АНУ-ын Калифорн мужийн “Йосемити” хэмээх үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 80м өндөртэй, 5м гаруй диаметртэй аварга том мод байдаг. Энэ нь “Ерөнхийлөгчийн мод” гэгддэг “Жайнт Секуиа (Giant Sequoia)” мод юм. Энэ цэцэрлэгт хүрээлэнд 3000 жилийн настай Жайент Секуиа мод ч байдаг бөгөөд түймэрт өртөж байсных нь ул мөр энд тэнд нь мэр сэр харагддаг. Энд бараг 80 гаруй удаа түймэрт өртсөн мод ч бий, 7 өдөр үргэлжилсэн уулын түймрийг тэсэж гарсан мод ч бий.
Хуурайшилт ихтэй үед модод өөр хоорондоо үрэлцсэнээс болж юм уу эсвэл аянга цахилгааны улмаас уулын түймэр тогтмол гарч байсан энэ нутагт Жайнт Секуиа мод ийнхүү өнө удаан жил амьдарч чадсаны нууц нь 1м гаруй зузаан зөөлөн холтсонд нь байдаг аж. Энэ модны холтос ус чийгийг хангалттай шингээж авдаг тул галд хэр барагтай бол шатдаггүй гэнэ.
Тэрхүү зузаан холтос халуун галаас модыг хамгаалж байх явцад мөчрөн доорх боргоцойнд бага зэргийн өөрчлөлт гардаг байна. Хатуу нягт байсан боргоцой бага багаар сийрэгжиж, дотроос нь шувууны далавч шиг хэлбэртэй үр гарч ирдэг. Энэ нь бусад мод ургамлаас өөр, өндөр хэмийн халуунд үрээ цацдагтай холбоотой аж. Хэт халуунд халсан агаар дээш хөөрөх үед үр тэр урсгалд нь туугдаж ниссээр уулын түймрийн улмаас үржил шимтэй болсон хөрсөнд унаж соёолон, үндэслэдэг. Тэр халууныг нь л тэсвэрлэж гарч чадвал аминд нь халтай байсан аюул харин ч эсрэгээрээ амь соёолуулах боломж болон хувирдаг байна.
“… мөн зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон нь тэвчээрийг, тэвчээр нь батжилыг, батжил нь найдварыг төрүүлдгийг мэднэ.” Ром 5:3-4
“Амийн ус” болох Бурханы үгийг хангалттай уусан хүний хувьд алив зовлон зүдгүүр нь аюул биш, боломж болж хувирдаг ба мөнх амь, авралд хүргэх ерөөлийг ч хүртэл дагуулдаг. Зовлон дунд ч баяр хөөртэй байхын учир энэ ажгуу.