд итгэх байв. Гэвч нүдэнд харагдаж буй байдалдаа л адгаж байсан болохоор гомдол дургүйцэл асгаруулсан юм. Ивээлгүй үгээр зургаан зуун мянган хүнийг сүйрэлд унагасан арван тандагч ч тэр, тэдний үгийг сонсоод ялгаж чадаагүй хүмүүс ч тэр аль аль нь асуудалтай юм.

Сатан биднийг тэнгэрийн хаанчлал өөд явуулахгүй гэж арга заль сэдэж урдах замыг маань хааж байдаг. Тиймээс гомдоллохоор зүйлийг, талархаж чадахааргүй зүйлийг ихээр бий болгодог. Бодит байдал тийм биш ч гэлээ, гагцхүү харагдах зүйлээр шийдвэр гаргадаг хүмүүсийн нүдэнд гомдоллохоор зүйлс бий болсоор л байдаг.

Хэн юу ч гэж хэлсэн бай эхлээд Бурханыг санацгаая. Хэдий сүр хүчтэй, аварга хүн байлаа ч түүнийг Бүтээгч нь Бурхан учраас бид хүнээс айх хэрэггүй ээ.

Аварга Голиатыг няцаасан Давидыг бодоод үзье. Израилийн хамгийн шилдэг цэргүүдийг хүртэл чичрүүлж байсан Голиат балчир хүүг дийлэлгүй хорвоог орхисон юм. Харин энэ нь Давидын хүч чадал биш байв. Давид тэр үед юу гэж хэлснийг санацгаая. Өөрийн эр зориг хийгээд дүүгүүрдэх ур чадвараараа сайрхсан бус, “Чи илд бамбай барьж над уруу ирж байгаа бол, харин би түг түмдийн ЭЗЭНий нэрээр чам уруу ирж байна” гээд, Бурханд итгэн дүүгүүрээ эргүүлжээ. Бурхан түүнийг дээрээс хараад хичнээн их баярласан бол? Тэр чулууг Голиатын духан дээр гаргууд тааруулсан. Өөрт нь туйлаас найдаж гарсан эр зоригийг нь хараад Бурхан байг нь яг онуулсан юм.

Давид үнэхээр ивээлтэй үг олон хэлсэн. Ариун Сүнсээр хөдөлгөгдөн Давидын бичсэн Дуулал номонд, Бурханд ямар үг хэлэх ёстой, хэрхэн магтаал ба яруу алдар өргөх ёстойг харуулсан сувд эрдэнэ мэт сургаалыг үлдээсэн байдаг. Ганц үг хэлэхдээ ч Давид шиг итгэл төрүүлэх үгийг л хэлэх хэрэгтэй юм.

Хэлбэл зохистой талархлын үг ба амь өгөх үг

Бурханы хүслийг дагаад явахад тухайн үедээ ойлгодоггүй ч яагаад тэгсэн бэ гэдгийг дараа нь ухаардаг. Тиймээс дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү хэмээгээд, бүх зүйлд талархлаа илэрхийл (1Сам 15:22, 1Тес 5:18) гэж айлдсан юм.

“Харин ариун хүмүүст үл нийцэх аливаа садар самуун, бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурдагдаг. Садар булай, шалиг балай эсвэл самуун балиар яриа нь зохимжгүй. Харин оронд нь талархалаа өргө.” Ефе 5:3-4

Ариун хүмүүсийн хувьд талархах үг хэлэх нь зүйн хэрэг юм. Хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарахад, өөрийн бодол туршлагаар хийх боломжгүй зүйл байна гээд, төвөгтэй санагдаж няцах юм бол талархал төрдөггүй. Ямар ч хүндрэлтэй тулгарсан бай талархаж сурах хэрэгтэй. Тэнгэр газар, түмэн бодисыг бүтээн захирч байгаа Бурханд боломжгүй зүйл байхгүй. Харин бидэнд тулгарч байгаа тэр нөхцөл байдалд Түүний ямарваа нэгэн гүн хүсэл оршдог.

“… Мөн сайнмэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр ам минь ангайхад үг өгөгдөхийн төлөө залбир. Үүний төлөө би гинж дор элчин сайд болсон. Ярих ёстой шигээ намайг зоригтой тунхаглахын минь төлөө мөн залбир.” Ефе 6:16-20

Бурханы сургаалыг дамжуулж, хүслийг нь илтгэх үгийг хэлдэг байх нь бидний хувьд зүй ёсны хэрэг. Харин үүнээс өөрөөр өөрийн үзэл бодлоор нэг нэгнээ шархлуулах үг хэлж болохгүй. Сайрхуу, хорон үг эсвэл элэглэх үгийг хэлж болохгүй. Бас харьцуулах юм уу ялгаварлан гадуурхах үг ч бүү хэл. Бүх зүйл дээр итгэл өгөх тустай үг хэлэх нь Сионд маш хэрэгтэй.

