
Камерыг ихэвчлэн хүний нүдтэй зүйрлэдэг. Ямар ч камер бүтцийн хувьд хүний нүдтэй маш төстэй байдаг тул хүний нүдийг дуурайлган камер зохион бүтээсэн гэлцдэг.
Хүний нүдэнд гэрэл хүүхэн хараагаар нэвтэрч, линзээр дамжиж, торлог бүрхэвчинд тусахад үүссэн дүрс харааны мэдрэлээр дамжин тархи руу очиж, мэдээлэл болдог. Үүн шиг камер бас линзээр дамжин өнгөрч буй гэрлийг хальсанд эсвэл дүрс мэдрэгчинд татан авч, өгөгдөл болгон хувиргана. Камерын линз нь нүдний талст линзтэй адилхан үүрэгтэй бол хальс эсвэл мэдрэгч нь торлог бүрхэвчтэй тохирдог. Нүдэнд орж буй гэрлийн хэмжээг солонгон бүрхэвч хянадаг шиг камерын нүх нь (диафрагм нь) яг адилхан үүрэгтэй.
Технологийн дэвшлийн ачаар хэт ягаан туяа, хэт улаан туяаг илрүүлэх, уудам сансар огторгуйн орон зайг авах хүчин чадалтай, хэт өндөр нарийвчлалтай камерууд бий болсон. Гэхдээ камер хичнээн боловсронгуй болсон ч аливаа обьектыг гурван хэмжээстээр хүлээн авч, өөрчлөгдөж буй орчин нөхцөлд автоматаар дасан зохицож байдаг хүний нүдийг гүйцэхгүй. Түүгээр ч зогсохгүй хүний нүүр царайд сонсох, үнэрлэх, амтлах зэрэг мэдрэхүйн эрхтнүүд байдаг нь ямар ч камер хуулбарлах боломжгүй харааны мэдээллийг баяжуулна. Үүнээс гадна хүний нүд сэтгэл санаагаараа дамжуулан харааны мэдээллийг дахин боловсруулж, ертөнцийг бодит байдлаас илүү үзэсгэлэнтэйгээр мэдрэх онцгой чадвартай байдаг аж.