Тэнгэр элч надтай хамт байсан нь

Солонгос, Пусан / Ким Жи Ён

4,382 үзэлт

Би Энэтхэг рүү явахын тулд Непалын онгоцны буудлаас виз авах явцдаа бага зэргийн асуудалтай тулгарсан юм. Надад зөвхөн Энэтхэгийн рупи байв. Америк доллар юм уу непал рупи биш л бол өөр юугаар ч төлбөр төлөх боломжгүй гэлээ. Валютын машин нь хүртэл эвдэрчихсэн байсан болохоор би яах учраа олохгүй ийш тийш холхиж гарав. Гэтэл сайхан сэтгэлтэй хоёр гадаад эмэгтэй таарч, тэдний ​​тусламжтайгаар би асуудлаа дор нь шийдчихэв. Тэнгэр Эх над руу тэнгэр элч нараа илгээсэн нь гарцаагүй байлаа.

Тэнгэр элч нарын тус үүгээр зогссонгүй. Би Непалд нэг хоночихоод Энэтхэг рүү явах төлөвлөгөөтэй байсан юм. Миний захиалга өгсөн зочид буудлаас хэн нэгэн намайг тосохоор ирсэн эсэхийг мэдэхээр би нэрээ хайлаа. Гэвч хаана ч миний нэр харагдсангүй. Онгоцны буудал дээр нь гадаадын иргэн холхиж байхыг харсан таксины жолооч нар намайг таксиндаа суулгах гэж үймэлдэнэ. Би болгоомжилсондоо бүгдээс нь татгалзаж, яахаа мэдэхгүй зогсож байлаа. Аз болоход би онгоцны буудлын нэгэн эелдэг ажилтантай таарч, зочид буудлаа төвөггүй олж очсон юм.

Зочид буудалд очсон хойно ч асуудал гарсаар байв. Буудлын ажилтан надад эхэндээ энэтхэг рупигээр тооцоо хийх боломжгүй гэж байснаа гэнэт “Аан нээрээ өнөөдөр тооцоо хийж болох юм байна” гээд үгээ өөрчлөв. Намайг тооцоогоо хийтэл тэр надад 2000 непал рупи хариулж өглөө.

Маргааш өглөө нь би нэлээн орой босож, усанд орчихоод онгоцны буудал руу явах бэлтгэлээ аажуухан базаав. Нислэгийн цаг үдээс хойш байсан болохоор би нэг их яарсангүй. Цүнхнээс нэг цаас унахаар нь аваад хартал би бүр тэвдэж орхилоо. Нислэгийн цагийг өглөөний 10:25 гэж бичсэн байх нь тэр. Цагаа хартал 10:10 болж байв.

Би яаран ачаа тээшээ баглаад таксинд суун онгоцны буудал руу явлаа. Таксины мөнгө илүү ч үгүй дутуу ч үгүй яг 2000 рупи болов. Өчигдрийн хариултанд авсан мөнгө байгаагүй бол би таксинд сууж ч чадахгүй байх байж дээ гэж бодоод Бурхандаа дахин дахин талархсан.

Би санд мэнд онгоцны буудал дээр ирээд тасалбараа гаргаж үзүүлэх гэтэл нэг ажилтан намайг оффис руу дуудлаа.

“Та 10:25-т нислэгтэй юм байж яагаад одоо ирж байгаа юм?”

“Би цагийг нь буруу харчихжээ. Өөр нислэг захиалж болох болов уу?”

“Харахад, хэн нэгэн танд тусалж байгаагаас зайлахгүй.”

“Юу? Юу гэсэн үг билээ?”

“Өглөөний нислэгт иймэрхүү зүйл бараг гардаггүй ч нислэг нэг цагаар хойшилсон.”

“Өө, Эцэг Эхдээ талархаж байна.”

Онгоцны буудлын таван ажилтан намайг хүлээлгийн танхимд хүргэж өглөө. Би арван минут хүлээж байгаад эсэн мэнд онгоцондоо суув.