Анхны сүмийн үед хүмүүс олноороо цуглаж байсан болохоор янз янзын л хүмүүс байв. Итгэл сайтай нэгэн байхад итгэлээр сул, ялгах чадваргүй хүн ч байсан. Бас өдөөн хатгадаг, өдөөн хатгалгад өртдөг хүмүүс ч цуглаж байсан болохоор тэмцэл зөрчил үүсэж, талцан маргалдаж, итгэлээ бас тэнгэрийн хаанчлалаа ч орхиод явсан бодит жишээнүүд гарч байв. Тэр болгонд элч Паул “Би тарьсан, Апол усалсан. Харин Бурхан ургуулсан. Тиймээс таригч ч, услагч ч юу ч биш, харин ургуулдаг нь Бурхан” гэсэн ивээлтэй үгээр итгэгчдийг сэнхрүүлж байсан байна (1Кор 3:3-7).

Үгэн дээрээ бүдэрдэггүй хүн бол төгс хүн

Үг нь авралд хэрхэн нөлөөлдөг болохыг Библиэс олж үзэцгээе.

“Учир нь бид цөмөөрөө олон юман дээр бүдэрдэг. Үгэн дээрээ бүдэрдэггүй нэгэн байваас, тэрээр бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн болой. … Мөн усан онгоцуудыг хар. Тэдгээр нь хэдийгээр агуу том болоод зогсохгүй хүчит салхинд туугддаг боловч жижигхэн залуураар залуурчийн хүссэнээр жолоодогддог. Түүнчлэн хэл ч гэсэн биеийн жижиг эрхтэн атлаа агуу том зүйлсээр сайрхдаг ажээ. Харагтун, өчүүхэн гал ч ямар их ой модыг түймэрддэг билээ. Хэл бол гал бөгөөд зүй бусын ертөнц аж. Хэл нь бидний эрхтнүүдийн дунд байж бүх биеийг бузарладаг. Хэл бидний амьдралын хүрдийг галдан шатаадаг бөгөөд өөрөө тамаар асаж байдаг.” Иак 3:2-6

Үгийг ялган хэлж бас ялган сонсож сурах хэрэгтэй. Гомдол гаргасан 10 тандагч болон Бурханд бат итгээд талархах үг хэлсэн Иошуа, Калеб нарын хэн нь Канаан нутагт орсон билээ? Бурханд найдан талархах үгийг хэлж байсан хүн нь орсон. Канаан нутгаар мөнхийн тэнгэрийн хаанчлалыг бэлгэддэг. Гомдоллох, дургүйцэх үг нь эцэстээ юу болохыг, тэнгэрийн хаанчлалд ямар хүмүүс орохыг Бурхан хэдийнээ 3500 жилийн өмнөх түүхээр дамжуулан бүгдийг нь харуулсан юм.

Давидын эхнэр Михалын бодит жишээгээр ивээлгүй үг юунд хүргэдгийг баталж болно.

“ЭЗЭНий авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михал цонхоор харж, Давид хааныг ЭЗЭНий өмнө цовхчин бүжиглэхийг хараад зүрх сэтгэлдээ түүнийг басамжлав. … Харин Давид гэр бүлийнхнээ ерөөхөөр буцаж ирэхэд Саулын охин Михал Давидын өөдөөс гарч ирээд —Израилийн хаан өнөөдөр ямар их онцгойров? Мунхаг хүмүүсийн нэг нь ичгүүргүйгээр нүцгэлдгийн адил өнөөдөр тэр зарц нарынхаа шивэгчингүүдийн нүдэн дээр нүцгэллээ гэв. Ингэхэд Давид, Михалд —ЭЗЭНий өмнө энэ нь байсан билээ. Чиний эцэг болон түүний хамаг гэрийн дээгүүр намайг сонгож, ЭЗЭНий ард түмэн болох Израилийн ноён болгож томилсон ЭЗЭНий өмнө би наадах л болно. Би үүнээс илүү доромжлогдож, өөрийн нүдэнд дорд харагдсан ч, харин чиний ярьсан тэр шивэгчингүүдэд хүндлэгдэх болно гэв. Саулын охин Михал насан эцэс болтлоо үр хүүхэдгүй байв.” 2Сам 6:16-23

