Эвдэрсэн машин

Бэг Хён Ми, Солонгос Игсан

9,045 үзэлт

Тарр тарр, тарр тарр!

Би хурдны замын хураамж төлдөг товчоо руу яг орох гэж байтал нэг сонин дуу чимээ гарснаа машины маань хөдөлгүүрийн анхааруулах шар гэрэл асчихав.

“Яагаад заавал одоо гэж…”

Амралтын маань сүүлийн өдөр, дээр нь ням гараг байдаг. Үд дунд өнгөрсөн болохоор онгорхой засварын газар ч олдохгүй байх даа. Би яг юу хийхээ мэдэхгүй байлаа.

Хурдны зам руу орох тэр мөчид л гэнэт машинд маань асуудал үүссэн юм биш л дээ. Бүтэн өдөржин анхааруулгын тэмдэг асаж унтраад л байсан юм. Харин би жолоо барихад ямар нэг асуудал гараагүй болохоор нь энд тэнд ажлаа амжуулаад л яваад байлаа. Ямар нэг ноцтой юм болно чинээ санасан ч үгүй.

Орой болоход би харихаар замд гарсан юм. Сөүлээс манай гэр хүртэл 250 км орчим зайтай. Хурдны замын голд машин маань унтарчихвал яана аа гэхээс санаа зовж байсан ч машинаа засаад хөдлөх гэвэл таньж мэдэхгүй газар хонох хэрэг гарч ч мэднэ. Ямартай ч харихаар сэтгэл шулуудан, болгоомжтой гэгч нь явав. Гэтэл яах ийхийн зуургүй хөдөлгүүрийн улаан гэрэл анхааруулгын самбарт дахиад л асчихав.

Энэ удаад шинж тэмдэг нэлээн ноцтой байлаа. Машинаас их дуу чимээ гарч, анхааруулгын тэмдэг ч удаан аслаа. Би тэр даруй машинаа зогсоохыг хүссэн боловч хурдны зам дээр явж байсан тул яаж ч чадсангүй.

Эвдэрсэн машинтайгаа шөнө дунд болтол явахад ямартай ч зорьсон газраа хүрэхэд 20 км үлдсэн байлаа. Машин маань цааш явмааргүй байгаа бололтой би аль байдгаараа хааз гишгэсэн ч хурд авч чадахгүй салгалан, дуу нь л чангараад байсан юм. Дайран дээр давс гэгчээр усан бороо асгарна.

Би аваарын гэрлээ асаагаад зөөлөн гэгч нь явж байтал хажуугаар том оврын ачааны машин асар хурдтай өнгөрөв. Нуруугаар хүйт оргиод явчихлаа.

Миний машинд аль дээрээс л ямар нэг асуудал гарсыг илтгэх тэмдэг асаад байсныг би санав. Үндэсний баяр наадмаар нутагтаа очоод ирэхэд машин маань бага зэрэг чичирч, хурд сайн авахгүй, бензин их идээд байсан л даа. Тэгсэн ч гэсэн би гаднаа ямар нэг их асуудал харагдахгүй болохоор нь тоохгүй яваад л байсан юм.

“Яана аа, эртхэн засчихдаг байж. Холын замд гарах гэж байж би яахаараа ийм бодлогогүй байдаг байна аа.”

Харамсахад хэтэрхий оройтсон байлаа. Хэсэг явж байгаад би замын хажууд машинаа зогсоон, чирэгч хүлээв.

Төд удалгүй хурдны замын эргүүлийн тэрэг хүрч ирлээ. Тэд борооноор замын хажууд машинаа зогсоох нь маш аюултай гээд хэдий удаан ч гэлээ товчоо руу очсон нь дээр гэж надад зөвлөсөн юм. Тэгээд тэд миний араас дагаж явна гэж хэлээд намайг тайвшруулав. Би эргүүлийн машинаар хамгаалуулан байж арай ядан товчоон дээр ирж зогслоо. Тэгээд сая нэг юм хөлөө амраан, санаа амрах нь тэр.

Аз болоход машинд маань нэг их ноцтой гэмтэл байсангүй. Хөдөлгүүрийн зөвхөн ганц л эд анги ажиллахаа больсон нь элдэв асуудал дагуулсан байв.

Би машинаасаа болж сэтгэл их түгшсэн ч нэг том сургамж олж авсан даа. Урьдчилан анхааруулсан тэмдгүүдийг тоохгүй, шалгаж үзэх ч үгүй явсаар би ноцтой асуудалд орох шахсан шүү дээ. Тэнгэрийн хаанчлал явах замд ч гэсэн үүнтэй адил зүйл тохиолдож болох юм шиг санагдлаа. Хэрэв би сүнснийхээ тухай дахь анхааруулгын тэмдгийг үл тоомсорлох юм бол хожим нь буцаахын аргагүй эмгэнэлт төгсгөлтэй учирч мэдэх нь байна шүү дээ.

Түүгээр ч барахгүй ганцхан жижиг эд анги машиныг маань жолоодох боломжгүй болгосон шиг хэрэв би итгэлийн тухайд шаардлагатай бүх зүйлийг базаахгүй бол хожим зорьсон газар, тэнгэрийн хаанчлалдаа буцах замд энэ мэт золгүй явдалтай тулгарч магадгүй юм байна.

Байн байн итгэлээ шалгаж, буруу зөрүү юм байвал тэр дор нь засаж залруулан, бүрэн засвар үйлчилгээ хийгдсэн машин шиг болж гэмээнэ тэнгэрийн хаанчлалын замаар саадгүй давхих юм байна гэдгийг би ойлгож авлаа. Миний бэлтгэлгүй байдлаас үүдэлтэй аюул эгзэгтэй хором мөч бүрд үргэлж надтай хамт байсан Бурхандаа би талархаж байна аа.