Хайртай болохоороо л

Солонгос, Гимхэ / Ян Сон Рим

11,919 үзэлт

Өглөөнөөс орж эхэлсэн бороон чимээнд сэтгэл сэргэж, эртний явдал санаанд орлоо. Бурханы сүмийн итгэгчидтэй анх уулзаж байсан маань бодогдлоо. Миний санаж байгаагаар би дэлхийн ирээдүйн талаар хэн нэгэнтэй чин сэтгэлийн яриа хөөрөө өрнүүлж байгаагүй, бас ярихаас ч айдаг байсан юм даг.

Би буддын сүм дуганд очих дуртай, хүнд муу юм хийхгүй л бол диваажинд очно гэж итгэдэг нэгэн байв. Мэдээж диваажин явна гэж итгэснийхээ хэрээр бусдад тустай амьдарч чадаагүй ч үлдсэн амьдралдаа сайн үйлс их хийнэ л гэж боддог байлаа.

Гэтэл асуудал нь энэ ертөнцөд амьдрах хугацаа бүрхэг санагдана. Дэлхий даяар гамшиг болж байгааг мэдээ, баримтат кино, нэвтрүүлгүүдээс олж харахаар зүгээр нэг сайн үйлс хийх ч хангалтгүй санагдана. Төлөв даруу, сайхан сэтгэлтэй хүмүүс ч гамшигт өртөж байгааг зурагтаар харах бүрийд би хэзээ нэгэн цагт өөрийгөө гамшигт өртөн үхэх вий гэж айна.

Гамшгаас айх айдас минь намайг харин ч Бурханы оршихуйд үл итгэхэд хүргэв. Өөрсдийгөө Бурханы ард түмэн хэмээн эрдэх хүмүүс энэ хорвоогоор дүүрэн байхад яагаад ийм их гамшиг, осол болоод байдгийн учрыг огт ойлгодоггүй байлаа.

Бурханы сүмийн хүмүүстэй уулзаж ярилцаж байхдаа ч би эргэлзсэн хэвээр байсан юм. Тэднээс энэ тэрийн учрыг сайтар лавлаж асуусан л даа. Гэсэн хэдий ч бидний яриа үргэлж Библийн зөгнөлүүд юм уу эсвэл авралын тухай Бурханы үгээр дуусаад байв.

Би тэдэнтэй дахин хэд хэд уулзаж, дэлхий дээр болоод байгаа үйл явдлын утга учир, цаашлаад сүнсний талаар ч бага сага ойлголттой болж, яваандаа үнэний талаар сонирхож эхэллээ. Бас хайртай хүүгийнхээ төлөө ч болов Библи судалж үзэх хэрэгтэй юм байна гэж бодов.

Хорвоогийн бүх ээжүүд хэрэв эхийн мөн чанараа бүрэн гээчихээгүй л бол хэзээ ч, хаана ч үр хүүхдээ хамгаалахыг хүсдэг. Гэвч хүү маань надаас хол байх юм уу эсвэл би юу ч хийж чадахааргүй нөхцөл байдалд хүү маань орсон бол би яагаад ч хамгаалж чадахгүй шүү дээ.

“Хэрэв Бурханы хүүхэд болох юм бол Бурхан таныг нүдний цэцгий мэт хамгаална.”

Энэ үг олон жил Бурханд итгээгүйн эргэлзээг минь арилгаж, би хүүтэйгээ хамт шинэ амийн ерөөл хүртсэн юм даа.

Би цаашид шашин шүтлэгийн асуудал дээр санаа зовох шаардлагагүй боллоо гэж бодтол нэг гэрт хоёр өөр шашин байж таарахгүй гээд л гэрийнхэн эсэргүүцэж эхлэв. Ийм нөхцөлд итгэлийн амьдралаа эхлүүлэх зүрх зориг хүрсэнгүй. Хэдэн сар төөрч будилсны эцэст надад нэг бодол төрөв.

“Би чинь насанд хүрсэн хүн. Миний сонссон зүйлд ямар нэг буруу зөрүү юм байгаагүй.”

Шашин шүтлэг гэрийнхэнд минь хор хөнөөл учруулах эсэхийг би Библиэр дамжуулан олж мэдэхийг хүслээ. Тэгээд сэтгэл шулуудаж, Бурханы сүм рүү өдөр болгон очиж Библи сурдаг байв.

Үнэний үгэнд ямар нэг ойлгомжгүй зүйл гарсангүй, бүх зүйл нь тодорхой байлаа. Үнэнийг сурч мэдэх тусам би Бурхан байдагт илүү итгэлтэй болж байв. Бас тунхаглах үүргийнхээ талаар тодорхой ухаарч авсан болохоор цаашид зүгээр суугаад байж чадсангүй.

