Ах дүүгээ өөрийн адил хайрла
Паг Жон А / Солонгос, Гимчон
![](/wp-content/uploads/2022/05/as-yourself.jpg)
Манай гэрээс чимээ шуугиан тасарна гэж ер үгүй. Хэргийн эзэн нь жил дараалан төрсөн хүү, охин хоёр маань. Тэр хоёр завсар зай гарах л юм бол тоглож, хоорондоо ноцолдож байснаа сүүлдээ хэрүүл маргаанаар өндөрлөнө. Заримдаа би тэднийг нэгнээсээ 1 метрийн зайтай байлгах гэнэ. Гэсэн ч хүүхдүүд маань намайг хоол хийж, гэр цэвэрлэх зуур нэг л мэдэхэд нийлчилсэн тоглож байна.
Эргэн тойрныхон хүүхдүүдийг маань хараад хоорондоо эвтэй, нэгэндээ найр тавьдаг гээд л магтдаг сан. Би тэр үгийг нь сонсоод баярладаг ч юм л бол хоорондоо муудалцаад унадаг хүүхдүүдээсээ болж дотроо их бухимдана аа.
Нэг өдөр манай сүмээс “Гэр бүлээ урих өдөрлөг” зохиохоор болов. Гэр бүлийн сонин хийж, гэрийнхэндээ ил захидал бичих даалгавар өглөө. Гэр бүлийн сонин хийхийн тулд эхлээд би зураг олох хэрэгтэй болов. Тэгээд би хадмууд дээрээ очиж хүүхдүүдийнхээ багын зурагтай зургийн цомгийг нь авч ирэв. Тохиромжтой зураг сонгож аваад сониноо чимэглэх гэтэл цавуу байдаггүй ээ. Цавуу хайж охиныхоо өрөөнд орсон чинь охин маань орон дээр суучихсан зургийн цомог хараад эхэр татан уйлж байх нь тэр.
“Ежин, миний охин яагаад уйлаа вэ?”
“Ээж ээ, ах намайг өхөөрдөж, бас надаа их сайн байсан байна.”
Хүү маань хоёр настай, охин маань нярай байх үеийн зураг байлаа. Зурган дээр ах нь дүүгийнхээ хацар дээр үнсээд, угж барьсан гараа дүүдээ дэрлүүлчихсэн дүүгээ унтуулж харагдана. Охин маань ахыгаа өөрт нь дургүй гэж боддог байснаа надад хэлж том том нулимс бөмбөрүүлэв. Би тэр зургуудыг охиндоо нэг бүрчлэн тайлбарлаж өгөөд хойшид ахтайгаа эвтэй байхыг захилаа.
Тэр явдлаас хойш би охиноо бага багаар өөрчлөгдөж байгааг анзаарч Бурхандаа маш их талархсан. Би хүүхдүүдээрээ дамжуулан “Ах дүүгээ өөрийн адил хайрла” гэсэн Бурханы хүслийг ухаарч авсан даа. Ах дүүс хоорондоо эв найртай байхад л аав ээжийн сэтгэл нэн аз жаргалтай.