Давид Бурханы гэрээний авдар Давидын хотод орж ирсэнд баярлаж, хэдийгээр хаан боловч Бурханы өмнө баяртайгаар бүжиглэж байв. Бурханд баяр баясгалан өргөх гэсэндээ нэр төрөө орхиод балчир хүүхэд шиг баярлан гүйж байхыг нь харсан Саулын охин буюу түүний эхнэр Михал Давидыг зүрх сэтгэлдээ басамжлав. Михал “Хаан хүн байж ард түмнийхээ нүдэн дээр юунд тийм бүдүүлэг үйлдэл гаргана вэ?” гэж Давидыг шүүмжлэхэд, тэрээр өөрийн Бурханы өмнө бол тэрнээс ч илүү дорд, нэр нүүргүй харагдсан ч хамаагүй гэж хариулжээ. Тэр үеэс хойш Бурханы ерөөл болон Давидын хайр Михалыг орхиж, насан туршдаа үр хүүхэдгүй байсаар золгүй эмэгтэй болж дуусав.

Үг ба итгэлийн дагуу

Бурхан хүн төрөлхтнийг аврахын төлөө хүн болж энэ газарт ирсэн үед тухайн үеийн шашны удирдагчид Бурханд хэрхэн хандаж, ямар үг хэлж байсныг Есүсийн үе рүү очоод харцгаая.

“… Пилат тэдэнд —Тэгвэл Христ гэгдэх Есүсийг би яах болж байна? гэсэнд бүгд —Түүнийг цовдол гэцгээв. Пилат —Яагаад? Тэр ямар муу юм хийсэн юм бэ? гэж асуусанд харин тэд —Түүнийг цовдол гэж улам ихээр хашхирч байлаа. Пилат энэ нь яавч нэмэргүй, харин ч бүр үймээн самуун дэгдэж эхлэхийг хараад, ус авч, хурсан олны өмнө гараа угаан —Би энэ зөвт Хүний цусанд буруугүй. Өөрсдөө мэдтүгэй гэжээ. Тэгтэл бүх хүн —Түүний цус бидний ба үр хүүхдүүдийн маань дээр байг гэцгээв. Тэгээд тэр Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдуулаад, цовдлуулахаар өгчээ.” Мат 27:19-26

Дэлхийн 2-р дайны үед нацист Германы цэргүүд 6 сая еврейг хоморголон устгасан бөгөөд энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай эмгэнэлт үйл явдал байсан юм. “Түүнийг цовдол” гэж хашхиран “Түүний цус бидний ба үр хүүхдүүдийн маань дээр байг” гэсэн тэдний нүгэл ор мөргүй алга болоогүй юм. Тэр нүглийнхээ хөлсийг төлөх цаг гарцаагүй ирсэн. Энэ нь ч мөн тэдний хэлсэн үгийн үр дагавар байсан билээ.

“… Харагтун, татвар хураагчдын ахлагч Закхай гэгч баян хүн байжээ. Есүс гэж хэн болохыг харахаар зүтгэж байсан боловч бие хаа нам тул цугласан олноос болоод харж чадахгүй байв. Тэгээд тэр түрүүлэн гүйж, Түүнийг харах гэж инжир модонд авиран гарав. Учир нь Есүс тэр замаар дайрч өнгөрөх гэж байлаа. Есүс тэнд хүрч ирээд, дээш харж түүнд —Закхай, хурдал, буугаад ир. Өнөөдөр Би танайд очих ёстой гэжээ. Тэр хурдлан бууж, Түүнийг баяртайгаар хүлээн авав. Үүнийг харсан хүн бүхэн дургүйцэж, —Есүс нүгэлтнийд хоноглох гэнэ гэцгээж байлаа. Закхай зогсоод Эзэнд —Хараач, Эзэн, өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядууст өгнө. Хэрэв би хэн нэгнээс залилан авсан байвал түүнийгээ дөрөв дахин нугалж эргүүлэн өгнө гэсэнд Есүс түүнд —Өнөөдөр энэ айлд аврал ирлээ. Учир нь тэр ч гэсэн Абрахамын хүү мөн.” Лук 19:1-9

Есүсийг гэрт нь ирсэнд Закхай ихэд баярлаж, бүх хөрөнгөнийхөө хагасыг ядууст хуваан өгнө гээд, залилан авсан байвал дөрөв дахин нугалж төлнө гэжээ. Тэгэхэд Есүс “Өнөөдөр энэ айлд аврал ирлээ” хэмээн айлдсан байдаг.

