Өчүүхэн шалихгүй зүйл эрвээхэйн үр нөлөө дагуулна!

Өдөр тутмын амьдралаа хэрхэн зохицуулдгаас хамаарч аз жаргал янз янз.

20,309 үзэлт

“Тахны хадаас сугарснаас болж тах мултарч, тах мултарснаас болж морь бүдэрч, морь бүдэрснээс болж морьтон жанжин унаж, морьтон жанжин унаснаас болж тулаанд ялагдаж, тулаанд ялагдсанаас болж хаант улс булаагдав. Тахгүйгээс болж хамаг хэрэг мандав.”

Энэ бол нэгэн хаант улс морины тахны хадаасгүйгээс болоод тулаанд ялагдсан тухай англи ардын дуу. Өчүүхэн нэг хадаас яаж бүхэл бүтэн хаант улсыг сүйрүүлж чадах билээ? Энэ нь зарим талаар хэтэрхий дэгс ч гэлээ өчүүхэн шалихгүй зүйлс гинжин холбоо хамаарлын үр дүнд асар том үр дагавар дагуулж болдгийг харуулж байгаа хэрэг.

Хүмүүс ерөнхийдөө өчүүхэн шалихгүй зүйлсийг нэг их тоохгүй, хөнгөн авч үзэх хандлагатай байдаг. Асар их хэмжээний олз ашиг дагуулах юм уу их алдагдалд оруулах юмыг л асуудал гэж авч үзээд, харин өдөр тутмын өчүүхэн жижиг зүйлийг хөнгөнд үзэн, төдийлөн анхаараад байдаггүй. Гэвч ихэнх том, чухал зүйл жижиг сажиг зүйлсээс урган гарч ирдэг. Уудам далай тэнгис жижигхэн горхиноос эхэлж, өтгөн ой шугуй өчүүхэн жижиг үрээс эхэлдэггүй гэж үү? Тиймд аливаа юм хичнээн өчүүхэн байсан ч түүнд ач холбогдол өгөхгүй байж болохгүй.

Өдөр тутмын амьдралаа хэрхэн өнгөрүүлж байгаагаас хамаараад хүний амьдрал янз янз байж болно. Бүр ижил төстэй амьдралтай хүмүүсийн дунд ч нэг хэсэг нь жаргалтай амьдарч байхад нөгөө хэсэг нь зовлонтой амьдрах нь бий. Энэ бол өчүүхэн жижиг ялгааны үр дагавар. Аз жаргал гэгч зүйл нэг их том зүйлээс биш, харин өчүүхэн жижиг зүйлээс хамаардгийг мэдэх юм бол тэр өчүүхэн зүйлээр дамжуулаад хүний амьдралын эцсийн зорилго болох аз жаргалыг олж авч чадна.

Хөнгөн яриа хөөрөө гэр бүлийн эв эеийг шийднэ

Нэг хүү найзынхаа гэрт дагаж очжээ. Тэднийг гэрт нь ирмэгц найз нь ээждээ сургууль дээрээ болсон юм бүхнийг хэлж, ээж нь хүүгийнхээ хэлсэн бүхэнд бүр жижигхэн зүйлст нь ч чих тавьж байв гэнэ. Тэрээр өөрөө ээждээ зөвхөн шаардлагатай гэснээ л хэлж, маргааш сургууль дээр нь юу юу авчир гэснийг, ямар ямар ном худалдаж авах хэрэгтэй байгаагаа л хэлдэг байхад найз нь харин ээжтэйгээ хөгжилтэй яриа хөөрөө өрнүүлж байх нь тэр. Үүнийг нь хараад хүү найзынхаа гэрт байхдаа нэг л тийм сайхан аз жаргал, халуун дулааныг мэдрэв.