Би Бурханы хуулийг сахиж, Бурханы өгсөн даалгаврыг биелүүлж байх хооронд гэрийнхний маань надад хандах хандлага аажмаар зөөлрөв. Том эгч намайг сүмд явж эхэлснээс хойш илүү тайван болсон гэж магтана. Ээж маань ч эгчтэй санал нэгдэж, миний итгэл үнэмшлийг хүлээн зөвшөөрлөө. Нөхөр маань бас Бурханы хүүхэд болох ерөөл авлаа.

Бурханаас ерөөл авах тусам би сүнслэг ерөөлд илүү их тэмүүлэх болов. Яг тэр үеэр гадаадад удаан хугацаагаар явж тунхагласан нэгэн гэр бүлийн яриа чих дэлсэх нь тэр.

“Гадаад гэр бүлүүдэд тусламж маш их хэрэгтэй байна. Зүгээр л тэдэнтэй хамт байх нь тэдэнд маш том тус болдог юм.”

Ингээд би гадаад руу явах хүсэл эрмэлзэлтэй болов. Сайн мэдээний үйлчлэгч нэн хэрэгтэй орон руу явж, надад зориулагдсан ерөөлүүдийг авах хүсэлдээ шатан, гадаад сайн мэдээний үүд хаалга нээж өгөхийг Бурханаас өдөр бүр чин сэтгэлээсээ залбирдаг боллоо. Эцэст нь Бурхан манай гэр бүлд Бразилд сайн мэдээ тараах ерөөл соёрхсон юм даа.

Бразилд очоод л би Бурханыг тасралтгүй тунхаглана гэж шийдсэн боловч бодит байдал бодож байснаас өөр байлаа. Бразилын соёл, амьдралын хэв маяг нь Солонгосынхоос тэс ондоо, заримдаа хачин санагдаж, бүр айх ч үе гарна. Мөн нутгийн хэл сурахад хэцүү санагдаж, хэлний бэрхшээлээс болоод олон ч хоног уйлж билээ.

Цаг хугацаа хэдий хүнд хэцүү ч дэмий хоосон өнгөрөөгүй юм. Тэнгэрийн гэр бүлүүдийн тоо аажим аажмаар нэмэгдэж, Бурхан бидэнд шинэ ариун газар барихыг зөвшөөрөв.

Барилгын ажил эхлэхтэй зэрэгцэн бид өдөр хоногуудыг маш завгүй өнгөрөөх болов. Гэрлэсэн ах дүү нар өдөржин халуунтай тэмцэн барилгын ажилд оролцож, гэрлэсэн эгч дүү нар ч багаж хэрэгсэл хангалтгүй хөдөлмөрийн хүнд нөхцөлд алхаар бетонон хана нурааж, сайн дураараа махран зүтгэцгээсэн дээ.

Ерөөлтэй ажлууд овоорч байх үед би сорилттой тулгарав. Засварын ажил сунжирч, бие сэтгэл минь туйлдчихаад байлаа. Нэг өглөө сэрээд бүр өрөөнөөсөө хамраа ч цухуйлгахыг хүссэнгүй. Агааржуулагчтай тухтай өрөөнд хөлөө жийж суучихаад амттай тарвас, хүйтэн гоймон идэж байна гэж төсөөлж нэг үзэв.

Амрах янз бүрийн шалтаг эрж байтал гэнэт толгойд нэг бодол зурсхийн орж ирэх нь тэр.

“Ээ, Эцэг Эх минь дээ!”

Тэнгэр Эцэг Эхийн минь туулсан өдөр хоногууд миний энэ байдалтай харьцуулшгүй хүнд хэцүү байсан байх даа. Гэсэн ч Тэд өвдлөө, зовлоо гэлгүйгээр сайн мэдээний замаар тууштай алхаж ирсэн шүү дээ…

Бидэнд аврал өгөх гэж Өөрийгөө сайн дураараа золиослон, тав тухгүй амьдрал туулсан Эцэг минь. Одоо ч золиосын амьдралыг туулан байгаа Эх минь. Хүмүүний хэзээ ч дуурайж чадахааргүй жинхэнэ хайрын төгс жишээ Тэд болж дээ. Нүдний нулимс асгарч, дэр нэвт норголоо.

Сайн мэдээний зовлонт зам туулсан тэнгэр Эцэг Эхээ бодсон чинь би хүч авч, сэтгэл сэргэн тэр дороо босоод ирлээ. Тэр өдрөөс хойш би ариун газрын засварын ажлыг гэр бүлүүдтэйгээ хамт бүх хүчээ дайчлан ивээлтэйгээр хийж дуусгаад, сайн мэдээний жинхэнэ ажлаа эхлүүлсэн дээ.