Онгоцонд ч гэсэн намайг жижиг сюрпризүүд хүлээж байв. Кофе ууж, жигнэмэг идмээр санагдаад “Энэтхэгт очингуутаа авч идье” гээд бодож суусан чинь хажууд байсан онгоцны үйлчлэгч надтай юм ярьж, аяга кофе чанаад өгье гээд жигнэмэг хүртэл өгөв. Энэ бүхэн нэг их онцгой зүйл биш гэж та нар бодож магадгүй л дээ. Харин надад Бурхан тэнгэр элчүүддээ эхнээс нь дуустал намайг дагалдан яваарай гэж хэлсэн юм шиг санагдсан шүү.

Непалаас Энэтхэгт иртэл надад тохиолдсон аар саар зүйлс дөнгөж эхлэл байлаа. Энэтхэгийн Лакхнау хотод сайн мэдээний ажил хийж байхдаа би тэнгэр элч нар надтай хамт яваа гэдэгт бүр ч итгэлтэй болсон.

Нэг өдөр би нутгийн нэг гэр бүлтэй хамт өөр нэг шинэ ах дүүгийнд очсон юм. Тэр ах дүү бидний хот даяар тунхаглаж явахад тааралдсан цорын ганц христчин хүн байсан л даа. Эхнэр нь Бурханд итгэдэггүй нэгэн байв. Тэр өдөр бид ах дүүгийн эхнэр, хоёр хүүхдийг нь Бурханы ерөөл авхуулахаар ятгаж байв. Бид ойр зуурын юм ярилцаж байтал гэнэт эхнэр нь биднээс “Та нар энэ хотод өөр христчин хүнтэй таарч байсан уу?” гэж асуулаа.

“Үгүй ээ.”

“Тэгвэл намайг дагаад яв даа.”

Биднийг дагуулж очсон айл яг урд талынх нь байшин байв. Бид хонхыг нь дартал нэг эмэгтэй охинтойгоо хамт гарч ирэв. Тэд христчин байсан бөгөөд биднийг Бурханы үг дамжуулахаар ирлээ гэхэд баяртайгаар хүлээж авсан. Тэр өдрөөс хойш бид хэд хэдэн удаа үнэний үг судлав. Тэгээд тэд Сионд ирээд шинэ амийн ерөөл авсан. Хэд хоногийн дараа тэдний гэр бүлийн бусад гишүүн ч жинхэнэ Бурханыг хүлээн авав.

Аав ээж, том ах болон дүүтэйгээ цуг Бурханы хуулийг бүрэн сахиж байгаа охин нь бидэнтэй анх уулзсан тэр өдрийг тод санадаг гэнэ.

“Өмнө нь хэн ч манай гэрт Бурханы үг дамжуулахаар ирж байгаагүй. Тэр өдөр би хоёр тэнгэр элч харсан.”

Эгч дүү биднийг тэнгэр элч гэж хэлсэн ч Бурхан биднээс ч түрүүлээд тэнгэр элч илгээсэн нь тэдний гэрийг зааж өгсөн ах дүүгийн эхнэр байв. Ах дүүгийн эхнэр бас одоо үнэнийг хүлээн авч Бурханы баяруудыг ариунаар сахиж байгаа. Түүнд баптисм хүртэхийг санал болгосон хүмүүс бол урд айлынх нь Сионы гэр бүлүүд. Бурханы төлөвлөгөө үнэхээр гайхамшигтай.

Гадаадад тэнгэрийн гэр бүлүүдээ хайж, зүүд мэт өдөр хоногуудыг өнгөрүүлж байхдаа хааяа би ганцаардаж байгаа мэт санагддаг байсан л даа. Гэвч үнэн хэрэгтээ Бурхан намайг ганц ч хором ганцааранг минь байлгаагүй. Бурхан намайг найдвартай тэнгэр элч нараар хамгаалуулж байсан юм. Надад тусалсан бүх сайхан сэтгэлтэй хүмүүс Бурханы ерөөлийг заавал хүртэнэ гэдэгт би итгэдэг. Тэнгэр элч нар үргэлж дэргэд чинь хамт байдаг гэдэгт та нар бас итгээрэй.