Найзынх нь гэрийг жаргалтай харагдуулж байгаа зүйл нь зүгээр л ээж хүү хоёрын хооронд өрнүүлсэн ойр зуурын яриа хөөрөө байв. Багахан яриа хөөрөө гэр бүлийн эв эед нөлөөлж байдаг байна. Нэг гэрийнхэн зөвхөн гэрт хэрэгтэй зүйлээ л яривал гэрийн уур амьсгал хичнээн онцгүй байх бол оо? Харин таагүй зүйл тохиолдсон байсан ч гэртээ ирээд инээж хөхөрч, гэрийнхэнтэйгээ таатай яриа хөөрөө дэлгэхэд л сэтгэл хавьгүй дээрдэнэ шүү дээ. Энэ бол ойр зуурын хөнгөн шингэн яриа хөөрөөний хүч юм.

Айл гэрийн дотор өчүүхэн жижиг юм болгоны тухай ойр зуурын яриа хөөрөө хийнэ гэдэг ашиггүй зүйл биш ээ. Гэрийнхэнтэйгээ ярилцангаа онцын утга санаагүй мэт яриагаар ч хүүхдийнхээ юунд санаа зовдгийг, ханийнхаа бодол сэтгэл ямар байгааг мэдэж болно. Зөвхөн тэр ч биш, чухал яриа хөөрөө хийх арга аяндаа нээгдэнэ. Өчүүхэн жаахан зүйлийг ч өөр хоорондоо ярьж хуваалцдаг гэр бүлийн тухайд чухал яриа хөөрөөгөөрөө томоохон хямралыг ч даваад гарч чадна. Хүмүүс хүнд нөхцөлтэй нүүр тулах үедээ сэтгэл санаа, уур уцаараа хянах чадвар нь суларч байдаг. Харин гэрийнхэнтэйгээ тогтмол харилцах дадлага хийж байсан бол энэ нь асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн тус болно.

Гэрийнхэнтэйгээ нэг их ярьдаггүйгээсээ болоод тэдэнтэйгээ юу ярихаа мэддэггүй гэх хүмүүс байдаг л даа. Ямар нэг чухал зүйлийн тухай биш байсан ч сонины нийтлэл, цаг агаар, өдрийн хоол юу идсэн гээд ойр зуурын зүйл ярьж болно. Хэрэв ярих юм үнэхээр байхгүй бол асуулт асууж, аль тал дээр ижил сонирхолтой байгаагаа мэдэж авч, аль эсвэл өөр хэн нэгний сонирхлын талаар ярилцаж болно. Ийм маягаар яриагаа хөгжилтэй болгон баяжуулж болно.

Ойр зуурын хөнгөн яриа юм чинь гээд хэлэхийг хүссэнээ юу ч хамаагүй ярь гэсэн утга биш шүү. Нөгөө хүнийхээ сонирхохгүй байгаа сэдвээр ярих, эсвэл үглэж янших, нөгөө хүнээ эвгүй байдалд оруулах асуулт асуух, эсвэл бодлого болгоомжгүй хариулах, эсвэл юм асуучихаад үл тоосон хандлага гаргах зэргээс зайлсхийх хэрэгтэй.

Өчүүхэн зүйлст сэтгэл хангалуун байхад аз жаргалын индекс нэмэгддэг

Ямар ч шалтгаангүйгээр зүгээр л том аз орж ирнэ гэдэг ховор. Хүссэн сургуульдаа элсэхэд, эсвэл хүссэн компанидаа ажилд орсон бол тэр мөчид бөөн баяр болох ч тэр баяр хөөр удаан үргэлжлэхгүй. Орлого ашиг нэмэгдвэл аз жаргал нэмэгдэнэ гэж хүмүүс боддог ч орлого ашиг нэмэгдсэн ч тодорхой нэг хэмжээнд хүрэхээр аз жаргал цаашид нэмэгддэггүй гэдгийг харуулсан нэг судалгаа байдаг аж.