Бурханы хайрыг ухаарсны дараа сайн мэдээ тунхаглах ч өөр санагдлаа. Сион руу буцан ирсэн сүнснүүд ч мөн тэнгэр Эцэг Эхийн хайрыг хурдан ухаарч байв. Хэд хоногийн өмнө би нэг гэр бүлээс “Эгч дүү, та хэзээ, яаж тэнгэр Эцэг Эхийг ухаарсан юм бэ?” гэж асуусан чинь эгч дүү ингэж хариулсан юм.

“Жибсаним таныг миний төлөө уйлж байхыг би нэг удаа харсан юм. Тэр үед би “Яагаад надаас болж уйлаад байгаа юм бол? Би хэн нэгний төлөө ерөөсөө уйлж байгаагүй шүү дээ гэж бодсон. Тэр үед би Эхийн хайр ямар байдгийг жаахан ч гэсэн ухаарсан даа”” гэв.

Эгч дүү маань одоо Эхийн хайрыг ухаарсан Бурханы үзэсгэлэнтэй хүүхэд болж өсөөд байгаа.

Өөр нэг эгч дүү маань тэнгэр Эцэгийг гэсэн халуун сэтгэл, тэнгэрийн найдвар тээх болсон. Мөн нэг эгч дүү үнэнийг хүлээн аваад нэг их удаагүй байхдаа Библийн хичээл үзэж байгаад Хоёрдугаар Христ аль хэдийн ирээд зөгнөлийн дагуу тэнгэрт одсоныг мэдэн бүр асгартал уйлав. Мэдээ ч үгүй байхад нь хэзээ ирчихээ вэ гээд л нэг хэсэг юм ч ярих сөхөөгүй уйлаад л байсан. Эгч дүү тэр цагаас хойш уйтгар гунигаа ялж, Эцэгийн золиосыг бодон Бурханы үгийг илүү гүн гүнзгий судалдаг болсон шүү.

Бразилд ирснээс хойш хэдэн жил өнгөрчээ. Сүүлийн үед би залуучуудаасаа маш их урам авч байгаа. Бурханаас заяасан авьяас чадвараа ашиглан оюутны хотхон болон Сионд Библийн семинар зохион байгуулж, өндөр настны хүлээн авалт, асрамжийн газарт туслах зэргээр сарын дотор дөрөв таван үйл ажиллагаа амжуулж байгаа залуучуудаа харахаар “Үүрийн шүүдэр мэт залуучууд сайн дураараа өөрсдийгөө зориулна” гэсэн Дуулал номны ишлэл санагддаг юм. Тэнгэрийн ерөөл хичээнгүйлэн хурааж байгаа үүрийн шүүдэр мэт залуучуудаас би сайн мэдээний төлөөх халуун сэтгэл, хүсэл тэмүүллийг сурч байгаа.

Тэнгэрийн хаанчлал явахыг маш их хүсэж байгаа ч тэнгэр элчийн дүр төрхөөр хараахан өөрчлөгдөөгүй байгаа надад Бурхан Бразил дахь аж амьдралаар их зүйл сургасан. Тэр дундаас тунхаглалаар олж авсан ухаарал минь юугаар ч сольшгүй Бурханы эрхэм нандин бэлэг юм даа.

Миний хувьд сайн мэдээ тараах гэдэг бүтэлгүй хайртай адилхан санагддаг юм. Хүмүүс миний сэтгэлийг ойлгохгүй тул над руу харж инээх ч үгүй, ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, заримдаа надад их бүдүүлэг хандана аа. Тэдний энэ хандлага сэтгэл өвтгөж, би бусдын нүднээс далдуур зөндөө уйлсан. Гэхдээ л би өөрөө тэдэнд хайртай болохоороо огт шантраагүй ээ.

Учир нь миний энэ хайр Бурханаас ирсэн юм. Тэнгэр Эцэг Эх минь намайг тэгтлээ их хайрлаж, ухаарах хүртэл минь тэвчээртэйгээр хүлээсэн сэн.

“Бүтэлгүй хайр”-аас болж заримдаа сэтгэл өвтгөх зүйл гарсан ч илүү олон сүнсийг би хайрлана аа. Энэ ертөнц яагаад ч өгч чадахгүй Бурханы тийм ариун нандин хайр тэдэнд хүрэх хүртэл би энэ замаар эрч хүчтэйгээр алхах болно оо.