Бороотой өдөр

Юүн Жү Ён / Солонгос, Сөүл

4,581 үзэлт

Аадар бороо тасралтгүй шаагина. Ийм өдөр гадуур алхахаар хамаг бие нэвт нордог ч бороотой өдрүүдэд би дэндүү дуртай. Яагаад юм бол гэж нэлээн эргэцүүлтэл бага насны дурсамж сэргэж, бага ангид байсан үе маань санаанд орох нь тэр.

Тариачин аав, ээж маань үүрээр бидэнд чимээгүйхэн өглөөний цай бэлдчихээд нар мандахаас бүр өмнө тариан талбай руу явдаг сан. Нэг өглөө би өглөөний цайгаа хам хум уучихаад тэнгэрийн байдал анзаарахтай манатай сургууль руугаа яаран гүйлээ. Тэгтэл хичээл тарахын алдад ширүүн бороо асгарав. Тэр үед ямар гар утас байсан биш. Аав ээжтэйгээ холбоо барилаа гэхэд тэд над руу шүхэр аваад ирэх тийм завтай улс байгаагүй л дээ. Би сургуулийн үүдэнд бороо намжихыг хүлээн жаахан саатсан ч бороо зогсох шинжгүй байсан тул явахаас өөр аргагүй байв. Алхах тоолонгоор хувцас, цүнх нэвт норж, бүр цүнхэн доторх ном дэвтэр гээд хуурай юм юу ч үлдсэнгүй. Тэгсэн хэр нь би нэг сэлэм шиг саваа олж аваад, шалбааг ус цавчин, мэлхийтэй хөөцөлдөн, зам дагуух бороонд норсон өвсийг шавхуурдан жигтэйхэн баяр хөөртэй байлаа.

Бороонд шалба цохиулсан хүн гэртээ орж иртэл ээж маань санаа амарсан аятай угтаж, алчуур, цэвэр хувцас гарт атгуулав. Ээж ч бас нэвт норсныг би төд удалгүй анзаарлаа. Мэдээж тариан талбайгаасаа ирсэн байж таараа л даа. Биеэ хатаан, хувцаслах зуур шарсан тосны үнэр гэрээр нэг ханхийж, ээж бүчингэ (солонгос шарвин) хайрч гарлаа. Шаржигнасан шарвингаа амтархан идчихээд би ээжийнхээ өвөр дээр толгой тавингуут тайван нойронд автсан сан.

Өглөөгүүр ширүүн бороотой байх болгонд өглөөний цайгаа аав ээжтэйгээ цуг уух боломж гарна. Гэвч юу юунаас илүү хичээлээ тараад гэртээ ирэхэд минь ээж угтана гэхээс хамгийн гоё байдаг байж билээ. Тиймээс л би бороотой өдөрт дуртай байсан аж.

Том хүн болсон хойноо ч би бороотой өдөрт дуртай хэвээрээ. Одоо би ээжийнхээ тайван энгэрт тэврүүлэхээ больсон ч бага насны минь дурсамж бороон дуслуудтай хамт сэтгэл илбэн, сэтгэлд нэг л дулаан.