Бенжамин Франклины “Аз жаргал гэдэг бол хүний амьдралд хаа нэгтээ тохиолддог агуу том аз жаргалаас бүрддэг биш, харин өдөр бүр тохиолддог өчүүхэн жижиг баяр баясгалан, сайхан санаа сэтгэлээс бүрддэг” гэсэнчлэн аливаад баяр хөөртэй, сэтгэл хангалуун байж, өдөр тутмын амьдралд тохиолддог өчүүхэн жижиг зүйлсийг үнэлж талархдаг байх нь чухал.

Өчүүхэн зүйлд ч сэтгэл хангалуун байдаг хүн нөхөр нь ажлаа тараад замаараа гэрийнхэндээ жаахан амттан авчрахад үүнд талархана. Харин тэгдэггүй хүмүүс “Манайх ер нь хэзээ нэг сайхан ресторанд хооллох юм бол доо?” гэж бодож гомдоллоно. Өчүүхэн зүйлст сэтгэл хангалуун байдаг хүмүүс хүүхдийнхээ хийсэн цаасан цэцгэнд ч баярлана. Харин тэгдэггүй хүмүүс нь “Чамд өнөөдөр цаасан цэцэг хийх тийм их зав байгаа юм бол хичээлээ хий” гэж үглэнэ.

2016 онд НҮБ-ын гаргасан тайланд дурдсанаар дэлхийн хамгийн аз жаргалтай улс нь Дани байжээ. Даничуудын аз жаргалын нууц тун энгийн. Даничууд амьдралын хэв маягийн тухайд “hygge”-г дагаж мөрддөг байна. “Hygge” гэдэг нь “тохь тухтай байдал болон амар тайван нам гүмхэн байдал” гэсэн үг бөгөөд өдөр тутмын амьдралдаа “халуун дулаан сэтгэл, аз жаргал мэдрэх” гэсэн утгатай аж. Энэ нь “оройн хоолны дараа гэрийнхэнтэйгээ амрах”, “лааны гэрэлд гоё ном унших”, “хайртай төрсөн ах эгч дүүс ойгоор цуг алхах”, “сайн найзтайгаа хамт кофе уух” гэх мэт үйлдэл гэсэн үг. Хүн ер нь тиймэрхүү өчүүхэн зүйлст сэтгэл хангалуун байх юм бол аз жаргалыг мэдрэх илүү их боломж гарч, амьдрал чинь тэр чигээрээ хавьгүй жаргалтай байх юм.

Нам дор байгаа өчүүхэн жижиг зүйлст нүд, чихээ хандуулцгаая. Тэгвэл өмнө нь харж байгаагүй, үнэ цэнэтэй эрдэнэ мэт аз жаргалыг бид олохдоо л олно.

Ихэнх тохиолдолд гэр бүлийн зөрчил маргаан өчүүхэн шалихгүй асуудлаас эхэлсэн байдаг. Эсрэгээрээ өчүүхэн шалихгүй зүйлс гэр бүлийнхний тань эв эеийг босгоход тустай итгэл найдвар болон хувирч болно. Энэ нь яг л “эрвээхэйн үр нөлөө” шиг. Эрвээхэйн үр нөлөө гэдэг нь эрвээхэйн далавчны өчүүхэн дэвэлт дэлхийн нөгөө талд хар салхи үүсгэдэг гэсэн таамаглал бөгөөд бага зэргийн өөрчлөлт асар их нөлөө үзүүлдэг гэсэн утга юм.

Гэрийнхэнтэйгээ ярилцах, гэрийнхэн рүүгээ инээмсэглэх, гэрийнхнээ утсаар залгахад эелдэг дуу хоолойгоор авах, өчүүхэн зүйлд ч талархлаа илэрхийлэх, багахан гарын бэлэг өгөлцөх гээд л. Өчүүхэн шалихгүй юм шиг хэрнээ энэ мэт жаахан зүтгэл л таны мөрөөдлийг биелэхэд хүргэнэ. Аз жаргалтай амьдралыг мөрөөддөг бол эрвээхийн дэвэлт шиг өчүүхэн зүйлээс алхам алхмаар эхэл. Тэгээд л болоо.