Библид үлдээсэн түүхэн хүмүүсийн хэлсэн үгсээс, чухамхүү ямар үг биднийг тэнгэрийн хаанчлалд оруулахыг, мөн ямар үг авралд хүргэж чадахгүйг бид тодорхой ойлгож чадна. Библи нь тэнгэрийн ханхүү гүнж нарт зөв боловсрол олгох Бичвэр билээ. Бурхан бидэнд хэлж болох үг ба хэлж болохгүй үгийг, сэтгэлдээ тээж болох бодол ба болохгүй бодлыг зааглаж өгөхийн тулд эдгээр нандин сургаалуудаа хайрласан юм. Иймд бид зайлшгүй дагах нь зохистой бус уу?

“… Ах дүү нар аа, та нараас хэн нэг нь ёрын, итгэлгүй зүрхтэй байж, амьд Бурханаас салах вий хэмээн болгоомжлогтун. Харин “өнөөдөр” гэгдэж л байгаа бол бие биенээ өдөр бүр зоригжуулагтун. Эс бөгөөс та нараас хэн нэгэн чинь нүглийн мэхлэлээр хатуурах вий. … Энэ нь “Өнөөдөр та нар Түүний дууг сонсвол, тэрслэл дэх шиг зүрхээ бүү хатууруул” гэсэнчлэн юм. Сонссон атал тэрсэлсэн нь хэн билээ? Үнэндээ Мосегийн дор Египетээс гарсан тэд бүгдээрээ биш гэж үү? Тэр дөчин жилийн турш хэнд хилэгнэв? Нүгэл үйлдэж, цөлд бие нь унагсдад биш үү? Өөрийнхөө амралтад эс оруулна гэж Тэр хэнд андгайлсан бэ? Дуулгаваргүй байсан тэдэнд биш үү? Итгэлгүй учир тэд орж чадаагүйг бид хардаг.” Евр 3:7-19

Итгэлгүй хүн Бурханы соёрхсон авралд талархаж чаддаггүй бөгөөд бүх зүйлд гомдоллодог. Тийм хүн Бурханы бэлтгэсэн мөнхийн амралтанд орж чадахгүй байхаар Бурхан бүгдийг нь ялгах болно.

Амнаас гарах ганц үг ч нэн чухал. Шүүх дээр хэрэгт холбогдогчийн хэлсэн үгийг бичиж авсан бичлэг гол нотлох баримт нь болдог. Газар дээрх шүүх ийн үздэг байхад тэр тусмаа тэнгэрийн орны шүүх мөн тийн үзэхгүй гэж үү? Бурхан биднийг талархлын үгтэй амьдарч ирж үү, гомдлын үг дэлгэн амьдарч байж уу гээд өнгөрсөн хугацаанд хэлсэн үг бүрээр маань шүүлтийн өдөр шалгана. Тиймээс үгсээрээ зөвтгөгдөнө мөн үгсээрээ яллагдана хэмээн айлдсан байдаг (Мат 12:36-37).

Бид Алгасал баяр, Амралтын өдөр гэх Бурханы хууль, тушаал, зарлигийг хүндэтгэн сахидаг. Үүний адил үгийн тал дээр мэдүүлсэн эдгээр сургаал ч мөн зайлшгүй сахих ёстой Бурханы хууль юм. Арван хоёр тандагч шиг Бурханыг умартаж итгэгчдийн итгэлийг унагаахаар мунхаг үг огт хэлэхгүй байцгаая. Тэгээд үргэлж итгэл төрүүлэх, тус нэмэртэй ивээлтэй үгээр ярьцгаая.

Сайн мэдээ тунхаглахад хэрэглэгддэг үгс бол бидний зайлшгүй хэлэх ёстой үг болохоор 100 удаа, 1000 удаа ч хэлье. Бурханд яруу алдрын үгийг болон талархлын үгийг ихээхэн өргөцгөөе. Өгсөн ивээлд нь үргэлж талархаад, өөрийгөө дорд болгож, Бурхандаа яруу алдар, магтаалыг өргөсөн Давидынх шиг сэтгэлийг өвөрлөж, ивээлтэй, тустай үгсээр Бурханы зүрх сэтгэлийн дагуух хүн болж, авралд хүрэх Сионы гэр бүл болохыг бүгдээс нь хүсье.