Би зөнчийн эхнэр хүн л дээ. Энд ирэхээсээ өмнө би Эль Сальвадорт сайн мэдээний үүрэг гүйцэтгэж байсан юм.
Эль Сальвадорын нэгэн эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр очих үеэр надад тохиолдсон нэг явдлыг хүүрнэе. Би эмнэлгийн хүлээлгийн танхимд Эль Сальвадор дахь сүмийн солонгос зөнчийн эхнэртэй утсаар ярьчихаад сууж байв. Гэтэл нэг сувилагч над дээр ирснээ:
“Би Солонгосын талаар их сонирхдог болохоор солонгос хэл сурч байгаа юм л даа. Таныг солонгосоор ярьж байхыг сонсоод зүгээр мэндлэх гээд ирсэн юм аа” гэж ичингүйрэн хэлэв.
Дараа нь тэр надаас Эль Сальвадорт хэзээ ирснийг, амьдралын хэв маягт нь дасан зохицож байгаа эсэхийг эелдгээр асуув. Гэнэтийн нөхцөл байдал байсан ч бид хоёр найрсаг яриагаа үргэлжлүүлэв. Би түүнтэй Солонгосын соёл энэ тэрийг цаг хэртэй ярилцаж, хөгжилтэй байв. Тэгтэл сувилагч “Таны цагийг дэмий үрсэнд уучлаарай, өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэж хэлээд явахаар бослоо. Яг тэр мөчид надад энэ сүнсийг би ингээд зүгээр явуулчихаж болохгүй шүү дээ гэсэн бодол орж ирлээ.
“Би Бурханы сүмд явдаг. Манай сүм Эцэг Бурхан, Эх Бурханд итгэдэг юм.”
“Би анх удаа Эх Бурханы тухай сонсож байна. Мариаг хэлээд байна уу?”
“Үгүй ээ. Эхлэлээс Илчлэл хүртэлх Библийн ном Эцэг Бурхан болон Эх Бурханы талаар гэрчилдэг юм. Бидний авралтай холбоотой маш чухал мессеж Библид бий. Би таныг Эцэг Эх Бурханд итгэдэг Бурхан сүмдээ урих гэсэн юм. Та манай сүмд нэг ирж үзэхгүй юү?”
Сувилагч хэсэг зуур бодолхийлснээ миний урилгыг хүлээн авлаа. Тэр цагаас хойш би Бурханд чин сэтгэлээсээ залбирч эхлэв. Эцэст нь бидний уулзах өдөр ирлээ. Түүнийг товлосон цагаасаа эрт ирчихсэн намайг хүлээж байхыг хараад сэтгэлд минь талархал, баяр хөөр оволзлоо. Эхэндээ тэрээр жаахан яаруу яваа гэж хэлсэн ч Библи сурч байхдаа Бурханы ивээлээр сэтгэл зүрх нь нээгдсэн юм. Улмаар Бурханы үгийг үргэлжлүүлэн судлах болж, эцэст нь тэнгэр Эцэг Эхийн хүүхэд болох ерөөл хүртсэн дээ. Эгч дүүгээ би бат итгэлтэй болж өсөөсэй гэж хоёр гараа хавсран залбирч байгаа.
Би гадагш гарах тоолондоо Бурханд хандан “Өнөөдөр таарсан бүх хүндээ зоригтойгоор тэнгэр Эцэг Эхээрээ бахархахыг минь зөвшөөрөөрэй” гэж залбирдаг юм.
Энэ залбирал бодит болох эсэх нь миний хичээл зүтгэлээс хамаарна шүү дээ. Тэгээд би Бурхан надад тусална гэдэгт итгээд, визтэй холбоотой ажлаар очихдоо ч гэсэн Солонгосын элчин сайдын яамны ажилтнуудад, мөн талх нарийн боов, хүнсний дэлгүүрийн эзэнд үнэнийг тунхагладаг юм.
Одоо би тунхаглалын баяр хөөр, аз жаргалыг ухаарч, Бурханд талархах зүйл ихтэй болсон шүү. Эцэг Эхээрээ бахархан, шинэ гэрээг тунхаглах болгонд би ямар их догдолдог гээч. “Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай” (2Тим 4:2) гэсэн сургаалыг би баяртай сэтгэлээр, дуулгавартайгаар дагах шийдвэр гаргаад байгаа. Өөрт оногдсон сайн мэдээний хамтран зүтгэгчийн үүргээ чин үнэнчээр биелүүлээд, уулзсан хүн болгондоо хичээнгүйлэн тунхаглана аа, би. Хэрвээ би ингэж л тунхаглах юм бол эмнэлэгт таарсан сувилагч эгч дүү шигээ тэнгэрийн үзэсгэлэнтэй гэр бүлтэйгээ гарцаагүй уулзана гэж итгэж байна.